Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2017/0106

 

“Ноёд констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Цэрэнням нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 953 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ноёд констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 953 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ноёд констракшн” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/08 дугаар захирамжийн Ц.Мөнх-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 953 дугаар шийдвэрийг бүхэлд нь үл зөвшөөрч гомдол гаргаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэрэг хэлэлцэж мэтгэлцэх, хариуцагч, гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн эрхийн дагуу асуулт асуухад шүүгчийн зүгээс хэрэгт ач холбогдолгүй зүйл асууж байна, энэ асуулт шаардлагагүй гэх мэтээр хэргийн оролцогчийн хуульд заасан эрхэнд халдаж хэргийг бүрэн дүүрэн гүйцэт нягтлан судлаагүй, хэт нэг талыг барьж шүүх ажиллагааг явуулсан ба энэ нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.4, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг ноцтойгоор зөрчиж газар олгосон байхад шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Тухайн жилийн нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг тогтоох шаардлагагүй...” Монгол Улсын Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020-2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан асуудлыг авч хэлэлцээгүй нь шүүхийн шийдвэр хуулийн холбогдох заалтуудыг баримтлан гаргаагүй илт хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Гомдлын шаардлага: Газрын тухай хуулийн холбогдох заалтууд, Улсын Их Хурлын Улаанбаатар хотыг хөгжүүлэх хуулийн заалтуудыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 953 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин шийдвэрлэх шүүхийн магадлал гаргаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар “Ноёд констракшн” ХХК иргэн Ц.Мөнх-Эрдэнийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Тарвалин” хотхоны зүүн талд залгаа 700 м.кв амины орон сууцны зориулалттай газрыг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр худалдаж авсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулаад газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хийгээд нотариатаар гэрчлүүлсэн, иргэн Ц.Мөнх-Эрдэнэ газраа чөлөөлж нэхэмжлэгчид өгсөн болох нь тотоогдож байна.

Ийнхүү талууд харилцан тохиролцож Ц.Мөнх-Эрдэнийн газрыг чөлөөлүүлж авсны дараа түүнд газар эзэмшүүлсэн, мөн өмчлүүлсэн шат шатны Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар “Ноёд констракшн” ХХК гомдол, нэхэмжлэл гаргаж байгааг “өөрийн зөрчигдсөн эрх”-ийг сэргээлгэхээр хандаж байна хэмээн дүгнэх боломжгүй.

Шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 09 дүгээр 15-ны өдрийн 2/1359, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2/1511 дүгээр албан бичгүүд, түүний хавсралт болох нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн зургуудаас үзэхэд Ц.Мөнх-Эрдэнэ нь маргаан бүхий газрыг 2006 оноос хойш эзэмшиж, ашиглаж байжээ. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1051 дүгээр захирамжаар 900 м.кв талбай бүхий газрыг “Ноёд констракшн” ХХК-д эзэмшүүлсэн, харин гуравдагч этгээдэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/642 дугаар  захирамжаар 700 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлж, уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/08 дугаар захирамжаар баталгаажуулсан нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байна.

Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ” гээд 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно”, 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн, нэхэмжлэгч “Ноёд констрокшн” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...хэргийн оролцогчийн хуульд заасан эрхэнд халдаж, хэргийг бүрэн дүүрэн гүйцэд нягтлан судлаагүй, хэт нэг талыг барьж шүүх ажиллагааг явуулсан ба энэ нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн..., Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.4, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг ноцтойгоор зөрчиж газар олгосон байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Тухайн жилийн нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх тогтоох шаардлагагүй...” Монгол Улсын Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020-2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан асуудлыг авч хэлэлцээгүй нь шүүхийн шийдвэр хуулийн холбогдох заалтуудыг баримтлан гаргаагүй илт хууль бус шийдвэр гэж үзэж байна” гэсэн байх боловч гомдолд дурдсан үндэслэлүүд тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Талуудад эзэмшүүлсэн газрууд нь хоорондоо ямар нэгэн давхцалгүй болох нь тогтоогдож байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/08 дугаар захирамжийн холбогдох хэсэг нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 953 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:   

            ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР