Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1411

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Н,

Нэхэмжлэгч: Ц.О нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Эм жи эл радио телевизийн 8 давхар 804 тоот хаягт байрлах Б ХХК /РД:5731402/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Эм жи эл радио телевизийн 8 давхар 804 тоот хаягт оршин суух Н.Мөнхбат нарт холбогдох

90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Б.Ганцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нар, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Н , Ц.О нар нь 2015 оны 2 сарын 6-ны өдөр хариуцагч Б ХХК-ийн оффист очиж тус компанийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Очирт апартмент” 132 айлын орон сууцны А блок байрны 79.92 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг захиалан бариулахаар 0021/015 тоот гэрээг үйлдэж, 60,000,000 төгрөгийг бэлнээр төлж, 2 талаас гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээ ёсоор уг байр 2015 оны 3-4 дүгээр улиралд ашиглалтад орох байсан боловч одоо хүртэл баригдаагүй. Иймд гэрээний дагуу төлсөн 60,000,000 төгрөгийг, гэрээний 4.2-т заасны дагуу 0.3 хувийн алданги тооцож 30,000,000 төгрөгийг, нийт 90,000,000 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулж өгнө үү ” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар тайлбартаа: “Иргэн М.Н , Ц.О нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч байгаа тул хууль ёсоор шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Н , Ц.О нар нь хариуцагч Б ХХК, Н.Мөнхбат нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн 60,000,000 төгрөг, алдангид 30,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь Н.Мөнхбатад холбогдох шаардлагаас татгалзсан байна.

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

М.Н , Ц.О нар болон Б ХХК нарын хооронд 2015 оны 2 сарын 6-ны өдөр 002/015 дугаартай “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ” нэртэй гэрээ /хх-4-6 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Б ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Очирт апартмент” үйлчилгээтэй орон сууцны барилгад 79.92 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг  М.Н , Ц.О нарын захиалгаар барьж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, М.Н , Ц.О нар нь Б ХХК-д байрны үнэд 60,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байх ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн зүйлийн 343.3 дахь заалтад “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасны дагуу Б ХХК нь орон сууцыг барьж М.Н , Ц.О нарын өмчлөлд хүлээлгэн өгөх үүргийг, М.Н , Ц.О нар нь Б ХХК-д хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг харилцан хүлээнэ.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчид гэрээний дагуу хэлэлцэн тохиролцсон хөлс болох 60,000,000 төгрөгийг бүрэн төлсөн болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн харгалзах хэсэгт “тооцоо дууссан” гэсэн тэмдэглэгээ хийж,  Б ХХК-ийн тамга дарж баталгаажуулсан байдлаар болон хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч нар төлбөрийг төлж барагдуулсан гэх тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь гэрээнд заасан орон сууцыг барьж М.Н , Ц.О нарын өмчлөлд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд хариуцагчийн зүгээс энэхүү үүргээ биелүүлснээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчийн өмгөөлөгч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэгт маргаагүй.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь хариуцагч орон сууцыг барьж нэхэмжлэгч нарын өмчлөлд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлбөрт шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг буцаан шаардаж байгаа гэж, хариуцагч нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул алдангид 30,000,000 төгрөгийг нэхэмжилсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дахь заалтад “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь хариуцагч нь гэрээнд заасан орон сууцыг барьж нэхэмжлэгч нарын өмчлөлд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь нэхэмжлэгч нар хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэсэн тайлбар гаргасныг хариуцагчийн өмгөөлөгч үгүйсгээгүй тул нэхэмжлэгч нар хариуцагчид үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан гэж үзнэ

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтад зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч М.Н , Ц.О нарын зүгээс гэрээний дагуу хариуцагч Б ХХК-д төлсөн 60,000,000 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч М.Н , Ц.О нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нар нь алдангид 30,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч нэхэмжлэгч нар ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан, гэрээнээс татгалзсантай холбоотой талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан үүргийн гүйцэтгэл хангах арга буюу анзыг шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэгч М.Н , Ц.О нарын гаргасан хариуцагч Б ХХК-аас алдангид 30,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-аас 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н , Ц.О нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 30,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь хариуцагч хариуцагч Н.Мөнхбатад холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас 2018 оны 5 сарын 4-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 457,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Н , Ц.О нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.УУГАНБАЯР