Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 0452

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч А.Ганзориг,

хохирогч Т.А,   

шүүгдэгч Х.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Боржигон овогт Хгийн Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0599 10473 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Хгийн Ц, Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, 2-14 насны таван хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 191А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д зааснаар түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

2.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 820-А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ял шийтгүүлсэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 592-Ө дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг хасаж, эдлэх ялыг 1 жил 7 сар 8 хоногийн хорих ялаар тогтоосон, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар  захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 10 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Х.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Б.Цогзолбоотой бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн ... тоотод иргэн Т.Аын цамцных нь халааснаас бусдын эд хөрөнгө болох 11.667.055 төгрөгийн үлдэгдэлтэй “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 11.672.055 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Шүүгдэгч Х.Ц мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хохирогч Т.А мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ согтуу унтаж байхад Энх-Амгалан хоёр хүүхэн дагуулж орж ирсэн. Таксины мөнгө төл гээд мөнгө нэхээд байсан. Би мөнгө байхгүй гэж хэлсэн. Нэг мэдэхэд намайг хувцаслаад дагуулаад гарсан байсан. Дэлгүүр, эмийн сан орсон. АТМ-с мөнгө авсан. Нэг ухаан орж сэрэхэд манайд олуулаа хоол хийгээд идэж байсан. Дараа нь сэрэхэд би орон дотроо сэрсэн. Тэгээд эд зүйлээ үзэхэд утас, банкны карт байхгүй байсан. Ирсэн хоёр хүүхнийг явуулсан. Тэгээд утсаа олсон, банкны картаа олоогүй. Утсаа олоод банк руу ярихад таны картнаас 3.600.000 төгрөгийн зарлага гарсан байна гэж хэлсэн. Карт миний өмссөн цамцны энгэрийн халаасанд байсан. Би согтуу эмийн сан орохдоо Цтай хамт явсан нөгөө хүүхэнтэй нь орсон. Харин дэлгүүрт хэнтэй нь орсноо санахгүй байна. Би кодоо хэлээгүй. Хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлттэй байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1908 0599 10473 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад:

  1. Хохирогч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 18-нд ...багын найз болох Энх-Амгалан руу залгаад “манай гэрт хүрээд ир” гэж дуудсан. Энх-Амгалан ганцаараа ирсэн. Бид 0.75 литрийн нэг шил архи авч хувааж уусан. Энх-Амгалан надад “чи нэг эмэгтэй хүнтэй болсон дээр байх, би чамд нэг хүн танилцуулъя” гэж хэлж байсан. Тэгээд би архи ууж байгаад тасраад унтаад өгсөн байсан. Энх-Амгаланг гарч явсан талаар санахгүй байгаа. Тэрнээс хойш би мөн Энх-Амгалан руу залгаж “нөгөө танилцуулна гэж байсан хүүхнээ дуудчих” гэж хэлсэн юм байна лээ. Энх-Амгалан нөгөө хүүхнээ дуудах гэсэн чинь утас нь холбогдохгүй байхаар нь согтуудаа биеэ үнэлэгч аваад манайд ирсэн байсан. Миний санаж байгаагаар намайг гэртээ унтаж байтал Энх-Амгалан хоёр хүүхэн болон таксины жолооч гээд нэг залуугийн хамт орж ирээд таксины жолооч нь мөнгөө авъя гээд нэхээд байсан шиг санагдаж байна. Тэгэхэд миний архи гараагүй байсан. Нэг мэдэхэд Баянхошууны хуучин эцэст байх АТМ орчихсон мөнгө аваад зогсож байсан. Тэгээд таксины жолоочид 30.000 төгрөг өгчихөөд, дэлгүүр орж ундаа, рашаан зэрэг эд зүйлс аваад хажууд нь байх эмийн сан орж 13.500 төгрөгөөр эм аваад гарч ирсэн. Тухайн үед миний дансанд 11.667.055 төгрөг үлдсэн. Энх-Амгалан бид хоёр нэг нэг хүүхэнтэй нь бэлгийн харьцаанд ороод хоносон. Өглөө 05 цагийн орчимд сэрээд эд зүйлсээ бүртгэж үзтэл миний Самсунг Эс-2 маркийн гар утас, жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлс, мөн Энх-Амгалангийн гар утас олдохгүй болохоор нь нөгөө хоёр хүүхнээс асуухаар аваагүй гээд, бид тэр хоёр хүүхний эд зүйлсийг нь үзээд гарч ирээгүй тул тэднийг явуулсан. Гэтэл тэрнээс хойш миний картнаас 3.600.000 төгрөгийн зарлага гарсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Цагдаад мэдэгдсэнээс хойш би өөрийн Самсунг Эс-2 маркийн гар утас, найз Энх-Амгалангийн Нокиа маркийн гар утас болон жолооны үнэмлэх зэрэг эд зүйлсээ гэрээсээ олсон. Харин Хаан банкны картаа аваагүй. Би картнаас уншуулсан 3.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр алдсан эд зүйл байхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ таксины жолоочийг сэжиглээд байсан чинь манайд ирсэн хоёр хүүхэн миний картыг авсан байж болзошгүй тул уг хүмүүсийг шалгуулмаар байна. Уг хүмүүс нь миний эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

