Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2018/01258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ч.Батчимэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .......тоотод оршин суух, ....... овогт Г.М /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...........байрлах “БИД ББСБ” ХХК-д /Регистрийн дугаар: /-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7.355.128 төгрөг, алданги 2.169.513 төгрөг, хохиролд 2.613.806 төгрөг, нийт 12.138.447 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, иргэдийн төлөөлөгч Н.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “БИД ББСБ” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас халж, улмаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 181/ШШ2017/02643 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Уг шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийлгэсэн. Хариуцагч “БИД ББСБ” ХХК 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр намайг ажилд эгүүлэн томилох тушаалаа гаргалаа. Мөн дээрхи байдлаар намайг ажилд эгүүлэн тогтоохгүй удаашруулсаны улмаас дахин 5 cap гаруйн хугацаанд цалин орлогогүй байж, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохиролтой байна. Иймд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэр гарснаас хойш 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажилгүй байсан 5 cap 15 хоногийн цалинд 7.355.128 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү. 

Миний бие одоо жирэмсэн, төрөх эцсийн хугацаа 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэж эмнэлгийн солилцох хуудас өгсөн. Гэтэл хариуцагч байгууллагын буруутай үйлдлийн улмаас болж хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах боломжгүй болсон. Хуулиар сүүлийн 6 cap нийгмийн даатгал тасралтгүй төлөгдсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүснэ гээд Нийгмийн даатгалаас тэтгэмжийг олгоогүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан тул хохиролд тооцон тус байгууллагаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс жирэмсний амралт эхэлсэн тул жирэмсэний тэтгэмжид авах байсан 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажлын 43 хоногт тооцож 2.613.806 төгрөгийг хохиролд тооцон гаргуулж өгнө үү. Амаржсаны тэтгэмжийн хувьд одоогоор хугацаа нь болоогүй учраас тухайн үед нь дахин нэхэмжлэл гаргах болно.

Мөн тус байгууллага 2017 оны 5 дугаар сарын цалин, амралтын мөнгө болох 2.288.515 төгрөгийг хууль бусаар цалингийн зээлд суутган авч тухайн сарын цалинг олгоогүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02643 дугаар шийдвэрийн дагуу гүйцэтгэх ажиллагаа хийгдсэний үр дүнд 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр уг цалин, амралтын мөнгийг авсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т “Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж ажилтанд олгоно” гэж заасныг үндэслэн өмнөх шийдвэрээр алданги тооцох үндэслэлтэйг тогтоосон тул 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх нийт 316 хоногийн алданги 2.169.513 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иймд “БИД ББСБ” ХХК-иас нийт 12.138.447 төгрөг гаргуулна гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Мын нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж 181/ШШ2017/02643 дугаар шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагчийн зүгээс шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр давж заалдах гомдол гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо татан авах тухай хүсэлтийг гаргаснаар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 тоот тогтоол гарч шүүхийн 181/ШШ2017/02643 дугаар шийдвэр энэ өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл нэхэмжлэгч Г.М нөхөх олговрыг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс тооцсон нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан тул шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааны олговрыг “БИД ББСБ” ХХК хариуцах үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авч холбогдох тушаалыг гаргасан. Уг тушаалыг гаргасан өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Г.М ажилдаа орох тухай асуудлаар мөн тэтгэмжийн асуудлаар нэг ч удаа удирдлагуудтай ярилцаж байгаагүй. Мөн ажилд нь эгүүлэн томилсон Гүйцэтгэх захирлын тушаал гарснаас хойш 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажилдаа ирээгүй байна. Нөгөө талаасаа нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих ажил үүргээ гүйцэтгээгүй байна.

Мөн жирэмсэн, төрөх хугацаа дөхчихсөн гэж байгаа боловч энэ хугацаанд  албан бичгээр болон өөрийн биеэр ирж биеийн байдлаа, мөн жирэмсний тэтгэмж авах нөхцөл бололцоо нь бүрдсэн тухайгаа мэдэгдээгүй. Компанийн удирдлагын зүгээс Г.Мын жирэмсний амралтыг олгох тухай шийдвэр гараагүй байтал өөрийгөө 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан хэмээн үзэж нэхэмжлэл гаргасан. Хэдийгээр хууль журмын дагуу зохих эдлэх эрх нээлттэй боловч өнөөдрийг хүртэл хугацаанд түүнийгээ албан ёсоор захиргаанд мэдэгдэж зохих журмын дагуу декритээ аваагүй байна. Жирэмсний тэтгэмжийг хуулиар Нийгмийн даатгалын байгууллагаас олгодог тул манайх хариуцах үндэсгүй.

Мөн алданги 2.169.513 төгрөг нэхэмжилсэн бөгөөд алданги тооцохдоо 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд гэж тогтоосон байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02643 дугаар шийдвэр нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 тоот тогтоолоор хүчин төгөлдөр болж нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 6.443.337 төгрөгийг олгохоор мөн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор болж ажлаас халсантай холбоотой маргааныг эцэслэн дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч Г.Мын баримталж байгаа Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дах хэсэгт заасан тус заалт нь хөдөлмөрийн харилцаа нь үргэлжилж байх хугацаанд ажил олгогчоос ажилтанд cap бүр тогтмол олгох ёстой хугацааны цалин хөлсийг олгоогүй тохиолдолд ажилтан нь өөрийн авах ёстой цалин хөлснөөс алданги тооцох эрх үүсэх бөгөөд түүнийг шүүх тогтооно хэмээн хуульчилсан юм.

Харин “БИД ББСБ” ХХК болон нэхэмжлэгч Г.М нарын хооронд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болоод түүнийг шүүх хууль зөрчсөн хэмээн үзэж буцаан томилж Г.Мод учирсан хохирлыг барагдуулахаар шүүхийн шийдвэрт дурдсан болохоос биш хэвийн хөдөлмөрийн харилцаа нь үргэлжлээд ажил олгогч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн асуудал биш учир энэхүү алданги нэхэмжлэх эрхгүй, өөр хоорондоо ялгамжтай асуудал учир “БИД ББСБ” ХХК энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Г.Мын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Г.М нь “БИД ББСБ” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7.355.128 төгрөг, алданги 2.169.513 төгрөг, хохиролд 2.613.806 төгрөг, нийт 12.138.447 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02643 дугаар шийдвэрээр Г.Мыг “БИД ББСБ” ХХК-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоожээ. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хариуцагч давж заалдах гомдлоосоо татгалзснаар гомдол гаргаагүйд тооцож, улмаар шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 7-10/ 

 “БИД ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 04/13/01 тушаалаар нэхэмжлэгч Г.Мыг нягтлан бодогчийн ажилд буцаан томилсноор захиргаа шүүхийн шийдвэрийг биелүүлжээ.   /хх 12/

Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олговор шаардах эрхтэй.

Хариуцагч шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааны олговрыг хариуцах үндэслэлгүй гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд заасан хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зохицуулсан ажилтны ажилгүй байсан “бүх хугацаа”-г тасалдах, түр зогсоох үндэслэл болохгүй.

Хэрэв ажил олгогч ажилтны эрхийг зөрчиж улмаар шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд захиргаа ажилтны хөндөгдсөн эрхийг сэргээн ажилд буцаан авах хүртэлх бүх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа”-нд хамаарахаар зохицуулсан тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй.

 Нэхэмжлэгч Г.Мын нэг сарын дундаж цалин хөлс 1.288.667 төгрөг болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон тул 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх 5 сар, 15 хоногт ногдох олговорт 7.388.128 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн дээрх хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажуулахыг даалгав.

Түүнчлэн нэхэмжлэгчийн 2017 оны 5 дугаар сард олговол зохих цалин хөлс, амралтын мөнгө 2.288.515 төгрөгийг суутгал хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, уг мөнгийг 2018 оны 4 дүгээр сарын 12-нд нэхэмжлэгчид олгосон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т зааснаар хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч алдангийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс тооцон нэхэмжилж байх боловч тус шүүхийн 181/ШШ2017/02643 дугаар шийдвэрээр алдангийн асуудлыг шийдвэрлэсэн байх тул шийдвэрээс хойшхи буюу 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх 170 хоногт ногдох алданги 1.167.050 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, энэ шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, нийгмийн даатгал төлөгдөөгүйгээс жирэмсний тэтгэмж авах эрх хаагдсан үндэслэлээр тэтгэмжид олгогдвол зохих 2.613.806 төгрөгийг өөрт учирсан хохиролд тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу шаардаж байна.

Нэхэмжлэгчийн 2016 оны 1-12 сар, 2017 оны 1-10 дугаар сарын даатгал төлөгдөж баталгаажсан, харин 2017 оны 11 дүгээр сараас хойш төлөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан 0533992 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д жирэмсний чөлөө авахаас өмнө даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхээр, мөн эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор нийгмийн даатгалын байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 4.1-д зохицуулжээ. 

Хэрэгт авагдсан эмнэлгийн солилцох хуудсаар нэхэмжлэгч Г.Мын амаржих сүүлийн хугацааг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэж тэмдэглэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан жирэмсний амралт авах хугацаа нэхэмжлэгчийн хувьд 2018 оны 4 дүгээр сарын 18-наас эхлэн тоологдох бөгөөд нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсний улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан гэж үзнэ. 

Тэрээр нэхэмжлэлийг тус шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гаргаснаар хуульд заасан нийгмийн даатгалын байгууллагад тэтгэмжийн асуудлыг хандаж шийдвэрлүүлэх хугацаа дуусаагүйгээс гадна Нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэмж олгохоос татгалзсан болохыг нотлосон баримтгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн тул тэтгэмжийн асуудлыг Нийгмийн даатгалын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой. шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжтой гэж үзэн жирэмсний тэтгэмж 2.613.806 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах тухай хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.4-д зааснаар “БИД ББСБ” ХХК-иас 8.522.178 /найман сая таван зуун хорин хоёр мянга нэг зуун далан найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мод олгож, нэхэмжлэлээс 1.002.463 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Г.Мын нэхэмжлэлтэй “БИД ББСБ” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 2.613.806 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг “БИД ББСБ” ХХК-д даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209.200 төгрөгөөс 41.856 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 151.304 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    О.ОДГЭРЭЛ

 

                       

    ШҮҮГЧИД                                   Ч.БАТЧИМЭГ

 

 

                                                                                                 Б.УУГАНБАЯР