Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2023/00084

 

Д.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2022/00608 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 215/МА2023/00004 дүгээр магадлалтай,

Д.Бы нэхэмжлэлтэй

О.Хт холбогдох  

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Бы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч О.Хт холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2022/00608 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ............. нэгж талбарын дугаартай, ............./таван мянга/ метр квадрат талбайтай газрыг хариуцагч О.Хын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.4, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.Хаас шүүхийн нөхөн төлүүлэх зардалд 1,325,450 /нэг сая гурван зуун хорин таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулан шинжээч .............нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэжээ.

3. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 215/МА2023/00004 дүгээр магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2022/00608 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Хт холбогдох нэхэмжлэгч Д.Бы газраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн.

4.Нэхэмжлэгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Б миний бие ............. талбай бүхий нэгж талбарын ............. дугаартай газар тариалангийн зориулалттай газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан бөгөөд хариуцагч О.Х нь миний газрыг хууль бусаар эзэмшиж эхэлсэн учир шүүхэд О.Хын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан бөгөөд уг шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Гэвч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг буруугаар дүгнэж, Д.Б надад эзэмшүүлэхээр заасан тус газрыг Засаг даргын захирамжтай, эзэмших эрхийн гэрчилгээтэй, кадастрын зурагтай байхад хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэн хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэн хэргийг шийдвэрлэсэн байх тул Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2023.04.20-ны өдрийн 001ШХТ2023/000431 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн нэхэмжлэгч Д.Бы гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Д.Бы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч О.Хт холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “... Д.Б би Чандмань сумын Засаг даргын 2010.05.07-ны өдрийн 29 дүгээр захирамжаар газар тариалангийн зориулалттай, нэгж талбарын 820200863 дугаартай 0.5 га талбайтай газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа. ... О.Х нь миний зөвшөөрөлгүйгээр энэ газарт тариа тарьж, ашиглах боломжгүй байдал үүсгэсэн” гэж тодорхойлжээ.

 

8. Хариуцагч О.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Би Хүрхрээ голд 2005 оноос хойш газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. ... Д.Б ... өөрөө газраа мэдэхгүй, тариалан эрхэлж үзээгүй. Би ... энэ хүний талбайг ашиглаагүй. ... захирамжийн дагуу У.Д гэдэг хүний газрын хажууд Д.Б гэдэг хүний газар байх ёстой. ...” гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “................ нэгж талбарын дугаартай, .............м.кв талбайтай газрын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч Д.Б болох, хариуцагч О.Х нь нэхэмжлэгч Д.Бы хууль ёсны газрыг бодитоор эзэмшиж, газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа нь нотлох баримт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх “...Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн эзэмшил хууль бус, нэхэмжлэгчийн эзэмшил хууль ёсны болох нь тус тус тогтоогдоогүй, ... Д.Бд 2009.05.12-ны өдөр олгогдсон 0224588 дугаар гэрчилгээ нь цаг хугацааны хувьд Чандмань сумын Засаг даргын 2010.05.07-ны өдрийн захирамжаас өмнө байхаас гадна газрын зориулалтын хувьд тохирохгүй. Хариуцагч ... Б.Ооогийн 2005 оноос хойш эзэмшиж, газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа талбайг чөлөөлүүлэх шаардлага нь хууль бус гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлтэй.” гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

11. Нэхэмжлэгч Д.Б Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ багийн Хүрхрээ голд 0.5 га газрыг хууль ёсоор эзэмшдэг үйл баримтын тухайд зохигч маргаагүй боловч тухайн газар хариуцагч О.Хын тариалан эрхэлж буй газартай давхацсан эсэх асуудлаар талууд маргаантай байна.

12. Нэхэмжлэгч Д.Б нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 2010.05.07-ны өдрийн 29 дүгээр захирамжаар тус сумын Хүрхрээ багийн нутагт тариалангийн 9 дүгээр талбайд нэгж талбарын 820200863 дугаартай 0.5 га газар эзэмшин, кадастрын зураг хийлгэж, газар эзэмшлийн талаарх цахим бүртгэлээр баталгаажуулсан гэж тайлбарласан бол хариуцагч О.Х нэгж талбарын 820200863 дугаар бүхий газрын кадастрын зургийг 2005 оноос эхлэн тариалан эрхэлж байгаа түүний эзэмшил газартай зориуд давхцуулан тогтоосон нь хууль бус, маргаан бүхий газар нь түүний эцэг Б.Ооо гэгч хүний эзэмшил талбай гэж мэтгэлцсэн байна.

