Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2022/0425/З |
Дугаар | 128/ШШ2022/0586 |
Огноо | 2022-08-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2022/0586
2022 08 09 128/ШШ2022/0586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э**********,
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З*****,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Г*******” ХХК /РД:*********/,
Прокурорын дүгнэлт: “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 00**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлт бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э**********, гуравдагч этгээд Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч******, Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э********** дүгнэлтдээ: “Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э********** би Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З******* 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Г*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 3.828.046 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.914.023 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ГЕГ-11 дугаартай материалыг шалгалтаар хяналаа.
Г*******” ХХК нь Гаалийн ерөнхий газарт “2021 оны 08 дугаар сарын 04 болон 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Beijing Xiruyi Decoration Design Co LTD-c Maars брэндийн партишн угсардаг хана захиалж барилгын төсөлдөө ашигласан. Гэвч илгээгч талаас буюу БНХАУ талаасаа гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй учраас манай компанийг ямар ч мэдээлэлгүй байхад гэнэт “танай бараа буусан бараагаа ирж аваарай” гэж УБ хот дахь нэг тээврийн компаниас ярьсан. Бид гаалийн нөхөн бүрдүүлэлт хийхэд шаардлагатай бүхий л материал болох 2 байгууллагын хооронд хийсэн гэрээ, төлбөрийг харилцах дансаар шилжүүлсэн баримтууд, үнийн санал гэх мэт нэмэлт материалыг энэхүү албан тоотоор хүргүүлж байна." гэх нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасныг гаалийн улсын байцаагч Ө.З****** хүлээн авч, нөхөн бүрдүүлэлтийг хийсэн байх боловч Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичиж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан" гэх зөрчлөөр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-т "гаалийн мэдүүлэг" гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг; 3.1.8-т "мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг; 3.1.19-т “гаалийн харилцаанд оролцогч" гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг хэлнэ гэж тодорхойлсон, ба мөн хуулийн 57.2 дугаар зүйлд “мэдүүлэгч дараах үүрэг хүлээнэ: 57.2.1-т гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах” гэж тус тус заажээ.
Мөн хуулийн 293.11-т Гаалийн үнэ, барааны тоо, хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, зугтсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан ба Зөрчлийн тухай зүйлийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн дээрх үйлдлүүдэд татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг торгуулийн шийтгэл оногдуулахаар заасан.
Гэтэл гаалийн хилээр огт бүрдүүлэлт хийгдээгүй бараанд нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан гаалийн харилцаанд оролцогч биш /мэдүүлэгч биш/ Г******** ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхиж, татвараас зайлсхийсэн" гэх зөрчлийн холбогдогч гэж шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйл “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ." гэх заалттай нийцэхгүй, холбогдогчийг буруу тогтоож шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга тогтолцоог бэхжүүлэхэд оршдог бол Гаалийн тухай хууль нь Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлагыг тогтоох, гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн шийдвэрт иргэнээс гомдол гаргах, түүнийг гаалийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог байна.
Г*******” ХХК-ийн гаалийн хилээр нэвтрүүлсэн бараанд нөхөн бүрдүүлэлт хийхээр гаргасан хүсэлт нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжгүй, Гаалийн тухай хуулийн 249.3-т заасан "Бүрдүүлэлтийн дараах шалгалт гаалийн албан тушаалтан нь баримтаар нотлогдсон зөрчилд дүгнэлт төлбөрийн акт тогтоох бөгөөд энэ тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн гаалийн бүрдүүлэлт хийлгэж болно.", Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 134 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам"-ын 6.2.1-т заасан "хууль сахилтын түвшинд хийсэн өөрийн дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураар гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан тохиолдолд нөхөн бичиж болно" гэж заасны дагуу Гаалийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар зохицуулагдах харилцаа байна.
Иймд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З****** 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Г*******” ХХК-д 00****** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 3.828.04 татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.914.023 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй, үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичсэн.
Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрт холбогдох этгээд нь хуульд заасан журмын дагуу гаалийн мэдүүлгээ мэдүүлээгүй, хэн гаалийн мэдүүлгийг мэдүүлэх ёстой байсныг эрх бүхий албан тушаалтан тогтоож чадахгүй байгаа бөгөөд гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан бараа хүлээн авагчид шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна. Шийтгэл гарцаагүй байх ёстой ч хэн нэгэнд заавал хариуцлага хүлээлгэнэ гэсэн ойлголт биш юм. Хэн холбогдогч вэ гэдгийг эрх бүхий албан тушаалтан шалгаж тогтоож байж шийдвэрээ гаргах байсан. Прокурор дүгнэлт бичсэн үндэслэл нь Г*******” ХХК-ийн захиалсан бараа гаалийн хилээр хууль бусаар нэвтэрсэн байгаа нь ойлгомжтой байна. Гагцхүү холбогдогчийг буруу тогтоож шийтгэл оногдуулсан гэж үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлтээ бичсэн. Шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар Г*******” ХХК-д бус зуучлагч компанид шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэлтээ бичих гэхээр зөрчлийн хэрэгт энэ талаар баримт нь авагдаагүй, эрх бүхий албан тушаалтан нь шалгаж тогтоогоогүй байсан. Гаалийн улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг шалгаж тогтоох ёстой байсан. Эрх бүхий албан тушаалтан нь гаалийн байгууллагад ажилласан олон жилийн туршлагаараа хардах эрхтэй ч үүнийг нотлох ёстой байсан. Г*******” ХХК нь 11,12 сард гаалийн харилцаанд орсон гэж байгаа бол тухайн үед гаалийн мэдүүлгээ гарган гаалийн хилээр нэвтрүүлсэн байна уу гэх гаалийн мэдүүлгийг шүүж үзэх ёстой байсан. Гаалийн улсын байцаагч нь нотлох баримт цуглуулах ажиллагааг огт хийгээгүй шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн шинжийг хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно. Энэ тодорхойлолтыг эрх бүхий албан тушаалтан хараад Гаалийн тухай хуульд энэ тухай заагдсан байгаа тул зөрчлийн шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж байсан. Гаалийн тухай хууль зөрчсөн тохиолдол Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд “Гаалийн тухай хууль зөрчих” гэж заасан 1-18 зөрчлийг зөрчил гэж зааж өгсөн байдаг. Түүнээс Гаалийн тухай хуульд заасан бүх хориглосон үйлдлийг зөрчил гэж үзэхгүй. Зөрчлийн тухай ойлголтод бусад хуулиар тодорхойлогдоно гэдгийг Гаалийн тухай хуулиар тодорхойлогдоно гэж эрх бүхий албан тушаалтан ойлгож байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн Г*******” ХХК-г мэдүүлэгч, мэдүүлэг гаргасан гэж үзэж байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Мэдүүлэгч гэдэг нь Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа хэрэгслийг мэдүүлж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан байдаг. Түүнээс нэвтэрсэн бараа тээврийн хэрэгслийг гаалийн нөхөн бүрдүүлэлт хийж байгаа этгээдийг мэдүүлэгч гэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Мэдээж гаалийн нөхөн бүрдүүлэлт хийж байгаа тохиолдолд гаалийн мэдүүлгийг мэдүүлэх нь ойлгомжтой. Гаалийн нөхөн мэдүүлэг бичүүлсэн мэдүүлгийг үндэслэн гаалийн мэдүүлэгч мөн гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна.” гэж заасан нь зөрчилд холбогдогч зөрчил гаргасан нь тогтоогдсон бол шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулна, харин зөрчил биш бол үүнд шийтгэлийн хуудас бичих эрх зүйн үндэслэлгүй байна. Тэгэхээр заавал шийтгэлийн хуудас бичиж байж гаалийн татварыг нөхөн төлүүлдэг гэж гаалийн улсын байцаагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар гаалийн нөхөн бүрдүүлэлт хийж байгаа бүх үйлдэлд зөрчлийн шийтгэлийг оногдуулдаг. Яг энэ байдал Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 5 жилийн турш үргэлжилсэн байдаг. Энэ нь гаалийн байгууллагад тогтсон практик болсон. Гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан этгээдүүдээс зарим нь зөрчил гаргасан этгээд байж болох ч тохиолдол болгоныг гаалийн улсын байцаагч шалгаж тогтоох ёстой. Үүнийг шүүх хэрхэн шийдвэрлэх, гаалийн байгууллагыг гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан бүх хүмүүст шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлтэй эсэхийг тогтоож, тодорхой хэмжээний практик тогтоох үүднээс прокурорын дүгнэлтийг бичсэн.” гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Э*********** 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Г*******” ХХК нь БНХАУ-аас орж ирсэн өөрийн бараанд гадаад худалдааны бичиг баримтын дагуу гаалийн нөхөн бүрдүүлэлт хийж, холбогдох татвар, торгуулийг төлөх хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр холбогдогч Г*******” ХХК-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хууль, журам, эрх, үүргийг танилцуулж, мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсан. Тухайн өдөр гаалийн бүрдүүлэлтийг хийж, үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нөхөн татварт 3.828.046 төгрөг, торгуульд 1914023 төгрөг нийт 5,742,069 төгрөгийг ногдуулж, улсын төсөвт төвлөрүүлсэн.
Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэг "мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг; 3.1.19 дэх хэсэгт” гаалийн харилцаанд оролцогч" гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн тур агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг ойлгоно гэж заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Бараа илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ”, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ” гэж заасан. Дээрх Гаалийн тухай хуульд зааснаар гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааг ААН, иргэн хүлээн авахаас үл хамааран гаалийн бүрдүүлэлт хийж, хилээр нэвтрүүлэх байсан, гадаад худалдааны бичиг баримтад зааснаар төлбөр шилжүүлэх, барааг хүлээн авагч нь мэдүүлэгч Г*******” ХХК зэрэг нотлох баримтаар Гаалийн тухай хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 4.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны дүрсний бичлэг, хэв загвар, дээж зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно” гэж заасан байдаг. Улсын Дээд шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 439 тогтоолоор Гааль болон гаалийн тарифын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлахдаа “бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хууль бусаар нэвтрүүлэх, нэвтрүүлэхийг завдах гэдэгт Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, Засгийн газар, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчин гаалийн бичиг баримтыг хуурамчаар эх, гаалийн мэдүүлэгт бичилгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн нуун далдлах, барааны нэр, төрөл, хэлбэр дүрс, баглаа, түүнчлэн гаалийн хяналт шалгалтаас гадуур, хилийн боомтгүй газраар хил нэвтрүүлсэн зэрэг үйлдэл, эс үйлдэл хамаарна” гэж тайлбарласан.
Иймд Г*******” ХХК нь гаалийн байгууллагад мэдүүлээгүй барааг сайн дураар мэдүүлэх хүсэлт гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг үндэслэл тогтоогдсон тул зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн.
Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дэх хэсэгт “Бараа илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ” гэж заасны хэн ч ямар хүн хүн хүлээн авсан заавал гаалийн бүрдүүлэлт хийж холбогдох татвар хураамжийг төлөх ёстой байсан.
Г*******” ХХК нь тээвэр зуучийн компанитай гэрээ байгуулан тээвэрлүүлсэн бол тээвэр зуучийн компани гаалийн бүрдүүлэлтийг хийх үүрэгтэй байсан. Г*******” ХХК нь үүнтэй холбоотой ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй тул өөрсдөө энэ барааг нэвтрүүлсэн байх үндэслэлтэй байна.
Аж ахуй, нэгжүүд барааг гаалийн боомтоор нэвтрүүлж оруулдаг. Барааг гаалийн хилээр татваргүй гэсэн төрлийг сонгон нэвтэрч байгаа юм. Аж ахуй, нэгжүүд татвар төлөх бараатай бол татвартай бараа гэсэн төрлийг сонгож бүрдүүлэлтээ хийдэг. Татваргүй гэсэн сонголтоор бараагаа оруулж явуулж байгаа нь өөрөө татвар ноогдох барааг бичихгүй орхисон гэдэг үйлдэл юм. Дээд шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 439 дүгээр тогтоолд бараа тээврийн хэрэгслийн гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх, нэвтрүүлэхийг завдах гэдэг, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, Засгийн газар, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчин гаалийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, засварлах, худал бичих, гаалийн хяналт шалгалтаас нуун далдлах барааны төрөлд өөрчлөлт оруулан баглаа боодлыг өөрчлөх, шалгалтаас гадуурх бүртгэлийн боомтыг нэвтрүүлэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүй хамаарна гэсэн тайлбар байдаг. Тиймээс “Г*******” ХХК зөрчлийн арга хэмжээ авсан.
