Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 126/ШШ2022/0014

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны ерөнхий шүүхийн шүүгч Ж.Ганчимэг даргалж, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох Цагаан хуулар В.Нн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны  дугаар танхимд, нээлттэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал, нэхэмжлэгч В.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, М.Б нарыг оролцуулан хийгээд 

  ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

“Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар “В.Нд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Нд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

В.Нд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/2067 тоот албан бичгээр “... Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтад заасныг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байх тул гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг Танд зөвлөе” гэсэн хариу өгчээ.

4. Нэхэмжлэгч В.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар ажиллаж байсан В.Н би улсад 33 жил, үүнээс 28 жилд нь санхүүгийн хяналт шалгалтын улсын /ахлах/ байцаагчаар ажиллаж, 2009 оноос хойш 13 жил удирдах ажил хийсэн. Үүнээс тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар 2014 оны 11 дүгээр сарын 1-нээс 2021 оны 9 дүгээр сарын 3 –ныг хүртэл ажилласан болно.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И 2020 оны сонгуулиар аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш албаны даргын ажлаа өгөх талаар удаа дараа хувиараа болон албаны журмаар шахаж шаардаж байсан. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулиар 60 нас хүртлээ, Төрийн албаны тухай хуулиар 65 нас хүртлээ ажиллах эрхтэй боловч удаа дараагийн шахалтаас залхаж, уулзалт бүртээ тэтгэвэрт гарах хугацаагаа наашлуулсаар хамгийн сүүлд 2022 оны 1 дүгээр сар хүртэл ажиллаад тэтгэвэрт гарахаар шийдвэрлэсэн. Түүнээс наашлуулах боломжгүй байсан. Учир нь өндөр  насны тэтгэвэрт гарахдаа авах тэтгэмжийг 2022 оны төсөвт тусгах учраас хамгийн боломжтой хугацаа бол 2022 оны 1 дүгээр сар байсан тул 2021 он дуустал ажиллуулж өгөхийг хүсч удаа дараа танилцуулж байсан боловч миний хүсэлтийг үл хайхарч шахалт дарамт үзүүлсээр эцэст нь аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан болно.

Иймд В.Н би Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 тоот захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д зааснаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байх тул гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/2067 тоот албан бичгээр хариу ирүүлсэн тул дараах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

“В.Нд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 тоот захирамжид: Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж тендер шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдээс хууль бусаар тендерийн санхүүжилтийг буцаан гаргуулсан, үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийлгүүлж шалгуулагч байгууллагаа дарамталсан, хууль бус шийдвэр гаргасан ажлын хэсгийн дүгнэлт, баримтаар тогтоогдсон гэж буруутгаж байгаа үндэслэлүүд нь хэзээ, хаана, юу болсон тухай тодорхойгүй, утга агуулгын хувьд ойлгомжгүй, В.Н миний хууль ёсны эрх ашиг сонирхолд үндэсгүйгээр халдаж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудын дараах холбогдох заалтуудыг зөрчиж байна.

Намайг ажлаас халсан нь улс төрийн намын сонгуулийн үр дүнтэй шууд холбоотой. 2020 оны орон нутгийн сонгуулиар аймгийн Засаг дарга Ш.И нь аймгийн Засаг даргаар томилогдсоноосоо хойш намайг албан өрөөндөө удаа дараа дуудан ирүүлж, шахалт дарамт үзүүлсэн бөгөөд “би багаа бүрдүүлж ажилламаар байна”, “залуу хүнтэй ажилламаар байна”, “та бол улс төрөөс ангид хүн биш”, “хяналт шалгалтын ажил эмэгтэй хүнд их хүнд, ахадсан ажил юм байна шүү дээ” гэхчлэн хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, нас хүйсээр ялгаварласан, улс төрийн утга агуулга бүхий шаардлага тавьдаг байсан. Би уулзалт бүрт л “тэтгэврийн дундаж 7 жилээр бодогддог болсонтой холбоотойгоор миний бага цалинтай байсан үе орж ирж тооцогдохоор өндөр насны тэтгэвэр 370-380 мянган төгрөгөөр алдагдалтай тооцогдох гээд байна. Иймд энэ зөрүүг багасгахын тулд 2022-03-21 хүртэл ажиллая” гэж гуйсан, бүр сүүлд нь “2021 оныг дуустал ажиллаад гаръя” гэж үнэн байдлаа хэлж хүссэн.

Ингээд миний ээлжийн амралт эхэлж, түүнийгээ дуусгаад ажилдаа ороход надад ердөө 3 сар ажиллаад л тэтгэвэрт гарах хугацаа үлдээд байтал ямар ч үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халснаар би төрийн албанд 33 жил ажилласны эцэст тэтгэмж ч авч чадахгүй хохирч байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 31.4-д заасныг тус тус зөрчсөн, төрийн албанд тэгш байдал, хууль дээдлэх зарчим, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг зөрчсөн, тэгш бус, ялгаварлан гадуурхсан захиргааны акт болсон.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 тоот захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчиж захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоогүй, захиргааны шийдвэрийн талаар тухайн үед надад урьдчилан танилцуулаагүй, захиргааны мэдэгдэл, сонсох ажиллагаа хийгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг ноцтой зөрчиж төрийн жинхэнэ албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэж байна.

Аймгийн Засаг дарга Ш.И 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр намайг дуудаж “та чинь ажиллаад байгаа юм уу, амраад байгаа юм уу” гэж асуусан. Би амралтын мэдэгдлээс хойш ажлын шаардлагаар ажилласан гэдгээ хэлж, одоо амарч эхэлж байна гэж хэлсэн. Тэгэхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн ажилтныг байлцуулан “А.Дгийн өргөдлөөр шалгалт явуулсан ажлын хэсэг таныг ажлаас халах санал оруулсан байгаа” гэж хэлээд Мөнхтуяагаар тэмдэглэл хөтлүүлж байсан.

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн /нэрийг нь Энхтүвшин гэсэн байхаа/ хамт байсан бөгөөд би аймгийн Засаг даргаас “шалгалтын материалтай танилцаж болох уу?” гэж асуусан. Ш.И дарга “Түвшээ тэгж болох билүү?” гэж асуусан. Нөгөө мэргэжилтэн нь “болно” гэж хариулсан. Хэрэв шалгалт хийж байгаа бол шалгагдагч этгээдийг өөрийг нь байлцуулж хийх ёстой. Мөн шалгалтаар ямар материал цуглуулаад, намайг ямар баримтаар буруутгаж байгаагаа үзүүлэх ёстой.

Хавар 5 сарын эхээр А.Дг өргөдөл өгсөн тухай надад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А болон бусад хүмүүс надад хэлж, надаас асуусан асуултад би хариулж байсан. Тэгэхэд намайг буруутгах ямар ч зүйл хэлээгүй. Тэдний хэлж байгаагаар бол угаасаа А.Д нь цэвэр гүтгэлгийн шинжтэй маш бүдүүлэг зүйлийг бичсэн байсан. Гэхдээ би өргөдлийг нүдээрээ үзээгүй. Гэтэл энэ асуудлаас болоод надад шалгалт хийж байгаа талаар хэн ч юу ч хэлээгүй, ямар шалгалт хийснийг би мэдээгүй, надад шалгалтын талаар танилцуулаагүй, ямар баримт цуглуулсан болохыг би мэдээгүй тул ажлын хэсгийн хяналт шалгалт гэгчийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 тоот захирамжид “үндэсгүйгээр хяналт шалгалт хийлгүүлж шалгуулагч байгууллагаа дарамталсан, хууль бус шийдвэр гаргасан” гэснийг би огт ойлгохгүй байна. Чухам ямар үйл баримтыг авч үзсэнийг сонсох мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй учраас би мэдэхгүй байна. Энэ захиргааны актад бодит нөхцөл байдлыг тодорхой заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.4, 40.4 дүгээр зүйлийн заалтуудыг зөрчиж байна.

Би төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаалд 33 жил ажиллахдаа ажлаас халагдах хүртэл алдаа дутагдал гаргаж байгаагүй, үнэнч шударгаар ажилласан миний насан туршийн ажлын үр дүн хамт олноо удирдан зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн хамт олны хөдөлмөр бүтээлийг үл хүндэтгэж, хэн нэгнийг миний оронд албан тушаалд томилохын тулд миний ажилд шалгалт хийх нэрийдлээр ажлын хэсгийн дүгнэлт баримтаар тогтоогдсон гэх зэргээр захирамжид үл ойлгогдох зүйлээр үндэсгүйгээр буруутгаж, төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсныг зөвшөөрөхгүй байна.

Манай Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2020 оны 5 дугаар сард албан ажлын хэрэгцээнд санхүүгийн баримт, маягтууд, бичиг хэргийн хэвлэмэл хуудас баримтуудыг тус аймагт хэвлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг “Хөвсгөл Хонгор” ХХК-д үнийг нь шилжүүлж хэвлүүлдэг байсан. Тус хэвлэлийн газарт бид гарын авлага хэвлүүлэх зорилгоор шилжүүлсэн мөнгийг “ном хийхэд маш их цаг зарцуулдаг, өртөг зардал өндөртэй байдаг. Бид бэлэн маягт бланк хэвлэхэд ямар ч илүү цаг зарцуулалтгүй шууд орлогоо олдог. Энэ ажлаа бид барахгүй сууж байхад илүү ажиллагаатай зүйлд цаг зарцуулах хүнд байна. Номын эх бэлтгэл чинь аягүй ядаргаатай, хамаг цаг авчихдаг ажил шүү дээ. Танайх номоо бол өөр газраар хэвлүүл” гээд 4,0 сая төгрөгийг “Хөвсгөл Хонгор” ХХК нь манайд буцаан шилжүүлж өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 10.0 саяас доош хэмжээний ажил үйлчилгээний зардлыг шууд худалдан авалтаар гүйцэтгэх боломжтой учраас бид хэвлэлийн компаниуд руу урилга хүргүүлэн, ирсэн саналаас сонгон шалгаруулалт хийж, “Арилдал” ХХК-ийг сонгон гэрээ байгуулсан. Гэтэл аймгийн Засаг даргын захирамжид В.Н нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж тендер шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдээс хууль бусаар тендерийн санхүүжилтийг буцаан гаргуулсан, баримтаар тогтоогдсон гэх зэргээр буруутгал болгохооргүй зүйл дээр ор үндэсгүйгээр гүтгэж сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон байна.

Энэ хэвлэлийн үйлдвэрээр 2020 оныг дуустал санхүүгийн маягт, бичиг хэргийн баримтууд хэвлүүлсэн. Энэ ажиллагааг буруу гэж байгаа бол энэ нь Төрийн албаны тухай хуулийн 48.4-д зааснаар зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн тул сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна.

Захирамжид зааснаар шалгуулагч байгууллагаа дарамталсан, хууль бус шийдвэр гаргасан гэдэг нь утга агуулга нь ойлгомжгүй, бодит нөхцөл байдал нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлийг заагаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.4, 40.4 дүгээр заалтуудыг зөрчиж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 36/32 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.6-д заасныг зөрчиж шалгалт явуулсан гээд байгаа хүмүүс нь сахилгын шийтгэл ногдуулах баримт материалтай танилцаж тайлбар гаргах, бичгээр хүсэлт гаргах эрх олгоогүй, танилцуулаагүй тул ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж байгааг би одоо ч мэдэхгүй байна.

Аймгийн Засаг дарга надтай 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр уулзахдаа “маргаашнаас эхлэн амар” гэж тулгасан. Би 2021 оны эхний хагас жилийн тайлан гаргах, Сангийн яаманд мэдээ хүргүүлэх, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт гаргах, мөн эхний хагас жилийн санхүүгийн тайлан гаргах, 2022 оны төсвийн төсөл бэлтгэх зэрэг ажлууд байгаа гэдгийг учирлан нэг хэсэгтээ амрах боломжгүй гэдгийгээ тайлбарлаж байсан боловч “та зуны дэлгэр цагт амар” гэсэн шаардлагаа тавьсаар байсан. Би тэр үед Улаанбаатар хот руу Хавдар судлалын үндэсний төвд үзүүлж, оношлуулж, эмчлүүлж яваад ирсэн учраас дээр дурдсан ажлууд яах аргагүй тулсан байсан. Ингээд надад аймгийн Засаг даргын ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл ирсэн. Энэ уулзалтын үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн мэргэжилтэн Мөнхтуяа хамт байсан бөгөөд аймгийн Засаг дарга Ш.И бид хоёрын дунд болж буй ярианд дуу бичлэг хийж, улмаар цаасаар тэмдэглэл хөтлөн өөрөө гарын үсэг зурж, надаар бас гарын үсэг зуруулсан.

Ингээд миний бие эхний хагас жилийн тайлан мэдээ болон бусад ажлыг дүүргэн, 2021 оны 07 дугаар сарын 31-нээс эхлэн амарч эхэлсэн бөгөөд 8 дугаар сард аймгийн Засаг даргын өөрийнх нь баталсан удирдамжийн дагуу санхүүгийн шалгалт хийх болон шүүхэд манайхаас актыг барагдуулах талаар өгсөн нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж өгөх, цалин тавих гэх мэт ажлуудаар байн байн ирж байсан учраас ээлжийн амралтын дундуур ирж ажиллах шаардлага гардаг байсан. Ингээд ээлжийн амралтаа бүрэн амарч дуусгаад ажилдаа орох хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 17-нд байсан. Өөрөөр хэлбэл 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтаа эдэлж байсан болно.

Намайг ажлаас халсан захирамжийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 12.10 цагт миний 80 настай ээжид шуудан холбооны газраас гардуулж өгсөн байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д зааснаар “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэсэн заалт, 43.4-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гаргуудах бөгөөд гардан авсан этгээд гарын үсэг зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно гэсэн заалтуудыг зөрчиж байна.

