Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00812

 

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00812

 

Д.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/00164 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.С-ийн гэм хорын хохиролд 1 427 614 830 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, прокурор Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С би Д.Б-той хамтран 2012 оны 4 дүгээр сараас эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд "О" гэх нэртэй худалдааны төвийн барилгыг барьж, 2013 оны 6 дугаар сард ашиглалтад оруулсан бөгөөд Д.Б нь Д.С  намайг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар залилан мэхэлсэн гэж 2014 оны 10 дугаар сард Цагдаагийн газарт гомдол гаргаж, Өмнөговь аймгийн прокурорын газраас 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хуулийн 1551.1, 1551.2 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн 201516010019 дугаартай хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоон, Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч а/х Ш.Х мөрдөн байцаалт явуулсан. 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл 32 сарын хугацаанд надад холбогдох гэх эрүүгийн хэргийг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2015 оны 01 дугаар сарын 23-ны өдрүүдэд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, 2017 оны 15 дугаар сарын 15-ны өдөр тус тус 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд Д.С намайг гэрчээр 5 удаа, сэжигтнээр 7 удаа, яллагдагчаар татаж 2 удаа мөрдөн байцаагч мэдүүлэг авсан. Мөн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол, хувийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, гадаадад зорчих эрхийг түр түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байсан. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 54 дугаартай тогтоол нь одоо хуулийн хүчин төгөлдөр болсон. Цагдаа, прокуророос дуудсан цагт ирж байхыг даалгасан тул би ажил хийж чадахгүй үргэлж сэтгэлийн дарамттай байж, хэзээ дуудах бол хэмээн айдаг байсан бөгөөд хүмүүст эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэгдэхгүйг хичээж ажлаа хийж чаддаггүй байсан. Хийгээгүй хэргийнхээ төлөө яллагдагчаар татагдан ял сонсож, сэтгэл санааны хямралд орж, юу эсийг бодож байсныг төсөөлөхийн аргагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явагдаж байх хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах "О" худалдааны төвийн үйл ажиллагаа бүрэн зогсож, түрээслэгч нар, дотор нь үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд гарч тус төвөөс ямар нэгэн орлого олоогүй. Өнөөдрийн байдлаар тус төвийг хэвийн үйл ажиллагаанд оруулахад их хэмжээний засвар шаардлагатай болоод байна. Учир нь эрүүгийн хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаас эхлэн тус төв үйл ажиллагаа явуулаагүй бүрэн зогсоосон бөгөөд хэвийн үйл ажиллагаанд оруулах, эд хөрөнгийн хохирол, засвар үйлчилгээнд 471 660 575 төгрөг шаардагдаж байгаа үүнийг гаргуулах шаардлагатай. Хэрэгт шалгагдаж байх тухайн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах Очир говь худалдааны төвийн үйл ажиллагаанаас зарлагаа хасаад 1 жилдээ 46 760 636 төгрөгийн орлого олж байсан. Би хэрэгт шалгагдаж эхэлсний улмаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах Очир говь" худалдааны төвийн үйл ажиллагааг явуулж чадахгүй болж, түрээсээс олж байсан жилийн орлого буюу 46 103 455 төгрөгийг 5 жилээр тооцож 229 174 456 төгрөг гаргуулах хүсэлтэй. Мөн Очир говь төвийн барилгын ажлыг явуулахад надад хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан бөгөөд 2013 оны 5 дугаар сард өөрийн өмчийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Хаадууд байр 1384.8 м.кв үйлдвэр үйлчилгээний байр, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт захын наана байрлах 10 га газрыг "Капитал банкны барьцаанд тавьж 320 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд хөрөнгө оруулалт хийсэн Очир говь худалдааны төвийн үйл ажиллагааг эрүүгийн хэргийн улмаас бүрэн зогсоож, зээлээ төлж чадахгүйд хүрч Капитал банк зээлийн барьцаагаар хангуулах шийдвэр гаргуулж эд хөрөнгөө алдсан. Тухайн эд хөрөнгийн үнэлгээ болох 1 911 760 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт чиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогддог болно. Учир нь нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох нь иргэн бүрийг эрхийн үндэслэлгүй хязгаарлалтаас хамгаалах зарчим юм. Улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хуульд хууль бус ажиллагаанд хамааруулдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа Өмгөөллийн билиг" ХХН-ийн хуульч, өмгөөлөгч Т.Д, М нартай гэрээ байгуулж өмгөөллийн хөлсөнд 10 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл 162 000 000 төгрөгийн төлбөрт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн 90 м.кв талбайг, м.кв-ыг 1 800 000 төгрөгөөр бодож 162 000 000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж өгсөн бөгөөд үүнийг төрөөс гаргуулах. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4-т зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй байна. Хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас сэтгэл санаанд учирсан хохиролд 200 000 000 төгрөг, гэм хорын хохирол нэхэмжлэх, нотлох баримт хуулбарлан авах, нотариатын үйлчилгээний зардалд 334 000 төгрөгийн зардал гарсныг тус тус нэхэмжилж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д хууль зөрчсөн ажиллагааны эрх зүйн үр дагаврын талаар заасан бөгөөд энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарах ойлголт юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т ...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог. Иймд иргэн Д.С намайг Хууль бусаар хэрэгт шалгагдаж, хэрэгсэхгүй болгох тогтоол гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааг 1 сарын 500 000 төгрөгөөр тооцож 32 сарын 16 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 200 000 000 төгрөг, хэрэгт шалгагдаж байх хугацаанд өмгөөллийн хөлсөнд төлсөн 172 000 000 төгрөг, хэрэгт мөрдөн шалгагдаж эхэлсэн цагаас буюу 2014 оны 10 дугаар сараас 2017 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд олох байсан түрээсийн орлого нэг жилийн 46 103 450 төгрөг буюу 5 жилийн 229 174 456 төгрөг, архив нотариатын үйлчилгээний хөлс 334 000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 2 383 420 575 төгрөг, нийт 3 000 929 031 төгрөгийг Монгол улсын Төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчлөн багасгаж, тодруулж байна. Ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 500 000 төгрөг, нийт 32 сарын 16 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 172 000 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 246 000 төгрөг, архивын үйлчилгээний хөлс 88 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хөлс 7 000 000 төгрөг, эд хөрөнгийн болон алдагдсан боломжийн өртөг 1 206 835 220 төгрөг, сэтгэл санааны хохиролд 12 722 805 төгрөг, нийт 1 414 892 025 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжилж байна. Урьд сэтгэл санааны хохиролд 200 000 000 төгрөг нэхэмжилж байсан ба 2014-2017 онуудын хооронд онц хүнд гэмт хэрэгт 10-аас дээш жилийн ялтай хэрэгт сэжигтэн яллагдагчаар шалгагдаад сэтгэл санааны маш их дарамтад байсан ба үнэлгээгээр 12 722 805 төгрөг гэж гарсныг нэхэмжилнэ гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хяналтын прокурор Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхэлдэггүй, худалдааны төвөө түрээслэж амьжиргаагаа залгуулдаг байсан ба огт орлогогүй гэх үндэслэлгүй. Хэрэгт нийгмийн даатгалаа төлөөд явж байсан баримт байна. Т.Д өмгөөлөгчтэй 10 000 000 төгрөгийг, мөн үйлчилгээний 90 м.кв барилгаа өгнө гэж гэрээ хийсэн байна. Энэ 10 000 000 төгрөгийг хэзээ, яаж шилжүүлсэн талаар баримт байхгүй. Т.Дэлгэрбаярт үл хөдлөх хөрөнгө шилжсэн гэх баримт алга байна. Эрүүгийн хэрэгт холбогдолтой зардал биш байна. Үнэлгээ өөрөө хийлгэсэн учир нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 471 661 000 төгрөгөөр засвар хийсэн гэж байх ба өөрийн хөрөнгөд засвар хийснийгээ хохирол гэж нэхээд байгаа нь үндэслэлгүй. Энэ үл хөдлөх хөрөнгө бүхэлдээ нэхэмжлэгчийнх биш. Бүх талбайд засвар оруулсан гээд байгаа нь хамааралгүй. Алдагдсан боломжийн тухайд прокуророос эд хөрөнгийг битүүмжилсэн эрхийн акт гарч байгаагүй, батлагдаж байгаагүй учраас хариуцах үндэслэлгүй. Эцэст нь хэлэхэд хэрэгт авагдсан баримтаар ер нь нотлогдохгүй байна гэж үзэж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Шүүх: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 ,498 дугаар зүйлийн 498.4-т заасныг заасныг баримтлан гэм хор учруулсны хохиролд 11 785 402 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч Д.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 415 829 428 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Д.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нь үндэслэлгүй бөгөөд би сард 500 000 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаас тухайн компаниас цалингаа авч чадаагүй. Түүнчлэн, Итгэлт-Эстимэйт ХХК нь сэтгэл санааны хохирлыг 12 722 805 төгрөг гэж тогтоосон байхад шүүх ямар үндэслэлээр 6 361 402 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд 172 000 000 төгрөг төлсөн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь өмгөөлөгч Г.М нь Д.С-ийн шалгагдаж байсан эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож олон удаагийн байцаалтанд оролцож байсан бөгөөд Г.М өмгөөлөгч хавтаст хэрэгт өмгөөллийн хөлсөнд 172 000 000 төгрөг авсан талаарх тодорхойлолтыг бичиж өгсөн байгааг шүүх дүгнэж үзээгүй. Мөн шүүх нотариатын үйлчилгээний хөлс 246 000 төгрөг, архивын үйлчилгээний хөлс 88 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хөлс 7 000 000 төгрөг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зардал биш гэж хууль зүйн хувьд илт зөрчилтэй шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ хийгээгүй хэргийнхээ төлөө эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж, яллагдагчаар татагдаагүй бол дээр дурдсан сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учрахгүй байх байсан буюу дээрх зардал Д.С гээс гарахгүй байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 11 785 402 төгрөг гэснийг 195 334 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.С нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 1 427 614 830 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шаардсаныг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хан-Уул дүүргийн Прокурорын газар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэн Д.С г 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 1551.1 1551.2-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон, тухайн өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар татаж, иргэн Д.Бямбацогттой хамтран 2012 оны 4 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд Худалдаа үйлчилгээний төв байгуулан, тус барилгад хөрөнгө оруулалт хийж, тус сумын нотариатч Ц.А-тай үгсэн хуйвалдан хөрөнгө хуваах гэрээг Д.Б-ыг оролцуулалгүй гарын үсгийг дуурайлган зурж баталгаажуулснаар түүнд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгасан байна. Тэрээр Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 54 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр Д.С д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдсон.