Г*******” ХХК нь 2021 оны 12 дугаар сард гаалийн нөхөн бүрдүүлэлтийн хүсэлтээ өгч, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаалийн бүрдүүлэлтээ хийсэн. Энэ хоорондГ*******” ХХК нь манай байгууллагатай холбогдож байсан бөгөөд миний бие “сайн дурын үндсэн дээр хүсэл зорилгоо илэрхийлж байгаа учир нөхөн бүрдүүлэлт хийж болно гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гаалийн харилцааг зөрчсөн учир шийтгэлээс чөлөөлөх боломжгүй. Тийм хуулийн зохицуулалт байхгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Тодорхой үйлдэл эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэх хууль ёсны зарчим” гэж заасны дагуу гаалийн мэдүүлгийн талаар мэдээгүй гэдэг нь шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэх талаар хууль зүйн зөвлөгөөг өгсөн.
2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Г*******” ХХК нь нөхөн бүрдүүлэлт хийн торгуулиа төлнө гэсэн. Тухайн үед зөрчлийн тэмдэглэл үйлдэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаалийн барааг хууль бусаар нэвтрүүлсэн нь үнэн гэдгээ хүлээн, үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Мөн Г*******” ХХК-д хууль зүйн зөвлөгөө өгч, тээвэр зуучийн компаниар тээвэрлүүлж Улаанбаатар хотод ирүүлж авсан юм бол тус компанид амаар болон бичгээр хийсэн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр төлсөн бичгээ өгвөл заавал танайд торгуулийн шийтгэл бичих шаардлагагүй байна гэж хэлсэн.
Гэтэл Г*******” ХХК-иас үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Зөрчлийн тухай хуульд албадлагын арга хэмжээ авч тулгахыг хориглодог. Тийм учраас албан шахалт, шаардлага болон тулгалт хийгээгүй. Тус компани нь өөрийн санхүүгийн болон гадаад худалдааны бичгийг авчирч гаалийн нөхөн бүрдүүлэлтээ хийж, зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн.
Ийм учраас гуравдагч этгээд талын гаргасан “гаалийн байцаагч биднийг албадаж хүчээр торгуулийн мөнгийг төл гэсэн” тайлбар нь үндэслэлгүй байна. Энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй.
Нөхөн бүрдүүлэлт хийх асуудалд байцаагч нар сар сараар солигддог. Анх н.Г********** байцаагчГ*******”ХХК-ийн нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлтийг мэдээллийн нэгдсэн системд бүртгэсэн тэмдэглэл байгаа. 2022 оны 03 дугаар сард миний нөхөн бүрдүүлэлт хийх асуудал хариуцах ээлж байсан тул надад хуваарилагдсан. Зөрчлөө сайн дураараа илчилж ирсэн тэмдэглэлийг би үйлдсэн. Тухайн үед Г.М******* төлөөлөгчтэй нь олон удаа холбогдож хууль зүйн зөвлөгөө өгч торгуулиас чөлөөлөх боломжуудыг тайлбарлаж байсан.
Гаалийн тухай хуульд бүрдлийн дараах шалгалт хийх явцад илэрсэн бараанд нөхөн бүрдүүлэлт хийж болно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Гаалийн ерөнхий газрын Гаалийн даргын баталсан 2015 оны 134 дугаар тушаалын хавсралт болох Бүрдлийн дараах шалгалт хийх тухай журамд “сайн дураар зөрчлөө мэдүүлж ирсэн аж ахуй нэгжүүдэд нөхөн бүрдүүлэлт хийж болно” гэсэн зохицуулалт байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд гаалийн улсын байцаагч нарыг сонгох хуулийн зохицуулалт байдаг. Үүнд үндэслэн зөрчлийн арга хэмжээ авсан.
Шийтгэлийн хуудас бичиж байгаа эрх бүхий албан тушаалтан холбогдогчийг тогтооно. Тухайн үед Г*******” ХХК нь нэг компани өөрсдөө нэвтрүүлээгүй. Нэг компани манайхыг ирээд бараагаа аваарай гэсэн тайлбарыг гаргаж байсан. Холбогдогч энэ байгууллагыг нотлох баримтыг гаргаж өгөхийг тайлбарлаж байсан. Г*******” ХХКнь бид тээвэрлэгч байгууллагаа нотолж чадахгүй юм байна. Манайх тус барааг оруулж ирснээ хүлээн зөвшөөрч байна гээд гарын үсгээ зурсан.
Барааг хилээр нэвтрүүлэхэд гаалийн байгууллагаас илрүүлээгүй, бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтаар илрүүлээгүй. Сайн дураараа мэдүүлгээ өгсөн. Хуулиар арга хэмжээ авахаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Г*******” ХХК гаалийн мэдүүлгээ гаргаагүй, мэдүүлгээ бичээгүй гэдгээ илэрхийлж байгаа. Зөвхөн шалгалт хийгээд илэрсэн зөрчилд хариуцлага ноогдуулна гэсэн хуулийн зохицуулалт байдаггүй. Зөрчил гэдэг нь хуулийн хэм хэмжээг зөрчсөн буюу энэ хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж үзнэ гэх заалт байгаа. Хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйн тогтоогдож байгаа. Энэ нөхцөл байдал нь зөрчлийн шинжийг агуулж байгаа зүйл юм.
Гол нь Г*******” ХХК барааг нэвтрүүлээгүй гэдгээ нотлоогүй. Иргэн, аж ахуй нэгжүүд гаалийн байгууллагууд ирэхдээ манайх энэ барааг нэвтрүүлээгүй гээд мэдүүлгээ өгчихвөл торгуулиас чөлөөлөгдөнө гэсэн бодолтой ирдэг. Мэдүүлэх үүрэгтэй этгээд нь өөр этгээд байж магадгүй, Гербридж ХХК тээвэрлэгчээ нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Өөрсдөө зөрчлөө хүлээн зөвшөөрсөн.
Гадаад хэл дээрх гаалийн худалдааны бичиг баримтыг гаалийн байгууллага ойлгож чадаж байгаа бол заавал орчуулах шаардлага тавьдаггүй бүрдүүлэлт хийдэг. Нөхөн бүрдүүлэлт хийлгэх онлайн болон биет бус бараанд торгууль ногдуулдаггүй. Биет бараанд нөхөн бүрдүүлэлт хийж байгаа тохиолдолд зөрчлийн хэрэг үүсгэн торгууль ногдуулж байгаа.” гэв.
3. Гуравдагч этгээд Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: “Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э********** дүгнэлттэй Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З********** 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Г*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 хэсэгт зааснаар 3.828,046 төгрөгийн татварын нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50% тай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,914,023 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн хувьд оролцож энэхүү тайлбарыг хүргүүлж байна.
Г*******” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр болон 2021 оны 09 сарын 10-ны өдөр Beiljing Xiruyi Decoration design Co.,LTD -аас Maars брэндийн партишн угсардаг хана захиалж барилгын төсөлдөө ашиглахаар болсон. Гэтэл нэг өдөр манайхыг ачаагаа ирж авахыг УБ дах тээврийн компани бидэнд мэдэгдэж бид бараагаа авч төслийн заслын ажилдаа ашигласан, ингээд хятадын талаас гаалийн бүрдүүлэлт хийгээгүй, Монголд дахь тээврийн компаниас авахдаа ч гаалийн бүрдүүлэлт ямар нэгэн юм хийгээгүй учир бид гаалийн бүрдүүлэлтийг нөхөн хийхээр хүсэлтээ гаргасан. (Албан тоотын хуулбарыг хавсаргав). Ингээд бид гаалийн нөхөн бүрдүүлэлт хийхэд шаардлагатай нийлүүлэгч талтай байгуулсан гэрээний хуулбар, төлбөрийг дансаар шилжүүлсэн баримт, үнийн санал зэрэг баримтууд зэрэг шаардлагатай баримтуудыг хавсарган хүргүүлсэн. Манай хүсэлтийг гаалийн улсын байцаагч Ө.З***** хүлээн авч нөхөн бүрдүүлэлтийг хийлгэсэн боловч Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 1.1 “Гаалийн тухай хууль зорчиж гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичиж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан” гэсэн зөрчил үйлдсэн гэж шийтгэл ногдуулсан. Тухайн бараа орж ирсэн цаг хугацаа хөл хорио цээрийн дэглэмтэй цаг үе байсан бөгөөд бид гаалиар орж ирснээс нь хойш нийлүүлэгчийн талаас гаальд мэдүүлээгүй, тээвэрлэгчийн талаас ч мэдүүлээгүй зэргийг мэдээд гаальд нөхөн мэдүүлэхээр хүсэлт илгээсэн болохоор бидэнд гаалийн татвар төлөхөөс зайлсхийх, татвараа нуух санаа зорилго огт байхгүй байсан.
Ийнхүү бид гаальд тухайн барааны талаар үнэн зөвөөр, сайн дураар мэдүүлж төлбөл зохих татварын нөхөн төлсөн байтал гаалийн улсын байцаагч Ө.З****** биднийг “гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн, заавал торгоно, танайх гаалийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, энэ зүйл танайд тохирч байна” гэж үзэж шууд торгосон. Бид нөхөн бүрдүүлэлт хийлгэхдээ үнийн дүнгээ бууруулсан, нуусан хаасан бол ийм байдлаар торгуулахад гомдолгүй. Гэтэл ийнхүү бидний тайлбарыг сонсож ойлголгүй шууд л хүчээр тулган Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулсан. Бидний үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулаагүй. Тодруулбал захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байх шинжийг агуулаагүй. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан 1 “Зөрчил үйлдсэн хун, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх ёстой” шударга ёсны зарчимд үл нийцнэ. Манайд танилцуулаагүй шууд торгуулиа хурдан төлөө, нэхэмжлэх үүсгэсний дагуу банкаар төл гэж шаардсаны дагуу төлсөн.
Илгээгч талын ирүүлсэн үнийн саналыг гаалийн улсын байцаагч н өгч байсан. Энэ баримтыг үндэслэж гаалийн татварын дүнг гаргасан. Үнийн саналд тээврийн зардал багтсан бөгөөд, илгээгч тээврийн зардлыг төлөхөөр гэрээнд тусгасан. Бараа ирэхээр мэдэгдэнэ гэж байсан. Тухайн үед танихгүй хүн залгаад “бараа чинь ирчихлээ, бараагаа яаралтай ирж ав, үгүй бол танайх хоногийн агуулахын төлбөр төлөх ёстой” гэж хэлсэн. Биднийг холбосон тээвэр зуучийн компани байгаагүй учир гаалийн байцаагчид баримт гаргаж өгч чадаагүй.
Бид татвараа нуух зорилго агуулаагүй, харилцах данснаасаа гүйлгээ хийсэн, татвараа тайлагнасан. Манай компани санхүүгийн тайлангаа гаргах гэж байсан. Компанийн харилцах данснаас гадаад руу мөнгө шилжүүлж бараагаа авсан байгаа тул татвараа төлж гадагшаа гарсан гүйлгээний бүртгэлийг хаах ёстой тул гаалийн байгууллагад гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлт гаргасан. Нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу компанийн харилцах данснаас гарсан зардалд гаалийн татварыг төлж, компанийн зардалд тусгагдсан байх ёстой тул гаалийн нөхөн бүрдүүлэлт хийж, гаалийн татвараа төлье гэсэн хүсэлт гаргасан. Гаалийн нөхөн бүрдүүлэлт хийхээр очтол танайх зөрчлөө сайн дураараа илчилж ирсэн гэдэг байдлаар зөрчлийн тэмдэглэл үйлдэж, энэ тохиолдолд угаасаа ингэж шийддэг, сайн дураараа зөрчлөө илчилж ирж байгаа нэг хэлбэр, заавал торгууль төлж байж бүрдүүлэлт хийнэ гэж тайлбарлаж байсан.
Хятад улсын бараа нийлүүлэгч талаас төлбөрийн нэхэмжлэл ирүүлэхдээ тээврийн зардлыг багтаасан төлбөрийн нэхэмжлэлийг ирүүлсэн нь Г*******” ХХК нь ямар нэгэн тээврийн компанитай гэрээ байгуулаагүй гэдгийг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл бараа илгээгч тал тээвэр зуучийн асуудлыг хариуцаж тээврийн зардлыг төлж манай компанид бараа илгээх гэрээтэй байсан.
Манай бараа овор хэмжээ ихтэй бараа тул тээвэрлэгч нь бидний өмнөөс татвар төлсөн байх боломжгүй гэж үзэж байна.
Гаалийн улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэсэн материал, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн тэмдэглэл, тайлбар, зөрчлийн мэдүүлэг авсан байдлаас үзэхэд бүх баримт бичиг нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хийгдэж, тухайн өдрөө торгуулиа төл гэсэн шаардлагыг тавьж энэ хэргийг шийдсэн байдаг. Бид нөхөн бүрдүүлэлт хийлгэх тухай хүсэлтээ 2021 оны 12 сар, 2022 оны 1 сард гаргаж “торгуулийг төлөх боломжгүй байна” гэдэг тайлбараа гаргаж байсан. Зөрчлийн хэрэгт сүүлд нэмэлтээр өгсөн барааны танилцуулгуудтай холбоотой 40 орчим хуудас баримтыг гаргаж өгсөн боловч зөрчлийн хэрэгт авалгүй буцааж өгсөн. н.Г******** байцаагчийн 99****** дугаарт залгаж байнга харилцдаг байсан. Танайх заавал торгууль төлж байж нөхөн бүрдүүлэлт хийх ёстой гэж зөвлөдөг байсан. Манай төлөөлөгч Г*******” ХХК гаалийн нөхөн бүрдүүлэлт хийхийн тул заавал торгуулж байж энэ асуудлыг шийдэхээс өөр арга байдаггүй. Дараа нь байнгын хяналт шалгалт үүсдэг гэж тайлбарлаж байсан. Бид хүсэлтээ гаргасан ч торгууль төлөх санхүүгийн боломж байгаагүй. Учир нь тухайн үе Корона вирус цар тахлын үе байсан. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дахиж шинээр хүсэлт гаргасан ба хүсэлтдээ яагаад гаалийн бүрдүүлэлт хийгээгүй талаар тайлбараа дахин гаргасан. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч Гг н.Г байцаагч “шахаж, заавал торгууль төлөх ёстой өөр үндэслэл байхгүй. Танайд үүссэн хохирлоо гадаад байгууллагатайгаа холбоо барин гэрээнийхээ дагуу маргаад яв, энэ бол танай хариуцлагагүйгээс үүссэн зүйл” гэж хүчилж байсан.
Ө.З****** гэх байцаагчтай өмнө нь харилцаж байгаагүй бөгөөд энэ байцаагч бидэнд ямар нэгэн хууль зүйн зөвлөгөө өгч байгаагүй. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр л танайх энэ зөрчлөө өөрсдөө сайн дураараа илчилж ирсэн гэдэг байдлаар мэдүүлэг, тайлбар авна гэсэн байдаг.
Иймээс Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Г*******” ХХК д ******* дугаартай Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтаар 3,828,046 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,914,023 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар цуглуулсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 08 дугаартай дүгнэлтийг хангаж, Г*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтаар 1,914,023 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийн үйл баримтын хувьд Г*******” ХХК нь Гаалийн ерөнхий газарт хандаж 2021 оны 12 дугаар сарын 15-нд А/21-Г-12/15-3, 2022 оны 1 дүгээр сарын 19-нд А/22-Г-01/19-01 тоот албан бичгээр “гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх” хүсэлтээ илэрхийлсэн, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл”, “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл” тус тус үйлдэж, мөн өдрийн /******* дугаартай шийтгэлийн хуудсаар тус компанид Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтаар 1,914,023 төгрөгийн торгох шийтгэл, 3,828,046 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 01-2091008-22-I00002R дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн /шилэн хаалт/ бараанд 3,828,046 төгрөгийн татварыг нөхөн ногдуулжээ.
1. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор дээрх зөрчлийн хэргийн материалыг хянаад 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 08 дугаартай дүгнэлтээр “нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлтээр нөхөн бүрдүүлэлт хийхдээ гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичиж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан гэх зөрчлөөр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй”, “холбогдогчийг буруу тогтоосон”, “хууль, хэм хэмжээний актыг буруу хэрэглэсэн”, “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд, Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй хууль ёсны зарчимд нийцээгүй” гэсэн үндэслэлүүдээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан нь үндэслэлтэй байна.
