Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/00164

 

2021           01             22                        183/ШШ2021/00164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч О.Чулуунчимэг даргалж, шүүгч Ж.Сэмжид, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........... тоот хаягт оршин суух М овогт Д.С /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

                  Гэм хорын хохиролд  1.427.614.830 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,  гуравдагч этгээд ХУДПГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, гэрч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-т заасан байна. Д.С би Д.Бятой хамтран 2012 оны 4 дүгээр сараас эхлэн Өмнөговь аймгийн Ц сумын төвд "О" гэх нэртэй худалдааны төвийн барилгыг барьж, 2013 оны 6 дугаар сард ашиглалтад оруулсан бөгөөд Д.Бя нь Д.С намайг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар залилан мэхэлсэн гэж 2014 оны 10 дугаар сард Цагдаагийн газарт гомдол гаргаж, Ө аймгийн прокурорын газраас 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хуулийн 1551, 1551.2 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн 000000000000 дугаартай хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоон, Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч а/х  Ш.Х мөрдөн байцаалт явуулсан. 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл 32 сарын хугацаанд надад холбогдох гэх эрүүгийн хэргийг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2015 оны 01 дугаар сарын 23-ны өдрүүдэд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, 2017 оны 15 дугаар сарын 15-ны өдөр тус тус 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд Д.С намайг гэрчээр 5 удаа, сэжигтнээр 7 удаа, яллагдагчаар татаж 2 удаа мөрдөн байцаагч мэдүүлэг авсан. Мөн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол, хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, гадаадад зорчих эрхийг түр түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байсан. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 54 дугаартай тогтоол нь одоо хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Цагдааг, прокуророос дуудсан цагт ирж байхыг даалгасан тул би ажил хийж чадахгүй үргэлж сэтгэлийн дарамттай байж, хэзээ дуудах бол хэмээн айдаг байсан бөгөөд хүмүүст эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэгдэхгүйг хичээж ажлаа хийж чаддаггүй байсан. Хийгээгүй хэргийнхээ төлөө яллагдагчаар татагдан ял сонсож, сэтгэл санааны хямралд орж, юу эсийг бодож байсныг төсөөлөхийн аргагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явагдаж байх хугацаанд Ө аймгийн Ц сумын төвд байрлах "О" худалдааны төвийн үйл ажиллагаа бүрэн зогсож, түрээслэгч нар, дотор нь үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд гарч тус төвөөс ямар нэгэн орлого олоогүй. Өнөөдрийн байдлаар тус төвийг хэвийн үйл ажиллагаанд оруулахад их хэмжээний засвар шаардлагатай болоод байна. Учир нь эрүүгийн хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаас эхлэн тус төв үйл ажиллагаа явуулаагүй бүрэн зогсоосон бөгөөд хэвийн үйл ажиллагаанд оруулах, эд хөрөнгийн хохирол, засвар үйлчилгээнд 471.660.575 төгрөг шаардагдаж байгаа үүнийг гаргуулах шаардлагатай. Хэрэгт шалгагдаж байх тухайн үед Ө аймгийн Ц сумын төвд байрлах “О” худалдааны төвийн үйл ажиллагаанаас зарлагаа хасаад 1 жилдээ 46.760.636 төгрөгийн орлого олж байсан. Би хэрэгт шалгагдаж эхэлсний улмаас Ө аймгийн Ц сумын төвд байрлах “О" худалдааны төвийн үйл ажиллагааг явуулж чадахгүй болж, түрээснээс олж байсан жилийн орлого буюу 46.103.455 төгрөгийг 5 жилээр тооцож 229.174.456 төгрөг гаргуулах хүсэлтэй. Мөн “О” төвийн барилгын ажлыг явуулахад надад хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан бөгөөд 2013 оны 5 дугаар сард өөрийн өмчийн Д аймгийн ......... байр 1384.8 м.кв үйлдвэр үйлчилгээний байр, СХД-ийн ......  наана байрлах 10 га газрыг "К” банкны барьцаанд тавьж 320.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд хөрөнгө оруулалт хийсэн “О” худалдааны төвийн үйл ажиллагааг эрүүгийн хэргийн улмаас бүрэн зогсоож, зээлээ төлж чадахгүйд хүрж “К" банк зээлийн барьцаагаар хангуулах шийдвэр гаргуулж эд хөрөнгөө алдсан. Тухайн эд хөрөнгийн үнэлгээ болох 1.911.760.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт чиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогддог болно. Учир нь нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох нь иргэн бүрийг эрхийн үндэслэлгүй хязгаарлалтаас хамгаалах зарчим юм. Улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хуульд “хууль бус ажиллагаа’’-нд хамааруулдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 'Ө" ХХН-ийн хуульч, өмгөөлөгч Т.Д, М нартай гэрээ байгуулж өмгөөллийн хөлсөнд 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл 162.000.000 төгрөгийн төлбөрт Ө аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн 90 м2 талбайг, м2-ыг 1.800.000 төгрөгөөр бодож 162.000.000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж өгсөн бөгөөд үүнийг төрөөс гаргуулах. Мөн хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4-т зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй байна. Хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас сэтгэл санаанд учирсан хохиролд 200.000.000 төгрөг, гэм хорын хохирол нэхэмжлэх, нотлох баримт хуулбарлан авах, нотариатын үйлчилгээний зардалд 334.000 төгрөгийн зардал гарсныг тус тус нэхэмжилж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д хууль зөрчсөн ажиллагааны эрх зүйн үр дагаврын талаар заасан бөгөөд энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарах ойлголт юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 14-т “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог. Иймд иргэн Д.С намайг Хууль бусаар хэрэгт шалгагдаж, хэрэгсэхгүй болгох тогтоол гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааг 1 сарын 500.000 төгрөгөөр тооцож 32 сарын 16.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 200.000.000 төгрөг, хэрэгт шалгагдаж байх хугацаанд өмгөөллийн хөлсөнд төлсөн 172.000.000 төгрөг, хэрэгт мөрдөн шалгагдаж эхэлсэн цагаас буюу 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд олох байсан түрээсийн орлого нэг жилийн 46.103.450 төгрөг буюу 5 жилийн 229.174.456 төгрөг, архив нотариатын үйлчилгээний хөлс 334.000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 2.383.420.575 төгрөг, нийт 3.000.929.031 төгрөгийг Монгол улсын Төрөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд төрөөс гэм хорын хохиролд 3.000.929.031 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчлөн багасгаж, тодруулж байна.

  1. Ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 500.000 төгрөг, нийт 32 сарын 16.000.000 төгрөг
  2. Өмгөөллийн хөлс 172.000.000 төгрөг
  3. Нотариатын үйлчилгээний хөлс 246.000 төгрөг
  4. Архивын үйлчилгээний хөлс 88.000 төгрөг
  5. Үнэлгээ хийлгэсэн хөлс 7.000.000 төгрөг
  6. Эд хөрөнгийн болон алдагдсан боломжийн өртөг 1.206.835.220 төгрөг
  7. Сэтгэл санааны хохиролд 12.722.805 төгрөг,  нийт 1.414.892.025

төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжилж байна. Урьд сэтгэл санааны хохиролд 200.000.000 төгрөг нэхэмжилж байсан ба 2014-2017 онуудын хооронд онц хүнд гэмт хэрэгт 10-аас дээш жилийн ялтай хэрэгт сэжигтэн яллагдагчаар шалгагдаад сэтгэл санааны маш их дарамтад байсан ба үнэлгээгээр 12.722.805 төгрөг гэж гарсныг нэхэмжилнэ гэв.

 

Гуравдагч этгээд ХУДПГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хяналтын прокурор Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийг төлөөлж оролцож байна. Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа учир шаардлага тус бүр дээр байр сууриа хэлье. Нэгдүгээрт нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхэлдэггүй, худалдааны төвөө түрээсэлж амьжиргаагаа залгуулдаг байсан ба огт орлогогүй гэх үндэслэлгүй. Хэрэгт нийгмийн даатгалаа төлөөд явж байсан баримт байна. Хоёрдугаарт Д гэдэг өмгөөлөгчтэй 10.000.000 төгрөгийг, мөн үйлчилгээний 90 м.кв барилгаа өгнө гэж гэрээ хийсэн байна. Энэ 10.000.000 төгрөгийг хэзээ, яаж шилжүүлсэн талаар баримт байхгүй. Дт үл хөдлөх хөрөнгө шилжсэн гэх баримт алга байна. Гурав, дөрөвдүгээрт байгаа зардал эрүүгийн хэрэгт холбогдолтой зардал биш байна. Тавдугаарт үнэлгээгээ өөрсдөө хийлгэсэн учир нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Зургаадугаарт 471.661.000 төгрөгөөр засвар хийсэн гэж байх ба өөрийн хөрөнгөд засвар хийснийгээ хохирол гэж нэхээд байгаа нь үндэслэлгүй. Энэ үл хөдлөх хөрөнгө бүхэлдээ нэхэмжлэгчийнх биш. Бүх талбайд засвар оруулсан гээд байгаа нь хамааралгүй. Алдагдсан боломжийн тухайд прокуророос эд хөрөнгийг битүүмжилсэн эрхийн акт гарч байгаагүй, батлагдаж байгаагүй учраас хариуцах үндэслэлгүй. Эцэст нь хэлэхэд хэрэгт авагдсан баримтаар ер нь нотлогдохгүй байна гэж үзэж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан хууль бусаар яллагдагчаар татсаны улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд 1.427.614.830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

          Д.С 2012 оны 4 дүгээр сард Өмнөговь аймгийн Ц сумын төвд иргэн Д.Бятой хамтран худалдаа үйлчилгээний төв байгуулахаар тохиролцож “О” нэртэй худалдааны төвийн барилгыг барьж байгуулсан бөгөөд уг барилгын хөрөнгөөс Д.Бяод 35 хувийн хөрөнгийг өгөх баримт бичгийг үйлдэхдээ нотариатч Ц.А-тай бүлэглэн хуурамч баримт бичиг үйлдэх замаар залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.6 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155’2, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр тооцжээ.

Улмаар 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Мөрдөн байцаах албаны Залилах, хөрөнгө завших гэмт хэрэг мөрдөн байцаах хэлтсийн мөрдөгчийн тогтоолоор яллагдагчаар татсан байна.

          Гэвч 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр түүнд холбогдох 000000000000 дугаартай НПГ-ын хяналтын прокурор Н.Оийн тогтоолоор “...Д.С, Ц.А нарыг бүлэглэн иргэн Д.Бяын өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлгүй....маргаж буй асуудал нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хэрэгт цугларсан баримтаар Д.Сг 2015 оны 2 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байх ба 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх, прокурорын дуудсан цагт саадгүй бэлэн байх үүргийг хүлээлгэж, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ө аймгийн Ц сумын төв ........... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг мөрдөгчийн тогтоолоор хязгаарлажээ.

Ийнхүү нэхэмжлэгч Д.Сд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарч, хүчин төгөлдөр болсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3-д зааснаар хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүссэн гэж үзэж, өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлыг арилгуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

Хэдийгээр эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагаа хууль бусад тооцогддог болно.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1, 45.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гарсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны авагдаагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогод 16.000.000 төгрөг нэхэмжилснээс тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харгалзан 5.424.000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгч сард 500.000 төгрөгийн цалин хөлс авч байсан гэх боловч хэрэгт 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 14/06 дугаартай “О” ХХК-ийн цалин олгох тухай тушаалаас өөр баримтгүй байх тул тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцов /2015 оны 3-12 саруудад 1.920.000 төгрөг, 2016 оны 1-12 саруудад 2.304.000 төгрөг, 2017 оны 1-5 дугаар саруудад 1.200.000 төгрөг гаргасан болно/.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан “И” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангийн 7 дах хэсэгт Монгол хүний сэтгэл санааны гэм хорын суурь үнийг 34.857.9 төгрөгөөр тогтоосон гэх ба 2 жилийн хугацаанд сэтгэл санааны хүндрэлтэй байсан гэж үзээд 12.722.805 төгрөгөөр тооцсон байна.