13. Анхан шатны шүүх зохигчийн хүсэлтээр маргааны зүйлийн талаар шинжээч томилсон байх ба шинжээчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Чандмань сумын засаг даргын 2010.05.07-ны өдрийн 29 дүгээр захирамжийн хавсралтаас үзвэл Хүрхрээ голын тариалангийн газар нь 10 талбайд хуваагдаж байх ба нэхэмжлэгч Д.Б 9 дүгээр талбайд 0.5 га газар, хариуцагчийн дурдсан этгээд болох Б.Ооо 6, 7, 10 дугаар талбайд тус тус 1.3 га - 4.8 га хэмжээтэй гурван нэгж талбар газар эзэмшдэг болох нь тогтоогдож байна. Уг захирамж, түүний хавсралтад газар эзэмшигч нарын нэгж талбарын дугаарыг дурдаагүй, гэрчилгээний дугаар, кадастрын зураг хавсаргагдаагүй байна.

Гэвч хавтаст хэргийн 33, 34 дүгээр талд газар эзэмших эрхийн болон гэрчилгээний улсын бүртгэлийн хоёр лавлагаа авагдсан байх ба гэрчилгээний лавлагаагаар Д.Б нь Сумын Засаг даргын 2010.05.07-ны өдрийн 08246-А/29/2010 дугаартай захирамжаар Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт Үр тариа усалгаатай тариалангийн зориулалттай 5000 м.кв талбайтай газрыг ............. дугаартай гэрчилгээгээр 15 жилийн хугацаатай эзэмшдэг талаар дурджээ. Өөрөөр хэлбэл Д.Бд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийн дагуу ............. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон болох нь энэ лавлагаагаар тогтоогдож байна.

Энэ талаар тус сумын газрын даамал А.Зг гэрчээр асуухад “Д.Б нь 2022 оны 07 дугаар сарын үед надруу утсаар яриад О.Хт холбогдуулан газар чөлөөлүүлэх талаар шүүхэд хандах гэж байна материал хуулбарлаж авмаар байна гэж хандсан. Би захирамж, гэрчилгээний хуулбар, кадастрын зургийг Д.Б руу өөр хүнээр дайгаад явуулсан. ...” гэж мэдүүлжээ.

Иймд нэхэмжлэгч Д.Бд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2010.05.07-ны өдрийн 08246-А/29/2010 дугаартай захирамжийн дагуу гэрчилгээ гарсан, кадастрын зураг хийгдсэн гэх үйл баримт тогтоогдсон байна.

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн Д.Б нь ............. нэгж талбарын дугаартай газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэх заалтыг зөрчөөгүй, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэг ““газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ. ...” гэж заасны дагуу газар эзэмшсэн гэх дүгнэлт зөв болжээ.

Харин 0224588 дугаартай гэрчилгээ нь цаг хугацааны хувьд 2010.05.07-ны өдрөөс өмнө олгогдсон гэж дүгнэн Д.Бы эзэмшиж буй 8802000863 дугаартай нэгж талбарын газрын эзэмшлийг хууль бус гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан газрын гэрчилгээний лавлагаагаар Д.Б 2010.05.07-ны өдрийн 29 тоот захирамжаар 8802000863 дугаартай гэрчилгээ эзэмшиж буй нь тогтоогдсон үйл баримтыг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.

14. Нэхэмжлэгч Д.Бы хууль ёсоор эзэмшиж буй ............. нэгж талбарын дугаартай газар нь хариуцагч О.Хын бодитой эзэмшиж буй “Б.Ооогийн газар” гэх тухайн газартай зарим хэсгээр болон бүхэлд нь давхацсан эсэхээр зохигч маргасан тул шүүх уг асуудлаар шинжээч томилсон байна. Шинжээч дүгнэлтдээ Б.Ооо Хүрхрээ голын 9 дүгээр талбайд хууль ёсоор газар эзэмшдэг талаар захирамжид дурдаагүй, ............. нэгж талбарын дугаартай газар нь Хүрхрээ голын 9 дүгээр талбайд хамаарч, тодорхой солбилцолд оршиж буй кадастрын зургийг хавсаргаж, уг газарт О.Х бүхэлд нь тариалалт эрхэлж байгааг дурджээ. 

Тодруулбал, Д.Бы хууль ёсны эзэмшлийн ............. нэгж талбарын дугаартай үр тариа, усалгааны зориулалттай тариалангийн талбай бодитоор О.Хын эзэмшилд байгаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

15. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшдэг нь тогтоогдож байх ба хариуцагч О.Хын бодит эзэмшил хууль бус байх тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу хариуцагч О.Хын эзэмшлээс газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болжээ.

16. Иргэний хуулийн 92 дугаар зүйл нь хууль ёсны эзэмшигчийн шаардах эрхэд илүүтэй хамаарах боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг мөн зүйлийн 106.3 ба 106.4 дэх хэсгээр дамжуулан хэрэглэснийг буруутгахгүй.

17. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Д.Бы “... надад эзэмшүүлэхээр заасан газрыг Засаг даргын захирамжтай, эзэмших эрхийн гэрчилгээтэй, кадастрын зурагтай байхад хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн гомдлыг хангаж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 215/МА2023/00004 дүгээр магадлалыг хүчингүй болгон Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2022/00608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Бы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.03.29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   

                       

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД