Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 82

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч              Б.Батзориг

    Шүүгчид                        Ц.Амаржаргал                                       

                                                                       Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                  Прокурор                        А.Энхтуяа

 Хохирогч                          Г.Энхномин

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Д.Тэнгис

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбат, Ю.Сэвлэгмаа

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Л.Гантогтох, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбат, Ш.Цэдэн нарын давж заалдах гомдлоор, Сэлэнгэ аймаг, Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Шарнууд овогт Лхагважаргалын Гантогтоход холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718020120 дугаартай, 149/2017/0127/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Архангай аймаг Өгийнуур суманд 1990  оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдаа бизнес удирдлага мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт,  Улаанбаатар хот Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дакогийн 53-52 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Лхагважаргалын Гантогтох /Регистрийн дугаар: УХ 90093029/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Л.Гантогтох нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Д.Отгонжаргалын эзэмшлийн “Тоёото приус” маркийн 35-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг У хөтөл гэх газрын орчимд тээврийн хэрэгслээ засмал замын хажуу руу унагаж зам тээврийн осол гаргаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Энхномингийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Л.Гантогтоход холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 100 дугаартай шийтгэх тогтоолоор:

 -Шүүгдэгч Шарнууд овогт Лхагважаргалын Гантогтохыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Гантогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Гантогтоход оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Гантогтох нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Гантогтоход 01 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж,  

-Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Л.Гантогтохоос 148.707.100 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Арьс ширний 19-40 тоотод оршин суух, Хулгар овогт Гансүхийн Энхноминд /РД:УМ90052361/ олгож,

-Энэ хэргийн улмаас Д.Отгонжаргалын эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 35-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

-Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Гантогтоход өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Гантогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шийтгэх тогтоолын 6 дугаар заалтаар Иргэний хулийн 228.4, 497.1, 505.1, 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 148.707.100 төгрөгийг Г.Энхноминд олгохоор даалгасан болно. Миний хувьд үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч учруулсан хохирол хор уршгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зөвхөн шийтгэх тогтоолын  6 дугаар хэсэгт заасан хохирогч Г.Энхномингийн хиймэл гар хийлгэхэд гарах зардал 141.040.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь хохирогч Г.Энхномингийн гаргаж өгсөн дээрх зардлын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, өнөөдрийн хувьд бодитоор учирсан, гаргаж төлөгдсөн бодит хохирол биш гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын 6 дугаар заалтаас хиймэл гарын үнэ зардал болох 141.040.000 төгрөгийг хасч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулинд зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд хохирлын хэмжээг зөв тогтоох нь онцгой чухал ач холбогдолтой байдаг. Гэтэл шүүх шийтгэх тогтоолын 6 дугаар хэсэгт заахдаа Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан хохирогч Г.Энхномингийн нэхэмжлэлийг үндэслэн Солонгос улсад очиж хийлгэх хиймэл эрхтэн хийлгэх тухай бичиг, лавлагаа, гарын үсэг, үнийн санал, очиж ирэх зардлын баримт зэргийг үндэслэн 148.707.100  төгрөгийг шүүгдэгч Л.Гантогтохоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтанд үнэн зөв дүгнэлт өгөөгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт боллоо гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Солонгос улсаас ирсэн хиймэл эрхтэний холбогдолтой бичиг баримтууд нь иргэний хуулийн ойлголтоор үнийн санал бөгөөд хохирогч Энхномин нь Солонгос улс руу яваагүй, уг эрхтэнийг сонгож аваагүй өөртөө тааруулж хийлгээгүй байхад буюу эрүүгийн хуулийн зарчим, ойлголт, тодорхой заалтаар бодитоор хохирол учраагүй байхад ийнхүү шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь урьдчилан нэхэмжлэх эрхтэй гэж заасан болохоос бус шүүх тухайн нэхэмжлэлийг хангах тухай заалт биш юм. Гэм хорын хохирлыг хэрхэн шийдвэрлэх тухай тайлбарласан Улсын дээд шүүхийн 15 дугаар тогтоолд ч учирсан бодит хохирлыг нотлох баримтаа бүрдүүлсэний дараа дахин нэхэмжлэх эрхийг нь зааж өгсөн байдаг бол, 2015 оны 07 сарын 01-ний шинэ Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд Гэмт хэргийн хохирол хор уршиг гэсэн заалтын 5-д шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр  илэрхийлэх хэмжээг тогтооно гэж тодорхой зааж өгсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1-д Гадаад улсаас нотлох баримт хэрхэн яаж бүрдүүлэх талаар тодорхой заасан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ. 38 дугаар зүйлийн 5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд тэдгээр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3-т зааснаар Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоог гаргах болоцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болгохыг зааж түүний хэмжээний  тухай асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно гэж заасан байна. Иймд анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоол нь нотлох баримтын шаардлага хангаагүй, баримтуудыг үндэслэж үндэслэлгүйгээр хохирол хор уршгийн хэмжээг шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолын 6 дахь хэсгийн 141.040.000 төгрөг гэсэн хэсгийг хасаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн давж заалдах шатны шүүхэд гаргаан гомдолдоо: “...Л.Гантогтох нь 2017 оны 04 сарын 28-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль... зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Г.Энхномингийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай нь тогтоогдсон тул түүний үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл заалт, түүнд шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа билээ. Харин шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д ...Л.Гантогтохоос 148.707.100 төгрөгийг гаргуулж... Гансүхийн Энхноминд олгосугай гэснийг зөвшөөрөхгүй байна. Хохирогч Г.Энхномин өөрт учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч Л.Гантогтохоос шаардах эрхтэй, Л.Гантогтох ч төлөх үүрэгтэй. Төлж барагдуулна гэдгээ ч мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны шатанд илэрхийлсээр байгаа билээ. Хохирогч Г.Энхномин БНСУ /Солонгос/-д явж мэдрэгчтэй гар хийлгэх материалын үнэ мөн замын зардал бүгд 144.506.000 төгрөгийг урьдчилан төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг нь шүүх бүрэн хангаж шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.

Хохирогчоос нэхэмжлэлдээ хавсаргасан бичиг баримтууд нь хохирогч талаас солонгосын талд илгээсэн санал хиймэл гар /протез/ хийлгэхэд гарах зардал үнэлгээг судалсан асуултад Солонгосын талаас өгсөн бичиг баримтууд нь үнэлгээний ерөнхий жишиг, үнийн санал гэж ойлгогдож байна. Тийм учраас 1 дэх, 2 дахь гэж заагтай ангилж бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхойлж өгсөн байна. Түүнээс биш хохирогч үйлчлүүлэгч тал хоорондоо тохирч хүчин төгөлдөр гэж тооцохоор ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй байна. Хохирогч БНСУ /Солонгос/-аас ирүүлсэн үнийн саналыг нотлох баримт гэж үзэж нэхэмжлэлдээ ашиглажээ. Энэ бичиг баримтуудыг гадаад орон буюу хилийн чанадаас авах шаардлагатай байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол зохигчийн хүсэлтээр шүүх өөрөө, эсхүл эрх бүхий байгууллагаар дамжуулан тухайн улсын зохих байгууллагад хандаж болно” гэж заасны дагуу нотлох баримтаа цуглуулах ёстой.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чачдвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэжээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 4-д “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэснийг мөн хуулийн 497, 505, 510 дугаар зүйлүүд /гэм хор учруулснаас үүсэх үүрэг/-ийг баримтлан ерөнхий ойлголтоор хандлаа. Хохирогч хохирол зардлаа урьдчилан төлүүлэх эрхтэй ч, шүүгдэгч түүнийг нь төлөх үүрэгтэй хэдий ч нотлох баримт нь ямар ч эргэлзээгүй хуулийн шаардлага хангасан байхыг хуулиар тодорхойлсон байна. Шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ үнэлэх боломжгүй нотлох баримтыг үндэс болгож, хэрэглэх ёстой байсан дээрх хуулиудыг хэрэглээгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-д “хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно гэж заажээ. Анхан шатны шүүх хуулийн энэ заалтыг хэрэглэх ёстой байсан  гэж үзэж байна. Иймд дээрх шийтгэх тогтоолын 6 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Хохирогч Г.Энхномин давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх ...миний хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж өгсөн нэхэмжлэлтэй холбоотой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь шударга, үнэн зөв үнэлж, дүгнэсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хууль болон Л.Гантогтохын эрх ашгийг зөрчөөгүй, хууль ёсны үндэслэлтэй гарсан. Л.Гантогтохын хувьд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулна гэж, хор уршгийг арилгахаа хүлээн зөвшөөрч, илэрхийлж байсан нь худлаа болохыг, мөн шүүхээс хөнгөн ял авснаас хойш нэг ч удаа уулзаагүй, яриагүй байж, Дархан хотын давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажилладаг ах, өмгөөлөгч хоёр анхан шатны шүүхээс надаас гаргуулж, Энхноминд өгүүлэхээр шийдвэрлэсэн хохирлын мөнгийг давж заалдах шатны шүүх дээр хэрэгсэхгүй болгуулж өгнө гэж хэлсэн, би гомдол гаргаагүй, өмгөөлөгч өөрөө гомдол гаргасан гэж ярьж явсан нь үнэн болохыг түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол нотолж байгааг юуны өмнө дурьдах нь зөв байх. Намайг Солонгос Улсаас ирсэн “Эн Эс Систем” эмнэлгийн эмчтэй биечлэн уулзаж, 4 төрлийн гар, үнийн саналтай танилцаж, зөвлөгөө авсан, урьдчилгаа 70 хувийн мөнгө байхгүй учраас гэрээг хийж чадаагүй, мөнгө бэлэн болохоор гэрээг байгуулахаар тохиролцсон, надад зөвлөгөө өгсөн эмч нутагтаа очоод хиймэл эрхтэн суулгах тухай бичиг, лавлагаа, үнийн санал, худалдааны нэхэмжлэл зэргийг албан ёсоор ирүүлсэн гэдгийг Л.Гантогтох, Д.Отгонжаргал нар сайн мэдэж байгаа. Тэгээд ч тухайн эмнэлгээс өөрсдөө явуулсан нотлох баримтыг заавал шүүхэд хүсэлт гаргаж, шүүхээр уг нотлох баримтуудыг авахуулах шаардлага байхгүй. “Эн Эс Систем” эмнэлгээс 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн худалдааны нэхэмжлэлд миний хийлгэхээр сонгосон гарын материалын үнэ, ажлын зардлыг нэг бүрчлэн тодорхой бичиж, нэхэмжилсэн байхад өмгөөлөгч Ш.Цэдэн гомдолдоо Солонгос талаас өгсөн бичиг баримтууд нь үнэлгээний ерөнхий жишиг үнийн санал гэж ойлгогдож байна. Тийм учраас 1 дэх, 2 дахь гэж заагтай ангилж бүтээгдэхүүнийхээ үнийг тодорхойлж өгсөн байна ...үнийн саналыг нотлох баримт гэж үзэж нэхэмжлэлдээ ашиглажээ гэж 4 өөр гарын үнийн саналыг буруу ойлгож бичсэн нь үндэслэлгүй юм. Яагаад гэвэл шүүх 4 өөр гарын үнийн саналыг биш “Эн Эс Систем” эмнэлгээс ирүүлсэн санхүүгийн анхан шатны баримт болох тухайн эмнэлгийн лого, тамгатай санхүүгийн албан ёсны баримт буюу нэхэмжлэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй, миний бие энэ нэхэмжлэлээр тус эмнэлэгтэй мөнгөний тооцоогоо хийж гэрээ байгуулах ёстой үндсэн баримт гэж ойлгож байна.