-2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой би уг хүмүүстэй АТМ, дэлгүүр орчихоод гэртээ ирэхэд миний карт надад байсан. Тэгээд шөнө 02 цагийн орчимд унтаад, өглөө 05 цагт босоход карт алга болсон байсан. Би картаа 5.000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

-2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн:

“...Надад хохирол барагдуулаагүй. Миний картнаас авсан 3.600.000 төгрөг болон картны мөнгө болох 5.000 төгрөг, нийт 3.605.000 төгрөгийг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

 

2. Гэрч Л.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр А над руу залгаад “би жаахан уучихлаа, чи манай гэрт хүрээд ир” гээд дуудахаар нь 11 цагийн үед Аын гэрт очсон. Бид 0.75 литрийн нэг шил архи авч хувааж уугаад сууж байхдаа Аод “найз нь чамд нэг хүүхэн танилцуулна, миний найз ганцаараа амьдраад хэцүү байгаа байлгүй” гэж хэлсэн. Тэгээд архиа ууж байтал А тасраад унтахаар нь би тэдний гэрээс гараад гэр рүүгээ харихаар Баянхошууны хуучин эцсээс такси бариад Зурагт руу явж байтал А над руу залгаад “чи нөгөө хүүхэн танилцуулна гэсэн яасан бэ, хүүхнээ аваад ир” гэж хэлсэн учир би танилцуулах гэж байсан хүүхэн рүүгээ залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь согтуудаа Саппоро руу очиж 2 хүүхэн хоногийн 50.000 төгрөгөөр аваад Аын гэр рүү очсон. Биднийг очиход А унтаж байсан. Сэрээгээд “таксины мөнгө байна уу, хүүхэн аваад ирлээ” гэхэд Аод бэлэн мөнгө байхгүй гээд бид Баянхошууны хуучин эцэст байх АТМ орж А өөрөө мөнгө авсан. Дараа нь дэлгүүр, эмийн сан орж юм авсан. Аыг картаараа юм авахад биеэ үнэлдэг хоёр хүүхэн хажууд нь байсан. А бид хоёр нөгөө хоёр хүүхний хамт гэрт нь нэг нэг хүүхэнтэй нь бэлгийн харьцаанд ороод унтсан. Өглөө 05 цагийн үед тэр хоёр хүүхэн сэрчихээд явлаа гээд байсан. А бид хоёр эд зүйлсээ бүртгэхэд миний Нокиа маркийн гар утас, Аын Самсунг Эс 2 маркийн гар утас, жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг эд зүйл олдохгүй байхаар нь тэр хоёр хүүхний эд зүйлсийг үзээд гарч ирээгүй тул уг хоёр хүүхнийг явуулсан. Тэрнээс хойш Аын алдсан картнаас 3.600.000 төгрөгийн зарлага гарсан байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би өөрийн гар утсаа олсон учир надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. А Хаан банкны картаа олоогүй. Би уг эмэгтэйчүүдийг сэжиглэж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

 

3. Гэрч Б.Шаравнямбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны тойргийн ойролцоо явж байхад намхандуу нуруутай, 50 орчим насны эрэгтэй хүн гар өргөхөөр нь аваад хаа хүрэх гэж байгаа талаар асуухад “ах нь нилээн явна, мөнгө хангалттай өгнө” гэсэн. “Саппоро оръё” гэхээр нь Саппоро ортол нөгөө ах машинаас бууж 5-10 орчим минут болоод ...30 орчим насны, үснийх нь үзүүр шаргал өнгөтэй, махлаг, биерхүү эмэгтэй, нөгөөх нь арай намхандуу биетэй, махлаг дугуй царайтай, саарал өнгийн куртиктэй хоёр эмэгтэй дагуулж ирээд машинд суусан. Баянхошуу орно гэсэн. Тэр ах газар зааж явж байгаад нэг айлын гадаа очиж “ах нь ороод мөнгө аваад ирье” гээд ороод гарч ирэхгүй 10 орчим минут болохоор нь нөгөө хоёр хүүхэнтэй хамт айл руу ортол 50 орчим насны нэг ах нилээн согтуу нөгөө такси барьсан ахтай орон дээр сууж байсан. Би таксины мөнгө 30.000 төгрөг боллоо, мөнгөө авъя гэж хэлтэл тэр айлын хүн нь АТМ орж мөнгө авч өгье гэж хэлсэн. Бид гарч Баянхошууны тойрог уруудаад АТМ-ны дэргэд иртэл нөгөө гэрт байж байсан ах 30 орчим насны махлаг хүүхэнтэй хамт АТМ ороод гарч ирээд мөнгөө өгчихөөд тэр хэд тойргийн дэлгүүр орж гарч ирээд гэр рүүгээ хүргүүлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

 

4. Гэрч Б.Цогзолбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын дундуур санагдаж байна, 22 цагийн үед Саппоро дээр биеэ үнэлэх гээд зогсож байтал Цтай таарсан. Саппорогийн автобусны буудал дээр зогсож байхад саарал өнгийн “Приус 30” маркийн машинтай хоёр хүн ирснээ “та хоёр явах уу, биеэ үнэлэх үү, Баянхошуу руу явна, мөнгийг нь очиж байгаад тохиръё” гэхээр нь тэгье гээд Ц бид хоёр тухайн машинд суусан. Бид Баянхошууны тойргийн ойролцоо нэг айлын гадаа ирээд зогстол урд талд сууж байсан нэг ах би ороод мөнгө аваад гараад ирье гээд орсон. Удалгүй нөгөө ах нэг хүн дагуулж гарч ирээд ойрхон Хаан банкны АТМ орж таксины мөнгө авч таксиг явуулсан. Тэгээд Ц бид хоёр нөгөө ахынд очиж танилцаад, би Амараа гэх ахтай унтсан, Ц нөгөө халзан ахтай унтсан. Бид тэндээ унтаад өглөө 06 цаг өнгөрч байхад 50.000 төгрөг аваад тэдний гэрээс гараад Цт би “Амараа ахын Хаан банкны картыг нь хулгайлчихсан” гэсэн чинь “би кодыг нь мэдэж байгаа, хаалгахаас нь өмнө хоёулаа мөнгө авъя” гэхээр нь тэгье гээд такси бариад Гандангийн автобусны буудлын арын Хаан банкны АТМ орж 3.600.000 төгрөг 3 удаагийн гүйлгээгээр авч, тухайн мөнгийг бид хувааж авсан. Би Амараа ахын цамцны халааснаас хулгайлсан. Нууц кодыг Ц мэдэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

 

5. Шүүгдэгч Х.Цын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:

“...Би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед Цогзолбоотой Саппоро дээр таараад Саппорогийн автобусны буудал дээр биеэ үнэлэхээр зогсож байтал саарал өнгийн “Приус 30” маркийн автомашинтай 2 хүн ирээд “яриа байна уу, явах уу, Баянхошууны эцэс дээр манай найз хүлээж байгаа, тийшээ явъя” гэхээр нь бид зөвшөөрөөд, машинд нь суугаад Сонгинохайрхан дүүргийн ... тоотод очсон юм. Биднийг очиход А гэх хүн нь унтаж байсан. Энх-Амгалан нь таксины мөнгө өгөөч гэхэд нөгөөдөх нь босч ирээд бидэнтэй хамт таксинд суугаад АТМ орж мөнгө аваад таксины жолоочид өгсөн. Тэр хүн эмийн сан ороод эм авахад Цогзолбоо хамт орсон. Тэгэхэд картных нь нууц дугаарыг мэдсэн юм шиг байна лээ. Бид уг айлд очоод би Энх-Амгалан гэх хүнтэй унтаад, Цогзолбоо Атой унтсан юм. Өглөө нь босоод А гэх хүн өөрийн карт болон эд зүйлсээ байхгүй байна гээд хайгаад олоогүй. Цогзолбоо бид хоёр уг айлаас 06 цагийн үед гараад явж байтал Цогзолбоо надад “А ахын Хаан банкны виза карт нь надад байна” гэж хэлэхээр нь бид ярилцаж байгаад картнаас нь мөнгө авахаар болоод, Гандан руу такси барьж очиж, АТМ ороод картыг нь уншуулан нийт 3.600.000 төгрөг авч, картыг нь хугалаад хогийн саванд хийсэн. Тэгээд уг мөнгийг хуваагаад хүний 1.800.000 төгрөг аваад салсан. Цогзолбоо 2020 он гарснаас хойш нас барсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дугаар тал),

 

6. “5005604570 тоот данснаас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2.000.00 төгрөг, 600.000 төгрөг, 1.000.000 төгрөгийн зарлага гүйлгээ хийсэн, АТМ-ийн хяналтын камераас буулгасан зураг болон камерын бичлэгийг CD-нд хуулбарлан хүргүүлсэн” тухай “Хаан” банкны 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичиг болон хохирогч Т.Аын данснаас дээрх мөнгөний зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 8-10 дугаар тал),

 

7. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкны АТМ1113, АТМ1231 гэх хавтас бүхий файлтай хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

“...файлыг нээж үзэхэд 5005604570 авъя гэсэн нэрээр хадгалагдсан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 06:43:20 секундээс үргэлжилсэн 02:40 секундын бичлэг байв. ...бичлэгийн 06:43:25 секундэд Х.Ц нь шаргал өнгийн нэхий куртик, хар өнгийн өмд, цагаан алаг годон гуталтай орж ирээд халааснаасаа ногоон өнгийн карт гаргаж, АТМ-д картыг хийж уншуулж байх үед Б.Цогзолбоо араас нь цайвар цэнхэр өнгийн куртик, хар өнгийн трико, шаргал өнгийн хагас түрийтэй гуталтай орж ирж хажууд нь зогсож байна. Х.Ц нь картыг уншуулан уг бичлэгийн 06:44:41 секундэд АТМ-ээс гарсан мөнгийг авч, дахин картыг уншуулахад 06.45.40-д АТМ-ээс гарсан мөнгийг Б.Цогзолбоо нь авч 06:45:52 секундэд уг хоёр хүн нь гарч явав. ...” гэсэн хэсэг, гэрэл зураг (хавтаст хэргийн 12-15 дугаар тал),

 

8. “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 47 дугаар тал),

 

9. Б.Цогзолбоогийн нас барсны бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

10. Шүүгдэгч Х.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 74 дүгээр тал), шийтгэх тогтоол, магадлалын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 77-88, 89-97 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дугаар тал), гэрлэлтийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дугаар тал), түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр тал), хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Цт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Б.Цогзолбоотой бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн ... тоотод иргэн Т.Аын цамцных нь халааснаас бусдын эд хөрөнгө болох 11.667.055 төгрөгийн үлдэгдэлтэй “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 11.672.055 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч шүүгдэгчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Цын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Х.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Б.Цогзолбоотой бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн ... тоотод иргэн Т.Аыг согтууруулах ундаа хэрэглэсэн, анхаарал нь суларсан байдлыг далимдуулан, түүний цамцны халааснаас 11.667.055 төгрөгийн үлдэгдэлтэй байсан “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 3.605.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь :

-хохирогч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 18-нд ...миний санаж байгаагаар намайг гэртээ унтаж байтал Энх-Амгалан хоёр хүүхэн, таксины жолооч гээд нэг залуугийн хамт орж ирсэн. ...миний архи гараагүй байсан,  нэг мэдэхэд Баянхошууны хуучин эцэст байх АТМ орчихсон мөнгө аваад зогсож байсан. ...таксины жолоочид 30.000 төгрөг өгчихөөд, дэлгүүр орж ундаа, рашаан зэрэг эд зүйлс аваад хажууд нь байх эмийн сан орж 13.500 төгрөгөөр эм аваад гарч ирсэн. Тухайн үед миний дансанд 11.667.055 төгрөг үлдсэн. ...Өглөө 05 цагийн орчимд сэрээд эд зүйлсээ бүртгэж үзтэл ...Хаан банкны виза карт ...олдохгүй, ...нөгөө хоёр хүүхнээс асуухаар аваагүй гээд байсан. ...Тэрнээс хойш миний картнаас 3.600.000 төгрөгийн зарлага гарсан байхаар нь цагдаад мэдэгдсэн юм. ...Би картнаас уншуулсан 3.600.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Уг хүмүүс нь миний эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал) болон дахин өгсөн “...шөнө 02 цагийн орчимд унтаад, өглөө 05 цаг гээд босоход карт алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

-гэрч Л.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 11 дүгээр сарын 18-нд ...Саппоро руу очиж 2 хүүхэн хоногийн 50.000 төгрөгөөр аваад Аын гэрт очсон. Аыг картаараа юм авахад биеэ үнэлдэг хоёр хүүхэн хажууд нь байсан. ...Өглөө 05 цагийн үед ...Аын ...Хаан банкны виза карт ...олдохгүй байсан. ...тэр хоёр хүүхний эд зүйлсийг үзээд гарч ирээгүй. Тэрнээс хойш Аын алдсан картнаас 3.600.000 төгрөгийн зарлага гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр тал),

-гэрч Б.Шаравнямбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цаг өнгөрч байхад ...намхандуу нуруутай, 50 орчим насны эрэгтэй хүн гар өргөхөөр нь авсан. ...“Саппоро оръё” гэхээр нь ортол нөгөө ах машинаас бууж 5-10 орчим минут болоод ... хоёр эмэгтэй дагуулж ирээд, машинд суусан. Баянхошуу орно гэхээр нь явсан. ...нэг айлын гадаа очиж зогсоход “ах нь ороод мөнгө аваад ирье” гээд ороод гарч ирэхгүй 10 орчим минут болохоор нь нөгөө хоёр хүүхэнтэй хамт айл руу орсон. 50 орчим насны нэг ах нилээн согтуу нөгөө такси барьсан ахтай орон дээр сууж байсан. ...тэр айлын хүн нь АТМ орж мөнгө авч өгье гэж хэлэхээр нь бид гарч Баянхошууны тойрог уруудад АТМ-ны дэргэд ирж ...нөгөө ах 30 орчим насны махлаг хүүхэнтэй хамт АТМ орсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

-гэрч Б.Цогзолбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын дундуур санагдаж байна, 22 цагийн үед Саппоро дээр биеэ үнэлэх гээд зогсож байтал Цтай таарсан... машинтай хоёр хүн ирснээ “та хоёр явах уу, биеэ үнэлэх үү, ...гэхээр нь тэгье гээд Ц бид хоёр машинд суусан. Баянхошууны тойргийн ойролцоо нэг айлын гадаа ирсэн. ...Удалгүй нөгөө ах нэг хүн дагуулж гарч ирээд ойрхон Хаан банкны АТМ орж таксины мөнгө авч таксиг явуулсан. Ц бид хоёр нөгөө ахынд очсон...тэндээ унтаад өглөө 06 цаг өнгөрч байхад 50.000 төгрөг аваад тэдний гэрээс гараад Цт би “Амараа ахын Хаан банкны картыг нь хулгайлчихсан” гэсэн чинь “би кодыг нь мэдэж байгаа, хаалгахаас нь өмнө хоёулаа мөнгө авъя” гэхээр нь тэгье гээд такси бариад Гандангийн автобусны буудлын арын Хаан банкны АТМ орж 3.600.000 төгрөг 3 удаагийн гүйлгээгээр авч, тухайн мөнгийг бид хувааж авсан. Би Амараа ахын цамцны халааснаас ...хулгайлсан. Нууц кодыг Ц мэдэж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

-шүүгдэгч Х.Цын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед Цогзолбоотой Саппоро дээр таарсан. ...биеэ үнэлэхээр зогсож байтал ...автомашинтай 2 хүн ирээд...явах уу, Баянхошууны эцэс дээр манай найз хүлээж байгаа, тийшээ явъя” гэсэн. ...зөвшөөрөөд, машинд нь суусан. ...Сонгинохайрхан дүүргийн ... тоотод очсон. ...А гэх хүн унтаж байсан ...бидэнтэй хамт таксинд суугаад АТМ орж мөнгө аваад таксины жолоочид өгсөн. Тэр хүн эмийн сан ороод эм авахад Цогзолбоо  хамт орсон. Тэгэхэд картных нь нууц дугаарыг мэдсэн юм шиг байна лээ. ...уг айлд очоод ...өглөө нь босоод А гэх хүн өөрийн карт болон эд зүйлсээ байхгүй байна гээд хайгаад олоогүй. Цогзолбоо бид уг айлаас 06 цагийн үед гарсан. Цогзолбоо надад “А ахын Хаан банкны виза карт нь надад байна” гэхээр нь бид ярилцаж байгаад ...Гандан руу такси барьж очиж, АТМ ороод картыг нь уншуулан нийт 3.600.000 төгрөг авч, картыг нь хугалаад хогийн саванд хийсэн. Тэгээд уг мөнгийг хуваагаад хүний 1.800.000 төгрөг аваад салсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дугаар тал),

-“5005604570 тоот данснаас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2.000.00 төгрөг, 600.000 төгрөг, 1.000.000 төгрөгийн зарлага гүйлгээ хийсэн АТМ-ийн хяналтын камерын бичлэгийг буулгасан зураг, камерын бичлэгийг CD-нд хуулбарлан хүргүүлсэн” тухай “Хаан” банкны албан бичиг болон хохирогч Т.Аын данснаас дээрх мөнгөний зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 8-10 дугаар тал),