 

Хууль бусаар яллагдагчаар татагдсан, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан тул Д.С өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Д.С Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотын хооронд явж эрүүгийн хэрэгт шалгуулснаас ажил хийх боломжгүй болсон гэж 2014 оны 9 дүгээр сараас 2017 оны дугаар 5 дугаар сар хүртэлх 32 сарын цалин хөлсийг сар тутам 500 000 төгрөгөөр тооцож 16 000 000 төгрөг, эрүүгийн хэрэгт хилсээр шалгагдсаны сэтгэл санааны хохирол 12 722 805 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 172 000 000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 246 000 төгрөг, архивын үйлчилгээний хөлс 88 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хөлс 7 000 000 төгрөг, эд хөрөнгийн болон алдагдсан боломж 1 206 835 220 төгрөг нийт 1 414 892 025 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Төрийг төлөөлж оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй тул ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байсан, сэтгэл санааны хохирлын хэмжээг Иргэний хуулиар зохицуулаагүй, өмгөөлөгчид 172 000 000 төгрөгийн хөлс төлсөн нь нотлогдоогүй, нотариатын лавлагаа болон архивын лавлагааг авахад мөнгө төлсөн нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гарсан зардал биш, эд хөрөнгийн болон олох байсан ашиг орлогоо алдсан нь эрүүгийн хэрэгтэй холбоогүй гэх үндэслэлээр нэхэмжилж буй хохирлыг төрөөс гаргах үндэслэлгүй гэж татгалзлаа тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь Очир говь групп ХХК-д сард 500 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан гэх байдлаа тус компанийн тушаалаас өөрөөр нотолсон баримтгүй тул түүнд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүх эрүүгийн хэрэг үүсгэсэн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэж 5 424 000 төгрөгийг хангаж үлдэх 10 576 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүх сэтгэл санааны хохирлын хэмжээг Итгэл-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэсэн нь буруу байна. Гэхдээ шүүх нэхэмжлэгчийн 2015 оны 02 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэлх хугацаагаар эрүүгийн хүнд гэмт хэрэгт шалгагдсан байдал, биед илрэх зовиур, сэтгэлийн зовнилыг харгалзан үзэж сэтгэл санааны хохиролд 6 361 402 төгрөг гаргуулсанд төрийг төлөөлж оролцсон прокурор гомдол гаргаагүй байна. Учир нь нэхэмжлэгч талаас хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь зөвхөн нэг талын баримт байхаас гадна Итгэл-Эстимэйт ХХК-д Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай 15 дугаар зүйлийн 15.4.9-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий этгээд болох Сангийн яамнаас олгосон байна. Гэтэл тус компанийн үнэлгээчин Э.Г-т Монголын хохирол үнэлэгчдийн холбоо Төрийн бус байгууллагаас хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлын үнэлгээ гэсэн сэдвээр сургалтад хамрагдаж гэрчилгээ олгосон нь хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрөл гэж үзэхгүй. Тус компани нь Хөрөнгийн үнэлгээний хуулиар хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй болохоос сэтгэл санааны хохирлын үнэлгээ хийх эрх бүхий этгээд биш тул хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгчид учирсан сэтгэл санааны хохирлыг гаргуулах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 12 722 805 төгрөг гаргуулах, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 7 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа авсан тул өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх 172 000 000 төгрөгийг шаардсан. Хэргийн 2 дугаар хавтасны 1 дэх талд өмгөөлөгч Г.М Д.С д эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж хөлсөнд 10 000 000 төгрөг дансаар шилжүүлж авсан, үлдэх 162 000 000 төгрөгт Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Очир худалдааны төвийн 90 м.кв талбайг шилжүүлсэн гэх агуулга бүхий баримт авагдсан бөгөөд өмгөөлөгч Г.М ыг гэрчээр асуугаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж дүгнэх боломжгүй. Өмнөговь аймгийн Цогтцэций сум 2 дугаар баг Билгэх Баруун суу гудамжны 2, 2а тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний 90 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг хөлсөөр ажиллах буюу эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлсэн нь баримтаар нотлогдоогүй тул өмгөөллийн хөлсөнд 172 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Нэхэмжлэгч нь Очир говь худалдааны төвийг хэвийн нөхцөлд оруулах засвар үйлчилгээний ажлын хөлсөнд 471 660 575 төгрөг, олох ёстой орлогод 735 174 645 төгрөг нийт 1 206 835 220 төгрөг шаардсан байна. Хэргийн 2 дугаар хавтасны 152 дугаар талд мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Баруун суу 7-2, 7-2а хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан. Уг арга хэмжээ нь үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрх хязгаарласан болохоос тухайн үл хөрөнгийг эзэмших, ашиглах, орлого олох, үйл ажиллагаа явуулахыг хориглоогүй. Иймд үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийх зардал болон олох байсан ашиг орлого олоогүй нь эрүүгийн хэрэгт шалгуулсантай шалтгаант холбоогүй байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж 1 206 835 220 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй болжээ.

 

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нотариатын үйлчилгээний хөлс 246 000 төгрөг, архивын үйлчилгээний хөлс 88 000 төгрөг шаардсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш гэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Эдгээр зардалтай холбоотой мөнгө тушаасан баримтын цаг хугацаа нь хэрэгт авагдсан баримттай зөрж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгч Н.П-т 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр ковидтой холбоотой очих боломжгүй гэж 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүй тул анхан шатны шүүх зохигчдын зөвшөөрлийг үндэслэн иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/00164 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