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, миний гар хийлгэхийн өмнө буюу дараа нь гарах дадлага хийх, дахин мэргэжил эзэмших шаардлагатай зардал, асарч сувилуулах, Солонгос улсад очоод байрлах байр, унаа, эм, тариа, боолт зэрэг өдөр тутмын хэрэглээний болон бусад шаардлагатай гарах зардлуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж, тогтоолд дурьдаагүйд хүндэтгэлтэй хандаж, энэ бүх зардлуудыг Л.Гантогтохоос нэхэмжлэхгүй гэж бодож, итгэж, найдаж явсан нь миний буруу байж, Л.Гантогтоход маш их гомдолтой байна. Иймд өмгөөлөгч Ш.Цэдэнгийн гаргасан гомдлыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 08 сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолын 6 заалтыг эсэргүүцэж гомдол гаргасан. Хавтаст хэргийн 143 дугаар хуудаснаас эхлээд хохирлын баримтууд тусгагдсан байдаг. Хиймэл эрхтэн хийлгэх тухай баримтыг нотлох баримтын шаардлага хангаж ирүүлээгүй. Нотлох баримт гэдэг нь хохирогч буюу өвчтөн маань биеэ үзүүлээд үзүүлснийхээ дагуу эмнэлгээс ямарваа нэгэн байдлаар санал авах ёстой. Гэтэл интернэт бичлэгийн хуулбаруудыг хавсаргасан байдаг. Интернэтээр орсон захиалгын баримт байдаг. Хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд эмнэлгийн бичиг, орчуулгын баримт байдаг. Энд Сөүл хотын эмнэлгийн бүтээгдэхүүний нийт үнийн баримт байдаг. Үнэхээр Сөүл хотоос ирж байгаа бол орчуулаад ирсэн байх ёстой. Гэтэл монгол хэл дээр зарим хэсгийг нь орчуулаад бичсэн байдаг. Захиалгыг хэзээ хаанаас авсан гэхээр 07 сарын 26-ны өдөр интернэтээр орж өөрийн биеийг эмчлүүлэх талаарх захиалгын баримт байдаг. Мөн Эйртрансын 2 хүн явна гэсэн билетийн захиалга байдаг ба энэ захиалгын хуудсны доод буланд “та төлбөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр тийз төлбөр гэж оруулаарай” гэсэн байдаг. энэ бас интернэтээр захиалсан захиалга байдаг. Гэтэл нислэгийн хуваариа очиж бичүүлсэн байх ёстой. Шийтгэх тогтоол нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх заалтыг барьсан байдаг. Энэ заалт дээр “эмчилгээний зардлыг зайлшгүй шаардлагаар урьдчилан гаргаж болно” гэсэн байдаг. Гэхдээ болно гэж зааснаар зөвхөн интернэтээс авсан захиалгын хуудсаар энэ хүний эмчилгээ хийлгэх зардал нь нотлогдохгүй. 150.000.000 төгрөгийн зардал гарна гэсэн байдаг. Захиалагын хуудсан дээр 8 сардаа багтаж явахгүй бол үнийн санал өөрчлөгдөнө гэж бичсэн байдаг. Эдгээр баримтууд байсаар байтал шүүх шууд нотлох баримтаар үндэслэн эмчилгээ хийлгэх шаардлагатай зардал гэж гаргасан нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө зөвшөөрсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болдог. 141.000.000 төгрөгийн хохирлыг төлөхөө зөвшөөрсөн биш, зөвхөн энэ хүний эмчилгээний зардлыг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэлбэр юм. Улсын дээд шүүхийн 2002 оны 15 дугаар тогтоолд тайлбарласнаар нотлох баримтын шаардлагыг хангавал түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн заалтуудаар гаргаж болно гэсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй баримтаар хохирлын асуудлыг шийднэ гэж заасан зүйл байхгүй. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 08 сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолын 6 заалтыг хүчингүй болгож, хохирогч нэхэмжлэлийн шаардлага буюу нотлох баримтын шаардлага хангасан баримтаар хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Хохирогч Г.Энхномин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Солонгосоос ирж байгаа эмч нь Сэргээн засах үндэсний төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээ хийхэд хамтарч ажилладаг. Ойр ойрхон ирж үздэг. Тэгэхдээ протезны захиалга авдаг. Энэ үед нь би үзүүлсэн. Надтай хамт Отгонжаргал, Гантогтох нар цуг явсан мэдэж байгаа. Тэр эмч өөрийн биеэр үзээд ямар дасгал хөдөлгөөн хийх ёстой, биеийн байдал хэр байгаа гэдгийг хэлж зөвлөсөн. 9 сард өөрийн биеэр ирсэн. Тухайн гарыг сонгоход Отгонжаргал, Гантогтох нар хамт байсан. Надад гэрээ нь байгаа, цус их алдсан болохоор хатингаршил их байна. Гар зүүх боломжит хугацаа бага байна, богино хугацаанд зүүхгүй бол дахиж гар зүүх боломжгүй гэсэн. Гантогтох анхан шатны шүүхээс хойш надтай уулзаагүй. Гантогтохын нөхөр анхан шатны шүүх хурлын дараа ирж нөхөр бид хоёртой уулзахдаа “шүүхээр орох хэрэггүй байсан юм. Хугацаа алдчихлаа.  Эмчийн чинь хэлснийг мэдэж байгаа, мөнгийг чинь хуваагаад төлнөө” гэхээр нь би “эмч нар 9 сард ирэхэд нь та нар уулзаад гэрээ хийгээрэй, надтай гэрээ хийхгүй. Төлбөр мөнгөө хэрхэн төлөхөө ярилц, би бол гараа л авмаар байна” гэж хэлсэн. Гантогтохын нөхөр “3.000.000 төгрөг Гантогтоход өгөөд төлбөрөөсөө хасаад эмчилгээний зардлаас нь ч болов өгч бай” гэсэн байтал Гантогтох, түүний ээж хоёр “яах юм бэ? хэрэг хаашаа ч эргээ билээ гээд” өгөөгүй. Одоо хэрвээ мөнгө олдвол би өөрөө чамд өгнө гэж нөхөр нь хэлсэн. Тэрнээс хойш нөхөр нь л утсаар ярьж байсан. Гантогтох надтай нэг ч удаа яриагүй. Гантогтох бол яаж ялгүй үлдэх вэ, яаж мөнгө өгөхгүй байх талаар л бодож байгаа. Отгонжаргал ч үүнийг мэдэж байгаа, надад хэлсэн. Хүнийг цаашид эрэмдэг үлдэх эсэхийг Гантогтох түүний ээж, ах нар мэддэг болсон юм уу? гэдгийг өнөөдөр Гантогтохоос өөрөөс нь асууна гэж бодож байсан гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Цэдэн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан аваад хуулийн хугацаандаа гомдлоо гаргасан. Уг гомдолтой танилцсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбат хэзээ гомдол гаргаад, шүүх түүнийг хэзээ хүлээж авсан нь тодорхойгүй. Уг гомдолтой танилцаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Ш.Цэдэн өмгөөлөгчийн гаргасан гомдол дээр тулгуурлаж ярьж байна. Давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгдүгээрт, Сум дундын шүүх нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн эрүүл мэндэд шүүгдэгчийн гэм буруугийн улмаас учруулсан хохирол хор уршгийг хэрэгт хамааралтай хуульд заасан аргаар цуглуулж бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсаны үндсэн дээр түүнийг нотлох баримтын хэмжээнд үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.  Мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1.3-т заасны хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль болон  ялтны эрхийг зөрчөөгүй, хохирогчийн зөрчигдсөн эрхийг хангасан. Шүүхийн шийдвэрийн  хохиролтой холбоотой заалтыг тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн.