-2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкны АТМ1113, АТМ1231 гэх хавтас бүхий файлтай хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...06:43:25 секундэд Х.Ц нь шаргал өнгийн нэхий куртик, хар өнгийн өмд, цагаан алаг годон гуталтай орж ирээд халааснаас ногоон өнгийн карт гаргаж, АТМ-д картыг хийж уншуулж байх үед Б.Цогзолбоо араас нь цайвар цэнхэр өнгийн куртик, хар өнгийн трико, шаргал өнгийн хагас түрийтэй гуталтай орж ирж хажууд нь зогсож байна. Х.Ц нь картыг уншуулан уг бичлэгийн 06:44:41 секундэд АТМ-ээс гарсан мөнгийг авч, дахин картыг уншуулахад 06.45.40-д АТМ-ээс гарсан мөнгийг Б.Цогзолбоо нь авч 06:45:52 секундэд уг хоёр хүн нь гарч явав. ...” гэсэн хэсэг, гэрэл зураг (хавтаст хэргийн 12-15 дугаар тал), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Х.Ц нь хохирогч Т.Аын банкны картыг би хулгайлж аваагүй, Б.Цогзолбоо хулгайлан авсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт маргах боловч түүнтэй хамт гэмт хэрэг үйлдсэн Б.Цогзолбоо нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хохирогчийн цамцны халааснаас нь банкны картыг нь хулгайлсан, нууц кодыг Х.Ц мэдэж байсан талаар мэдүүлсэн, энэхүү мэдүүлгийн эх сурвалж нь банкны хяналтын камерын бичлэгээр буюу АТМ-с Х.Ц, Б.Цогзолбоо нар нь дараалан мөнгө авч байгаа нь тогтоогдсон бөгөөд үйлдэл, санаа зорилгоороо тэд нэгдэн бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч Х.Ц нь бусадтай бүлэглэн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн хувцасны халаасанд байсан Хаан банкны виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлжээ.

 

Харин прокуророос шүүгдэгч Х.Цыг хохирогчид 11.672.055 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжтой байна. Учир нь хохирогч Т.Аын хулгайлагдсан банкны картын дансны үлдэгдэл нь 11.672.055 төгрөг байсан боловч, үүнээс шүүгдэгч Х.Ц, Б.Цогзолбоо (нас барсан) нар нь 3.600.000 төгрөг авсан байна. Иймээс шүүгдэгч Х.Цыг 11.672.055 төгрөгийн үлдэгдэл бүхий банкны картыг хулгайлж, бэлэн 3.600.000 төгрөг, картны үнэ 5000 төгрөг нийт 3.605.000 төгрөгийн хохирол учруулсан гэж зөвтгөн шийдвэрлэсэн ба, ийнхүү зөвтгөсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн.

Мөн хохирогч Т.Аын гэрт Х.Ц, Б.Цогзолбоо нар нь биеэ үнэлэх зорилготойгоор очсон байх бөгөөд хохирогчийн зөвшөөрөлтэй түүний гэрт нэвтэрсэн байх тул тэднийг орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэхгүй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Цыг Б.Цогзолбоотой бүлэглэж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

Шүүгдэгч Х.Цтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн Б.Цогзолбоо нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр нас барсан болох нь түүний нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон болохыг дурдав.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэргийн улмаас хохирогчид 3.605.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч нь хохирлыг төлөөгүй байна. Иймд шүүгдэгч Х.Цаас 3.605.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Аод олгохоор шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Х.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг гаргасан ба, шүүгдэгч Х.Ц нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Х.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэгдсэн байх ба, ялын хугацаа дууссан нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Х.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Х.Ц нь бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүхээс шүүгдэгч Х.Цыг 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд асван хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Ц нь хувийн байдлын тухайд нөхөр, 2-14 насны таван хүүхдийн хамт амьдардаг байх ба, түүний гэрлэлтийн лавлагаа хэрэгт авагдсан байна. Иймд түүний хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй байна.

 

3.Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Хаан” банкны бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Хгийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цыг 8 (найм) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Цын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Хаан” банкны бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цаас 3.605.000 (гурван сая зургаан зуун таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Аод олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Цт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.АЛТАНТУЯА