Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 902

 

 

 

 

 

                

  2020           7              9                                           2020/ДШМ/902

 

Б.Аад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/982 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1906021420368 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв;

Аюуш овгийн Б.А, 1989 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг, Хараагийн 5 дугаар хэсэгт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжны 155 тоотод оршин суудаг, /РД:ПА89040211/;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт биечлэн эдлэх ялыг 3 сар 10 хоногийн хугацаагаар ялаар шийтгүүлж, 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 55 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт заасан 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 17 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 289 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн хасаж 2 жил 8 сар 15 хоногийн хорих ял болгон хөнгөрүүлсэн,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар тогтоосон,

            Б.А нь 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Батнарангийн 11.83 грамм бүхий монетон бөгжийг хүч хэрэглэн авч 1.017.380 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Аюуш овгийн Б.Аыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Аад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1124 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 7 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Аад оногдуулсан нийт 8 жил 11 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аыг урьд нь цагдан хорьсон 76 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт нь үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ааас 1.017.380 төгрөг гаргуулж хохирогч Н.Батнаранд олгож, шүүгдэгч Б.Аад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдолдоо: “...Миний бие дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шийдвэрлэсэн асуудал нь хууль зүйн учир дутагдалтай болсон.

  1. Тухайн хэрэг болсон шөнө намайг буудалд хоносон талаар хохирогч Батнаран

нь мэдүүлэг өгсөн байдаг. Мөн “+25” нэртэй бааранд хамт орсон талаар худал мэдүүлэг өгсөн. Энэ бүхнийг нотлох камерын бичлэг байгаа эсэх, байхгүй бол камерын бичлэг шүүлгэх талаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хуралдаанаар камерын бичлэг үзэхэд “Эндо” зочид буудалд хамт хоносон хохирогч Батнарантай хэрэг гардаг өдөр цуг гарсан нь байдаггүй.

            С.Өсөхбаяр шүүгч хэлэхдээ “хохирогч Батнаран дээрмийн гэмт хэрэгт холбогдохдоо /АСАП/ санд эрэн сурвалжлагдаж байсан нь тогтоогдлоо” гэж хэлсэн байдаг. Иймд камерын бичлэгийг дахин шалгуулах хүсэлтэй байна.

            2. Хавтас хэргийн 26 дугаар талд 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр өгсөн байцаалтад “А.Адуучинхүү бид хоёрыг “Эндо” гэх нэртэй буудалд хамт байхад хохирогч Батнаран ирсэн” гэх байцаалтыг өгснийг дахин шалгуулмаар байна.

            3. Хавтас хэргийн 37 дугаар талд Батнаран гэрчээр мэдүүлэхдээ “Адуучинхүү Батнаран руу өөрийн эзэмшдэг 88901060 гэсэн дугаарын утаснаас залгаад модны 2-т Батнаранг дуудсан” гэдэг. Гэтэл Адуучинхүү нь гэрчээр мэдүүлэхдээ “Батнаран өөрөө Адуучинхүүг 1 найзын хамт Баянхошууны Хөтөлөөс очиж авсан” гэж зөрүүтэй мэдүүлсэн байна.

            4. Хавтас хэргийн 153 дугаар талд урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхээр оногдуулсан биечлэн эдлэх ялыг 7 жил 2 сар 25 хоногийн ялыг тооцоог буруу бодож 8 жил болсон асуудлыг шалгуулах хүсэлтэй байна.

            5. Хавтас хэргийн 25 дугаар талд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгт “Би Адуучинхүүтэй зодолдож маргаагүй, би өөрөө өөрийнхөө нүд рүү цохиж хөхрүүлсэн” гэсэн байдаг. Хууль бус нөхцөл байдлыг шинжлэн судлуулах хүсэлтэй байна.

            6. Хавтас хэргийн 29 дүгээр талд Пүрэвбаатар нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Адуучинхүү Батнаранг баруун талын нүд рүү нь 1 удаа цохиод, 1 мөргөсөн. Би тэр хоёрыг салгасан” гэж нотолж мэдүүлсэн. Үйлдэл, оролцооны асуудлыг тохирох хуулийн зохицуулалтыг гүйцэлдүүлэх хүсэлтэй байна.

            7. Хавтас хэргийн 23 дугаар талд хохирогч Батнаран нь гэрчээр мэдүүлэхдээ “Адуучинхүү бид хоёрын дунд гар утасны авлага байсан. Тухайн өдөр Адуучинхүү бид нар архи ууж байгаад “нөгөө утсаа авмаар байна” гэхэд “би чамд 2.700.000 төгрөгийн утсаа өгчихөөд ар гэрээ яаж тэжээх юм бэ” гэж маргаан үүсч, миний баруун нүд рүү 1 цохиод, 1 мөргөсөн” гэжээ. Хохирогчийн буруутай үйлдлээс нөхцөл байдал бий болсон байдаг болно.

            8. Хавтас хэргийн 28 дугаар талд гэрч Пүрэвбаатар мэдүүлэхдээ “2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Адуучинхүү нь Батнарангийн баруун нүд рүү 1 удаа цохиод, 1 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би салгасан” гэжээ. Энэ асуудалд буруутай этгээдэд хариуцлагыг эрх тэгш байдлын хүрээнд тооцуулах хүсэлтэй байна.

            9. Хавтас хэргийн 33 дугаар талд гэрч Соёл-Мандах мэдүүлэхдээ “Батнаранг буудалд зодоод гэмтээсэн” гэжээ. Адуучинхүүг зодсон асуудлыг дахин шалгуулж, хариуцлагыг тооцуулах хүсэлтэй байна.

            10. Хохирогч Батнаран мэдүүлэхдээ “Адуучинхүүд зодуулаагүй, бөгжөө дээрэмдүүлдэг өдөр надад зодуулаад нүд, ам, хамар нь хавдсан” гэжээ.

            Иймд миний зүгээс хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд илт зөрүүтэй байсан бөгөөд хамтран оролцооны асуудал зэргийг шалгах нь зүйтэй. Мөн “Эндо” зочид буудлын гадна, доторх камерын бичлэгийг шинжлэн судлуулж, үйлдэл оролцоо, хэргийн нөхцөл байдлыг хууль эрх зүйн хүрээнд шалгуулж өгнө үү.

Мөн миний бие урьд 2019 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө болсон хэрэг нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор шийтгэгдэхээс өмнө холбогдсон гэмт хэрэг байхад нэг шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэн шийдвэрлэлгүй тус тусад нь шийдвэрлэсэн. Ингэснээр миний эрх зүйн байдал дордож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шударга ёсны зарчмыг тусгахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэм бурууд нь тохирсон байхыг хуульчилжээ. Нэг шийтгэх тогтоолоор өөрт холбогдох хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Үйлдэл оролцооны байдалд гэмт хэрэгт нөлөөлсөн этгээдийг хуулийн дагуу, эрх тэгш байдлын хүрээнд хариуцлагыг тооцуулан шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Эрх зүйн байдалд минь сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс тулгарч байгаа тул дээрх асуудлыг нэг бүрчлэн шалган өгч, холбогдох нөхцөл байдлыг шалгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хоёр баримт гаргаж өгч байна. Б.А нь эцэг, эхийн хамт амьдардаг, айлын ганц хүү юм. Эцэг нь 79 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай бөгөөд үүнтэй холбоотой баримтаа Анхбатын ар гэрээс дамжуулж өгөхийг хүссэн. Өмгөөлөгчийн зүгээс Б.А нь дээрх гэмт хэргийг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлоогүй байж шүүхээс ял оногдуулсанд гомдолтой байна. Учир нь, хавтас хэрэгт авагдсан яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрээс харахад хохирогчийн мэдүүлэг, буудлын ажилтнуудын мэдүүлэг, буудлын үүдний өрөөний камерын бичлэг, эд хөрөнгийн буюу бөгжний үнэлгээ, хохирогчийн нүдээ цохиулсан болон хуруу нь гэмтсэн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлт, Б.Атай хамт хоригдож байсан Пүрэвбаатар гэх хүний мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд хохирогчийн мэдүүлгээс бусдаар уг гэмт хэргийг Б.А үйлдсэн гэх ямар ч баримт байдаггүй. Камерын бичлэг дээр буудлын үүдэнд байгаа хүмүүсийн төрх л байдаг. Тухайн өдөр Пүрэвбаатар гэх хүн шүүхэд ирж бүртгүүлэхгүй байсан учир Б.А түүнийг сураглаж олоод “шүүхэд очиж бүртгүүлээч” гэж хэлээд авч явах гэсэн боловч согтуу байсан учир орхиод явсан. Буудалд очсон үйлдлээ огт үгүйсгэдэггүй. Буудлын ажилтнууд Б.Аыг ороод гарсан гэдгийг мэдүүлдэг. Гэтэл хохирогчийн энэ хэрэгт өгсөн 2 удаагийн мэдүүлгийг үндэслэж Б.Аыг буруутгасан. Хохирогчийн 2 удаагийн өгсөн мэдүүлэг хоорондоо зарчмын хувьд зөрүүтэй. Эхний удаа “би зодуулсан, намайг цохисон” гэж мэдүүлдэг бол, харин хоёр дахь удаагийн мэдүүлэгтээ “би зодуулж, цохиулаагүй” гэдэг байдлаар хэлдэг. Мөн хохирогч Н.Батнаран тухайн үед хохирогчоор тогтоогдох үедээ эрэн сурвалжлагдаж байсан. Үүнийг цагдаа, прокурорын байгууллага авч хэлэлцээгүй. Энэ зөрүүтэй мэдүүлгийг цааш нягтлаагүй. Хохирогч “шаргал өнгийн “Приус” загварын автомашинд суугаад хамт явсан. Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулан дээр очиж намайг дээрэмдсэн, зодсон. Таксины жолоочтой цуг байсан. Таксины жолоочоос тусламж хүсэхэд настай ах дугаар аваад байсан“ гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл мөрдөгч, прокурорын зүгээс энэ нөхцөл байдлыг огт шалгаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй байхад үүнийг үндэслэж гэм буруутайд тооцсон нь буруу. Хохирогчийн мэдүүлгийг давхар баримтаар нотлох ёстой байсан. Прокурор яллах дүгнэлтэд хувийн байдлыг тогтоож бичихдээ 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн тогтоолыг дурдсан байдаг. Үүнээс болж анхан шатны шүүх дээр алдаа гарсныг давж заалдах шатны шүүх ялыг нэмж нэгтгэж байгаа байдал нь буруу байна гэж үзэж хэргийг буцаасан. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж шийдвэр гарсан. Өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ялыг нэмж нэгтгэх гэж шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоохдоо хайнга хандсан. Мөн шүүгдэгч хэргийн материалтай шүүх хуралдаан болохоос 4 хоногийн өмнө танилцсан байдаг. Шүүх хуралдааны үед хэргийн материалтай танилцаад гэрчээр асуулгаж, камерын бичлэг шалгуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг харгалзаж үзээгүй, хэргийг тал бүрээс нь бодитойгоор хянах бололцоо олгохгүйгээр шийдвэрлэсэн. Б.А 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар татагдсан. Өмнөх холбогдож шийдвэрлэгдсэн хэргүүдийн шүүх хурал 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр болсон. Энэ хугацаанд мөрдөгч хорих 461 дүгээр ангид очиж Б.Ааас мэдүүлэг авсан байдгаас үзэхэд түүнийг өөр хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь тодорхой харагддаг. Эдгээр бүх хэргийг нэгтгэж шүүх хурал явуулах боломжтой байхад нэгтгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсгүүдэд заасан мөрдөн шалгах ажиллагааны нөхцөлийг зөрчиж Б.Аын эрх зүйн байдлыг дордуулсан байх тул хууль бус ажиллагааг хүчингүй болгох ёстой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч энэ хэрэгт зөвхөн хохирогч Н.Батнарангийн мэдүүлэгт үндэслэж гэм буруутайд тооцож ялласан гэж тайлбарлаж байгаа боловч, хохирогч Н.Батнаран 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр дээрэмдүүлсэн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Мөн хохирогчоор өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг хавтас хэрэгт авагдсан С.Пүрэвбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн буудлын ажилтан Нарандулам, Соёлмандах нар заадаг. Б.А давж заалдах гомдолдоо тухайн үед камерын бичлэгт миний буудалд орж байгаа талаар байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч хавтас хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан камерын бичлэгээр Б.А тухайн үед буудалд байсан болох нь харагддаг бөгөөд гэрч С.Пүрэвбаатар, Нарандулам нарын мэдүүлгээр Н.Батнаран, Б.Атай буудлаас гарч явсан нь тогтоогддог. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр “хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчийн баруун гарын ядам хуруунд гэмтэл үүссэн байна. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин зүүн нүдэнд хөхөрсөн гэмтэл нь дээрх хуруунд учирсан гэмтэлтэй нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн. Хавтас хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр Адуучинхүүтэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Батнаран зодолдсон. Зодолдсоны улмаас нүдэн тус газраа цохиулж хөхөрсөн болох нь тогтоогддог. Энэ асуудал нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдлоор шалгагдаж байгаа асуудал. Иймд энэ хэргийн хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримтыг Б.А учруулсан гэдэг нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Мөн Б.А давж заалдах гомдолдоо цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон гэж байна. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 535 хоног цагдан хоригдсон гэдэг нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хоригдсон цагдан хоригдсон хоногоос өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгэгдсэн хэрэгтээ цагдан хоригдсон хоног юм. Харин энэ хэрэгт 2020 оны 3 дугаар сараас хойш цагдан хоригдсон нийт 76 хоногийг хасаж тооцуулан эдлэх ялд оруулан тооцсон. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Б.Аад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй болж чадаагүй байна.

Прокуророос Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй нөхцөл байдлаар хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй боловч шүүх тухайн этгээдэд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ зайлшгүй харгалзан үздэг.

            Хавтас хэрэгт хохирогч Н.Батнарангийн биед хөнгөн гэмтэл учирсан талаарх шинжээчийн дүгнэлт /хх44/ авагдсан байхад шалгалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “....гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/. ...”, 1.2 дахь заалтад “...гэмт хэргийг хэн үйлдсэн. ...” гэж тус тус хуульчилсныг зөрчжээ.

Хохирогчид учирсан дээрх хөнгөн гэмтлийг хэн учруулсныг нэг мөр шалган тогтоож, яллах дүгнэлтэд тодорхой дүгнэсний дараа шүүх уг үйл баримтад гэм буруугийн талаар дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.  

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно. ...” гэсэн хуулийн шаардлагад нийцэх юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. ...” гэж заажээ.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/982 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Аын гаргасан давж заалдах гомдолд энэ удаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/982 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Аад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Аад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