Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1732

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Н-, Ц.О- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01411 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Н-, Ц.О- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б к” ХХК-д холбогдох

 

90 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ж

Хариуцагчийн өмгөөлөгч З.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Н-, Ц.О- нар нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч “Б к” ХХК-тай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Очирт апартмент 132 айлын орон сууцны А блок байрны 79.92 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг захиалан бариулахаар 0021/015 тоот гэрээг байгуулж, 60 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Гэрээ ёсоор уг байр 2015 оны 3-4 дүгээр улиралд ашиглалтад орох байсан боловч одоо хүртэл баригдаагүй. Иймд гэрээний дагуу төлсөн 60 000 000 төгрөгийг, гэрээний 4.2-т заасны дагуу 0.3 хувийн алданги тооцож 30 000 000 төгрөгийг, нийт 90 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: М.Н-, Ц.О- нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч байгаа тул хууль ёсоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “Б к” ХХК-аас 60 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-, Ц.О- нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 30 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь хариуцагч хариуцагч Н.Мөнхбатад холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас 2018 оны 5 сарын 4-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б к ХХК-аас 457 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н-, Ц.О- нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр төлөөлүүлэх эрхийг ноцтой зөрчиж, мэтгэлцэх эрхийг хязгаарласан. Монгол улсын Үндсэн хуулийн 16.14-т заасны дагуу Монгол улсын иргэн нь хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхтэй байдаг. Энэхүү эрхийг процессын эрх зүйн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-д баталгаажуулсан. Гэвч анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зохигчид хууль зүйн туслалцаа авах боломжит хугацаа олгоогүй. Учир нь шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаагүй байхад хэргийг шийдвэрлэхээр яарч, шүүх хуралдааныг давчуу хугацаанд зарласан. Шүүхээс нэхэмжлэгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр төлөөлүүлэх боломжит хугацаа олгоогүй нь 2 ойрхон зарлагдсан шүүх хуралдаанаас харагддаг. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хурал дээр нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргаж, шүүхээс шүүх хуралдааныг 3 өдрөөр буюу 2018 оны 06 сарын 19-ний өдрийн 15 цаг хүртэл хойшлуулсан. Шүүхээс хурлыг хойшлуулсан хугацаа ажлын бус өдөр таарснаас нэхэмжлэгч нарт өмгөөлөгчөө сонгох, улмаар гэрээ байгуулах ажлын 1 хоногийн хугацаа олдсон. Үүнээс үзэхэд шүүхээс нэхэмжлэгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хэлбэрийн төдий л эдлүүлж, бодит байдалд хэрэгжихгүй нөхцөлийг нэхэмжлэгч нарт тулгасан.

2. 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн хуралд нэхэмжлэгч нарт өмгөөлөгчтэй оролцох боломжгүй байсан бөгөөд харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон ба итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дээрх нөхцөл байдлыг шүүхэд тайлбарлаж, хэргийн материалтай танилцаж, өмгөөлөгчтэйгээ зөвлөх хүсэлтэй байгаагаа шүүхэд илэрхийлсэн боловч шүүхээс шүүх хуралдааныг 1 цагаар л хойшлуулсан. Хойшлуулсан хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцаж чадаагүй, сонгосон өмгөөлөгчтэйгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангаж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүхээс өмнөх шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангасан гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж улмаар хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн нь гэрээнээс татгалзсанаас үүсэх эрх зүйн үр дагаварт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт гаргах, нотлох баримт цуглуулах зэрэг хэргийн үйл баримт, хариуцагчийн гэм буруутай эсэх талаар мэтгэлцэх эрхийг шүүхээс хязгаарласан. Энэ нь нэхэмжлэгч нарыг өнгөрсөн хугацаанд өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардан гаргуулах боломжгүй болгож, хохироож байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын Үндсэн хуулийн 16.14 болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-д заасан хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөөр төлөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3-т заасан хэргийн үйл баримтын талаар мэтгэлцэх эрхийг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3, 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч М.Н-, Ц.О- нар нь хариуцагч “Б к” ХХК, Н.Мөнхбат нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн 60 000 000 төгрөг, алдангид 30 000 000 төгрөг, нийт 90 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь Н.Мөнхбатад холбогдох шаардлагаас татгалзсан байна.

 

Хариуцагч “Б к” ХХК, нэхэмжлэгч М.Н-, Ц.О- нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 002/015 дугаартай Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Очирт апартмент үйлчилгээтэй орон сууцны барилгад 79.92 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нар нь орон сууцны үнэд 60 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ. /хэргийн 4-6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нар нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан төлбөр 60 000 000 төгрөгийг бүрэн төлсөн болох нь гэрээний 3 дугаар зүйлийн харгалзах хэсэгт тооцоо дууссан гэсэн тэмдэглэгээ хийж, “Б к” ХХК-ийн тамга дарж баталгаажуулсан болон хариуцагч нь гэрээнд заасан орон сууцыг нэхэмжлэгч нарт 2015 оны 3-4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг гэрээнд заасан орон сууцыг барьж тэдгээрийн өмчлөлд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар төлсөн 60 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байна. Харин нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсан тул талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болох бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан үүргийн гүйцэтгэл хангах арга буюу анзыг шаардах эрхгүй.

 

Шүүх нэхэмжлэгч Ц.О-ийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг 19-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан, мөн нэхэмжлэгч нарын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааныг мөн өдөр 1 цаг 30 минутын хугацаагаар хойшлуулж, Б.Ганцэцэгт олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалтай танилцуулах боломжит хугацаа олгосон байх тул хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. /хэргийн 30 дугаар тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2018/01411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.О-ийн төлсөн 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                          Д.БАЙГАЛМАА

 

                                                                                 С.ЭНХТӨР