Уг хохирлын үнэлгээг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч хэргийн үйл баримт гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүргийнхээ хүрээнд гаргасан тул харгалзан үзэж, сэтгэл санааны хохиролд 6.361.402 төгрөг гаргуулж шийдвэрлэлээ.

Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн “....Цагдаа, прокуророос дуудсан цагт ирж байхыг даалгасан тул би ажил хийж чадахгүй үргэлж сэтгэлийн дарамттай байж, хэзээ дуудах бол хэмээн айдаг байсан бөгөөд хүмүүст эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэгдэхгүйг хичээж ажлаа хийж чаддаггүй байсан. Хийгээгүй хэргийнхээ төлөө яллагдагчаар татагдан ял сонсож, сэтгэл санааны хямралд орж, юу эсийг бодож байсныг төсөөлөхийн аргагүй, ...10-аас дээш жилтэй ялтай онц хүнд гэмт хэргийн яллагдагч болсноос сэтгэл санааны дарамтад орсон ..” гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

Харин хууль зүйн туслалцааны хөлсөнд өмгөөлөгчид 172.000.000 төгрөг буюу мөнгөн хэлбэрээр 10.000.000 төгрөг, 162.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь хуулбар хувь учраас нотлох баримтын шаардлага хангахгүйгээс гадна өмгөөлөгчөөр “Ө” ХХН-ийг төлөөлж өмгөөлөгч Т.Д-ын үсэг зурж, нөхөрлөлийн тамга дарагджээ.

Гэвч тус нөхөрлөл болоод Т.Д нарт 10.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт байхгүй, 2 дугаар хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаагаар иргэн Г.М нь Ө аймаг Ц сумын .............. тоот 90 м.кв орон сууц 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

Эндээс үзэхэд 172.000.000 төгрөг өмгөөллийн үйлчилгээнд төлсөн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн Нотариатын үйлчилгээний хөлс 246.000 төгрөг, архивын үйлчилгээний хөлс 88.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хөлс 7.000.000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал биш байх тул хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Эд хөрөнгийн болон алдагдсан боломжийн өртөг 1.206.835.220 төгрөгийн тухайд нэхэмжлэгч “О” худалдааны төвийг хэвийн нөхцөлд оруулах засвар, үйлчилгээний ажлын хөлсөнд 471.660.575 төгрөгийг, олох ёстой байсан орлогод 735.174.645 төгрөг гэж тайлбарладаг ба “О” худалдааны төвийг засварлах эсэх асуудал нь нэхэмжлэгчийн өөрийнх нь эрхийн асуудал ба өөрийн хувийн өмчийг засварласан зардлыг төр хариуцан арилгах үүрэг хүлээхгүйгээс гадна 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ө аймгийн Ц сумын төв .............. тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг мөрдөгчийн тогтоолоор хязгаарласнаас өөрөөр битүүмжлэх, эсхүл хураан авах ажиллагаа хийгдээгүй байна.

Өөрөөр хэлбэл захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгох ба ашиглах эрхийг хязгаарлаагүй байх тул “орлого олох боломжийг хаагаагүй” гэх прокурорын тайлбар хууль зүйн үндэслэлтэй.

Ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд эд хөрөнгийн аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг хэлэх бөгөөд ашиглах эрхээ хэрэгжүүлээгүйн төлөөх үр дагаврыг өмчлөгч өөрөө хариуцах учиртай.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Сд 11.785.402 төгрөгийн гэм хор учруулсан болох нь тогтоогдож байх тул Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар МУЗГНС-гаас 11.785.402 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.415.829.428 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдав.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 ,498 дугаар зүйлийн 498.4-т заасныг заасныг баримтлан гэм хор учруулсны хохиролд 11.785.402 төгрөгийг МУЗГНС-гаас гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.415.829.428 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Д.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        О.ЧУЛУУНЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                        Д.МӨНХЦЭЦЭГ

                                                                                                           

                                                                                       Ж.СЭМЖИД