Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 117

 

Л.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Т.Баярбат, хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 82 дугаар магадлалтай, Л.Г-д холбогдох 201718020120 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Л-ийн Г нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Л.Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар Л.Г-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Г-д 1 жил хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Г-гээс 148,707,100 төгрөг гаргуулж хохирогч Г.Э-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч Т.Баярбат, Ш.Цэдэн нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хэдийгээр Иргэний хуульд хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй боловч уг шаардлага нь Иргэний хууль болон Эрүүгийн хуульд нийцсэн нотлох баримтын шаардлага хангасан баримтын үндсэн дээр шаардах эрхтэй. Хохирогч Г.Э-гийн нэхэмжилсэн хохиролтой холбоотой баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, зөвхөн хиймэл эрхтэн хийлгэх тухай үнийн санал, интернэт мэдээллийн сангаас авсан хуулбар хувь бөгөөд Солонгос улсын Сөүл хотын эмнэлгээс ирүүлсэн гэх баримт монгол хэл дээр хольж бичсэн, эргэлзээтэй баримт байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч өөрт таарч, тохирсон эд материал буюу хиймэл эрхтний захиалга өгөөгүй баримтыг шүүх нотлох баримтаар тооцон гэм хорын хохирол учирсан гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Шүүхэд өгсөн уг баримт нь 8 сардаа багтаж яваагүй тохиолдолд үнийн санал өөрчлөгдөнө гэсэн байдаг бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох заалтыг хүчингүй болгож, мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбат хэлсэн саналдаа “...Хохирогчид учирсан бодит хохирол нь тодорхой болоогүй байхад шүүгдэгчээс дээрх хохирлын мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирогчийн гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан бодит хохирлыг нөхөн төлөхөө мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсээр ирсэн. Шүүх бодит хохирлын хэмжээ тодорхой болоогүй байхад ирээдүйд гарах зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг шийдвэрлэхдээ БНСУ-ын эмнэлгээс ирүүлсэн үнийн саналыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “...Шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд яагаад гэм хорын хохирол буюу эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар болсон талаар тодорхой дурдсан байгаа. Шийтгэх тогтоолд дурдагдсан мөнгөн дүнг анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан гомдлыг үндэслэн Л.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Л.Г нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн үед Д.О-гийн эзэмшлийн “Тоёота Приус 20” загварын 35 36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг руу явж байхдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг У хөтөл гэх газар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслээ замын хажуу руу унагаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Э-гийн баруун гарыг бугалгаар нь тайрах шаардлагатай хүнд зэргийн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Л.Г-гийн дээрх үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учрах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Г-гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, 3 хүртэлх насны хүүхэдтэй байдлыг нь харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Харин шүүх энэ хэргийн хохирогч Г.Э-гийн баруун гар бугалга хэсгээрээ тайрагдсаны улмаас гарсан эмчилгээ, мэдрэгчтэй хиймэл гар хийлгэх зардал, авах ёстой байсан 5 сарын хугацааны цалин, Солонгос улсад хиймэл гар хийлгэхээр очих, буцах зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэг нийт 150,717,100 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 2,010,000 төгрөгийг хасч үлдэх 148,707,100 төгрөгийг бүхэлд нь шүүгдэгч Л.Г-гээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”,

“Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заажээ.

Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар татагдсан Д.О нь “Тоёота Приус 20” загварын 35 36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч мөн бөгөөд зам тээврийн осол болохоос өмнө өөрөө зөвшөөрч Л.Г-д тээврийн хэрэгслийн жолоогоо шилжүүлсэн нь тогтоогдсон тул гэм хорыг хариуцан төлөх үүргээс бүрэн чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч Л.Г-гээс бүхэлд нь гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн төлбөрийг зам тээврийн осол гаргасан жолооч болон тээврийн хэрэгслээ жолоодож явахыг зөвшөөрч шилжүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшигч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэхүү хууль зүйн дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 82 дугаар магадлалд “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Г-гээс 74,353,550 төгрөг, иргэний хариуцагч Д.О-гоос 74,353,550 төгрөг тус тус гаргуулж хохирогч Г.Э-д олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН