Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 901

 

 

 

 

2020          7              9                                               2020/ДШМ/901

 

П.Үд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/996 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Үгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2006000001021 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв;

Тайж овгийн П.Ү, 1987 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа жолооч хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 12 дугаар гудамжны 502 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 15-1176 тоотод оршин суудаг, /РД:ШД87081172/;

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх заалтыг журамлан 3 сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Үүрийнцолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг бүгдийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 272 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэн 2 жил 1 сар 13 хоног болгон дүйцүүлж, 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

П.Ү нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 3-853 тоот иргэн Ц.Дулмаагийн хүн байнга амьдрах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Арена” брэндийн зурагт, гар утас, судар зэргийг хулгайлан авч, 516.422 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Үгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тайж овгийн П.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар П.Үг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Үд 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар П.Үгоос 12.000 /арван хоёр мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Цэвээнравдангийн Дулмаад олгож, шүүгдэгч П.Үд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Үүрийнцолмон давж заалдах гомдолдоо: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Тухайн үед байцаагч Хонгорзул нь үлдсэн хохирол буюу зурагтын удирдлагын мөнгийг нэхэмжилсэн талаар надад мэдэгдээгүй ба миний бие хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж ойлгосон байсан. Харин анхан шатны шүүх хуралдааны үеэр зурагтын удирдлагын мөнгө болох 12.000 төгрөг үлдсэн байгааг мэдээд бүрэн гүйцэд төлж барагдуулах гэсэн боловч тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүйн улмаас надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөлийг ашиглаж чадаагүй. Миний эхнэр болон гэр бүлийнхэн маань хохирогч Ц.Дулмаад хохирлын 12.000 төгрөгийг төлж барагдуулсан тул надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Прокурор П.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...П.Үд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өөрт нь танилцуулж, гардуулсан. Хэрэг шүүхэд ирэх хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөөгүй. Шүүгдэгч яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан 12.000 төгрөгийг төлөх боломжтой байсан боловч шүүх хуралдааны шатанд уг мөнгө төлөгдөөгүй байсан учир шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэлгүй 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх асуудлын тухайд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул энэ талаар хэлэх тайлбаргүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хууль ёсны шаардлагыг хангаж гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх8-9/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10-11/, хохирогчийн мэдүүлэг /хх12-14/, гэрчийн мэдүүлэг /хх17-18/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд гэмт хэрэг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдсэн байхад прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэж “гэмт хэрэг үйлдсэн өдрийг” буруу бичсэн, үүнийг анхан шатны шүүх зөвтгөөгүй шийдвэрлэсэн нь буруу байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно. ...” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “....гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/. ...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүх хуралдааны явцад гэмт хэргийг хэзээ үйлдсэнийг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүх гэмт хэрэг гарсан өдрийг “2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр” болгон зөвтгөн дүгнэж, өөрчлөлт оруулж байна.

П.Ү нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 3-853 тоот иргэн Ц.Дулмаагийн хүн байнга амьдрах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Арена” брэндийн зурагт, гар утас, судар зэргийг хулгайлан авч, 516.422 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Дулмаагийн “...2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ гарч, 21 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд 42 инчийн зурагт маань алга болсон байсан. Цонхны хөшиг нээлттэй, салхивч нь онгорхой байсан. Эд зүйлээ шалгаж үзтэл бурханы урд байрлах судар, самсунг загварын гар утас байхгүй болсон байсан. ...” /хх12-14/,

гэрч М.Бүжинлхамын “...Өдөр 15 цаг өнгөрч байхад манай охин дүү гаднаас гэрт орж ирсэн. Тэгэхдээ “намайг автобусны буудлаас нэг согтуу хүн дагаад хашааны гадаа ирээд, хашааны завсраар хараад байна” гэж хэлээд гэрт орж ирээд гэрийн хаалга түгжсэн. Гэрт орж ирэхдээ хашааны хаалгаа түгжсэн гэсэн. Намайг 17 цагийн үед гэрээс гарахад хашааны хаалга онгорхой байсан. ...” /хх17-18/,

П.Үгийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр архи уучихаад гэр рүүгээ харих гэж яваад замд тааралдсан ногоон өнгийн хаалгатай модон хашаатай айлын хашааны хаалгаар орж бие зассан. Хашаан дотор нь улаан өнгийн тоосгон байшин, монгол гэр, байшингийн хажууд амбаар байсан. Гэрт нь хүн дуугараад байсан ба хүн гарч ирэхгүй болохоор нь байшингийн цонхыг гараараа түлхэж онгойлгоод дотогш орсон. Ороод зурагт мөн 2 ширхэг судар, орон дээр байсан зурагтын 2 ширхэг удирдлага, гар утас 1 ширхэг зэргийг аваад гэрт байсан бүтээлгээр ороож аваад гарсан. Би зурагтыг ломбардад тавиад гарч ирэхэд үл таних залуу намайг таниад байхаар нь би гар утас, удирдлага, судар, бүтээлэг зэргийг түүнд өгсөн. Ломбардаас гарч ирээд мөнгөөрөө тэр залуутай хамт архи уусан. Би тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. ...” /хх30-31/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 3 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 3 гэж дугаарласан гарын мөр Үүрийнцолмон овогтой Пүрэвсүрэнгийн баруун гарын эрхий хурууны хээтэй тохирч байна. . ...”  02/433 дугаартай /хх72-80/ гэх дүгнэлт,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх8-9/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх10-11/ хөрөнгийн үнэлгээний тайлан /хх25-27/, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх34/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч П.Үг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч П.Үгийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 3-853 тоот иргэн Ц.Дулмаагийн хүн байнга амьдрах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Арена” брэндийн зурагт, гар утас, судар зэргийг хулгайлан авч, 516.422 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч П.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.   

Шүүгдэгч П.Үгийн “...Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар П.Ү нь Ц.Дулмаагийн хүн байнга амьдрах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Арена” брэндийн зурагт, гар утас, судар зэргийг хулгайлан авч, 516.422 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон, эдгээр нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхээс оногдуулсан ял шийтгэл П.Үгийн гэм бурууд тохирсон, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн хохирогчоос дахин мэдүүлэг авахдаа /хх15-16/ гэмт хэрэг гарснаас өмнөх байдлаар буюу 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлэг авч, шинжээчийн дүгнэлтэд Пүрэвсүрэн овогтой Үүрийнцолмонгийн нэрийг “Үүрийнцолмон овогтой Пүрэвсүрэн” гэж тус тус буруу бичсэн зөрчил гаргасныг тэмдэглэж байна.

П.Ү нь анхан шатны шүүх хуралдааны дараа шийтгэх тогтоолд дурьдсан хохирол болох 12.000 төгрөгийг төлснийг /хх117/ дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/996 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Үгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч П.Ү хохирогч Ц.Дулмаад хохиролд 12.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