Иймд:

1.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 тоот захирамж нь бүхэлдээ хууль бус бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, хууль бус захирамжийг хүчингүй болгох,

2.Төрийн жинхэнэ албан хаагч миний цалинг нөхөн олгож, урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд эргүүлэн тогтоохыг хариуцагчид даалгах,

3.Ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдлийг нэхэмжлэгч В.Н надад олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

5.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А.Дгийн өргөдөлд дурдсан 7 асуудал нь нотлогдоогүй, 4 нь үндэслэлтэй гэж бичсэн байгаа. Эндээс би А.Д үндэслэлгүй асуудал тавьсан, В.Н намайг гүтгэсэн гэж үзэж байна. Үүнийг шүүгч анхааралдаа авах байх. Аймгийн Засаг даргын томилсон ажлын хэсэг өөрөө 7 зүйл нь худлаа байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ дүгнэлтийн хамгийн харамсалтай нь тухайн үед шалгаж байсан ажлын хэсэг надад танилцуулаагүй. Шүүхэд ирсэн баримттай нь танилцаад би өнөөдөр ярьж байна. Үндэслэлтэй гэж үзсэн нь цэвэр гүтгэлэг. Гэмт хэргийн шинжтэй асуудлаар намайг буруутгаж байгаа. Тийм учраас би тухайн үедээ аймгийн Засаг даргад бичгээр хүсэлт хүргүүлсэн. Энэ хүсэлтэд ажлын хэсгээс А.Дгийн өргөдөл гэж яриад байгаа энэ асуудал нь гэмт хэргийн шинжтэй зүйл яригдаад байна. Би тендерт шалгарсан байгууллагын мөнгийг буцааж авч идэж ашигласан гэж байна. Тийм учраас үүнийг цагдаагийн байгууллагад хандаж шалгуулаад үнэнийг нь олоод өгөөч гэж би хүссэн. 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1/140 тоот албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл аймгийн Засаг дарга миний хүсэлтийг ажлаас халах захирамж гаргахаасаа өмнө хангаагүй байж намайг ажлаас халсан 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/33 дугаар захирамжийн үндэслэлд дээр дурдсан нь үндэслэлтэй гэж ажлын хэсгийн шалгасан 4 асуудлын 2-ыг нь оруулсан байгаа нь мэдээлэл өгсөн А.Дгийн асуудалд хэт нэг талыг баримталсан болохыг харуулж байна.

Нөгөө талаар аймгийн Засаг дарга энэ асуудлын үнэн зөвийг олж тогтоох ямар ч хүсэлтгүй зөвхөн намайг улс төрийн шалтгаанаар халах гэсэн зорилготой байгаа юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.5, мөн хуулийн 52.1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно гэсэн заалтаар намайг буруутгаж шалгалтыг дахин хийлгэж буруу шийдвэр гаргасан гэсэн байдаг. Гэтэл аймгийн Засаг даргын Б/33 дугаар захирамжид шалгагдагч байгууллагаа дарамталсан гэсэн ажлын хэсгийн дүгнэлтээс шал өөр шинэ асуудал гаргах ирээд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон байгаа. Хамгийн гол нь дээрх захирамж гарсны дараа Их-Уул сумын Их-Уул Дулаан орон нутгийн өмчит компанийн удирдлагад шахалт дарамт үзүүлсэн мэтээр харуулахыг оролдож шүүхэд гэрчээр худал мэдүүлэг өгүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Юу гэсэн бэ гэхээр наад балай авгайгаасаа юм гаргаач гэж А.Дтай утсаар ярьж байгааг нь хөндлөнгөөс олж сонссон мэтээр ярьсан. Юм гаргана гэдэг нь юу гэсэн утгатайг би ойлгохгүй байна. Гэтэл н.Бурмаагийн энэ яриаг үнэн эсэхийг тодруулахаар А.Дгаас гэрчийн мэдүүлэг авахыг хариуцагч талаас хүссэний дагуу шүүгч энэ үгийг В.Н дарга хэлсэн үгүй талаар асуулт асуухад А.Д Т.Бгийн гэрчийн мэдүүлгээс санаа аваад чи хяналт шалгалтыг ийм түвшинд хийх хүн биш. Юм гаргаж ирсэнгүй, энэ шалгалт надад таалагдсангүй гэсэн яриа гаргаж ирсэн. Хяналтын байгууллага удирдаж байгаа хүн ажилтандаа стандарт бус шаардлага тавих учиргүй. Тийм учраас А.Дгийн худлаа ярьсан энэ үгийг нотлох баримтаар үнэлэхгүй байхыг хүсэж байна. Нэг ёсондоо аймгийн Засаг дарга Ш.Ид өгсөн 12 зүйлийн өргөдлийнх нь 7 нь нотлогдоогүй гэдгээс үзэхэд А.Д бол худлаа ярьдаг хүн гэдэг нь харагдаж байна.

Намайг дотоод ажилтан Г.Өын дансаар номын мөнгө авч завшсан болгож харуулах зорилгоор санхүүгийн хяналт аудитын албанд ажиллаж байсан жолооч Г.Наранчулууныг 2020 оны 10 дугаар сар хүртэл буюу тэтгэвэрт гарах хүртлээ нярваар ажиллаж байсан гэж худлаа ярьсан. Энэ бол намайг ямар ч аргаар хамаагүй гэмтэй болгож харуулах гэж хичээж байгааг харуулж байна. Би А.Дгийн гаргасан зөрчилд удаа дараа сахилгын шийтгэл ногдуулахад хүрч байсан учраас А.Д хариу авах хонзогносон санаагаар анхнаасаа аймгийн Засаг даргад өргөдөл өгсөн өргөдлийг шалгаж байгаа ажлын хэсэг ч гэсэн үнэнийг тогтоохыг хүсээгүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-т улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах гэсэн байдаг учраас Их-Уул сумын Их-Уул Дулаан орон нутгийн өмчит компанид хийгдсэн хяналт шалгалтын хариуцлагын асуудлыг шалгалт хийсэн ажилтнууд өөрсдөө бүрэн хариуцах ёстой. Энэ талаар удирдлага буюу надад хариуцлага тооцох үндэслэл байхгүй. Харин хяналт шалгалтын талаар ахлах аудитор асуудал тавьж байхад энэ асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан бол энэ миний буруу.

Их-Уул Дулаан-д эхэлж хийсэн шалгалтын дараа шалгалт ахалж явсан А.Д ирээд Их-Уул Дулаан-ын шалгалт үнэхээр хариуцлагагүй болсон. н.Э юм хийсэнгүй, улсын ахлах байцаагч н.Оюунчимэг асуудалтай баримтуудыг нь нугалж өгөөд байхад юм хийсэнгүй хүрээд ирлээ. Маш их хэл амтай ирсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн ч гэсэн маш их гомдол гаргаж байгаа. Бид нар буцаж шалгалт хийхгүй бол өргөдөл гомдол ирсэн байдалтай байна гэсэн асуудлыг тавьсан.

Тэгээд дахиад шалгалт явсан. Тэр шалгалтаар зөрчил гарсан уу гэвэл гарсан. н.Эгийн хувьд зөвхөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн шатахуун дээр акт тавьсан байсан хэрнээ байгууллагад зарцуулагдсан шатахуунд акт тавиагүй байсныг сүүлд шалгалтаар явсан ажлын хэсгийнхэн акт тавьж ирсэн. Энэ талаар би н.Эгаас чи яагаад үүнийг илрүүлээгүй ирсэн юм бэ, ямар учиртай юм бэ гэж асуухад том тэрэг нормалдаж удаан асаах шаардлага гардаг гээд тэр учир, зовлонгоо жолооч яриад байсан учраас би акт тавиагүй. Яах аргагүй нормоос илүү зарцуулсан шатахууны асуудал байсан, би мэдсэн гэж хэлсэн. Тус байгууллага нүүрсээ огт хэмждэггүй, хэмжилтийн ямар ч техник байхгүй. Нүүрс нийлүүлэгч Мон Ажнай компани ч гэсэн энэ хэмжиж хүлээлгэж өгөх стандарт байдаг. Тийм учраас бид нар энэ шалгалтыг үндэслээд аймгийн мэргэжлийн хяналтын газарт Мон Ажнай компанид стандартын хэмжигч байрлуулах шаардлагатай байна. Тийм зүйл байхгүй учраас энд ашиглал, шамшигдуулалт байж магадгүй байна гэсэн албан бичиг хүргүүлж байсан.

Гэтэл А.Д сүүлд өгсөн мэдүүлэг дээрээ энэ шалгалтыг намайг сонирхож хийлгэсэн юм шиг гүтгэсэн байсан. Тэгээд тэндээс санхүүгийн асуудал илрээгүй гэсэн байсан. Юу гэсэн үг юм бэ өөрөө тэр шалгалтын баримт дээр өчнөөн зөрчил гаргаж ирчихээд өнөөдөр шүүхэд мэдүүлэг өгөхдөө асуудал байгаагүй гээд нотлох баримтаас эсрэг зүйл яриад байгаа нь бас л намайг буруутгах гэсэн зүйл шүү дээ.

Их-Уул сум руу шалгалтаар яваад ирснийх нь дараа аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга буюу төрийн албаны салбар зөвлөлийн дарга Х.Ган-Очир намайг дуудаад В.Н дарга аа тантай холбоотой маш ноцтой мэдээлэл ирсэн. Та шалгалт хийсэн газраасаа хахууль нэхэж байсан байна. Тэгээд өгөхгүй болохоор нь акт тавьсан гэсэн гомдол ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би шалгалтаар биечлэн яваагүй гэдгээ хэлсэн. Та яагаад биечлэн яваагүй юм бэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь би улсын ахлах байцаагч О.А, дотоод аудитор А.Д нар явсан учраас би явах шаардлагагүй байсан гэж хэлсэн чинь тийм бол яах вэ. Би авлигатай тэмцэх газарт шилжүүлье гэж бодсон ч танаас эхлээд асууя гэж бодсон гэж хэлсэн. Дараа нь би Их-Уул Дулаан компанийн Т.Бгаас юун хахууль яригдаад явчхав. Би танаас хахууль нэхэх учир шалтгаан ч байхгүй. Энэ ямар учиртай яриа юм бэ гэж асуусан чинь танай ахлах аудитор А.Д байсан, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд байсан, би байсан. Энэ үед Их-Уул Дулаан компанийн халуун усны барилгыг эзэмшиж байсан н.Дэлгэрмөрөн гэдэг хүн ирээд В.Н гэдэг хүн надаас 5,000,000 төгрөгийг хахууль нэхсэн. Хахуулийн мөнгийг нь өгөхгүй болохоор надад акт тавиад явсан гэж хэлсэн. Нэг ёсондоо би хэлээгүй, н.Дэлгэрмөрөн хэлсэн гэж хэлдэг. Тухайн үед миний санаанд тэгж ороогүй одоо бодоход н.Дэлгэрмөрөн гэдэг хүн тэгж ярингуут В.Н даргаас асуудал илрүүлж болох юм байна гэсэн байдлаар А.Д дахин шалгалтаар явъя гэсэн санал гаргасан байна гэж хардахад хүрч байгаа.

н.Э албан тушаалтныхаа хувьд 2 иргэнээс өргөдөл хүлээж аваад нөгөө хоёр иргэн маань тухайн үед байгаагүй учраас төлөөлөн удирдах зөвлөлийнхөнд буцааж өгөөд ирсэн гэсэн.

Журмын 2.7-д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах тухай гэж байна. Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй гэсэн байна. Гэтэл надад хэзээ шалгалтын материалыг танилцуулсан юм бэ. Харин А.Д гэдэг хүний өргөдөл ирлээ шүү гээд 12 зүйлтэй асуудал надад танилцуулсан. Тэрнийх нь дагуу би тайлбараа гаргасан. Надад шалгалтын явцыг эргэж танилцуулаагүй, дүгнэлт гэж ийм зүйл гарсан шүү гэж хэлээгүй. Тийм учраас эд нарыг ийм дүгнэлт гаргасан гэж би үнэхээр мэдээгүй. Жишээ нь 2.6-д шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоосон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Ийм дүгнэлт гарчихлаа та танилц гээд надаар гарын үсэг зуруулаагүй.

Би 7 дугаар сарын 08-ны өдөр ирээд даргатай ярьсан яриа байгаа. Тэр дээр би суугаад ажиллах хэрэгтэй байна гэдгээ хэлсэн байгаа. Бичгээр ч гэсэн хуулийн хугацаатай тайлангуудаа гаргаж өгнө, ажиллах хэрэгтэй байна гэдгээ илгээсэн баримт хэрэгт авагдсан байгаа. 7 дугаар сарын 08-ны өдрөөс хойш би ирээд 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тэнд байж л байсан. Надад хэн ч уулзаад үзүүлье гэсэн бол болох байсан. 8 дугаар сарын 03-ны өдрийн Засаг даргатай ярьсан яриаг сонсох ажиллагаа мөн гэж үзээд байна. Гэтэл түрүүн өмгөөлөгч танд ажлаас халах захирамж шийдвэр гаргах гэж байгаа тухай мэдэгдэх хуудас өгсөн үү гэсэн. Өгөөгүй. Засаг дарга дуудаж байна гэхээр нь орсон чинь ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Энэ талаар дараа ярилцъя гээд сонсох ажиллагааны тэмдэглэл дээр байгаа. Тэгэхээр нь амарч орж ирээд надад танилцуулж энэ талаар ярилцах юм байна, тэгэхээр нь хүсэлтээ өгнө дөө гэж бодож байсан. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлтийг Засаг дарга надад танилцуулах ёстой юм уу, ажлын хэсэг өөрөө танилцуулах ёстой юм уу гэдгийг энэ журам дээр тодорхой заасан байгаа.

Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм байгаа. Энэ дүрэм дээр төрийн жинхэнэ албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл ёс зүйн зөвлөлөөр дүгнэлт гаргуулна гэж заасан байгаа. Энэ шалгалтыг үнэхээр хайнга хүнийг яаж ийгээд буруутан болгоё гэж хийсэн нь харагдаж байгаа. Үнэнийг олъё, хийе гэж оролдсон зүйл байхгүй байна. Хувийн дансаар авсан, нярав мөн ч юм уу, биш ч юм уу гэж яриад байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шууд худалдан авалтын үйл ажиллагаа зохион байгуулсан. Зохион байгуулж байх хугацаанд “Хөвсгөл Хонгор” ХХК номоо өөр газраар хийлгэ гэж зөвшилцөөд мөнгө чинь үрэгдэх гээд байна ав гээд байсан.

Намайг өвчтэй явж байхад цалинтай чөлөө олгосон байхаар нь ашгүй дээ гэж бодож байсан чинь буцаагаад 25-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5-хан хоногийн хугацаанд түр орлон гүйцэтгэгч томилсон байсан. Надад хэлээгүй. Тэр журам дээрээ өөрийнх нь оронд түр орлон гүйцэтгэгч томилох гэж байгаа бол дуулгана гэсэн заалт байсан. Тэр заалтыг хүчингүй заалт гэж яриад байх шиг байна. Хамгийн гол нь би тухайн үед Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Намайг ажлаа өг гэж удаа дараа шаардаад өвчтэй байх хугацаанд минь өөр хүн томилчих шиг боллоо, миний эрх ашиг хөндөгдөх гээд байна гэж би хандсан. Тэр тухайн үе бол ажлын байраа хадгалах гэсэн амь өрссөн хүнд хэцүү нөхцөлд байсан үе. Тэгээд дээд шатандаа ханд гэхээр нь Засаг даргадаа хандсан. Тэр санаа нь юу байсан гэхээр Засаг даргыг буруу шийдвэр гаргасан гэхээсээ өмнө би очих гэж байна шүү би ажлын байран дээрээ сууя гэсэн санаа байсан. Түүнээс биш аймгийн Засаг даргыг буруутгаад ёс зүйлгүй үйлдэл гаргая гэж тэгээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1.1-т ажилтны ажлын байрыг хадгалах хэд хэдэн заалт байдаг. Жирэмсний амралттай байгаа болон ээлжийн амралттай байгаа үед гэсэн байдаг. Гэтэл намайг ээлжийн амралттай байх хугацаанд халсан байдаг. Би ажилдаа ороод ирэхийн хооронд тэрийг яаравчлан гаргаад шуудангаар илгээх хэрэг байсан юм уу. Би цагийн бүртгэлийн талаар өмнөх хурал дээр хэлээгүй үлдээсэн байсан. Цагийн бүртгэл 1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар талд авагдсан байгаа. Тэр дээр намайг хэзээнээс хэзээ хүртэл ажилласан, хэзээ ээлжийн амралт эдэлсэн тухай тодорхой байгаа. Миний ээлжийн амралттай байсан гэдэг бол цагийн бүртгэлээр нотлогдож байгаа. Засаг дарга та зуны дэлгэр цагт амар гэхээр нь би ийм ийм ажилтай байна гэсэн чинь тэр танд хамаагүй манай агентлаг байгууллагууд хийчихнэ гэсэн зүйл ярьсан шүү дээ. Надад хамаагүй гэсэн юм чинь гээд би ажлаа хаяад гүйгээд явах уу. Үгүй шүү дээ. 2022 оны төсвийн төсөл, санхүүгийн тайлан, хагас жилийн тайлан, сангийн яаманд өгөх мэдээ, гүйцэтгэлийн тайлан гээд бүгд хуулийн хугацаатай шүү дээ. Тэгэхэд тэрийг хаячихаад дарга амар гэсэн гээд гүйгээд явж таарахгүй шүү дээ.

“Их-Уул Дулаан” ХХК дээр өргөдөл, гомдол гараагүй байхад шалгалт хийсэн, Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчлөө гэж яриад байна. 52.1-т төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр түүнчлэн осол аваар халдварт өвчин хордлого зэрэг хүний амь нас эрүүл мэнд хүрээлэн байгаа орчинд шууд болон шууд бусаар хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ гэсэн байна. Энд хүсэлт гарсан уу гарсан. Найз гэдэг үгийг дахин дахин хэлж байна. А.Д гэдэг хүн миний хэзээ ч хэлээгүй үгийг хэлсэн болгож хэлсэн байгаа. ... надад хоёр хүний өргөдлийг н.Э дарчихлаа гэж хэлж ирсэн хүн нь А.Д өөрөө шүү дээ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1-т мэдээлэл гэж байна. Би ахлах аудиторын мэдээллээр шалгасан. Дахиж шалгахгүй бол болохгүй байна гэсэн асуудал тавьсан. Зөндөө олон өргөдөл ирсэн гэж А.Д ярьж байна. Тэгэхээр нь би хоёр хүний өргөдлөөс гадна дахиад хүмүүсийн өргөдлийг дарсан юм биш биз дээ гэсэн байдлаар цагдаад өгөөд шалгуулсан баримт нь бэлэн байгаа. Цагдаагийн дүгнэлт гарсан байгаа. А.Д өргөдлийг авч дарсан зүйл тогтоогдоогүй байна гэж дүгнэлт гарсан. Тэгэхээр би байхгүй зүйлийг байгаа гэж яриад байгаа зүйл биш шүү.

Нэхэмжлэлийн шаардлагаа  Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодруулж байна. Цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг жич нэхэмжилнэ” гэв.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч өмгөөлөгч Н.Т би дараах үндэслэлээр дүгнэлт гаргаж байна. Нэгдүгээрт Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 тоот захирамжийн үндэслэл, энэ захирамжид үндэслэж байгаа хууль тогтоомжийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэрийн талаар урьдчилан танилцуулаагүй. 26 дугаар зүйлд оролцогчийг сонсох ажиллагаа. Энд захиргааны акт гэрээг баталж гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. 26.2-т энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж заасныг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан харилцаа зөрчигдсөн гэж үзсэн. Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа хүнд мэдэгдээгүй. Мэдэгдэлд юуг дурдсан байх вэ гэхээр сонсох ажиллагаа явуулах журам, он, сар, өдөр, цаг байршил, дараалал гээд хуулийн 27.3.1, 27.3.2 сахилгын шийтгэл хүлээсэн захиргааны хэм хэмжээний зүйл заалт, 27.3.3-т захиргааны шийдвэр гаргах тухай асуудлын талаар мэдээлэл, үндэслэл, 27.4-т сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна. 27.4.1 сонсгол зохион байгуулах, 27.4.2 саналыг бичгээр авах, 27.4.3 биечлэн уулзах, 27.4.4 утсаар санал авах, 27.4.5 цахим хэлбэрээр санал авах, 27.4.6 төлөөлөгчөөр дамжуулан санал авах, 27.4.7 бусад хэлбэрээр гэсэн байгаа. 27.5 сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна. 27.6 сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэн баримтжуулна. 27.7 сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй. Сонсох ажиллагаа гэх Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байгаа.

Засаг даргын захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж 1.Тендер шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдээс хууль бусаар тендерийн санхүүжилтийг буцаан гаргуулсан. 2.Үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийлгэж шалгуулагч байгууллагаа дарамталсан. 3.Хууль бус шийдвэр гаргасан гэдэг гурван үндэслэлээр буруутгасан. Энэ бол ажлын хэсгийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсугай гэж заасан.

Гэтэл дээрх ажлын хэсгийн дүгнэлт баримтаар тогтоогдож байгаа зүйлийн талаар ажлын хэсгийн дүгнэлтэд өмнөх шүүх хуралдаанд яригдсан “Их-Уул дулаан” ТӨХК-д хийсэн шалгалт, “Хонгор” ХХК-аас гаргуулсан 4.000.000 төгрөгтэй холбоотой баримт. Эдгээрийн талаар нэр бүхий этгээдээс ирүүлсэн өргөдлийн дагуу шалгасан гээд өргөдөл гаргагч А.Дгийн өргөдлийг дурдагдсан байгаа. Захирамжид орсон хууль бус шийдвэр гаргасан гэдэг дүгнэлтийн хувьд ажил эрчимжүүлэх тухай Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын тушаалтай холбоотой асуудал шалгагдаагүй. Ажлын хэсгийн дүгнэлтэд ч байхгүй байгаа. Гомдол гаргагчийн хүсэлтэд ч дурдагдаагүй асуудал. Төрийн албаны тухайн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасан хуульд нийцээгүй шийдвэр гаргасан үйлдэл болсон гэж ажлын хэсэг дүгнэсэн байгаа. “Хонгор” ХХК-д хичээл үйлдвэрлэлийн дадлагын тендерийн шалгаруулалттай холбоотой асуудлаар гарсан шалгалтын дүн дээр Төрийн албаны тухай хуулийн 39.1.3-д заасан хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзсэн. 2020 оны 4, 5 дугаар сард “Их-Уул дулаан” ТӨХК-д хийсэн шалгалт, “Хонгор” ХХК-д шилжүүлсэн мөнгөтэй холбоотой асуудал захирамжийн буруутгаж байгаа үндэслэл болж байгаа.

Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан сахилгын зөрчил илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэдэг хугацаанд хамаарч байгаа. Хариуцагч тал үүнийг тайлбарлахдаа гомдол гаргагч А.Дгийн өргөдлийг шалгах үед бид илрүүлсэн учраас зөрчил гаргаад 6 сар өнгөрөөгүй байгаа гэж хэлдэг. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн хууль тогтоомжийн гарын авлага, лавлагаа материалд хэдийгээр зөрчлийг тодорхой хугацаа өнгөрсний дараа шалгасан боловч хэрвээ сахилгын шийтгэл оногдуулах хугацаа дууссан бол үүнд сахилгын шийтгэл оногдуулахгүй байх тухай Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-ийг тайлбарласан. Зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэж байгаа нь илрүүлсэн 6 сарын хугацаа 12 сарын хугацаандаа багтаж тооцогдох тухай Төрийн албаны зөвлөлийн тайлбар, Улсын дээд шүүхийн тогтоолд байгаа. Энэ хууль тогтоомжуудаар дээрх арга хэмжээ авах гол үндэслэл болсон зөрчил дутагдал гэж байгаа зүйлүүд Төрийн албаны тухай хуулийн 48.4-т заасан сахилгын шийтгэл оногдуулж болохгүй хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.

“Их-Уул дулаан” ТӨХК-ийн шалгалтын тухай, шалгуулагчаа дарамталсан гэх мэдээлэгч нарын гомдлыг шалгасантай холбоотой асуудлуудын талаар их ярьсан. Төрийн өмч хөрөнгийг үргүй зарцуулсан, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, гүйцэтгэх удирдлага хариуцлагагүй ажилласан гээд албан шаардлага хүргүүлсэн байгаа. Энэ шалгалтыг ахлах аудитор А.Д даргалж бусад санхүүгийн хяналтын байцаагч нар хамтран оролцсон групп шалгалт. Энэ шалгалтын талаар гомдол санал тухайн үедээ гараагүй. Энэ шалгалт 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хамгийн сүүлийн шийдвэр гарсан. Үүнээс хойш 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр арга хэмжээ авах хүртэл Төрийн албаны тухай хуулийн 48.4-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан. Энэ талаар гомдол гараагүй. Т.Б гэдэг хүний өргөдөл, А.Дгийн гэрчийн мэдүүлэг гэж яриад байгаа. Т.Б 2020 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст тайлбар гаргасан байдаг. Энэ дээр 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 22-ны өдрүүдэд манай байгууллагыг аудитор нар шалгасан. Шалгалтаар ямар нэгэн алдаа дутагдал гараагүй  байхад дахин 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 29-ний хооронд иргэний хүсэлтээр гэж “Их-Уул дулаан” ТӨХК-ийн үйл ажиллагаанд А.Д, н.А, н.Г, н.Ө нар дахин шалгасан.

Хөвсгөл аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны дарга В.Н нь албан тушаал эрх мэдлээ ашиглан ажлын байрны дарамт үзүүлж байсан гэж бичсэн байсан. Чухам юуны тухай өгүүлж байгаа нь ойлгогдохгүй. Энэ өргөдөл гомдол мэдээллийг хууль зүйн хэлтэс одоо ч бүртгэж аваагүй байгаа. Энэ тухай хариуцагч нар тайлбарлахдаа ажлын хэсэгт өгсөн, өөр хэсэг авсан, тэнд байсан өргөдөл учраас манайд хамаараагүй, бидний хэлтэс дээр андуурагдаж бичигдсэн байсан, 2021 онд ирсэн өргөдлийг 2020 он гэж андуурч бичсэн байсан гэж байгаа. Гэтэл дарамталсан гэдэг үгийг оруулсан баримт маань өнөөдөр үл ойлгогдох тайлбартай байдаг. Шалгуулагчийн өргөдлөөр шалгаагүй төлөвлөгөөт шалгалт хийсэн, дараа нь дахиж шалгасан, өргөдөл нь хэнийх байсан нь тодорхойгүй гэж яригдаж байгаа. Гэтэл энэ бол ёс төдий зүйл. Хяналт шалгалт хангалттай хийгдсэн дахин шалгах хэрэг байсан уу байсан. Энэ талаар шалгалтын комисс маш тодорхой бичсэн. Тухайн байгууллагын даргыг өөрчлөх хэмжээний чанартай шалгалт болсон нь үнэн. Төсвийн хөрөнгө үр ашиггүй үрэгдэж байгааг илрүүлсэн шалгалт. Хяналт шалгалт гэдэг зүйл бол шалгасан зүйлээ илрүүлж арга хэмжээ авч, зөрчил дутагдлыг засуулахгүй юм бол шалгалт хийгээд яах юм бэ. Энэ талаар гаргасан гомдолд үндэслэсэн нь хэр үндэстэй вэ гэдгийг ажлын хэсэг хүлээж авсан хүмүүс энд оруулаад тушаал захирамжид хүнийг буруутгах үндэслэл болгосон бол энэ үндэслэлүүдээ тодорхой заах байсан. Т.Б, А.Д гэх хоёр гэрчийг асуусан. Энэ гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байгаа. Хэн хэнийхээ хэлсэн зүйлийг баталж чаддаггүй. Утсаар ярихад хажууд нь байхад наад авгайгаасаа баримт гарга гэж хэлсэн гэдэг, А.Д би тийм зүйл хэлснийг санахгүй байна гэдэг. Ийм үндэслэлгүй хэрүүлийн шинжтэй зүйлээр шийдсэн гэж үзэж байгаа. “Их-Уул”-ын шалгалтыг буруу гэж үзээгүй. Хүмүүсийн гомдол мэдээлэл Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад ирсэн, утсаар ярьсан гэдгийг нэхэмжлэгч шүүх хурал дээр маш тодорхой ярьсан. Үүнийг өргөдлөөр гэж шалгасан боловч манай шалгалт 4 дүгээр сарынхаа шалгалттай хамтарсан нэг шалгалтын материал байгаа. Гарсан зөрчилд нь авсан арга хэмжээ шаардлагаа 5 дугаар сард гаргасан. Өмнө нь акт тогтоож авсан арга хэмжээ зөрчил дутагдал гарсан зүйлд нь төлбөрийн акт тавьсан. Энэ бол ямар ч зөрчил дутагдал илрээгүй, шаардлагагүй зүйл байгаагүй гэдгийг нотолсон баримтууд хэргийн материалд байгаа. Ийм учраас “Их-Уул Дулаан” ТӨХК-тай холбоотой үндэслэлгүй шалгалт хийлгэж шалгуулагч байгууллагаа дарамталсан тухай асуудал бол үндэслэл нь тогтоогдоогүй зүйл байгаа.

Шалгалтын комиссын дүгнэлтэд орсон хоёр дахь шалтгаан бол тендер шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдээс хууль бусаар тендерийн санхүүжилтийг буцаан гаргуулсан тухай асуудал байгаа. Энэ бол маш тодорхой. Тухайн үед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 10.000.000 төгрөгөөс доош төгрөгийн шууд худалдан авах арга хэмжээ авахад хүрсэн. Өмнө нь 12.000.000 төгрөгөөр ном хэвлэл бусад материалууд хэвлүүлэхээр төлөвлөж байсан ч төсөв батлагдаагүй хасагдсан учраас тендер шалгаруулалт хийгдэх шаардлагагүй болсон гэдгийг нэхэмжлэгч тодорхой ярьсан. Энэ талаар 3 дугаар хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой болж байгаа. Энэ ном хэвлэл одоо ч дуусаагүй “Арилдал” ХХК-д хэвлэгдэж байгаа гээд хэвлэлийн эх материалыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. “Хонгор” компаниас мөнгийг В.Нн дансаар аваагүй. Г.Ө нярваар ажиллаж байсан нь тухайн үеийн ажлын гэрээнийх нь заалтад тодорхой байгаа. Нярвын дансаар орж ирсэн, кассын орлогын баримт, бэлэн мөнгөний орлого орсон тайланд тусгасан. “Арилдал” ХХК-д шилжүүлсэн, хүлээн авсан “Арилдал” ХХК-ийн тамга, тэмдэгтэй баримт огт хууль бус биш гэдгийг нотолж байгаа баримтууд юм. Энэ дээр ямар ч зөрчил дутагдал байхгүй, 39.1.3-т заасан хууль бус шийдвэр биш гэдгийг харуулж байгаа юм.

Гурав дахь зүйл нь хууль бус шийдвэр гаргасан асуудал. Ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагч нь албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэл байгаа. Энэ үндэслэлтэй холбоотой төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид цалин урамшуулал олгох журам Засгийн газрын 2019 оны 9 дүгээр тогтоолд хэдий хугацаагаар орлон гүйцэтгэгдсэн ажиллагааг орлон гүйцэтгэх тухай, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд орлон гүйцэтгэх ажиллагаа чухам ямар зүйл дээр гүйцэтгэж байх тухай маш тодорхой заасан. Энэ бол түр орлон гүйцэтгэх тухай ажиллагаа биш энэ бол ажил эрчимжүүлэх өвчтэй, чөлөөтэй байх хугацаанд гаргасан стандартад заасан А тушаал. Энэ тушаалын үндэслэл огт шалгагдаагүй. Хүсэлтэд ч дурдагдаагүй, ажлын албаны шалгалтын дүгнэлтэд ч энэ талаар ороогүй. Тийм учраас хууль бус шийдвэр гаргасан гэдгийн үндэслэлийг хариуцагч нар тайлбар, тодорхойлолтдоо оруулж байгаа болохоос биш ийм зүйл огт шалгагдаагүй нотлогдоогүй баримтууд юм. А.Дгийн гаргасан 11 төрлийн хүсэлт, гомдол дээр ч байхгүй. Хамгийн гол нь 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа. Сонсох ажиллагааны талаар аймгийн Засаг дарга Санхүүгийн хяналт аудитын албаны дарга В.Нтэй хийсэн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэлийг гол үндэслэл болгож нотлох баримтаар хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн байдаг. Энэ тэмдэглэлд Засаг дарга болон Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн н.Энхтүвшин нар В.Н даргатай уулзаж ярилцсан тэмдэглэл байгаа. Энд аймгийн Засаг дарга Ш.Игийн гол ярьж байгаа зүйл нь ажилдаа ирж байгаа юм уу, амраад байгаа юм уу, ээлжийн амралттай байгаа юм уу, чөлөөтэй байгаа юм уу ерөөсөө олдохгүй юм гэсэн сахилга хариуцлагатай холбоотой зүйл ярьсан. Шалгалтын дүнгийн талаар ярьсан зүйл гэвэл “төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал оруулж ирсэн гээд дүгнэлтийг хэлсэн. Гэхдээ зарим нь нотлох баримтгүй гэж гарсан байгаа та дараа нь шалгах ёстой газраар нь шалгуулна биз. Үүнийг энд ярих шаардлагагүй гэж бодож байна” гээд үүнийг яриагүй байгаа. Бусад зүйлүүд буюу Хатгалын шалгалт, унаа машинаар явсан, н.Цогдэлгэрийн асуудал гээд энэ зөрчил дутагдалд хамааралгүй асуудлуудын талаар ярилцсан зүйлүүд байгаа. Энэ бол сонсох ажиллагааны тэмдэглэл болж чадаагүй. Сонсох ажиллагаа гэж байгаа хуралд орохдоо шалгалтын дүгнэлттэй огт танилцаагүй, шалгалтын дүнгийн талаар огт мэдээгүй орсон. Энд ямар зөрчил гараад ямар арга хэмжээ авагдах гэж байгаа талаар, цаашдаа яах вэ гэдэг талаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах түүнд гомдол гаргах журам, Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36, 32 дугаар хавсарсан тушаалаар батлагдсан журамд байгаа. Энэ журмын талаар хэлэлцүүлгийн үед ярилцсан. Журмын 2.6-д шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Зөрчилд холбогдсон албан хаагч дүгнэлттэй танилцах эсвэл гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд энэ тухай тэмдэглэл үйлдэж шалгалтын материалд хавсаргана. 2.7, 2.9-д албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг иргэн, байгууллагын гомдол мэдээллийн дагуу шалгасан бол тэдэнд албан ёсоор хариу мэдэгдэнэ. Өөрөөр хэлбэл иргэн А.Дгийн гомдлоор үүнийг шалгасан бол А.Дд хариугаа мэдэгдсэн байх ёстой байсан Хэргийн материалд энэ талаар нотлох баримт байхгүй. 2.7 дугаар зүйлд албан хаагч шалгалтын материалтай танилцаж гомдол гаргах, дахин шалгуулах тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй. Эрхийг хангаагүй шийдсэн учраас сонсох ажиллагаа биш.

Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох заалтыг мэдсээр байж зөрчсөн хууль бус захиргааны акт болсон гэж нэхэмжлэл гаргаж Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 тоот тушаалыг хүчингүй болгож ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Бусдын хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн илтэд хууль бус захиргааны акт болсон учраас үүнийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг дэмжиж байна” гэв.

8.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Аймгийн Засаг даргад хандан нэр бүхий иргэнээс 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга В.Нтэй холбоотой өргөдөл ирсэн. Өргөдөлд дурдсан асуудалтай танилцаад аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/237 дугаар захирамжаар тус асуудлыг шалгаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг гомдолд дурдагдсан асуудлыг судлан 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд хуралдаж Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга В.Нтэй уулзаж гомдолд дурдсан асуудлын талаар өөрөөс нь холбогдох тайлбар, мэдээллийг авах, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж зарим нэр бүхий хүмүүсээс тухайн асуудлыг тодруулж тэмдэглэл үйлдэх, холбогдох шийдвэр, санхүүгийн баримтыг гаргуулж, цуглуулан үнэлж, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дүгнэлтээ гаргаж танилцуулсан.

Иймд ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон дараах асуудлыг үндэслэн аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар В.Нг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Үүнд:

Нэг. Иргэн В.Нг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын албан үүргийг гүйцэтгэх хугацаанд албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж тендер шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдээс хууль бусаар тендерийн санхүүжилтийг гаргуулсан үндэслэлийн тухайд:

Нэр бүхий иргэн өргөдөлдөө “2020 онд хичээл үйлдвэрлэлийн зардалтай холбогдуулан тендер зарлаж, уг тендерт “Хөвсгөл Хонгор” ХХК шалгаран гэрээ байгуулсан. Дотоод аудитор Д.О, Д.Э нарын хамт тендерийн захиалгын дагуу самбар хэвлүүлэх талаар очиж уулзахад В.Н дарга өөрийн биеэр ирж уулзан 5 сая төгрөгийг дотоод ажилтан Г.Өын данс руу шилжүүлж авсан” гэх асуулга бүхий мэдээллийг дурдсан байдаг.

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас 2020 оны 03 сарын 12-ны өдөр хичээл үйлдвэрлэлийн зардалтай холбоотой тендерийг зарлаж, тус тендерт шалгаруулалтын дүнд “Хөвсгөл Хонгор” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ХӨАСХАА/20202006/01/01 дугаартай гэрээ байгуулсан байдаг. Тус байгууллагын төсвийн зарлагын мэдэгдлээс үзэхэд хичээл үйлдвэрлэлийн дадлага хийхэд 6 000 000 төгрөг төсөвт тусгагдсан бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Хөвсгөл Хонгор” ХХК-ийн тоот дансанд дээрх мөнгийг шилжүүлсэн байна.

Гэтэл иргэн В.Н болон Г.Өын тайлбараас үзэхэд ажлын даалгаварт тусгагдсан гарын авлага хийлгэх үнийн дүн дээр тохиролцоогүй гэх үндэслэлээр худалдан авах ажиллагааны дагуу “Хөвсгөл Хонгор” ХХК руу шилжсэн  6,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг буцаан Г.Өын хувийн дансаар авсан талаар тайлбарласан.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасны дагуу Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар ажиллаж байсан иргэн В.Н нь нийлүүлэгч “Хөвсгөл Хонгор” ХХК нь нэг гарын авлагыг 10,000 төгрөгөөр хийнэ гэснээс болоод гэрээний үнэ дээр тохироогүйгээс өөр газраар хийлгэх болсон гэж тайлбарладаг боловч Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас зарласан тендерийн урилга, техникийн тодорхойлолтоос үзэхэд “гарын авлага-1” нэг бүрийн үнийг 8,000 төгрөгөөр, “гарын авлага-2, 3”-ыг нэг бүрийн үнийг 6,000 төгрөгөөр хийлгэхээр байгаагаас тендерт шалгарсан “Хөвсгөл Хонгор” ХХК нь  уг саналыг хүлээн зөвшөөрч тендерт оролцож шалгарсан байна.

Эдгээр байгууллага хоорондын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 6.4-д “Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй өөр бусад нөхцөл үүсэх тохиолдолд нөгөө талдаа энэ тухайгаа бичгээр яаралтай мэдэгдэнэ”, 6.6-д “Хэрэв аль нэг тал энэхүү гэрээний дагуу биелүүлэх үүргээ, нөхцлийг хэсэгчлэн болон бүрэн гүйцэтгэж чадаагүйд хүрвэл нөгөө талдаа энэ тухай урьдчилан бичгээр мэдэгдэж тодорхой арга хэмжээ авна” гэж зааснаас үзвэл хэрэв үнийн дүн дээр тохиролцоогүйгээс шалтгаалан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас энэ тухай нөгөө талдаа бичгээр урьдчилан мэдэгдэж ёстой байсан. Гэтэл урьдчилан мэдэгдэлгүйгээр мөнгийг шууд хувь хүний дансаар гаргуулж авсан үйлдэл нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрх үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-д “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, 46.1.7-д “хууль, гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх”, 46.4-д “Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана”, 50 дугаар зүйлийн 50.1.3-д “хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл болно.

Хоёр. Үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийлгүүлж, шалгуулагч байгууллагаа дарамталсан үндэслэлийн тухайд:

Нэр бүхий иргэн өргөдөлдөө “2020 оны 05 дугаар сард “Их-Уул Дулаан” ХХК-д хийсэн хяналт шалгалт чанаргүй боллоо. н.Догсмаа чи дахин шалгаж ир, гэхдээ удирдамжаа иргэний өргөдлийн дагуу гэж гаргаарай гэсэн. Тухайн үед ямар өргөдөл байгаа талаар тодруулахад өргөдөл байхгүй, найзын хүсэлт тул шалгаад ир гээд шалгалтын баг томилж ажилласан” гэх асуулга бүхий мэдээллийг дурдсан байдаг.

Үүний дагуу Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул Дулаан” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн танилцуулга болон холбогдох баримттай танилцахад тус хяналт шалгалтыг явуулахад уг танилцуулгад иргэний хүсэлтийг үндэслэн хяналт шалгалт хийсэн талаар дурдсан. Гэвч энэ талаар Санхүүгийн хяналт, аудитын албаны өргөдөл, гомдлын бүртгэлд иргэний хүсэлт огт байхгүй, тусгагдаагүй байдаг.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж заасан. Санхүүгийн хяналт, аудитын алба нь 2020 оны 05 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд “Их-Уул Дулаан” ХХК-д шалгалт хийхдээ иргэний хүсэлтийн дагуу гэсэн боловч байгууллагын өргөдөл, гомдолд бүртгэгдээгүй, байхгүй байгаа нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсон.

Гурав.Хууль бус шийдвэр гаргасан үндэслэлийн тухайд:

Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргыг томилох, чөлөөлөх, чөлөө олгох, ээлжийн амралт олгох зэрэг эрх хэмжээг хууль тогтоомжид заасны дагуу томилсон этгээд болох Засаг дарга хэрэгжүүлдэг. Тус албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь аймгийн Засаг дарга юм.

Гэтэл В.Н нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.3.3-д тус тус заасныг үндэслэн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар албаны даргыг өвчтэй байх хугацаанд тус албаны ахлах аудитор Д.Ог түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэрийг гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Энэ хуулийн 43.3.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана”, 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн шийдвэрийг гаргасан болно.

Нэхэмжлэгчийн дээрх үйлдлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 39.1.4-д Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх” үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу шийтгэл оногдуулсан.

Тэрбээр нэхэмжлэлдээ тайлбар, санал гаргах боломж олгоогүй, захиргааны шийдвэрийн талаар урьдчилан танилцуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй талаар дурдсан бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийсэн тул холбогдох баримтыг хүргүүллээ. Иймд иргэн В.Нгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Нэг. Захирамжийн үндэслэлд хууль бус шийдвэр гаргасан талаар дурдсан байна. Энэ талаар ажлын хэсгийн дүгнэлтэд байхгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл энэ шийдвэрийг захиргааны актад яагаад үндэслэсэн юм бэ гэхээр 6 дугаар сарын 07-ны өдөр В.Н дарга эрүүл мэндийн шалтгаантай гэдэг асуудлаар ажилдаа байхгүй байсан. Тэрийг нь хоёр баримт нотолж байгаа. Нэгдүгээрт өөрийнх нь эмнэлгийн магадлагаа, гэхдээ тэр дээр 6 дугаар сарын 07-ны өдөр гэдгийг зассан байдаг. Дараа нь н.Отгондаваа гэдэг хүний 6 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэл дээр В.Н дарга ажилдаа ирээгүй гэсэн байгаа. Гэтэл эрүүл мэндийн шалтгаантай ажилдаа ирээгүй байсан байж 6 дугаар сарын 07-ны өдрийн огноотой тушаал гаргасан. Тушаал агуулгын хувьд түр орлон гүйцэтгэгчийг томилоогүй ажлын зохион байгуулалтаар хангах тушаал байсан гэж тайлбарлаж байгаа боловч шүүгчийн зүгээс захирамжийн үндэслэх хэсгийг анхаараасай гэж хүсэж байна. Энэ дээр Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 43.3, 43.3.3 гэдэг заалтуудыг үндэслэл болгосон. Энэ харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ч гэсэн бичигдээгүй байгууллагад байдаг стандарт гэх жишээтэй янз бүрээр тайлбарлаж болно. Гэхдээ төрийн албан хаагч иргэнээс юугаар ялгаатай вэ гэхээр иргэнд хориглосноос бусдыг зөвшөөрдөг. Харин төрийн албан хаагчид хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасны дагуу Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх харилцааг эрх бүхий албан тушаалтан өөрөө гаргана гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтад хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд түр орлон гүйцэтгэгчийг томилж болно гэсэн заалттай. Гэтэл 7 дугаар сарын 08-ны өдрийн хууль бус шийдвэрээ хүчингүй болгуулахаар Засаг даргад хандсан. Та н.А гэдэг хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэрээ хүчингүй болгож өг, би гаргах ёстой байсан юм гэсэн албан тоотыг 7 дугаар сарын 08-ны өдөр өгсөн. Тэгэхээр энэ хүн өөрийнхөө гаргасан хууль бус шийдвэрээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна, бүр дээрээс нь төрийн албан хаагчаас хууль бус шийдвэр гаргуулахыг шаардаж байгаа юм байна. Засгийн газрын 2011 оны тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журамтай байсан боловч 2019 онд Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болсонтой холбогдуулаад хүчингүй болгосон байгаа. Хуулиар зохицуулсан харилцаанд хүчингүй болсон журмыг барих нь зөв үү гэдэг асуудал үүссэн. Ийм учраас энэ бол Төрийн албаны тухай хуулийн 39.1.2-т заасанчлан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, хуульд ийм шийдвэр гаргах эрх олгоогүй байтал олгосон мэтээр шийдвэр гаргасан байна. 39.1.3-т зааснаар хуульд нийцээгүй шийдвэр гаргасан байна гэж үзсэн.

