Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 996

 

 

 

 

 

 

 

 

   2020        05         28                                   2020/ШЦТ/996

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

          улсын яллагч Н.Гэрэлмаа,

          шүүгдэгч П.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж”  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан П.Ү д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1021 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, П.Ү

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

          П.Ү нь 2002 оны 04 дүгээр сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 3-853 тоот иргэн Ц.Д гийн байнга амьдрах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 42 инчийн” Арена”  брэндийн зурагт, гар утас, судар зэргийг хулгайлан авч 516.422 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Ү мэдүүлэхдээ: Би тухайн үед  хоёрдогч  түүхий  эд  авдаг том ачааны автомашин барьдаг байсан. 2002 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр машинаа засна гээд ажлаасаа чөлөө аваад Баянхошууны замд буугаад шинэ буудлын эцэст дээшээ явж нэг айлын хашаанд бие засахаар ороод эзэнгүй байхаар нь байшингийнх нь цонхоор нь ороод зурагтыг аваад гарч яваад зурагтыг ломбарданд тавиад архи уусан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Д гийн өгсөн: ...2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ гарч, Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сан орчим байдаг Төгс ялгуун шүдний эмнэлэгт очиж хүүхдийнхээ шүдийг эмчлүүлээд 21 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд хананд тогтоон байрлуулсан байсан 42 инчийн “Арина” брэндийн зурагт алдагдсан байсан. Тэгээд хартал хөшиг нээлттэй салхивч нь нээгдсэн байсан. Тэгээд эд зүйлсээ шалгахад бурханы судар алдагдсан байсан. Өөр эд зүйл алдагдсан юм байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын  21-ны өдрийн 02/433 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-р тал/,

- Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 34 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар  П.Ү гийн өгсөн: ...Тэр хашаанд ороход хашаан дотор нь улаан өнгийн тоосгон байшин, Монгол гэр, байшингийн хажууд амбаар байсан. Тэр хашаанд байсан байшингийн цонхоор харахад хүн байхгүй байсан. Харин хажууд талынх нь Монгол гэрт нь хүн дуугараад байсан. Гэхдээ хүн гарч ирэхгүй болохоор нь байшингийн цонхыг гараараа түлхэж онгойлгоод дотогш орсон. Дотор нь ороод хананд өлгөөтэй байсан 42 инчийн хар өнгийн “Арина”  гэсэн бичигтэй зурагтыг тайлж авсан, мөн бурхан дээр нь ил байсан 2 ширхэг судар, орон дээр байсан зурагтын 2 ширхэг удирдлага, гар утас 1 ширхэг зэргийг аваад гэрт нь байсан бүтээлгээр зурагтыг нь ороож аваад эргээд цонхоор нь гараад явсан юм. Тэгээд зам уруудаж алхаж яваад шинэ буудалд байдаг “Отгонтэнгэр”  гэх нэртэй дэлгүүрийн 2 давхарт байдаг ломбарданд зурагтаа өөрийн бичиг баримтаар 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

- Шүүгдэгч П.Ү гийн иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39, 40, 44, 46-61 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          П.Ү нь 20202 оны 04 дүгээр сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 3-853 тоот иргэн Ц.Д гийн байнга амьдрах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 42 инчийн “Арена” брэндийн зурагт, гар утас, судар зэргийг хулгайлан авч 516.422 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч Ц.Д болон яллагдагчаар өгсөн П.Ү нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Ү г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгчийн бусдад төлөх төлбөрийн талаар:

          Шүүгдэгч П.Ү 287.952 төгрөгийн үнэ бүхий зурагт “Арена” брендын 42 инчийн зурагт, 120.000 төгрөгийн үнэ  бүхий “Самсунг” маркийн гар утас, 80.000 төгрөгийн үнэ бүхий Алтангэрэл, хүүхдийн судар, 16.470 төгрөгийн үнэ бүхий бүтээлэг, 12.000 төгрөгийн үнэ бүхий зурагтын удирдлага нийт 516.422 төгрөгийн хохирол  учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэнээс хохирогч Ц.Д гийн алдсан эд зүйлсээс 12.000 төгрөгийн үнэ бүхий зурагтын удирдлагаас бусдыг биет байдлаар буцаан өгсөн бөгөөд үнэлгээгээр тогтоогдсон зурагтын удирдлаганы 12.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. /хх-ийн 25, 26, 34 дүгээр тал/

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.

          Шүүгдэгч П.Ү нь хохирол төлөөгүй байх тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

          Шүүгдэгч П.Ү нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж 2 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн 1 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар,

          - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар 960.000 төгрөгөөр торгох ялаар,

          - Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар 5 жил 06 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж, хуулийн тэгшитгэлээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2.2-т зааснаар 2 жил 1 сар 13 хоног болгож 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-н 44-61-р тал/

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Ү нь цагдан хоригдсон хоноггүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

          1. П.Ү г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар П.Ү-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Ү д 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар П.Ү /РД:/-с 12.000 /арван хоёр мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Д /РД:/-д олгосугай.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Ү д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Ү д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