Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 904

 

 

 

 

 

 

 

 2020            7              9                                            2020/ДШМ/904

 

Х.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Х.Ц,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/452 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Цын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1908059910473 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв;

Боржигон овгийн Х.Ц, 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 7 дугаар гудамжны 663 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй  дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 8-54 тоотод оршин суудаг, /РД:ЧБ85111920 /;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 191А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэлэхгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар түүнд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

             Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 820а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 592-ө дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснээс биечлэн 1 жил 4 сар 23 хоногийн ялыг эдэлж, үлдсэн 3 жил 7 сар 8 хоногийн ялаас 2 жилийг хасч, эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 8 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 9 сар 10 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан,  

            Х.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Б.Цогзолбоотой бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 10 дугаар гудамжны 16 тоотод иргэн Т.Амарболдын цамцных нь халааснаас бусдын эд хөрөнгө болох 11.667.055 төгрөгийн үлдэгдэлтэй “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 11.672.055 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Х.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цыг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Цын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Хаан” банкны бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цаас 3.605.000 /гурван сая зургаан зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Амарболдод олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 5 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өрх толгойлсон эмэгтэй. Том охин О.Баярцэцэг 15 настай, охин М.Насанжаргал 9 настай, М.Ганцэцэг 8 настай, М.Ганчимэг 8 настай, бага хүү М.Батхөлөг 3 настай бөгөөд хүүхдүүд маань миний асрамжид байдаг.

Миний бие хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, өөрийн гэм буруугаа ойлгон ухамсарлаж байна.

Миний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хохирол төлбөрөө бүрэн төлөхөө үүгээрээ илэрхийлж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Х.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Б.Цогзолбоотой бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 10 дугаар гудамжны 16 тоотод иргэн Т.Амарболдын цамцных нь халааснаас бусдын эд хөрөнгө болох 11.667.055 төгрөгийн үлдэгдэлтэй “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 11.672.055 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Амарболдын “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр багын найз болох Энх-Амгалан руу залгаад “манай гэрт хүрээд ир” гэж дуудсан. Энх-Амгалан ганцаараа ирсэн. Бид хоёр 0.75 литрийн нэг шил архи авч хувааж уусан. Энх-Амгалан надад “чи нэг эмэгтэй хүнтэй болсон дээр байх, би чамд нэг хүн танилцуулъя” гэж хэлж байсан. Тэгээд би архи ууж байгаад тасраад унтаад өгсөн байсан. Энх-Амгаланг гарч явсан талаар санахгүй байгаа. Түүнээс хойш би мөн Энх-Амгалан руу залгаж “нөгөө танилцуулна гэж байсан хүүхнээ дуудчих” гэж хэлсэн юм байна лээ. Энх-Амгалан нөгөө хүүхнээ дуудах гэсэн чинь утас нь холбогдохгүй байхаар нь согтуудаа биеэ үнэлэгч аваад манайд ирсэн байсан. Миний санаж байгаагаар намайг гэртээ унтаж байтал Энх-Амгалан хоёр хүүхэн болон таксины жолооч гээд нэг залуугийн хамт орж ирээд таксины жолооч нь “мөнгөө авъя” гээд нэхээд байсан шиг санагдаж байна. Тэгэхэд миний архи гараагүй байсан. Нэг мэдэхэд Баянхошууны хуучин эцэст байх АТМ орчихсон мөнгө аваад зогсож байсан. Тэгээд таксины жолоочид 30.000 төгрөг өгчихөөд, дэлгүүр орж ундаа, рашаан зэрэг эд зүйлс аваад хажууд нь байх эмийн сан орж 13.500 төгрөгөөр эм аваад гарч ирсэн. Тухайн үед миний дансанд 11.667.055 төгрөг үлдсэн. Энх-Амгалан бид хоёр нэг, нэг хүүхэнтэй нь бэлгийн харьцаанд ороод хоносон. Өглөө 05 цагийн орчимд сэрээд эд зүйлсээ бүртгэж үзтэл миний “Самсунг Эс-2” загварын гар утас, жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлс, мөн Энх-Амгалангийн гар утас олдохгүй болохоор нь нөгөө хоёр хүүхнээс асуухаар “аваагүй” гээд, бид тэр хоёр хүүхний эд зүйлсийг нь үзээд гарч ирээгүй тул тэднийг явуулсан. Гэтэл тэрнээс хойш миний картаас 3.600.000 төгрөгийн зарлага гарсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Цагдаад мэдэгдсэнээс хойш би өөрийн “Самсунг Эс-2” загварын гар утас, найз Энх-Амгалангийн “Нокиа” загварын гар утас болон жолооны үнэмлэх зэрэг эд зүйлсээ гэрээсээ олсон. Харин Хаан банкны картаа олоогүй. Уг хоёр эмэгтэй миний эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй. Би картаа 5.000 төгрөгөөр үнэлнэ.  Нийт 3.605.000 төгрөгийг нэхэмжилнэ. ... /хх17-20, 21-23, 24-26/,

гэрч Л.Энх-Амгалангийн “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Амарболд над руу залгаад “би жаахан уучихлаа, чи манай гэрт хүрээд ир” гээд дуудахаар нь 11 цагийн үед Амарболдын гэрт очсон. Бид 0.75 литрийн нэг шил архи авч хувааж уугаад сууж байхдаа Амарболдод “найз нь чамд нэг хүүхэн танилцуулна, миний найз ганцаараа амьдраад хэцүү байгаа байлгүй” гэж хэлсэн. Тэгээд архиа ууж байтал Амарболд тасраад унтахаар нь би тэдний гэрээс гараад гэр рүүгээ харихаар Баянхошууны хуучин эцсээс такси бариад Зурагт руу явж байтал Амарболд над руу залгаад “чи нөгөө хүүхэн танилцуулна гэсэн яасан бэ, хүүхнээ аваад ир” гэж хэлсэн учир би танилцуулах гэж байсан хүүхэн рүүгээ залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь согтуудаа Саппоро руу очиж 2 хүүхэн хоногийн 50.000 төгрөгөөр аваад Амарболдын гэр рүү очсон. Биднийг очиход Амарболд унтаж байсан. Сэрээгээд “таксины мөнгө байна уу, хүүхэн аваад ирлээ” гэхэд Амарболдод бэлэн мөнгө байхгүй гээд бид Баянхошууны хуучин эцэст байх АТМ орж Амарболд өөрөө мөнгө авсан. Дараа нь дэлгүүр, эмийн сан орж юм авсан. Амарболдыг картаараа юм авахад биеэ үнэлдэг хоёр хүүхэн хажууд нь байсан. Амарболд бид хоёр нөгөө хоёр хүүхний хамт гэрт нь нэг нэг хүүхэнтэй нь бэлгийн харьцаанд ороод унтсан. Өглөө 05 цагийн үед тэр хоёр хүүхэн сэрчихээд явлаа гээд байсан. Амарболд бид хоёр эд зүйлсээ бүртгэхэд миний “Нокиа” загварын гар утас, Амарболдын “Самсунг Эс-2” загварын гар утас, жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг эд зүйл олдохгүй байхаар нь тэр хоёр хүүхний эд зүйлсийг үзээд гарч ирээгүй тул уг хоёр хүүхнийг явуулсан. Тэрнээс хойш Амарболдын алдсан картаас 3.600.000 төгрөгийн зарлага гарсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би өөрийн гар утсаа олсон учир надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Амарболд Хаан банкны картаа олоогүй. Би уг эмэгтэйчүүдийг сэжиглэж байна. ...” /хх-29-31/,

гэрч Б.Шаравнямбуугийн “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны тойргийн ойролцоо явж байхад намхандуу нуруутай, 50 орчим насны эрэгтэй хүн гар өргөхөөр нь аваад “хаа хүрэх вэ” гэж байгаа талаар асуухад “ах нь нилээн явна, мөнгө хангалттай өгнө” гэсэн. “Саппоро оръё” гэхээр нь Саппоро ортол нөгөө ах машинаас бууж 5-аас 10 орчим минут болоод 30 орчим насны, үснийх нь үзүүр шаргал өнгөтэй, махлаг, биерхүү эмэгтэй, нөгөөх нь арай намхандуу биетэй, махлаг дугуй царайтай, саарал өнгийн куртиктэй хоёр эмэгтэй дагуулж ирээд машинд суусан. Баянхошуу орно гэсэн. Тэр ах газар зааж явж байгаад нэг айлын гадаа очиж “ах нь ороод мөнгө аваад ирье” гээд ороод гарч ирэхгүй 10 орчим минут болохоор нь нөгөө хоёр хүүхэнтэй хамт айл руу ортол 50 орчим насны нэг ах нилээн согтуу нөгөө такси барьсан ахтай орон дээр сууж байсан. Би “таксины мөнгө 30.000 төгрөг боллоо, мөнгөө авъя” гэж хэлтэл тэр айлын хүн нь “АТМ орж мөнгө авч өгье” гэж хэлсэн. Бид гарч Баянхошууны тойрог уруудаад АТМ-ын дэргэд иртэл нөгөө гэрт байж байсан ах 30 орчим насны махлаг хүүхэнтэй хамт АТМ ороод гарч ирээд мөнгөө өгчихөөд тэр хэд тойргийн дэлгүүр орж гарч ирээд гэр рүүгээ хүргүүлсэн. ...” /хх32-33/,

Х.Цын яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед Цогзолбоотой Саппоро дээр таараад Саппорогийн автобусны буудал дээр биеэ үнэлэхээр зогсож байтал саарал өнгийн “Приус 30” загварын автомашинтай 2 хүн ирээд “яриа байна уу, явах уу, Баянхошууны эцэс дээр манай найз хүлээж байгаа, тийшээ явъя” гэхээр нь бид зөвшөөрөөд, машинд нь суугаад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 10 дугаар гудамжны 16 тоотод очсон юм. Биднийг очиход Амарболд гэх хүн нь унтаж байсан. Энх-Амгалан нь “таксины мөнгө өгөөч” гэхэд нөгөөдөх нь босч ирээд бидэнтэй хамт таксинд суугаад АТМ орж мөнгө аваад таксины жолоочид өгсөн. Тэр хүн эмийн сан ороод эм авахад Цогзолбоо хамт орсон. Тэгэхэд картных нь нууц дугаарыг мэдсэн юм шиг байна лээ. Бид уг айлд очоод би Энх-Амгалан гэх хүнтэй унтаад, Цогзолбоо Амарболдтой унтсан юм. Өглөө нь босоод Амарболд гэх хүн өөрийн карт болон эд зүйлсээ байхгүй байна гээд хайгаад олоогүй. Цогзолбоо бид хоёр уг айлаас 06 цагийн үед гараад явж байтал Цогзолбоо “Амарболд ахын Хаан банкны виза карт нь надад байна” гэж хэлэхээр нь бид ярилцаж байгаад картаас нь мөнгө авахаар болоод, Гандан руу такси барьж очиж АТМ ороод картыг нь уншуулан нийт 3.600.000 төгрөг авч, картыг нь хугалаад хогийн саванд хийсэн. Тэгээд уг мөнгийг хуваагаад хүний 1.800.000 төгрөг аваад салсан. Цогзолбоо 2020 он гарснаас хойш нас барсан. ...” /хх55-57/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх4/, Т.Амарболдын эзэмшдэг Хаан банкны дансны хуулга /хх10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх12/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх13-15/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-16/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх46-48/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Цыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Х.Цын бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Уг гэмт хэргийг Х.Ц нь Б.Цогзолбоотой бүлэглэж үйлдсэн байх бөгөөд Б.Цогзолбоод холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг хэрэгсэхгүй болгосон 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Ц “...Миний бие 5 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өрх толгойлсон эмэгтэй. Том охин О.Баярцэцэг 15 настай, охин М.Насанжаргал 9 настай, М.Ганцэцэг 8 настай, М.Ганчимэг 8 настай, бага хүү М.Батхөлөг 3 настай бөгөөд миний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Цт оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд нийцсэн төдийгүй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирчээ.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална. ...” гэж заажээ.

Шүүгдэгч Х.Цын хүүхдүүд болох 15 настай О.Баярцэцэг, 9 настай М.Насанжаргал, 8 настай М.Ганцэцэг, М.Ганчимэг, 3 настай М.Батхөлөг нарын “харгалзан дэмжих, асран хамгаалах” асуудлыг харьяа дүүргийнхээ Засаг даргаар шийдвэрлүүлэх, хяналт тавихыг шийдвэрлээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Х.Цын хүүхдүүдийн асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг тухайн дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Х.Цын хүүхдүүдийн “асран хамгаалах, харгалзан дэмжих” асуудлыг шийдэрлэхийг харьяа дүүргийнхээ Засаг даргаар даалгаж, шийтгэх тогтоолд энэ талаар нэмэлт заалтыг оруулахааар шийдвэрлэв.  

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/452 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/452 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “.... Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Х.Цын хүүхдүүд болох 15 настай О.Баярцэцэг, 9 настай М.Насанжаргал, 8 настай М.Ганцэцэг, М.Ганчимэг, 3 настай М.Батхөлөг нарын “асран хамгаалах, харгалзан дэмжих” асуудлыг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Цын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