Хоёр.“Их-Уул Дулаан” ТӨХК-тай холбоотой асуудалд төрийн албан хаагчид хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог. 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд иргэний өргөдөл, гомдолгүйгээр хяналт шалгалт хийх удирдамжийг баталсан, бүрэлдэхүүн томилсон энэ үйлдэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзсэн. Энэ дотроо Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52-ийн 52.2-д заасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол мэдээллийг үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ гэсэн заалттай. Энэ дээр В.Н даргыг гол буруутгаж байгаа зүйл нь хэн нэгэн иргэн, аж ахуй нэгж байгууллагаас өргөдөл, гомдол, хүсэлт нь ирээгүй байхад ирсэн мэтээр удирдамжийг нь батлаад бүрэлдэхүүн томилоод ажиллуулсан. Энэ бол хяналт шалгалтын байгууллагын хувьд байж болохгүй алдаа. Бид нар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулдаг субьект. Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.3-т төлөвлөгөөт бус хяналт шалгалтын гагцхүү түүнийг явуулах удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ гэдэг заалттай. Ажлаа муу хийсэн учраас ажлын хэсэг томилж удирдамж баталж явуулсан. Гэтэл ажлын хэсгийн удирдамж дотор нэхэмжлэгчийн яриад байгаа зүйл огт байхгүй. Өөрөөр хэлбэл дотоод аудитор ажлаа муу хийсэн байсан тухай ямар ч үг өгүүлбэр байхгүй. Т.Б гэдэг хүн сарын өмнө шалгалт хийчхээд сарын дараа дахиад шалгалт хийж байгаа нь ямар учиртай юм бэ гэдэг асуудал хүртэл ярьсан байдаг. Нэг шалгалтыг өмнө нь явсан ажлын хэсэг удирдамж боловсруулаад батлуулаад хийсэн байж дараа нь дахиад удирдамж батлаад шалгаж байгаа нь иргэний өргөдлийн дагуу гэж байгаа ч өргөдөл байхгүй. Энэ нь ямар баримтаар нотлогдож байна гэхээр хяналт шалгалтын байгууллагад ирүүлсэн юм уу, энэ гомдлыг нь шалгаж үзсэн юм уу, үзээд шийдвэр гаргасан юм уу гэдэг процесс ажиллагаа байхгүй зөрчилтэй. Төрийн албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд ч гэсэн ирж байгаа өргөдөл гомдлыг бүртгэж аваад удирдлагадаа танилцуулдаг процесс байдаг. Гэтэл өнөөдөр манай найз гэдэг юм уу, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэдэг юм уу хүмүүс хэлсэн. Тэр хүсэлтээ төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан юм байна билээ. Тэрийг нь манай дотоод аудитор авсан гэдэг. Яг байгууллагад ирүүлсэн юм уу. Хэрвээ төлөөлөн удирдах зөвлөлөөс нь Санхүүгийн хяналт, аудитын алба руу шилжүүлж байгаа юм бол Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуулийн дагуу шилжүүлэх харилцаа байх ёстой. Ийм харилцаа байхгүй учраас хяналт шалгалт хийхдээ удирдамж баталсан үйлдэл нь өөрөө хууль бус байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Ажлын хэсгийн дүгнэлт дээр ч дурдсан. Өөрөөр хэлбэл шалгалтыг зохион байгуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т заасан хориглох хэм хэмжээг зөрчсөн үйлдэл байна гэж үзсэн. Мөн Т.Бтай холбоотой асуудал дээр Т.Бгийн өөрийнх нь тайлбар гэрчийн мэдүүлэг зэргээс энд сарын дараа дахин шалгалт хийлгэдэг, А.Д гэдэг хүнтэй утсаар ярьсан харилцаа зэрэг нь яах аргагүй шалгуулагч байгууллагаа тодорхой хэмжээнд дарамталсан үйлдэл байна гэж үзсэн. Дээрээс нь хууль эрх зүйн хэлтэст гэж хаяглагдсан нотлох баримтын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т зааснаар захиргааны шийдвэр гарах явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзаж болохгүй гэдэг заалттай. Энэ хүрээнд Т.Б гэдэг хүний ажлын хэсэгт гаргаж өгсөн тайлбарыг авахгүй энэ чинь В.Н даргатай холбоотой юм байна үгүй гэдэг зүйлийг хэлж болохгүй. Энэ хүрээнд ажлын хэсэг хамтын шийдвэр гаргаж шийдвэртээ тусгасан.

Гурав.“Хөвсгөл Хонгор” ХХК-ийн тендертэй холбоотой асуудал. Энэ дээр тендерийн баримт бичгээр тодорхойлсон техникийн тодорхойлолт гэдэг зүйлд гарын авлага, хавтас, самбарын тоо ширхэг, үнийн талаар нэг бүрчлэн тусгасан. Ямар учиртай вэ гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд төлөвлөх гэдэг харилцаа байгаа. Энэ дотор нэгж гарын авлага ямар үнэтэй гарах, хавтас нь ямар байх гээд энэ бүхнийг төлөвлөж байж мөнгөн дүнгээ тусгаж байгаа. Тэгж байж техникийн тодорхойлолтод зааснаар үнэлгээний хороо байгуулагдаж гүйцэтгэгч компанийг шалгаруулж байгаа. Үүнд хуулийн дагуу “Хөвсгөл Хонгор” ХХК тендерийн хорооноос тавьсан үнийн саналыг хүлээж аваад гэрээ хийсэн гэж ойлгож байгаа. Гэтэл нөгөө гэрээний зүйл болох гарын авлага, хавтас, тоо ширхгээс эхлээд асуудал үүссэн. Техникийн тодорхойлолтод заасан гарын авлага, хавтас, самбарын тоо ширхгийн үнийн дүнгээс илтэд зөрүүтэй тоо байгаа. Үнийн дүн нь тодорхойгүй тоонууд байгаа. Тендерийн баримт бичигт тусгаагүй зарим барааг тусгаад биччихсэн. Диск гэж хаана байсан юм бэ. Ингээд худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа В.Н дарга өөрөө баталсан. Худалдан авах ажиллагаанд техникийн тодорхойлолтод нийцсэн гэрээ хийж байна уу гэдгийг гэрээгээ баталж байгаа хүмүүс анхаарах ёстой. Техникийн тодорхойлолтоос илтэд өөр бараа авдаг харилцаа төрийн албанд байж болохгүй. Ингэх юм бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж байгаа асуудал. Гэрээ нь тусдаа асуудал. Гэтэл гэрээндээ өөрчлөлт оруулах цуцлах тодорхой харилцаанд орж байгаа. Өөрөөр хэлбэл 6 дугаар сарын 02-ны өдөр гэрээгээ хийгээд 03-ны өдөр нь н.Ө гэдэг хүн авсан тухай баримтууд байна. Тэгвэл яах гэж гэрээ хийсэн юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41.1-т захиалагч урьдчилан харах боломжтой нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд нэмэлт өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөхийг хориглоно гэж заасан. Үүнийг ноцтой зөрчиж байгаа. Би худалдан авах ажиллагааны газраас нь асуусан. Үүнийг олон жил удирдан зохион байгуулж байгаа албаны хүмүүсээс нь ингэж болох уу гэж асуухад яасан ч байж болохгүй асуудал гэж хэлсэн. Дээр нь гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно гэсэн байгаа. Үүнээс харахад “Хонгор” ХХК яасан ч “Арилдал” ХХК руу эрхээ шилжүүлж болохгүй. Хуулиар хориглосон. 41.2-т зааснаар би хийж чадахгүй зүйлийг “Арилдал” ХХК-аар хийлгэ гэж “Хонгор” ХХК зөвшөөрөхгүй байсан. Тэр талаар “Хөвсгөл Хонгор” ХХК-ийн захирал н.Ганзоригийн бид нар гэрээгээ цуцлах талаар санал тавиагүй гэсэн мэдүүлэг байгаа. Энэ нь захиалагчийн зүгээс захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээд нь хэн бэ гэхээр Санхүүгийн хяналт аудитын албаны дарга. Түүнээс олгосон итгэмжлэл байж болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41.6-д захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй гэж заасан. 46.1.7-д хууль гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх гэсэн заалттай. Гэрээн дээр нь ямар нэгэн байдлаар гэрээг цуцлах худалдан авах ажиллагаатай холбоотой харилцаанууд үүсвэл заавал албан бичгээр харилцана гэж заасан. Гэрээгээ ноцтой зөрчсөн. Тийм учраас төрийн албанд худалдах худалдан авахтай холбоотой ийм зөрчил гаргаж болохгүй. Энэ бол бусад төрийн байгууллагад байж болохгүй үйлдэл. Сахилгын шийтгэл ногдуулах журмын хүндрүүлэх нөхцөл байдал дээр зориуд санаатай зөрчил гаргасан, зөрчил нь байгууллагын дотоод болон гадаад үйл ажиллагаа нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн гэж байгаа. Үүнийг ажлын хэсгийн зүгээс харсан. Өөрөөр хэлбэл байгууллагын гадаад, дотоод нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйлдэл байна. Өнөөдөр гэрээгээ хийгээд маргааш мөнгийг нь гаргуулаад авчихдаг. Авахдаа албан хаагчийнхаа хувийн дансаар авсан. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны явцад нэгэнт төсвөөс гарсан мөнгийг буцааж оруулж болдоггүй гэж байна. Гэтэл сангийн сайдын баталсан журамд орлого авахад төрийн сангаар дамжуулж хийж болох харилцааг зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл тэр нь төрийн сангийн зөвшөөрлөөр буцаагаад гарна. Төрийн байгууллага ямар нэгэн эд хөрөнгөө акталсан бол орлого болж орлогыг төрийн сан руу оруулж буцаагаад төрийн сангийн зөвшөөрлөөр гаргаж байгаа юм. Ийм харилцаа байх боломжтой. Гэтэл хувь хүний дансаар авдаг, буцаагаад орлого болгож авдаг. 6 дугаар сарын тайлангаар орлогод авсан байгаа юм. Орлогод авсан гэдэг чинь нэг ёсондоо тэр гарын авлагыг хийлгээд авсан гэсэн үг. Би санхүүгийн тайлангуудыг нь шүүхийн зүгээс анхаараасай гэж хүсэж байгаа. В.Н дарга өөрөө “Хөвсгөл Хонгор” ХХК дээр очоод холбогдох албан хаагч нартай нь уулзаж мөнгөө буцааж авъя, өөр газраар хийлгэе гэсэн байдаг. Энэ өөрийнх нь өгсөн тайлбар, “Хөвсгөл Хонгор” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны тайлбараар нотлогдож байгаа. Үүнийг хуулиар хориглосон. “Хөвсгөл Хонгор” ХХК-ийн хүмүүс юу гэж харах вэ гэхээр В.Н даргыг ирэхээр байгууллагаа төлөөлж явна гэж харна. Түүнээс биш тодруулж явна гэж харахгүй. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 39.1.2-т заасан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан байна гэж үзэж байгаа. Төрийн албан хаагч нарын хувьд байж болохгүй үйлдэл. Ялангуяа байгууллагыг төлөөлж нэгдүгээр гарын үсэг зурж байгаа хүний хувьд ийм үйлдэл гаргаж огт болохгүй. Энд В.Н даргыг хувь хүний талаас нь огт яриагүй. Энд төрийн албан хаагч, удирдах албан тушаалтны хувьд хуульд заасан, хуулиар хориглосон, зөвшөөрөөгүй үйлдэл хийж байна гэж үзэж байгаа. Тайлбар, санал авах боломжоор хангаагүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Тайлбарыг амаар авсан. 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл, бичгээр ирүүлсэн 6 дугаар сарын 21-ний өдрийн албан тоот, н.Энхтүвшингийн сонсох ажиллагааны уулзалт дээр хэлсэн тайлбар, 8 дугаар сарын 03-ны өдрөөс 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаа, 5 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх 4 сарын хугацаанд олон асуудал байдаг. Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авсан. Өвчтэй байсан хүнийг дуудах асуудлаас эхлээд Засаг дарга ярьдаг гэсэн эдгээр зүйлүүдээр нотлогдож байгаа. Би чөлөөтэй байсан гэдэг асуудал ярьдаг. Бид нар чөлөөний талаар шийдвэр гаргаагүй ч гэсэн чөлөөтэй байсан хугацаа хөөн хэлэлцэх хугацаанд тоолох гэж байгаа бол Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод журмын 15.10-т чөлөө авах гэж байгаа бол амаар эхэлж мэдээлсэн бол чөлөөний хуудас заавал байх ёстой. Чөлөөний хуудасгүй бол ажил тасалсанд тооцно гэсэн чөлөөтэй холбоотой маргаан байдаг. Үүнийг хэргийн үйл баримттай хамааралгүй учраас орхиё. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 48.4-т заасныг тайлбарлаж байна. Хамгийн эхний тайлбартаа Төрийн албаны зөвлөлийн лавлагаа байгаа гэсэн. Энэ чинь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25.8.4 гэдэг заалт дээр хууль тайлбарлах бол Улсын дээд шүүхийн бүрэн эрх. Гэтэл төрийн албаны зөвлөлийн лавлагаа ч байгаа гэдэг асуудал ярьж байна. 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна. 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн талаар Улсын дээд шүүхийн тайлбар гарсан гэдгийг би мэдэхгүй байна. Төрийн албаны зөвлөл бол хууль тайлбарладаг субьект хуулиараа биш. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 48.4-т сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан. 48.6 дахь заалттай агуулгыг нь холбож тайлбарлаад байна гэж ойлголоо. Ажлын хэсэг хамтын шийдвэр гаргахдаа ийм ийм байна гэж дүгнэсэн. Тэр дүгнэлтийнхээ хүрээнд энэ гурван асуудал бол сахилгын зөрчил байна, үйлдэл, үйл ажиллагаа хоёр нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байна. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журамд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахад дараах зарчмыг баримтална гэж заасан. Үүний 1.4.1-т хариуцлага гарцаагүй байх ёстой гэж заасан. Өөрөөр хэлбэл худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг ноцтой зөрчдөг, гэрээг нь ноцтой зөрчдөг, Төрийн сангаас мөнгө нь шилжүүлэгдээд байхад буцаагаад хувь хүний дансаар өөр этгээдтэй гэрээ байгуулна гэдэг үндэслэлээр авдаг. Ийм асуудал, төрийн албаны замбараагүй үйлдэл байж болохгүй. Шалгуулагч байгууллагаа шалгах гэж байгаа бол Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон дотоод аудитынхаа дүрэмд заасан эрх хэмжээндээ байх ёстой. Түүнээс биш найзын гэдэг юм уу, төлөөлөн удирдах зөвлөлийн гэдэг юм уу хүсэлтээр асуудалд хандаж болохгүй. Энэ нэг талаасаа субьектив шинжтэй үйлдэл харагдаад байна гэж нотлох баримтын хүрээнд үзсэн. Хууль бус шийдвэрийн үйл ажиллагааны хувьд дээд шатныхаа байгууллагаас нь хуульд нийцсэн шийдвэр гаргачихаад байхад, хуульд нийцсэн шийдвэр байна гэсэн Төрийн албаны зөвлөлийн албан бичиг байсаар байтал энэ шийдвэр хуульд нийцээгүй байна гэдэг асуудлаар өргөдөл гомдол гаргасан юм шиг байна. 7 дугаар сарын 08-ны өдөр “та н.Аыг томилсон шийдвэрээ хүчингүй болгож өгөөч, Засгийн газрын энэ журмыг зөрчөөд байна гэж хуульд нийцээгүй шийдвэр гаргуулахыг шаарддаг. Ийм замбараагүй албан хаагчийн үйлдэл байж болохгүй гэж үзэж байгаа. Харин ч тийм байна гэж хандсан бол нэг өөр асуудал. Энэ бол сахилгын шийтгэл оногдуулах нэг үндэслэл гэж харж байгаа. Нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Энэ бол 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/23 дугаар захирамжид н.Аыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Харин В.Н даргад чөлөө олгох тухай аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/22 дугаар захирамж байгаа. Энд 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл чөлөө олгосон байгаа. Тэгэхээр 7 сарын 01-ний өдрөөс хойш н.А гэдэг хүн түр орлон гүйцэтгэх чадамжгүй болж байгаа. Гэтэл үүнийг одоо болтол нэхэмжлэгч ойлгоогүй байх шиг байна. Өөрөө 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтээ би 6 дугаар сарыг дуустал чөлөө авмаар байна гэж хэлсэн. Тэрийг нь ёсоор болгож энэ хугацаанд н.Аыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Энд өнөөдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн гаргасан шийдвэрийг хамгаалах чиг үүрэгтэй оролцож байгаа. Түүнээс биш Засаг дарга болон В.Н дарга хоёрын хоорондын хувийн таарамжгүй харилцаа, хувь хүмүүсийн талаар хоорондоо ярьсан, хэлсэн асуудал, ялгаварлан гадуурхсан, нэр төр, алдар хүндэд нь халдсан зэрэг асуудал бол тусдаа асуудал. Нэр төр, алдар хүндэд халдсан гэж үзэх юм бол иргэний журмаар нэхэмжлэл гаргах, дарамталсан гэдэг суудал дээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхүүд нь нээлттэй байгаа. Өнөөдөр В.Н даргын хувь хүнд нь биш Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын албан тушаалыг эрхлэх хугацаандаа гаргасан үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Маргааны хувьд Төрийн албаны тухай хуулийн 48.5 дугаар зүйл дээр маргаан үүсэж байгаа. Зөрчил илрүүлснээс хойш 6 сар зөрчил гаргаснаас хойш 12 сар гэдэг хоёр асуудлыг нэхэмжлэгч талаас ярьж байна. Хариуцагчийн зүгээс энэ зөрчлийг хэзээ илрүүлсэн бэ гэдэг дээр ач холбогдол өгч байгаа. Өөрөөр хэлбэл 2021 оны 4 дүгээр сард иргэн А.Дгаас В.Нтэй холбоотой ийм хууль зөрчсөн үйлдэл байж болзошгүй гэдэг өргөдлийг анх Засаг даргад гаргаж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар тухайн өргөдөл гомдлыг бүртгээд энэ үйлдлүүдийг шалгах ажлын хэсгийг гаргаж шалгасан байгаа. Зөрчлийг илрүүлсэн хугацаа нь 2021 оны 4 дүгээр сарын сүүлээр мэдэж 5 дугаар сарын 10-ны өдөр буюу дүгнэлт гарсан өдөр гэж үзэж үүнээс хойш 6 сарын хугацааг тооцож байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Төрийн албаны тухай хууль тогтоомжийн лавлагаа гэж дурдах шиг боллоо, дээрээс нь Улсын дээд шүүхийн тогтоол болон Төрийн албаны зөвлөлийн ямар ч тогтоол байсан энэ бол заавал биелүүлэх хэм хэмжээний акт биш. Үндэслэж байгаа хэм хэмжээнүүд нь заавал биелүүлэх шинжтэй биш байна гэж үзэж байна.

Хоёрдугаарт “Хөвсгөл Хонгор” ХХК-тай байгуулсан гэрээний хувьд нэхэмжлэгчийн зүгээс асуулт хариултын шатанд “Хөвсгөл Хонгор” ХХК-тай ямар нэгэн албан бичиг солилцож байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэрээнээс татгалзах болон цуцлах тохиолдолд Иргэний хуульд заасан журмууд байгаа. Хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Албан бичиг солилцоогүй шууд очоод амаараа танайх болохгүй байна, үнэтэй байна, өөр хямдхан хийдэг газар байна гэж очоод мөнгөө байгууллагынхаа дансаар ч биш хувь хүний дансаар гаргуулсан нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл байна гэж үзэж байна. Асуулт, хариултын шатанд та яагаад ажилтан н.Өынхаа дансаар авч байгаа юм бэ гэхэд нэг гаргасан мөнгөө хоёр авч болдоггүй юм гэсэн тайлбарыг хэлж байгаа. Гэхдээ ямар хэм хэмжээний акт, хууль тогтоомжийг үндэслэсэн гэдгээ хэлээгүй. Энэ дээр бас нэг асуудалтай зүйл нь н.Өын дансаар авчихаад буцаагаад байгууллагынхаа данс руу орлогодож байгаа юм. Энэ чинь 2 авсан хэлбэр биш юм уу. Өөрөөр хэлбэл нэг гаргасан мөнгөө хоёр авч болохгүй гэж тайлбарласан атлаа н.Өын хувийн дансаар аваад байгууллага руугаа орлогодож байгаа нь 2 авсан гэдгийг нотолж байгаа юм. Энэ бол холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчиж байна гэж үзэж байгаа. Тухайн тендер шалгаруулалт 2020 онд явж байсан боловч одоо болтол тендер дуусаагүй, ном хэвлэлтээс гараагүй. Худалдан авах ажиллагаа өөрөө тодорхой журамтай, хугацаатай байтал ямар ч хугацаагүй юм шиг байж байгаа. 2020 онд “Хөвсгөл Хонгор” ХХК-тай гүйлгээ хийсэн орлого зарлагын баримтууд бүгдээрээ санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны баримтад үдэгдээгүй. Үдэгдээгүй байгаа нь байхгүй байхад нөхөөд хийчихсэн юм уу, үүндээ аудит оруулсан эсэх нь ч тодорхойгүй байна. Гэрч н.Өаас 2 удаа мэдүүлэг авсан. Яагаад гэхээр эхний мэдүүлгээ өөрчлөөд хоёр удаа өөр мэдүүлэг өгсөн байдаг. Та яагаад мэдүүлгээ өөрчилж байгаа юм бэ гэхэд “би ажлаас чөлөөлөгдөөд хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Ажлаас чөлөөлөгдөөд удсан учраас зарим нэг зүйлээ тодорхой санахгүй байна. Би В.Н дарга гэж хэлсэн нь буруу байсан. Би андуураад хэлсэн байна” гэдэг зүйл ярьдаг. Нэхэмжлэгч В.Нгийн н.Өаас дахин гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт дээрх агуулга яг адилхан бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл н.Ө ажлаас чөлөөлөгдөөд хүүхэд асрах чөлөөтэй байгаа. Ажлаас чөлөөлөгдөөд удсан учраас зарим нэг зүйлээ тодорхой санахгүй байх шиг байна гэж бичсэн байдаг. Би үүнийг юу гэж хардаж байна гэхээр гэрч н.Өын мэдүүлгийг өөрчлүүлсэн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр цаг хугацааны хувьд 2020 оны үйл явдал байдаг. 10 жилийн өмнө ч юм уу 5 жилийн өмнөх үйл явдлыг хэлээгүй. 2 жилийн өмнөх үйл явдлыг тэр хүн санаж л байгаа. Нэг бол н.Нэргүй дарга өөрөө авсан гэдэг нэг болохоор би 2 сарын хугацаанд сейфэндээ хадгалж байгаад ааваараа өгч явуулсан гэж ярьдаг. Шүүхийн зүгээс гэрчийн мэдүүлгүүдийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. н.Ө нярвын асуудал хариуцдаг хүн байсан үгүйг мэдэхгүй. Одоо би санхүүгийн хяналт аудитын албанаас танай нярав хэн байсан юм бэ, н.Ө байсан уу гэхээр мэддэггүй. Хамт ажиллаж байсан хүмүүс нэг нэгнийгээ мэдэхгүй байна гэдэг бол асуудалтай. Сүүлд өгсөн н.Өын хөдөлмөрийн гэрээ хоёр өөр дугаартай. 2020 оны сүүлд орсон тушаал дээр нярвын ажлыг давхар гүйцэтгүүлнэ гэдэг дээр нярав гэдэг үгийг нэмээд хөдөлмөрийн гэрээгээ 2019 оны буюу анх ажилд орсон тушаалын хавсралт гэж гаргасан байдаг. 2020 оны хөдөлмөрийн гэрээ яагаад 2019 оны ажилд авсан тушаалын хавсралт болоод гарчихдаг юм бэ. Сүүлд өөрчилсөн тушаалын чинь хавсралт болдоггүй юм уу. Энэ мэтчилэн бичиг баримтуудад алдаатай зүйл байна гэж үзэж байгаа. Мөн худалдан авах ажиллагааг зөрчсөн үйлдэл нь сая хэлсэнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.4-т “худалдан авах бараа, ажил үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж зохион байгуулна” 46.1.7 “хууль, гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Ингэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн иргэнд Төрийн албаны тухай хуулийн 39.1.3-т заасан хуульд нийцээгүй шийдвэр гаргахыг хориглоно гэсэн заалтыг бас зөрчсөн байна. Энэ нь цаашлаад Авлигын эсрэг хуулийн 7.1.4-т заасан төсвийн болон хандивын тусламжийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг зөрчсөн байж болзошгүй юм гэдэг асуудлыг ярьж байгаа. Энэ асуудал нь авлигатай тэмцэх газраар шалгагдаж байгаа. “Их-Уул Дулаан” ТӨХК-тай холбоотой хариуцагч талаас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслээд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг та хуулийнхаа дагуу зөвхөн иргэний өргөдөл гомдлын дагуу шийдвэрлэх ёстой гэдэг зүйлийг ярьж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг тайлбарлахдаа дутуу хийсэн ажлаа гүйцээж байна гэдэг боловч хариуцагч талаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг та иргэний өргөдөл, гомдлын дагуу хийх ёстой юм биш үү гэхээр өмнө нь дутуу хийсэн хяналт шалгалт гэдгээ өөрчлөөд иргэний өргөдөл, гомдол гэж өөрчилж байгаа. Тэгэхээр иргэний өргөдөл юм уу дутуу хийсэн ажил нь юм уу гэдэг нь тодорхойгүй. Ямар өргөдөл, хаана ирсэн юм бэ гэхээр “Их-Уул Дулаан” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд ирсэн гэдэг. Энэ бичиг нь төлөөлөн удирдах зөвлөлд ирсэн ирээгүйг бид нар мэдэхгүй. Хэрвээ ирсэн бол нэхэмжлэгч тал үүнтэй холбоотой баримтаа шүүхэд өгөх ёстой байсан. Би энд ямар нэгэн иргэний өргөдөл, гомдол байгаагүй гэж үзэж байна. Хариуцагч талаас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т заасан үндэслэлээр иргэний өргөдөл, гомдол байх ёстой гэхээр өөрийнхөө дутуу хяналт шалгалт байсан гэдгээ өөрчлөөд иргэний өргөдөл, гомдол болгосон. Энэ дээр төлөөлөн удирдах зөвлөлд өргөдөл, гомдол ирээд тэрийг нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуулийнхаа дагуу шилжүүлээд эргэж хариу мэдэгдээд н.Эд ирсэн, ирээгүй гэдэг асуудал нотлогдоогүй. Хууль зөрчиж, дур мэдэж энэ шалгалтыг хийсэн гэж үзэж байна. Сонсох ажиллагаа хийгээгүй гэж ярьдаг. 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч В.Нтэй уулзсан хурлын тэмдэглэл, аудио бичлэг дээр тодорхой тусгагдсан байгаа. 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл дээр Ш.И даргаас сонсох ажиллагаа гэж хэлж байна. Танд ажлын хэсгийн дүгнэлтийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах санал оруулж ирсэн байна гэж тодорхой бичсэн байхад би мэдээгүй гээд өмнөх харилцааг ярьдаг. Намайг албан тушаал буурч ажиллаач гэдэг зүйлийг ярьсан, гэнэт ийм шийдвэр гаргасан гэдэг. Энэ хоёр этгээдийн хооронд ийм харилцаа болсон үгүйг ч мэдэхгүй. Энэ асуудлаар 5 дугаар сараас хойш маш олон удаа уулзсан, хэрэгт хавсаргасан баримт дунд ч байгаа. 5 дугаар сарын 03-ны өдөр уулзаад 5 дугаар сарын 10-ны өдөр дүгнэлт гараад, 7 дугаар сард бас уулзаад 8 дугаар сарын 03-ны өдөр уулзаад гээд маш олон удаа уулзаж энэ хүний ажил байдал, хариуцлагатай холбоотой асуудлыг хэлээд байсан атал би одоо л мэдэж байна, шүүхийн шатанд энэ материалуудтай танилцсан гэж яриад байж болохгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч В.Нгийн Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар “В.Нд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.

3.Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “"төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалыг доор дурдсанаар ангилна: ... 10.1.2.төрийн захиргааны албан тушаал”, 10.3-т “Энэ хуулийн 10.1.2, ...-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: ... 12.1.8.хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж,

4.Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна: ... 14.1.17.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж тус тус заасан.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"нэхэмжлэл" гэж хүн, ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан.

6.Иймд В.Н нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга буюу  төрийн жинхэнэ албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах субьектив эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

7.Нэхэмжлэгч В.Н Төрийн албаны зөвлөлд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хандаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгож, хянан шийдвэрлэхийг хүсч гомдол гаргасны хариуд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/2067 тоот албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөжээ.

8.Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн ... 48 дугаар зүйл, ...-д заасан асуудлаар гарсан маргаан ...-ыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, 48 дугаар зүйлийн 48.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасан /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө/ байв.

9.Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах” журмын 8.2-д “Төрийн албаны тухай хуулийн 48.1.1, 48.1.2-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар Төрийн албаны зөвлөлд, 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд тус тус гомдол гаргана” гэж заасан.

10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч В.Н шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байв. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

11.Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн З3.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 33.16.-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасан тул нэхэмжлэгч В.Нн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Төрийн албаны зөвлөлийн 01/2067 тоот албан бичгээр хариу өгсөн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр тасалдсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзээгүй болно.

Хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдэд шүүх дараах дүгнэлт хийлээ.

12.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасныг үндэслэн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж тендер шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдээс хууль бусаар тендерийн санхүүжилтийг гаргуулсан, үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийлгүүлж, шалгуулагч байгууллагаа дарамталсан, хууль бус шийдвэр гаргасан нь ажлын хэсгийн дүгнэлт, баримтаар тогтоогдож байх тул 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

13.Дээрх захирамжийн “албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж тендер шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдээс хууль бусаар тендерийн санхүүжилтийг гаргуулсан” үндэслэлийн тухайд:

14.Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н, “Хонгор” ХХК-ийн захирал В.Ганзориг нар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нийт 8960,0 мянган төгрөгийн үнийн дүн бүхий гарын авлага, сургалтын материал, анхан шатны маягт худалдан авах тухай гэрээ[2] байгуулжээ.

15.Тус гэрээний 6.4-т “Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй өөр бусад нөхцөл үүсэх тохиолдолд нөгөө талдаа энэ талдаа бичгээр яаралтай мэдэгдэнэ” гэж заасны дагуу “Хонгор” ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж чадахгүй тухай бичгээр мэдэгдээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч В.Ганзоригийн “Гэрээ цуцлах талаар манай компанид албан ёсоор бичиг ирүүлээгүй. Бид номыг чинь хийж чадахгүй, мөнгөө ав гэж эхэлж хэлээгүй. Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н өөрөө номыг хямдхан бөгөөд гоё хийдэг газар Улаанбаатар хотод байна. Түүгээр хийлгэх боллоо гэж хэлээд мөнгөө буцааж авсан” гэх мэдүүлгээр[3] нотлогдож байна.

16.Мөн Санхүүгийн хяналт, аудитын алба нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нийт 8 960 000 /найман сая есөн зуун жаран мянга/ төгрөгийн үнийн дүн бүхий гарын авлага, сургалтын материал, анхан шатны маягт худалдан авах тухай гэрээний санхүүжилтээс 4 000 000 /дөрвөн сая/ төгрөгийг нярав Г.Өын хувийн дансаар 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр буцаан авсан болох нь гэрч Г.Өын “2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 14 цаг 22 минутад “Хөвсгөл Хонгор” ХХК-аас 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг миний дансанд орж ирсэн” гэх[4], гэрч В.Ганзоригийн “Санхүүгийн хяналт аудитын албаны дарга В.Н манай компани дээр 2020 оны хавар хүрч ирээд танайхаар хийлгэх номоо Улаанбаатар хотод хямдхан гоё хийдэг газраар хийлгэх болчихлоо, мөнгийг нь буцаагаад гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би номын мөнгийг буцааж өгөхийг зөвшөөрч номын буцаалт гэсэн утгатай гүйлгээ хийж өгсөн. 3.8 саяас 4 сая орчим төгрөг шилжүүлсэн. Яг хэдэн төгрөг шилжүүлснийг санахгүй байна” гэх мэдүүлэг[5], нэхэмжлэгч В.Нн шүүхэд гаргасан “Танайх номоо бол өөр газраар хэвлүүл гээд 4,0 сая төгрөгийг “Хөвсгөл Хонгор” ХХК нь манайд буцаан шилжүүлж өгсөн” гэх тайлбараар тус тус нотлогдож байна.

17.Дээрх үйл баримт нь нэхэмжлэгч В.Н Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Худалдан авах гэрээнд дараахь өөрчлөлт хийхийг хориглоно: 41.1.1.захиалагч урьдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агуулгатай холбоотой гэрээний нөхцөлүүдийг өөрчлөх”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна: ... 46.1.7.хууль, гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулахгүй байх” гэж заасныг зөрчсөн болохыг нотолж байна.

18.Маргаан бүхий захиргааны актад зөвхөн “хууль бусаар тендерийн санхүүжилтийг буцаан гаргуулсан” гэх үндэслэлийг дурдсан учир буцааж авсан тендерийн санхүүжилтийн 4 000 000 төгрөгийг байгууллагын нярвын касст бэлнээр хадгалж байсан уу, дарга В.Н өөрөө хадгалж байсан уу гэдэг нь хэрэгт ач холбогдолгүй, гэрч Г.Өын мэдүүлгийг талуудын маргахгүй байгаа хэсгээр үнэлсэн болно.

19.Маргаан бүхий захиргааны актад зөвхөн хууль зөрчиж тендерийн санхүүжилтийг буцаан гаргуулсан гэх үйл баримтыг дурдсан тул “Арилдал” ХХК-тай гэрээ шууд байгуулах аргаар худалдан авах ажиллагааг хийсэн тул хууль зөрчөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар ач холбогдолгүй, өмнөх хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

20.Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжид “Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Володъягийн Нэргүй нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж тендер шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдээс хууль бусаар тендерийн санхүүжилтийг буцаан гаргуулсан” гэж үзсэн нь дээрх байдлаар хууль зүйн үндэслэлтэй боловч 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан зөрчилд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шийтгэл ногдуулсан учир Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэснийг зөрчжээ.

“Үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийлгүүлж, шалгуулагч байгууллагаа дарамталсан” үндэслэлийн тухайд:

21.Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул Дулаан” төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн болох нь Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын баталсан 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20 тоот “Их-Уул сумын төсөвт байгууллагуудад нийцлийн аудит гүйцэтгэх тухай” удирдамж[6], тайлангийн нэгтгэл[7], Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 36-02/55 тоот “Зардал төлүүлэх тухай” акт[8], гэрч А.Д[9], Т.Б[10], Д.Э[11], О.А[12] нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

22.Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага ... хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилдаг.

23.Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул Дулаан” төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн болох нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Нгийн баталсан 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 27 тоот “Их-Уул сумын “Их-Уул Дулаан” ХХК-ийн үйл ажиллагаанд иргэний өргөдлийн мөрөөр санхүүгийн хяналт шалгалт хийх удирдамж”[13], Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/63 тоот “Шатахууны үнэ төлүүлэх тухай” акт[14], хяналт шалгалтын танилцуулга[15], гэрч А.Д, Т.Б, Д.Э, О.А нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

24.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэжээ.

25.“Их-Уул Дулаан” ХХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлгүүлэх тухай иргэний хүсэлт Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд ирээгүй болох нь тус байгууллагын 2020 оны өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр[16], гэрч А.Дгийн “ямар иргэний өргөдөл гомдол ирсэн юм бэ гэхэд өргөдөл, гомдол гэж юу ч үзүүлээгүй” гэх мэдүүлэг, гэрч Т.Бгийн “та нар саяхан шалгасан, дуусчихсан биз дээ гэж би Догсмаа гэдэг аудиторт нь хэлсэн чинь иргэний өргөдөл, гомдлоор танай байгууллагыг дахин шалгах болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар иргэний, ямар өргөдөл, гомдол ирсэн юм бэ гэж тодруулж асуутал Догсмаа нь “Би мэдэхгүй, дарга мэдэж байгаа. Өглөө ажилдаа иртэл дарга бид нарыг “Их-Уул Дулаан”-ыг шалгаад ир гэж явуулсан” гэж хэлсэн” мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

26.“Их-Уул Дулаан” ХХК-д санхүүгийн хяналт шалгалт хийлгүүлэх талаар Санхүүгийн хяналт, аудитын албанд гаргасан иргэний өргөдөл, гомдол, хүсэлт байхгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасан “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” гэсэн нөхцөл бүрдээгүй, харин иргэн Н.Энхтөр, Г.Цэрэндэжид нар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухай өргөдөл “Их-Уул Дулаан” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд өгч байсан болох нь дараах баримтаар нотлогдож байна.

Үүнд:

27.Нэхэмжлэгч В.Нн “Төлөөлөн удирдах зөвлөл дээр өргөдлийг үлдээсэн гэж н.Э хэлсэн байгаа. Тэрний дагуу хэн ямар өргөдөл өгсөн юм бэ гэж холбогдох ажилтнуудаас асуухад хэн хоёр билээ цалин хөлстэй холбоотой хоёр хүн гомдол гаргасан. Тэрийг н.Э эхний шалгалтаараа асуух гэсэн чинь хоёр хүний утас холбогдохгүй, уулзах ямар ч боломжгүй байсан учраас төлөөлөн удирдах зөвлөл дээр нь өргөдлөө үлдээгээд ирсэн гэж хэлсэн” гэх тайлбар,

28. Гэрч Д.Эгийн “тухайн үед ”Их Уул Дулаан” ХХК-ийн ТУЗ-д ажлаас халагдсан хоёр хүний өргөдөл, гомдол ирүүлсэн гээд ТУЗ-ын дарга нь тухайн хоёр хүний өргөдлийг надад өгсөн. ... Ажлаас халагдсан гээд өргөдөл гаргасан байсан” гэсэн мэдүүлэг[17],

29.Гэрч Н.Амараагийн “Их-Уул Дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байсан хоёр хүн ажлаас халагдсан байсан. ... тухайн үед Санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт ирсэн байсан учраас тэдэнд хандаж наад өргөдлөө гарга гэж хэлсэн байсан. Нэг нь галч Н.Энхтөр, нөгөө нь худаг дээр ус түгээдэг Цэрэндэжид гэж хоёр хүн “Их-Уул Дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас ажлаас халагдчихсан гээд өргөдөл өгч байсан” гэх мэдүүлэг[18],

30.Гэрч Ж.Төгсбуянгийн “Намайг төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байх үед Цэрэндэжид, Энхтөр гэдэг хоёр хүн ажлаас үндэслэлгүй халагдсан тул шийдвэрлэж өгөөч гэсэн өргөдөл өгсөн. Тэгэхээр нь би төлөөлөн удирдах зөвлөл ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй, хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүл гэж хэлээд өргөдлийг нь өөрт нь буцааж өгсөн. Би лав өөрийн биеэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд тэр хоёр хүний өргөдлийг шилжүүлж өгөөгүй. Сүүлд сураг сонсоход нарийн бичиг Мягмарсүрэн тэр хоёр хүний өргөдлийг санхүүгийн хяналт шалгалтаар очсон хүмүүст өгсөн юм шиг байна” гэх мэдүүлэг[19],

31.Гэрч Г.Цэрэндэжидийн “Би аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд өргөдөл, гомдол гаргаж байгаагүй. ... “Их-Уул Дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын төлөөлөн удирдах зөвлөлд ажлаас үндэслэлгүй халагдсан талаар гомдол гаргасан боловч хариу өгөөгүй. Сумын Засаг даргад ажлаас үндэслэлгүй халагдсан талаар амаар хэлж байснаас өргөдөл гаргаж байгаагүй. Үүнээс өөр ажлаас үндэслэлгүй халагдсан талаар ямар нэгэн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж байгаагүй. “Их-Уул Дулаан” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт санхүүгийн хяналт, шалгалт хийлгүүлэх талаар өргөдөл, гомдол огт гаргаж байгаагүй” гэх мэдүүлэг[20] зэрэг болно.

32.Төсвийн тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж,

33.Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 2.1-д “Дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино” гэж тус тус заасан.

34.Өөрөөр хэлбэл дотоод аудитын байгууллага нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн маргааныг шийдвэр чиг үүрэггүй юм.

35.Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 125 дугаар зүйлийн 125.1-д “Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

36.Иймд “Их-Уул Дулаан” ХХК-ны ажилтан Н.Энхтөр, Г.Цэрэндэжид нарын ажлаас үндэслэлгүй халагдсан талаар гомдол нь тус компанид санхүүгийн хяналт, шалгалт хийх үндэслэл болохгүй.

37.Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул Дулаан” төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52, 52 дахь хэсэг, мөн хуулийн 52.5-д “Энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчжээ.

38.Мөн Монгол Улсын Засгийн 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 7.2-т “Дотоод аудитын жилийн төлөвлөгөөнд тусгасан аудитын удирдамжийг тухайн төсвийн ерөнхийлөн захирагч батална” гэж заасныг зөрчиж Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар удирдамжийг баталсан байна.

39.Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 52.5-д заасныг зөрчиж хяналт шалгалт явуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2, 4.2.1 дэх хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим болох хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн байна.

40.Эрх зүйт төрд захиргааны байгууллага, албан тушаалтан зөвхөн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, захиргааны байгуулагын тодорхой үйл ажиллагаанд шаардагдах эрх мэдлийг эрх зүйн хэм хэмжээнд тусгаж өгсөн байхыг шаарддаг.

41.Захиргааны байгууллага буюу Санхүүгийн хяналт, аудитын албанд хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаарх иргэний өргөдлийг үндэслэн хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрхийг хуулиар олгоогүй тул хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн байна.

42.Хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дээрх байдлаар хууль зүйн үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийлгүүлж, шалгалтаар Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/63 тоот “Шатахууны үнэ төлүүлэх тухай” акт буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, ... захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргажээ.

43.Үүнийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: ... 39.1.4.албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр ... дарамт, ... үзүүлэх” гэсэн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

44.Захиргааны байгууллага, албан тушаалтан зөвхөн хуульд заасан үндэслэлээр аливаа үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1-д хуульд үндэслэх зарчмаас эхтэй.

45.Иймд хууль зөрчиж явуулсан хяналтын шалгалтаар гаргасан захиргааны актыг иргэн, хуулийн этгээд биелүүлсэн гэдэг нь хууль зөрчигдсөнийг зөвтгөх үндэслэл болохгүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын “Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/63 тоот “Шатахууны үнэ төлүүлэх тухай” актыг тухайн байгууллага хүлээн зөвшөөрч барагдуулсан, хяналт шалгалт үр дүнтэй болсон” гэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй байна.

46.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар тайлбартаа “аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул Дулаан” төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн нь өмнөх шалгалтын үргэлжлэл байсан, улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах гэсэн байдаг тул Их-Уул сумын “Их-Уул Дулаан” орон нутгийн өмчит компанид хийгдсэн хяналт шалгалтын хариуцлагын асуудлыг шалгалт хийсэн ажилтнууд өөрсдөө бүрэн хариуцах ёстой. Энэ талаар удирдлагад ямар нэг хариуцлага тооцох үндэслэл байхгүй” гэсэнд дараах дүгнэлт хийлээ.

47.Монгол Улсын Засгийн 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 7.2-т “Дотоод аудитын жилийн төлөвлөгөөнд тусгасан аудитын удирдамжийг тухайн төсвийн ерөнхийлөн захирагч батална” гэж заасны дагуу Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул Дулаан” төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлөвлөгөөт хяналт шалгалт хийлгэхээр 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20 тоот “Их-Уул сумын төсөвт байгууллагуудад нийцлийн аудит гүйцэтгэх тухай” удирдамж[21] баталсны дагуу Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 22-ны өдрүүдэд хяналт шалгалт хийжээ.

48.“Их-Уул Дулаан” ХХК-ийн 2018-2019 санхүүгийн үйл ажилллагаанд хийсэн нийцлийн аудитыг түүгээр дуусгасан болох нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны “Тайлангийн нэгтгэл”[22], Зардал төлүүлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 36-02/55 тоот улсын ахлах байцаагчийн акт[23] зэргээр нотлогдож байна.

49.Гэтэл В.Н нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар ажиллаж байхдаа төсвийн ерөнхийлөн захирагч болох Засаг даргын аудитын удирдамжийг батлах эрх хэмжээнд халдаж, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 27 тоот “Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул Дулаан” ХХК-ийн үйл ажиллагаанд иргэний өргөдлийн мөрөөр санхүүгийн хяналт шалгалт хийх удирдамж”-ийг[24] баталсан тул өмнөх хяналт шалгалтын үргэлжлэл байсан гэж үзэх үндэслэлгүй.

50.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 11.3-т “Улсын байцаагч нь хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

51.Хууль зөрчиж явуулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 36-05/63 тоот “Шатахууны үнэ төлүүлэх тухай” акт гаргасныг тухайн улсын байцаагч хариуцах нь зүй. Гэвч Монгол Улсын Засгийн 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 7.2-т “Дотоод аудитын жилийн төлөвлөгөөнд тусгасан аудитын удирдамжийг тухайн төсвийн ерөнхийлөн захирагч батална” гэж заасныг зөрчиж баталсан 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 27 тоот “Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их-Уул Дулаан” ХХК-ийн үйл ажиллагаанд иргэний өргөдлийн мөрөөр санхүүгийн хяналт шалгалт хийх удирдамж”-ийн хариуцлагыг баталсан албан тушаалтан В.Н өөрөө хариуцна.

52.Түүнчлэн улсын байцаагчийн дутуу хийсэн ажлыг гүйцээлгэхээр хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийсэн талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч улсын байцаагч хяналт шалгалтыг дутуу хийсэн гэдэг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 11.3-т зааснаар тухайн улсын байцаагчид хариуцлага тооцох үндэслэл болно. Харин Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар иргэн, хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулах үндэслэл болохгүй юм.

53.Хууль зөрчиж хийсэн хяналт шалгалтаар “Их-Уул Дулаан” ХХК-ийн захирал Т.Б, нягтлан бодогч М.Бямбасүрэн нарт үүрэг хүлээлгэсэн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан нь дээр дурдсанаар нотлогдож байх тул аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамж дахь “үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийлгүүлж, шалгуулагч байгууллагаа дарамталсан” гэдэг үндэслэл тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

54.Харин “наад авгайгаасаа юм гаргаач гэсэн нь дарамттай санагдсан”, “найзын хүсэлтээр дахин шалгах болсон” зэрэг асуудлаар өгсөн гэрч Т.Б, А.Д, Н.Амараа нарын мэдүүлгүүд зөрүүтэй, эдгээр үйл баримт нотлогдохгүй байх тул үнэлээгүй болно.

55.Хэдийгээр Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжид “үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийлгүүлж, шалгуулагч байгууллагаа дарамталсан” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх авч 2020 оны 05 дугаар сарын 27-29-ний өдөр гаргасан зөрчилд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэснийг зөрчжээ.

“Хууль бус шийдвэр гаргасан” үндэслэлийн тухайд

56.Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/09 дүгээр “Ажил эрчимжүүлэх тухай” тушаалаар[25] Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, мөн 43 дугаар зүйлийн 43.3, 43.3.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, аймгийн Засаг даргын 2016 оны А/448 дугаар захирамжийг үндэслэн албаны дарга өвчтэй байх хугацаанд ахлах аудитор Д.О албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу түр орлон гүйцэтгэж, энэ хугацаанд санхүү, аж ахуйн үйл ажиллагаанаас бусад төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг хангуулан ажиллахыг үүрэг болгожээ.

57.Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно: ... 42.1.2.эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй”, 43 дугаар зүйлийн 43.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ: ... 43.3.3.энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх” гэж тус тус заажээ.

58.Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах аудиторын ажлын байрны тодорхойлолтод[26] даргын эзгүйд орлох үүрэг хүлээх гэж заасантай хэргийн оролцогчид маргаагүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан эрх бүхий этгээд гэдэг нь Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга бус аймгийн Засаг дарга юм гэж маргасан.

59.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 30.1.10.хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх”,

60.Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна: ... 14.1.17.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж тус тус заасан тул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь аймгийн Засаг дарга байна.

61.Аймгийн Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Энэ хуулийн 43.3.1-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана” гэж заасны дагуу тухайн тохиолдолд шийдвэр гаргахаар байна.

62.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас “ажил эрчимжүүлэх тухай тушаал гаргасан, харин албаны даргын үүргийг үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тушаал гаргаагүй” гэж маргаж байх боловч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/09 дүгээр “Ажил эрчимжүүлэх тухай” тушаалаар[27] Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйл /Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэл/-ийн 42.1.3, 43 дугаар зүйл /Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам/-ийн 43.3, 4.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Албаны дарга өвчтэй байх хугацаанд ахлах аудитор Д.О албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу түр орлон гүйцэтгэж ... ажиллахыг үүрэг болгосугай” гэж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж байна.

63.Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/09 дүгээр “Ажил эрчимжүүлэх тухай” тушаалын талаар сонсох ажиллагаа хийгээгүй хэмээн маргаж байгаа боловч 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг дарга Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Нтэй сонсох ажиллагаа явуулсан тухай хурлын тэмдэглэл”[28], тус тэмдэглэлийн дууны бичлэг зэргээс үзэхэд тухайн асуудлаар нэхэмжлэгч В.Нд тайлбар гаргах боломж олгосон, сонсох ажиллагаа хийсэн байна гэж шүүх үзлээ.

64.Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжийн үндэслэл болсон гурван зөрчлөөс “аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Володъягийн Нэргүй нь албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж тендер шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдээс хууль бусаар тендерийн санхүүжилтийг буцаан гаргуулсан”, “үндэслэлгүйгээр хяналт шалгалт хийлгүүлж, шалгуулагч байгууллагаа дарамталсан” гэсэн хоёр зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

65.Гэсэн хэдий ч дээрх хоёр зөрчил буюу иргэн А.Дгийн өргөдлийг шалгасан ажлын хэсэг болон хариуцагч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тоот тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.6-д “Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна ...”, 2.7-д “Тухайн албан хаагч шалгалтын материалтай танилцаж, тайлбар гаргах, нэмэлт шалгалт хийлгэх тухай бичгээр хүсэлт гаргах эрхтэй” гэснийг зөрчсөн буруутай болох нь гэрч Б.Энхтүвшингийн мэдүүлэг[29], нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.

66.Харин “хууль бус шийдвэр гаргасан” гэх гуравдах үндэслэлийн тухайд Төрийн албаны тухай хууль /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө/-ийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэлийг ногдуулж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцэхгүй гэж шүүх үзлээ.

67.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө/, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 34 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тоот тушаалаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баталжээ.

68.Тус журмын 3.3-т “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг харгалзаж үзнэ: 3.3.1.зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар, ...3.3.5.өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх” гэж,

4.1-д “Сахилгын зөрчил анх удаа гаргасан, хүнд үр дагаварт хүргээгүй ... зэрэг байдлыг харгалзан зөрчил гаргасан албан хаагчид сануулах шийтгэл ногдуулах нь илүү үр дүнтэй гэж үзсэн тохиолдолд албан хаагчид сануулах сахилгын шийтгэл ногдуулна”

5.1-д “Албан хаагч сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаанд сахилгын зөрчил дахин гаргасан, эсхүл зөрчлийн шинж байдал нь түүнд илүү хүнд шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд, эсхүл зөрчлийн шинж байдал нь төрийн албанаас халах үндэслэл болохооргүй байвал албан хаагчид албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулна”

6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж тус тус заажээ.

69.Нэхэмжлэгч В.Н нь Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар ажиллаж байхдаа өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, түүний 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/09 дүгээр “Ажил эрчимжүүлэх тухай” тушаалын улмаас хүнд үр дагаварт хүрээгүй бөгөөд үүнтэй хариуцагч маргаагүй.

70.Иймд В.Нд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцэхгүй байна.

71.Захиргааы ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар маргаан бүхий захиргааны акт нь дээр дурдсанаас гадна дараах эрх зүйн зөрчилтэй байна.

72.Нэхэмжлэгч В.Нд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажлын 29 хоног амрах тухай мэдэгдлийг[30] хүргүүлсэн боловч 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно: 42.1.1.ээлжийн амралттай” гэж зааснаар түр орлон гүйцэтгүүлэх шийдвэр гаргаагүй болох нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/1441 тоот албан бичгээр[31] нотлогдож байна.

73.Хэдийгээр ажил олгогчоор түүний ээлжийн амралттай байхад нь дуудаж ажиллуулаагүй гэх[32] боловч түүний ажлыг түр орлон гүйцэтгэгч томилоогүйн улмаас В.Н 2021 оны 7, 8 дугаар саруудад ажлын зайлшгүй шаардлагын улмаас ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан цагийн бүртгэл[33], Санхүүгийн хяналт аудитын албаны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд явуулсан албан бичгүүд[34], цалин олгох хүснэгт[35], гэрч Э.Пүрэвсүрэн[36], Б.Цогдэлгэр[37] нарын мэдүүлгээр нотлогдож байна.

74.Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны 08 дугаар сард Мөрөн сумын өрхийн эмнэлгүүдэд хийсэн хяналт шалгалтад В.Н оролцсон эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, бусад баримтаар В.Н ажиллаж байсан нь хангалттай нотлогдож байна.

75.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална: 60.1.1.ээлжийн амралттай” гэж заасан тул В.Нг ээлжийн амралтаа эдэлж байхад ажлаас халах шийдвэр гаргасан нь буруу байна.

76.Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгож, В.Нг түүний урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

77.Нэхэмжлэгч В.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг иргэний журмаар жич нэхэмжлэхээр болж шаардлагаа багасгасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хууль /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2, 48 дугаар зүйлийн 48.4, 48.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цагаан хуулар В.Нгийн Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгож, В.Нг Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Нд олгосугай.

3.Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дууны бичлэг бүхий 3 ширхэг диск, номын эхийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгтэй хамт хадгалсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 7-8 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 203-206 дугаар хуудас

[3] Хэргийн 3 дугаар хавтасны 45-46 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 215 дугаар хуудас

[5] Хэргийн 3 дугаар хавтасны 45-46 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 174-176 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтасны 165-173 дугаар хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтасны 177 дугаар хуудас

[9] Хэргийн 3 дугаар хавтасны 51-53 дугаар хуудас

[10] Хэргийн 2 дугаар хавтасны 174-176 дугаар хуудас

[11] Хэргийн 2 дугаар хавтасны 185-186 дугаар хуудас

[12] Хэргийн 2 дугаар хавтасны 187-188 дугаар хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтасны 178-180 дугаар хуудас

[14] Хэргийн 1 дүгээр хавтасны 192 дугаар хуудас

[15] Хэргийн 1 дүгээр хавтасны 181-191 дүгээр хуудас

[16] Хэргийн 1 дүгээр хавтасны 193-201 дүгээр хуудас

[17] Хэргийн 4 дүгээр хавтасны 116 дугаар хуудас

[18] Хэргийн 3 дугаар хавтасны 221-222 дугаар хуудас

[19] Хэргийн 3 дугаар хавтасны 224-225 дугаар хуудас

[20] Хэргийн 3 дугаар хавтасны 227-228 дугаар хуудас

[21] Хэргийн 1 дүгээр хавтасны 174-176 дугаар хуудас

[22] Хэргийн 1 дэх хавтасны 165-173 дугаар хуудас

[23] Хэргийн 1 дүгээр хавтасны 177 дугаар хуудас

[24] Хэргийн 1 дүгээр хавтасны 178-180 дугаар хуудас

[25] Хэргийн 3 дугаар хавтасны 193 дугаар хуудас

[26] Хэргийн 2 дугаар хавтасны 11 дүгээр хуудас

[27] Хэргийн 3 дугаар хавтасны 193 дугаар хуудас

[28] Хэргийн 1 дүгээр хавтасны 145-148 дугаар хуудас

[29] Хэргийн 4 дүгээр хавтасны 111 дүгээр хуудас

[30] Хэргийн 3 дугаар хавтасны 89 дүгээр хуудас

[31] Хэргийн 3 дугаар хавтасны 242 дугаар хуудас

[32] Мөн тэнд

[33] Хэргийн 3 дугаар хавтасны 194-196 дугаар хуудас

[34] Хэргийн 4 дүгээр хавтасны 32-59 дүгээр хуудас

[35] Хэргийн 4 дүгээр хавтасны 29-31 дүгээр хуудас

[36] Хэргийн 4 дүгээр хавтасны 110 дугаар хуудас

[37] Хэргийн 4 дүгээр хавтасын 113-114 дүгээр хуудас