2. Дээр дурдсанаар Г*******” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 15, 2022 оны 1 дүгээр сарын 19-нд “гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэх” хүсэлтээ илэрхийлсэн, энэ нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 134 дүгээр тушаалаар батлагдсан Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмын 6.2.1-д "хууль сахилтын түвшинд хийсэн өөрийн дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураар гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан тохиолдолд гаалийн мэдүүлгийг нөхөн бичиж болохоор" заасан Гаалийн тухай хуульд нийцүүлэн баталсан захиргааны хэм хэмжээний актаар зохицуулагдсан харилцаа байна. Тиймээс ч хариуцагч гаалийн улсын байцаагч нь ийнхүү гаалийн нөхөн бүрдүүлэлт хийх хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж нөхөн бүрдүүлэлт хийж гаалийн татварыг мэдүүлгээр нөхөн ногдуулсан. Харин ингэхдээ нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасныг нь “зөрчлөө сайн дураар илчилж ирсэн” үйлдэлд тооцож тухайн барааг гаалийн хилээр нэвтрүүлсэн зөрчлийг тус компани үйлдсэн эсэхийг шалгаж тогтоолгүйгээр шууд холбогдуулсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл ногдуулах Зөрчлийн тухай хуулийн зорилгод, мөн Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй хууль ёсны зарчимд, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд тус тус нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэх нь аливаа зөрчил биш бөгөөд тэр дундаа шийтгэлийн хуудаст баримталсан гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичиж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан зөрчил биш байна.
2. Хариуцагч гаалийн улсын байцаагч нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зөрчил үйлдэгдсэн нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр заасан. Гэтэл хариуцагч гаалийн улсын байцаагч нь бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтаар зөрчлийг илрүүлээгүйн дээр зөрчил үйлдэгдсэн эсэх, зөрчлийг хэн хэдийд хэрхэн үйлдсэн буюу тухайн барааг гаалийн хилээр хэн хэдийд хэрхэн нэвтрүүлсэн, мэдүүлэх үүрэгтэй байсан этгээд нь хэн болохыг шалгаж тогтоогоогүй атал нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасныг зөрчлөө сайн дураар хүлээн зөвшөөрсөн буюу илчилж ирсэн гэж үзсэн нь, нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан этгээдийг мэдүүлэх үүрэгтэй байсан этгээд буюу барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн этгээд гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болжээ.
3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3-т холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно гэж заасан. Гаалийн байгууллагын үндсэн үүрэгт гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, гаалийн хяналт шалгалт хийх, гаалийн татвар хураах үүргээс гадна мөн гаалийн хууль тогтоомжийг таниулах, мэдээллээр хангах, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг хамаарах тул тухайн барааг гаалийн хилээр хэн хэдийд хэрхэн нэвтрүүлсэн, мэдүүлэх үүрэгтэй байсан этгээд нь хэн болохыг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүй, нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан этгээдэд “зайлшгүй торгууль ногдуулж байж нөхөн бүрдүүлэлт хийнэ” гэж тайлбарласныг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулгасан гэж үзэхээр байна.
4. Г*******” ХХК-ийн нөхөн бүрдүүлэлт хийлгэхээр мэдүүлсэн 01-2091008-22-I00002R дугаартай гаалийн мэдүүлгээр бараанд /шилэн хаалт/ 3,828,045.90 төгрөгийн гаалийн татвар нөхөн ногдуулсан атал уг гаалийн мэдүүлэгтэй зэрэгцэн маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 3,828,046 төгрөгийн гаалийн татварыг ногдуулсныг татварыг давхардуулан ногдуулсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шийтгэлийн хуудас хүчинтэй үлдэх эсэхээс үл хамааран гаалийн мэдүүлгээр гаалийн татварыг нөхөн ногдуулж төлүүлсэн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын дүгнэлтийг хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч нь уг хэргийг хэлэлцсэн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон бөгөөд нэмэлт нотлох баримт цуглуулахаар хойшлуулсан шүүх хуралдааны товыг мэдсэн ч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, өөр шүүх хуралдаан давхацсан гэж энэ хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн ч түүнийгээ нотлох баримтыг ирүүлээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх боломжгүй үндэслэлээр хэргийн бусад оролцогчдын хүсэлтээр хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 08 дугаартай дүгнэлтийг хангаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ********* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА