Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1733

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01300 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч БХБЯ-анд холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон хугацаа хэтрүүлсний алдангид нийт 193 031 594 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилга, хот байгууллалтын яамны захиалгатай 2005, 2006, 2007 онд хийж гүйцэтгэсэн ажлын төгсгөлийн хэсгийн шийдвэрлэгдээгүй байсан гадна цахилгаан хангамжийн ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байсан, шинээр техникийн нөхцөл олгогдож, яамны удирдлагын зүгээс цэвэрлэх байгууламжийг тог цахилгаантай болгож энэ ажлыг дуусгая гэдэг үндэслэлийн дагуу захиалагчаар БХТийг, санхүүжүүлэгчээр ТОСК-ыг татан оролцуулаад санхүүжилтийг Дэд бүтэц төслөөс хэмнэлтийн хөрөнгөөр гүйцэтгэхээр 2015 онд гэрээ байгуулж, үүний дагуу манай компани ажлыг гүйцэтгэсэн. Бид энэ гэрээний үүргээ биелүүлээд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр улсын комисс ажиллуулж, гэрээний гүйцэтгэл болох Баянголын амны 1 дүгээр хороолол, Орбитын чиглэлийн цэвэр бохир усны гол магистраль, өргөлтийн насос станцын гадна цахилгааны хаалттай дэд өртөөг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн юм. Дэд бүтцийн яамны төрийн нарийн бичгийн даргын даргалсан хурлаар шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу төслийн хэмнэсэн хөрөнгөөс санхүүжүүлнэ гэж тохирсон боловч, уг төсөл нь татан буугдсан. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2015/248 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь 2005, 2006 оны гэрээнүүдийн үргэлжлэл болсон ажлыг гүйцэтгэх байсан. Дээрх гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг ТОСК хүлээн аваагүй, өөрийн хөрөнгөд бүртгээгүй, ажилд оролцоогүй гэсэн тайлбар хэлдэг. Шүүхэд хандаж бид ТОСК ТӨААТҮГ-т холбогдуулан гэрээний үүрэг болон алдангид 193 031 594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч ТОСК нь хамааралгүй, үүрэг хүлээгээгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул БХБЯ-наас 193 031 594 төгрөг нэхэмжилж байна. БХТ нь БХБЯ-ны харъяа байгууллага ба ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаж байсан болохоос санхүүжилтийг хариуцах эрхгүй юм. БХТ БХБЯ-ны нэгж бөгөөд түүний хариуцах үүрэг нь техникийн талаас захиалагчийн үүрэг гүйцэтгэх байсан. Өөрөөр хэлбэл, зураг төсөл дээр тусгагдсан ажлыг бүрэн гүйцэт хийсэн үү, үгүй юу гэдгийг мэргэжлийн талаасаа хяналт тавьж ажилладаг. Өмнөх гэрээнүүд дээр ч бас яг ийм эрх, үүрэгтэй байсан. Тиймээс БХТ ажлыг санхүүжүүлэх үүрэг байхгүй учраас бид захиалагч БХБЯ-анд холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхий гүйцэтгэгч “Х” ХК, нь захиалагч Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвтэй 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/06 дугаартай Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Улаанбаатар хотын 1 дүгээр хороолол-Орбит чиглэлийн цэвэр усны шугамын эхний ээлжийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/109 дугаартай Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Улаанбаатар хотын 1 дүгээр хороолол-Орбитын чиглэлийн цэвэр бохир усны гол магистраль, насосны станц, усан сангийн 2 дугаар ээлжийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг тус тус байгуулсан. Дээрх гэрээт ажлуудыг иж бүрэн хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх зорилгоор захиалагч, гүйцэтгэгч нар идэвхи гарган ажилласны үр дүнд 2015 оны 10 дугаар сарын 20-нд захиалагч БХТ, гүйцэтгэгч “Х” ХК, санхүүжүүлэгч Төрийн орон сууцны корпорацийн хооронд 2015/248 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж гүйцэтгэгч “Х” ХК нь ажлаа иж бүрэн хийж гүйцэтгэн улсын комисст 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2015/653 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээлгэн өгсөн. Гүйцэтгэгч “Х” ХК нь санхүүжүүлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-аас 2015 оны 2015/248 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 193 031 594 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2490 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2015/248 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь 2005 оны 01/06 тоот гэрээ, 2006 оны 06 тоот гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан. Маргаан бүхий гэрээний 7-д Гүйцэтгэгч нь гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил ажлын доголдол арилгах үүрэг хариуцлага хүлээж байна гэж, 8 дугаар зүйлд Захиалагч нь гүйцэтгэгчийн хийх ажил болон зөрчил, ажлын доголдол арилгах үйлчилгээг үндэслэн төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээж байна гэж заажээ. Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 38 дугаар тушаал, Дэд бүтэц, Дэд бүтэц эрчим хүч төслийн удирдах хорооны 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаар хурлын шийдвэрийг удирдлага болгосон. Барилга, хот байгуулалтын сайдын 38 дугаар тушаалаар Дэд бүтэц, Дэд бүтэц-эрчим хүч төслүүдийн удирдах хороог үүсгэн байгуулсан байх бол 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн төслийн удирдах хорооны 2 дугаар хурлын тэмдэглэлээр “Х” ХК-ийн гүйцэтгэсэн маргаан бүхий ажлыг эхлүүлэх, санхүүжүүлэх асуудлыг хэлэлцсэн. Маргаан бүхий гэрээний ажил болох Баянголын амны орон сууцны хороололд баригдсан цэвэр усны шугамын өргөтгөлийн насос станцын гадна цахилгаан хангамжийн ажлыг уг хуралдаанаар нэмэлт 8 дугаар асуудал болгон хэлэлцсэн ба уг ажлын төсвийг батлуулан, Дэд бүтэц төслийн хэмнэсэн төсвөөс гарган гүйцэтгүүлэхийг БХТд үүрэг болон шийдвэрлэсэн. Энэхүү нөхцөл байдлаас дүгнэвэл “Х” ХК-иар хийлгүүлсэн гэх цэвэр усны шугамын өргөтгөлийн насос станцын гадна цахилгаан хангамжийн ажлын санхүүжилтийг тухайн ажлын захиалагчаар оролцож байсан БХТ, Дэд бүтэц төслийн хэмнэлтээс гарган гүйцэтгэгч компанид олгох ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн байх ба уг агуулгаар талуудын хооронд байгуулсан гэрээний 7, 8 дугаар заалтыг ойлгон тайлбарлах үндэстэй гэж тус тус тодорхойлсон зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан үндэслэлийг бүрдүүлж байна. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. БХТ болон “Х” ХК санхүүжилтээ авах талаар Дэд бүтэц төслөөс шаардаагүй 3 жил өнгөрсөн. БХТийн нэр нь солигдоод ажлаа гүйцэтгүүлчихсэн. Ажлаа хүлээлцэж өгөх тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй. Нэгэнт 2015 оны гэрээнийхээ үүргийг биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Энэ гэрээ манай яам дээр байхгүй. Нэгэнт шийдээд үүргээ өгсөн. 2005, 2006 оны ажлуудын санхүүжилтийн хөрөнгө нь БХБЯ-ны төсөвт суусан байсан. 2015 оны гэрээний үүрэгт хамаарах төсөв нь улсын төсөвт огт суугаагүй. Түүнийг яам өөрийн хариуцсан төсөв, хөтөлбөрийн хүрээнд хэмнэгдсэн зардлаас санхүүжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр холбогдох үүргүүдийг харьяалагдах байгууллагуудад өгч байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дугаар зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Барилга, хот байгууллатын яамнаас 175 483 268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХК-д олгож, нэхэмжлэлээс 17 548 326 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 123 108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 035 366 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь шүүх шийдвэрээ гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэж дүгнэж болохоор байна. Учир нь хууль тогтоогчид Иргэний хуулийн 8 дугаар зүйлд Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг тодорхойлон хуульчилсан бөгөөд тус зүйлийн 8.1.3 дахь зохицуулалтын дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 38 дугаар тушаал, “Дэд бүтэц”, “Дэд бүтэц-Эрчим хүч” төслийн удирдах хорооны 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаар хурлын шийдвэрээр”..., доторлогоо хийх хөрөнгө 176 сая төгрөгийг “Дэд бүтэц төслийн хэмнэлтийн хөрөнгөнөөс гаргахыг төслийн нэгжийн захирал А.Энх-Амгаланд зөвшөөрөв. 2. Цэвэр усны усан хангамжийн доторлогоо, насос станцын цахилгаан хангамжийн зураг, төсөл, барилга угсралтын ажлыг 2015 оны 07 дугаар сард багтаан гүйцэтгүүлэхийг Барилга хөгжлийн төв /Б.Баярсайхан/-д даалгав.” гэж шийдвэрлэсний дагуу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр захиалагч “БХТ” ТӨААТҮГ, гүйцэтгэгчээр “Х” ХК, санхүүжүүлэгчээр Төрийн орон сууцны корпораци оролцон 2015/248 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсныг шүүх харгалзан үзэлгүйгээр тус гэрээнд хариуцагч БХБЯ-ыг хамаатуулан гэрээний оролцогч хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь буруу байна. Мөн “... 2015/248 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3-т барилга байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг..., ...төслийн удирдах хорооны 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай хурлын шийдвэрийг үндэслэн зохиуцуулна” гэж зөв дүгнэсэн боловч дараагийн хэсэгт “..., хариуцагч Барилга, хот байгуулалтын захиалан бариулсан, “БХТ” ТӨААТҮГ нь гэрээт ажлын гүйцэтгэл, ажлын чанарт захиалагчийн хяналтыг хүлээсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь өмнөх дүгнэлт болон 2017 оны 2490 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 483 дугаартай магадлалыг үгүйсгэсэн гэж дүгнэж болохоор байна. Учир нь хариуцагч тал уг маргаан бүхий гэрээний оролцогч болохыг нотлосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, хуулийн этгээдийн эрхтэй 3 байгууллага дээд шатны байгууллагын шийдвэрт үндэслэн, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр байхад тус гэрээний оролцогч биш этгээдийг хамаатуулан үүрэг хүлээлгэсэн үндэслэлгүй байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ажил гүйцэтгэх гэрээ байгууллагдсан гэж үзнэ. Талууд ажлын үр дүнгийн чанар байдал, санхүүжилт буюу ажлын хөлсний хэмжээний талаар маргаагүй бөгөөд, ...яам нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч “Х” ХК-д төлөх үүрэгтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь шүүх маргаан бүхий гэрээнд хариуцагч тал яагаад оролцогч болж байгааг хууль зүйн үндэслэлийг шүүхийн шийдвэрт тодорхой тайлбарлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 182/ШШ2018/01300 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Хариуцагч БХБЯ-анд холбогдуулан нэхэмжлэгч “Х” ХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон хугацаа хэтрүүлсний алдангид нийт 193 031 594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХК нь Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвтэй 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 01/06 тоот гэрээ, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/109 тоот гэрээ байгуулан 1 дүгээр хороолол-Орбит чиглэлийн цэвэр усны шугам, өргөтгөлийн насос станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Улмаар “Х” ХК, БХТ болон Төрийн орон сууцны корпораци ТӨААТҮГ-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2015/248 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, дээрх барилга угсралтын ажил буюу Улаанбаатар хот 1 дүгээр хороолол, Баянголын амны орон сууцны хороололд баригдсан цэвэр усны шугамын өргөлтийн насос станцын гадна цахилгаан хангамжийн ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ. Энэ талаар талууд маргаагүй. /хэргийн 17-19, 25-28, 29-32, 20-21 дүгээр тал/

 

2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2015/248 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээг Барилга хот байгуулалтын яамнаас баталсан гүйцэтгэгчтэй байгуулсан 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/06 тоот гэрээ, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот гэрээнүүдэд үндэслэн нэмэлт гэрээ болгон байгуулсан ба уг гэрээг дээрх 01/06 тоот болон 06 тоот гэрээний салшгүй хэсэг байхаар тусгасан байна.

 

Дээрх 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/109 тоот гэрээнд Захиалагч гүйцэтгэгчээс албан ёсоор ирүүлсэн ажлын гүйцэтгэл, тайланг үндэслэн гүйцэтгэгчид тухай бүр санхүүжилтийн төлбөр хийх саналыг БХБЯ-д хүргүүлэхээр, мөн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр хороолол-Орбитын чиглэлийн цэвэр усны шугамын өргөлтийн насос станцын ХТП-ны гадна тэжээлийн кабель шугамын ажлын гүйцэтгэл №01 гэх баримтад Барилга хот байгуулалтын яамыг Захиалагч гэж тодорхойлжээ.

 

Мөн БХБЯ-ны холбогдох албан тушаалтнууд оролцсон 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Цэвэр усны усан сангийн цахилгааны техникийн нөхцлийн дагуу насосны станцын гадна цахилгаан хангамжийн зураг, төсөв боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, 1500 м.куб-ийн 2 усан сангийн доторлогоо хийх хөрөнгө 176 сая төгрөгийг Дэд бүтэц төслийн хэмнэлтийн хөрөнгөнөөс гаргах, Цэвэр усны усан сангийн доторлогоо, насос станцын цахилгаан хангамжийн зураг, төсөл, барилга угсралтын ажлыг 2015 оны 07 дугаар сард багтаан гүйцэтгүүлэхийг БХТд даалгахаар шийдвэрлэсэн нь 2015/02 тоот хурлын тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Дээрхээс дурдсанаас үзэхэд 2015/248 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд захиалагчаар БХТ ТӨААТҮГ, гүйцэтгэгчээр “Х” ХК, санхүүжүүлэгчээр Төрийн орон сууцны корпораци оролцож байгуулсан байх боловч уг гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Орбит чиглэлийн өргөлтийн насосны гадна цахилгаан 10/0,4 кВ-ын 400 кВа чадалтай хаалттай дэд өртөө /ХТП/-г хариуцагч Барилга хот байгуулалтын яамнаас захиалан бариулсан, БХТ ТӨААТҮГ нь гэрээт ажлын гүйцэтгэл, ажлын чанарт захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх үүргийг хүлээжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч “Х” ХК нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БХБЯ-наас баталж, захиалсан дээрх гэрээнүүдийн ажлыг үргэлжлүүлэн, 2015 оны 2015/248 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээний ажлыг гүйцэтгэсэн талаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2490 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар магадлалд дурдсан байна. Нэмэлт гэрээнээс өмнө байгуулагдсан гэрээнүүдийн төлбөрийг Барилга хот байгуулалтын яам төлж байсныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад төлбөрийг төлж байсан тухай тайлбарыг өгсөн болно. /хэргийн 35-44 дүгээр тал/

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэн хариуцагч БХБЯ-наас ажлын хөлс болох 175 483 268 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Мөн талууд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2015/248 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг тооцох талаар тохиролцоогүй тул алданги болох 17 548 326.8 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01300 дугаар ийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                   ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА   

                     

                                                                                   С.ЭНХТӨР