Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 1300

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: БХБЯ-д холбогдох,

          193 031 594.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  2018 оны 03 дугаар сарын 02-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнээс гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс нэмэлт гэрээний дагуу хийсэн ажлыг санхүүжүүлэх талаар нэхэмжлэл гаргасан. Энэ бол Барилга хот байгууллагын яамны захиалгатай 2005, 2006, 2007 онд хийж гүйцэтгэсэн ажлын төгсгөлийн хэсгийн шийдвэрлэгдээгүй байсан гадна цахилгаан хангамжийн ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байсан, шинээр техникийн нөхцөл олгогдож, яамны удирдлагын зүгээс  цэвэрлэх байгууламжийг тог цахилгаантай болгож энэ ажлыг дуусгая гэдэг үндэслэлийн дагуу  захиалагчаар Барилгын хөгжлийн төвийг, санхүүжүүлэгчээр ТОСК-ыг  татан оролцуулаад  санхүүжилтийг “Дэд бүтэц” төслөөс хэмнэлтийн хөрөнгөөр гүйцэтгэхээр 2015 онд гэрээ байгуулж, үүний дагуу манай компани ажлыг гүйцэтгэсэн. 

Бид энэ гэрээний үүргээ биелүүлээд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр улсын комисс ажиллуулж, гэрээний гүйцэтгэл болох Баянголын амны 1 дүгээр хороолол, Орбитын чиглэлийн цэвэр бохир усны гол магистраль, өргөлтийн насос станцын гадна цахилгааны хаалттай дэд өртөөг барьж улсын комисст хүлээлгэн өгсөн юм. Дэд бүтцийн яамны төрийн нарийн бичгийн даргын даргалсан хурлаар шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу төслийн хэмнэсэн хөрөнгөөс санхүүжүүлнэ гэж тохирсон боловч, уг төсөл нь татан буугдсан.

2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2015/248 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь 2005, 2006 оны гэрээнүүдийн үргэлжлэл болсон ажлыг гүйцэтгэх байсан.  Дээрх гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг ТОСК хүлээн аваагүй,  өөрийн хөрөнгөд бүртгээгүй, ажилд оролцоогүй гэсэн тайлбар хэлдэг. Шүүхэд хандаж бид ТОСК  ТӨААТҮГ-т холбогдуулан гэрээний үүрэг болон алдангид 193 031 594 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч  “ТОСК нь хамааралгүй, үүрэг хүлээгээгүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Давж заалдах шатны шүүх мөн тэгж үзсэн. Бид үүнийг үндэслээд нэгэнт БХБЯны шийдвэрийн дагуу манай байгууллагыг гүйцэтгэгчээр оролцуулаад ажлыг гүйцэтгүүлсэн учраас БХБЯнаас 193 031 594 төгрөг  нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Барилгын хөгжлийн төв нь БХБЯны харъяа байгууллага ба ажлын гүйцэтгэлд  хяналт тавьж ажиллаж байсан болохоос санхүүжилтийг хариуцах эрхгүй юм. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Барилгын хөгжлийн төв  БХБЯны нэгж бөгөөд түүний хариуцах үүрэг нь техникийн талаас захиалагчийн үүрэг гүйцэтгэх байсан. Өөрөөр хэлбэл зураг төсөл дээр тусгагдсан ажлыг бүрэн гүйцэт хийсэн үү, үгүй юу  гэдгийг  мэргэжлийн талаасаа хяналт тавьж ажилладаг. Өмнөх  гэрээнүүд  дээр ч бас яг ийм эрх, үүрэгтэй байсан. Тиймээс Барилгын хөгжлийн төв ажлыг санхүүжүүлэх үүрэг байхгүй учраас бид захиалагч БХБЯанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч БХБЯ-аас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөрөөс шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ерөнхий гүйцэтгэгч “Х” ХК, нь захиалагч Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвтэй 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/06 дугаартай “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Улаанбаатар хотын 1 дүгээр хороолол-Орбит чиглэлийн цэвэр усны шугамын эхний ээлжийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/109 дугаартай “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Улаанбаатар хотын 1 дүгээр хороолол-Орбитын чиглэлийн цэвэр бохир усны гол магистраль, насосны станц, усан сангийн 2 дугаар ээлжийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-г тус тус байгуулсан байна.

Дээрх гэрээт ажлуудыг иж бүрэн хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх зорилгоор захиалагч, гүйцэтгэгч нар идэвх гарган ажилласны үр дүнд 2015 оны 10 дугаар сарын 20-нд захиалагч Барилгын хөгжлийн төв, гүйцэтгэгч “Х” ХК, санхүүжүүлэгч “Төрийн орон сууцны корпораци”-ийн хооронд 2015/248 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж гүйцэтгэгч “Х” ХК нь ажлаа иж бүрэн хийж гүйцэтгэн улсын комисст 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2015/653 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээлгэн өгсөн байна. Гүйцэтгэгч “Х” ХК нь санхүүжүүлэгч “Төрийн орон сууцны корпораци” ТӨААТҮГ-аас 2015 оны 2015/248 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 193 031 594 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэрэг маргааныг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хянан хэлэлцэж 2490 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн огноотой 2015/248 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нд энэхүү гэрээ нь 2005 оны 01/06 тоот гэрээ, 2006 оны 06 тоот гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан. Маргаан бүхий гэрээний 7-д “Гүйцэтгэгч нь гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил ажлын доголдол арилгах үүрэг хариуцлага хүлээж байна” гэж, 8 дугаар зүйлд “Захиалагч нь гүйцэтгэгчийн хийх ажил болон зөрчил, ажлын доголдол арилгах үйлчилгээг үндэслэн төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээж байна” гэж заажээ. Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 38 дугаар тушаал, “Дэд бүтэц”, “Дэд бүтэц эрчим хүч” төслийн удирдах хорооны 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаар хурлын шийдвэрийг удирдлага болгосон байна.

Барилга, хот байгуулалтын сайдын 38 дугаар тушаалаар “Дэд бүтэц”, “Дэд бүтэц-эрчим хүч” төслүүдийн удирдах хороог үүсгэн байгуулсан байх бол 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн төслийн удирдах хорооны 2 дугаар хурлын тэмдэглэлээр “Х” ХК-ийн гүйцэтгэсэн маргааны бүхий ажлыг эхлүүлэх, санхүүжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

Маргаан бүхий гэрээний ажил болох Баянголын амны орон сууцны хороололд баригдсан цэвэр усны шугамын өргөтгөлийн насос станцын гадна цахилгаан хангамжийн ажлыг уг хуралдаанаар нэмэлт 8-р асуудал болгон хэлэлцсэн байх ба уг ажлын төсвийг батлуулан, “Дэд бүтэц” төслийн хэмнэсэн төсвөөс гарган гүйцэтгүүлэхийг Барилгын хөгжлийн төвд үүрэг болон шийдвэрлэсэн. Энэхүү нөхцөл байдлаас дүгнэвэл “Х” ХК-иар хийлгүүлсэн гэх цэвэр усны шугамын өргөтгөлийн насос станцын гадна цахилгаан хангамжийн ажлын санхүүжилтийг тухайн ажлын захиалагчаар оролцож байсан Барилгын хөгжлийн төв, “Дэд бүтэц” төслийн хэмнэлтээс гарган гүйцэтгэгч компанид олгох ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн байх ба уг агуулгаар талуудын хооронд байгуулсан гэрээний 7, 8 дугаар заалтыг ойлгон тайлбарлах үндэстэй байна ” гэж тус тус тодорхойлсон зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан үндэслэлийг бүрдүүлж байна. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Барилгын хөгжлийн төв болон “Х” ХК санхүүжилтээ авах талаар “Дэд бүтэц” төслөөс шаардаагүй 3 жил өнгөрсөн. Барилгын хөгжлийн төвийн нэр нь солигдоод ажлаа гүйцэтгүүлчихсэн. Ажлаа хүлээлцэж өгөх тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй. Нэгэнт 2015 оны гэрээнийхээ үүргийг биелүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Энэ гэрээ манай яам дээр байхгүй. Нэгэнт шийдээд үүргээ өгсөн. Улсын төсөв гэдэг нэгдсэн том тогоонд хольж асуудлыг ойлгох нь учир утгагүй. 2005, 2006 оны ажлуудын санхүүжилтийн хөрөнгө нь БХБЯны төсөвт суусан байсан.  2015 оны гэрээний үүрэгт хамаарах төсөв нь улсын төсөвт огт суугаагүй. Түүнийг яам өөрийн хариуцсан төсөв, хөтөлбөрийн хүрээнд хэмнэгдсэн зардлаас санхүүжүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр холбогдох үүргүүдийг харьяалагдах байгууллагуудад өгч байсан. БХБЯны биелүүлэх ёстой үүрэг гээд байгаа нь асуудлыг хэт нэг талаас нь хараад байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х ХК нь хариуцагч БХБЯ-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон хугацаа хэтрүүлсний алдангид нийт 193 031 594 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч БХБЯ нь дээрх нэхэмжлэлийг  эс зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 38 дугаар дугаар тушаал, “Дэд бүтэц”, “Дэд бүтэц, эрчим хүч” төслүүдийн удирдах хороог үүсгэн байгуулсан ба уг хорооны 2 дугаар тэмдэглэлээр “Х” ХК-ийн гүйцэтгэсэн  маргаан бүхий ажлыг эхлүүлэх, санхүүүжүүлэх асуудлыг хэлэлцэн, “Дэд бүтэц” төслийн хэмнэсэн төсвөөс гаргаж гүйцэтгүүлэхийг  Барилгын хөгжлийн төвд үүрэг болгон шийдвэрлэсэн,  уг ажлын санхүүжилтийг захиалагчаар оролцож байсан Барилгын хөгжлийн төв төслийн хэмнэлтээс гарган гүйцэтгэгч компанид олгож ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн, гэрээний 7, 8 дугаар заалтыг уг агуулгаар тайлбарлах үндэслэлтэй гэж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2490 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, 2015 оны гэрээний төсөв нь улсын төсөвт тусгагдаагүй, нэхэмжлэлийг БХБЯ хариуцахгүй гэж тайлбарлан маргасан.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Хэрэгт, захиалагчаар “Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв”, ерөнхий гүйцэтгэгчээр “Х” ХК оролцон,  БХБЯнаас баталж, Сангийн яамнаас зөвшөөрсөн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/06 тоот  “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Улаанбаатар хотын 1 дүгээр хороолол-Орбитын чиглэлийн цэвэр усны шугамын эхний ээлжийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”,

Захиалагчаар “Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв”, ерөнхий гүйцэтгэгчээр “Х” ХК оролцон, БХБЯнаас баталсан 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/109 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Улаанбаатар хотын 1 дүгээр хороолол-Орбитын чиглэлийн цэвэр бохир усны гол магистраль, насосны станц, усан сангийн 2 дугаар ээлжийн ажлын  захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”,

Захиалагчаар “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ, гүйцэтгэгчээр “Х” ХК, санхүүжүүлэгчээр “Төрийн орон сууцны корпораци”  оролцсон 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2015/248 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” тус тус авагдсан байна.

2. Хариуцагч тал нь гэрээний төлбөрийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ хариуцах ёстой гэсэн татгалзлын үндэслэлээ 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2015/248 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 8-д “Захиалагч нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийх ажил болон зөрчил, ажлын доголдол арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хүлээж байна” гэсэн болон 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн БХБЯны хурлын танхимд хийсэн Баянголын амны дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг ашиглалтанд оруулах талаар хэлэлцсэн тухай 2015/02 тоот  хурлаас  цэвэр усны усан сангийн доторлогоо, насос станцын цахилгаан хангамжийн зураг, төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхийг Барилгын хөгжлийн төвд даалгаж шийдвэрлэсэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2490 дугаартай шийдвэр зэргийг үндэслэжээ.

3. Хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2015/248 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нд “...Барилга хот байгуулалтын яамнаас гүйцэтгэгчтэй байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/06 тоот  гэрээ, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот гэрээнүүдийг үндэслэл болгон энэхүү нэмэлт гэрээг байгуулав. 1. Энэхүү гэрээ нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/06 тоот  гэрээ, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот гэрээний салшгүй хэсэг байна...” гэж,

2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/109 тоот гэрээний 5 дахь хэсэгт “Захиалагч гүйцэтгэгчээс албан ёсоор ирүүлсэн ажлын гүйцэтгэл, тайланг үндэслэн гүйцэтгэгчид тухай бүр санхүүжилтийн төлбөр хийх саналыг БХБЯ-д хүргүүлнэ” гэж,  

2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “1 дүгээр хороолол-Орбитын чиглэлийн цэвэр усны шугамын өргөлтийн насос станцын ХТП-ны гадна тэжээлийн кабель шугамын ажлын гүйцэтгэл №01” гэх баримтад “Захиалагч: Барилга хот байгуулалтын яам...” гэж тус тус заан,

2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2015/02 тоот хурлын тэмдэглэлд: “...П.Ганбаатар: Цэвэр усны усан дээр тог ирэх, дотор засвар хийх хэрэгтэй...Орбитын усан сан, Бортолгойн усан санг цахилгаантай холбох асуудал байгаа... А.Энхманлай: ...насосны станцыг хэлж байна. Сая Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөл авсан шүү дээ, тэрийг л эртхэн зураг, төсвийг гаргаад манай төслийн хэмнэлтээс гаргах боломж байна...Р.Эрдэнэбүрэн: ...Баянголын амны  ...шугам сүлжээн дээр... Барилгын хөгжлийн төв нь захиалагчийн хяналтыг тавиад явж байгаа...,...ажлаа хамтран хийгээрэй. 176 саядаа насосны станцаа тогтой болгоод, 2 усан сангийн доторлогоо хийгдэх юм байна. Ингэж шийдлээ...Шийдвэрлэсэн нь: 1. Цэвэр усны усан сангийн цахилгааны техникийн нөхцлийн дагуу насосны станцын гадна цахилгаан хангамжийн зураг, төсөв боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, 1500 м.куб-ийн 2 усан сангийн доторлогоо хийх хөрөнгө 176 сая төгрөгийг “Дэд бүтэц” төслийн хэмнэлтийн хөрөнгөнөөс гаргахыг  төслийн нэгжийн захирал А.Энхманлайд зөвшөөрөв. 2. Цэвэр усны усан сангийн доторлогоо, насос станцын цахилгаан хангамжийн зураг, төсөл, барилга угсралтын ажлыг 2015 оны 07 дугаар сард багтаан гүйцэтгүүлэхийг Барилгын хөгжлийн төв /Б.Баярсайхан/-д даалгав...” гэж дурджээ.

Түүнчлэн 2015/248 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3-т “барилга байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” 118 дугаар, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 263 дугаар тогтоол, Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаал, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 38 дугаар тушаал, “Дэд бүтэц”, “Дэд бүтэц-Эрчим хүч” төслийн удирдах хорооны 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн зохицуулна” гэж заасан байна.

4. Дээрх үйл баримтаас  үзэхэд  2015/248 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нд захиалагчаар “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ, гүйцэтгэгчээр “Х” ХК, санхүүжүүлэгчээр “Төрийн орон сууцны корпораци”  оролцож байгуулсан байх боловч уг гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Орбит чиглэлийн өргөлтийн насосны гадна цахилгаан 10/0,4 кВ-ын 400 кВа чадалтай хаалттай дэд өртөө /ХТП/-г хариуцагч Барилга хот байгуулалтын яамнаас захиалан бариулсан, Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь гэрээт ажлын гүйцэтгэл, ажлын чанарт захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл 2005 оны  01/06 тоот,  2006 оны  06/109 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүд нь 2015/248 тоот гэрээний салшгүй хэсэг болохыг тодорхойлж,  нэхэмжлэгч “Х” ХК нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БХБЯнаас баталж, захиалсан дээрх гэрээнүүдийн ажлыг үргэлжлүүлэн, 2015 оны  2015/248 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний ажлыг гүйцэтгэсэн талаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2490 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар магадлалд дүгнэсэн байна.

5. 2005 оны 01/06 тоот  гэрээ, 2006 оны 06/109  тоот  гэрээнүүдэд захиалагчаар оролцсон  БХБЯны  харъяа нэгж  болох Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв нь  Барилга, хот байгуулалтын нийтийн аж ахуйн үндэсний төв, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ болж өөрчлөгдсөн талаар хэрэгт баримт авагдаагүй ч энэ талаар зохигчид маргаагүй байна.

6. 2015/248 тоот гэрээний дагуу гүйцэтгэгч “Х” ХК нь 175 483 268 төгрөгийн ажлын хөлстэйгээр Улаанбаатар хот, 1 дүгээр хороолол, Баянголын аманд байрлалтай, “Баянголын амны орон сууцны хороололд баригдсан цэвэр усны шугамын өргөлтийн насос станцын гадна цахилгаан хангамжийн ажил”-ыг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж, 09 дүгээр сарын 30-ны хооронд гүйцэтгэн ашиглалтанд оруулах үүрэг хүлээж, цахилгаан хангамжийн барилга, байгууламжийг 2015 оны 09 дүгээр сарын 20-нд барьж дуусган, гэрээний үүргээ биелүүлэн ажлын гүйцэтгэл буюу үр дүнг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгчээ.

Энэ үйл баримт нь 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/06 тоот,  2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 06/109 тоот, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2015/248 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүд, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн БХБЯны хурлын танхимд хийсэн Баянголын амны дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг ашиглалтанд оруулах талаар хэлэлцсэн тухай 2015/02 тоот  хурлын тэмдэглэл, “УБЦТС” ХК-иас олгосон 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0980/2015 тоот техникийн нөхцөл, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2015/653 тоот “Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын акт” 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “1 дүгээр хороолол-Орбитын чиглэлийн цэвэр усны шугамын өргөлтийн насос станцын ХТП-ны гадна тэжээлийн кабель шугамын ажлын гүйцэтгэл №01” гэх баримт, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн  №435/2015 тоот “Шинээр баригдсан дэд станцыг сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг”, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2490 дугаартай шийдвэр, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талууд ажлын үр дүнгийн чанар байдал, санхүүжилт буюу ажлын хөлсний хэмжээний талаар маргаагүй  бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ...гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалгач нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д “Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж тус тус зааснаар захиалагч БХБЯ нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч “Х” ХК-д төлөх үүрэгтэй.

7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д “Хууль болон гэрээнд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2015/248 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нд хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг тооцох талаар гэрээний талууд тохиролцоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэснийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь  гэрээний алдангид 17 548 326 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, гэрээний ажлын хөлсөнд  175 483 268  төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 123 108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  1 035 366   төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгох  нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 351 дугаар зүйлийн 351.1.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч Барилга, хот байгууллатын яамнаас 175 483 268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХК-д олгож, нэхэмжлэлээс 17 548 326  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 123 108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  1 035 366   төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

         

       ДАРГАЛАГЧ                                Ж.БАЙГАЛМАА