Хоёрдугаарт, Нөгөө талаас жишиг ерөнхий үнэлгээний санал гэж ярьж байна. Хохирогчийн зүгээс гаргаж өгсөн баримтанд ерөнхий жишиг үнийн санал гэсэн нэг ч баримт байхгүй. Харин хохирогчийн зүгээс өөрийн өдөр тутмын хэрэгцээг хангахуйц хөдөлгөөн хийх боломж бүхий гарыг сонгож авсан гэдгээ харьцуулан харуулахын тулд 4 өөр төрлийн гарыг нэг бүрийн бодит үнийн хамт нотлох баримтаар гаргаж нэхэмжлэлийн үндэслэл болгосон.

Гуравдугаарт, Солонгос улсын “Эн-Эс систем” эмнэлгийн биет төлөөлөгч Монгол улсад байнга ирж ажилладаг. Энэ хүнтэй хохирогчийн зүгээс өөрийн биеэр болон шүүгдэгч Гантогтох, иргэний хариуцагч Отгонжаргал нарын хамт анх очиж уулзан 4 өөр төрлийн гар, түүний үнийн санал гэрээтэй танилцсан байдаг. Гэрээний хувьд болзол нөхцөл хатуу, хугацаа бага урьдчилгаа төлбөр төлөх мөнгө хохирогчид байхгүй. Нэгэнт гэмт хэргийн улмаас гаргүй болсон учир хохирол төлбөрийг нь барагдуулж байж гэрээгээ хийнэ гэдгээ нөгөө талд илэрхийлсэн. Нөгөө тал ч уг саналыг хүлээж авсан. Хиймэл гартай холбоотой нотлох баримтыг эмнэлгийн захиргаа өөрөө бүрдүүлж, Монголд ирж ажилладаг биет төлөөлөгч өөрөө авч ирж Г.Энхноминд өгсөн. Талуудын хооронд аман хэлбэрээр хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж ойлгож байна. Тухайн эмнэлгийн санхүүгийн үндсэн баримт болох нэхэмжлэлийн дагуу зардал, хөлсийг тооцсон, заавал гэрээ байгуулах шаардлага байхгүй. Нөгөө талаас Сум дундын шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.5, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг хэрэглэх эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг. Яагаад гэвэл хохирогчийн зүгээс гаргаж өгсөн нотлх баримтанд хууль зөрчсөн ганц ч баримт байхгүй. Бүгд Найрамдах Солонгос Улсын хуулийн этгээд болох “Эн-Эс систем” эмнэлгийн захиргаанаас албан ёсоор авч ирсэн баримтуудыг дахин шүүхийн журмаар бүрдүүлэх шаардлага байхгүй. Нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй гэж үзээд шүүх дүгнэлт гаргасан. Харин сум дундын шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн  505.1 дэх заалтуудыг хэрэглэсэн нь эрх зүйн үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хэлсэн шиг дээрх заалтуудыг ерөнхий ойлголтоор хандаж, баримталж хэрэглэсэн гэх байдал харагдахгүй байна. Нэхэмжлэлд тодорхой тооцоо гаргах шаардлагатай. Ээдрээ төвөгтэй тоо баримт байхгүй. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлосон нотлох баримтын хувьд хохирлын тооцоо тоон үзүүлэлт, бодсон аргачлал, нийт хохирлын тооцоо тодорхой байхад сум дундын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь заалт, мөн давж заалдах шатны шүүх дээрх заалтыг хэрэглэж шийтгэх тогтоолын 6 дугаар заалтанд өөрчлөлт оруулах эрх зүйн үндэслэл байхгүй. …Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд болон шүүх хуралдаан дээр шүүгдэгч Гантогтох “иргэний хариуцагч Отгонжаргалд хариуцлага хүлээлгэхгүй, би өөрөө хариуцлагаа хүлээнэ. Нэхэмжлэлд дурьдагдсан хохирлыг төлж барагдуулж найзыгаа гартай болгоно” гэж хэлж түүнийгээ илэрхийлж байсан хүн шүүх хурлын дараа гэнэт зан нь өөрчлөгдөж хохирлыг барагдуулж хор уршгийг арилгахаас зайлсхийж байгаад харамсаж байна. “Эн-Эс систем” эмнэлгийн захиргаанаас ирсэн албан бичигт “Энэ хүн даруй гараа хийлгэхгүй бол хоёр дахь эрсдэл бий болох” талаар мэдэгдсэн. Гэтэл Гантогтохын зүгээс энэ эрсдлийг бий болгох нөхцөл байдлыг санаатайгаар бүрдүүлж асуудалд хойрго хандаж байна. Иймд гомдлуудыг хэрэгсэхгүй болгож сум дундын шүүхийн 2017 оны 08 сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Тэнгис давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 08 сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолын 6 дугаар заалтыг шүүгдэгч талаас ийм дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй гэж хэлж байна. Шүүх хэргийн үйл баримт, тухайн шүүх хуралдаанд оролцогчдын шүүх хуралдаанд оролцсон үйл баримтанд дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т зааснаар дүгнэлт хийж, 141.000.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр заасан нь зүйтэй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг. Энэ хүн бүх төлбөрийг нөхөн төлөхийг илэрхийлсэн. Мөн 2.000.000 төгрөг төлснийг шүүх харж, үнэлж   зөв шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хэргийн үйл баримтанд тохирсон үнэлэлт дүгнэлт өгсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхэд хандсан асуудал бол цаг хугацааны асуудал хожих гэсэн байдлаар дээд шатны шүүхэд гомдол гаргасан гэж бодож байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан. Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Гантогтохоос 141.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор заасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Тодорхойлох нь

 

Шүүгдэгч Л.Гантогтох нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Д.Отгонжаргалын эзэмшлийн “Тоёото приус” маркийн 35-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг У хөтөл гэх газрын орчимд тээврийн хэрэгслээ засмал замын хажуу руу унагаж зам тээврийн осол гаргаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Энхномингийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Л.Гантогтоход холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 08 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 100 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Гантогтохын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Гантогтоход оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Л.Гантогтох нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Гантогтоход 01 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, 

-Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Л.Гантогтохоос 148.707.100 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Арьс ширний 19-40 тоотод оршин суух, Хулгар овогт Гансүхийн Энхноминд /РД:УМ90052361/ олгож,

-Энэ хэргийн улмаас Д.Отгонжаргалын эзэмшлийн “Тоёота приус 20” маркийн 35-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

-Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Гантогтоход өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Баярбат, Ш.Цэдэн нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Л.Гантогтоход холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч  Л.Гантогтох нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Д.Отгонжаргалын эзэмшлийн “Тоёото приус” маркийн 35-36 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг У хөтөл гэх газрын орчимд тээврийн хэрэгслээ засмал замын хажуу руу унагаж зам тээврийн осол гаргаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Энхномингийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Энхномингийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1-р      хх-ийн 27-30, 223-237-р ху/,  гэрч З.Жавзанпагма /1-р хх-ийн 43-р ху/, Б.Энхтайван /1-р хх-ийн 47-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын      02-ны өдрийн ¹5912 тоот дүгнэлт /1-р хх-ийн 58-р ху/, хохирогч Г.Энхномингийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 60-72-р ху/, Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 31 тоот дүгнэлт /1-р хх-ийн 82-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчид ямар нэгэн гомдол, санал гаргаагүй байна.

    Харин анхан шатны шүүх хохирогч Г.Энхномингийн баруун бугалгыг тайрсан мэс засал хийлгэсний улмаас БНСУ-ын “НС СИСТЕМ” ХХК-д мэдрэгчтэй гар хийлгэхэд шаардагдах материалын үнэ 141.040.000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол  гаргасан шүүгдэгч Л.Гантогтох, түүний өмгөөлөгч Т.Баярбат, Ш.Цэдэн нарын гаргасан гомдлын үндэслэлийг шинжлэн судлахад:

    Хохирогч Г.Энхномин нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд Эрүүл мэндэд учруулсан хохирлыг гаргуулж, хор уршгийг арилгуулах тухай нэхэмжлэл гаргаж /1-р хх-ийн 182-184-р ху/ гэм хорын хохирол нийт 149.499.600 төгрөг нэхэмжилсэн бөгөөд  анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардал нийт 150.717.100 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн төлсөн 2.010.000 төгрөгийг хасч үлдэх 148.707.100 төгрөгийг шүүгдэгч Л.Гантогтохоос гаргуулж, хохирогч Г.Энхноминд олгох нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж шийтгэх тогтоолын 6 дугаар заалтаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Л.Гантогтохоос 148.707.100 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот       Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Арьс ширний 19-40 тоотод оршин суух, Хулгар овогт Гансүхийн Энхноминд /РД:УМ90052361/ олгохоор зааж  шийдвэрлэжээ.

 

Л.Гантогтохын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Энхномингийн баруун бугалгыг тайрсан мэс засал хийж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын     02-ны өдрийн ¹5912 тоот дүгнэлт /1-р хх-ийн 58-р ху/, хохирогч Г.Энхномингийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 60-72-р ху/ бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул оролцогчид тухайн үед энэ талаар маргаагүй, шүүгдэгч нь хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө анхан шатны шүүхийн  шүүх хуралдаанд илэрхийлж байжээ.

 

      Шүүгдэгч Л.Гантогтохын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Энхномингийн  эрүүл мэндэд учирсан хохирол болох баруун бугалгыг тайрсан мэс засал хийлгэсний улмаас мэдрэгчтэй хиймэл гар хийлгэх шаардлагатай бөгөөд БНСУ-ын “НС СИСТЕМ” ХХК-д мэдрэгчтэй гар хийлгэхэд шаардагдах материалын үнэ 63.100.000 вон буюу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар  БНСУ-ын вон-2,15 төгрөг, 65.600.000х2.15 төгрөг =141.040.000 төгрөг болох нь “Глобал” ХХК-ийн баталгаат орчуулгын товчооны хөрвүүлсэн худалдааны нэхэмжлэлээр /1-р хх-ийн 197-198-р ху/ тогтоогдож байна.

 

     Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж заасан бөгөөд хохирогч нь  шүүгдэгчээс мэдрэгчтэй хиймэл гар хийлгэх зардалд 141.040.000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй  бөгөөд  анхан шатны шүүх  хэрэгт авагдсан  бичгийн нотлох баримтууудыг үндэслэн  Иргэний хуулийн 228 дугөар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

          Хохирогч  Г.Энхномин нэхэмжлэлийн шаардлагаа   БНСУ-ын мөнгөн тэмдэгт болох вонын монгол төгрөгтэй харьцах ханшийг анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар  тооцож гаргасан нь  Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “…Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө…” гэсэн заалттай нийцсэн, шүүх  хохирогчийн нэхэмжлэлийг  шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлсэн нь   хууль  зөрчөөгүй гэж үзлээ.

         Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Гантогтох болон түүний өмнөөлөгч Г.Баярбат, Ш.Цэдэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1, 2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дүгээр сарын 29-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Гантогтох болон түүний өмнөөлөгч Г.Баярбат, Ш.Цэдэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