Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00913

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00913

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ЗНО  ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л ХХК /РД:00000/-д холбогдох, 

 

400,177,800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Очир, хариуцагчийн төлөөлөгч С.*******, түүний өмгөөлөгч Э.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь манай компанитай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 108/2019/ЛХ/01 гэрээ байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор 108/2019/ЛХБ/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг мөн өдөр байгуулсан. Бидний зүгээс тус гэрээний дагуу 6 удаагийн ачилтаар 134,740 литр дизель түлш нийлүүлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нь 266,785,200 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ************** ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 108/2019/ЛХБ/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах ээний 5.2.1-т Худалдан авагч нь гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүрэн 100 хувь төлж барагдуулсан байна гэж мөн гэрээний 5.2.2-т Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө. гэж тус тус заасан байдаг. ******* ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний төлбөрийг 375 хоногоор хэтрүүлсэн байх тус тус гэрээний 5.2.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үвийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг үлдэгдэл төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцоход 133,392,600.00 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үлдэгдлийн хамт нийт 400,177,800.00 төгрөгийг төлж барагдуулах тооцоо гарч байна. Иймд нийт 400,177,800 төгрөгийг гаргуулж, дээрх төлбөрийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй байх тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 10 сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны 108/2019/ЛХБ/01 дугаартай гэрээний дагуу манай компанийн барьцаанд авсан Эд хөрөнгийн эрхийн Ү-2205028799 дугаартай Баянгол дүүрэг, 3-р хороо, 2 дугаар хороолол, 40-р байр, 14 тоот хаягт байрлах 153.10 м.кв 4 өрөө орон сууц, Эд хөрөнгийн эрхийн Ү-2205028820 дугаартай Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах 18 м.кв авто зогсоол зэргээр тус тус хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь ************** ******* ХХК-ийн гаргасан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр 266,785,200 төгрөг, алданги 133,392,600 төгрөг нийт 400,177,800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр 14 тоот хаягт байрлах 153.10 мкв талбайтай 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах 18 мкв автозогсоол зэрэг хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгч ************** ******* ХХК-ийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Манай компани нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 108/2019/ЛХ/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр 108/2019/ЛХБ/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж ************** ******* ХХК-иас 130,000 литр түлшийг 1 литрийг 1,980 төгрөгөөр тооцон нийт 257,400,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг түлш нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд төлөх, Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр 14 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-2205028799 дугаарт бүртгэгдсэн, 000659240 дугаар гэрчилгээ бүхий 153.10 мкв талбайтай 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-2205028820 дугаарт бүртгэгдсэн, 000659241 дугаар гэрчилгээ бүхий 18 мкв автозогсоолыг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаанд тавьсан. Манай компани нь 2015 оноос хойш нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан боловч 2019 оны 12 дугаар сараас нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа зогсохын зэрэгцээ хамтран ажиллагч Грийнлэнд ричис ХХК-иас гэрээний хөлс төлөөгүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан ************** ******* ХХК-д гэрээнд заасан хугацаанд түлшний үнийг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул манай компанийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/11-05 тоот албан бичгээр ************** ******* ХХК-нд хандаж түлшний үнийг төлөх боломжгүй нөхцөл байдалд орсон тул барьцаанд тавьсан орон сууцаар түлшний үнийг төлөхөө илэрхийлсэн утга агуулга бүхий хүсэлт гаргасныг ************** ******* ХХК шатахуун нийлүүлсэн төлбөртөө үл хөдлөх эд хөрөнгө авах сонирхолгүй болохоо илэрхийлж, хариу ирүүлсэн байдаг. Гэтэл Иргэний хуулийн 231 дугээр зуйлийн 231.1-т уүргийн гүйцэтгэлийг хангах аргыг зааж өгсөн бөгөөд мөн зүйлийн 231.1,4-т зааснаар барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг аргад хамаарах буюу бидний хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 108/2019/ЛХБ/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан хэлцэл болно. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хүрээнд худалдан авагч нь худалдагчид түлшний үнэд 257,400,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр 14 тоот хаягг байрлах 153.10 мкв талбайтай 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах 18 мкв автозогсоол барьцаалагдсан тул үндсэн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг төлөх боломжгүй тохиолдолд барьцаанд тавигдсан эд хөрөнгөөр уг үүргийг гүйцэтгэлийг хангах нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 108/2019/ЛХ/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр 108/2019/ЛХБ/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-үүдэд нийцнэ. Гэтэл худалдагч ************** ******* ХХК нь барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзсанаар манай компани өнөөдрийн байдлаар их хэмжээний алданги төлөх нөхцөлд байдалд хүрсэн болно. Бидний хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 108/2019/ЛХ/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 9 дүгээр зүйлд хүнд нөхцөл болон гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалд талуудын хүлээх хариуцлагыг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 9.2-т Давагдашгүй хүчин зүйл гэдэгт байгалийн гамшиг, үер ус, гал түймэр, газар хөдлөлт болон эдгээртэй адилтгах бусад нөхцөлийг давагдашгүй хүчин зүйлст тооцно, 9.4-т Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс, хүнд нөхцөлийн улмаас нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөгөө тал нь алданги болон үүргээ биелүүлээгүй улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхгүй гэж заасны дагуу Монгол улсад төдийгүй дэлхий нийтэд тулгамдаад буй халдварт өвчин /коронавирус/-ийн улмаас түлшний үнийг хурдан хугацаанд төлж чадахгүй нөхцөл байдалд хүргэсэн болно. Иймд дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг буюу алданги 133,392,600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй харин үлдэх хэсэг буюу үндсэн төлбөр 266,785,200 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний үнэ 266,785,200 төгрөг, алданги 133,392,600 төгрөг нийт 400,177,800 төгрөг гаргуулах, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эд хөрөнгийн эрхийн Ү-2205028799 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах 153.10 м.кв талбайтай орон сууц, эд хөрөнгийн эрхийн Ү-2205028820 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах, 18м.кв талбайтай, авто зогсоолоос хангуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас газрын тосны бүтээгдэхүүний үнэ 266,785,200 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүнд нөхцөл бий болсонтой холбоотойгоор үүргийг хугацаанд гүйцэтгэх боломжгүй болж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах санал тавихад барьцааны зүйлээс татгалзсан учир алданги болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн 400,177,800 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч ************** ******* ХХК, хариуцагч ******* ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №108/2019/ЛХ01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр ************** ******* ХХК нь 1 литр нь 1980 төгрөгийн үнэ бүхий түлш нийлүүлэх, ******* ХХК нь үнийг түлш нийлүүлсэн өдрөөс хойш хуанлин 30 хоногийн дотор төлөхөөр тохиролцжээ.

 

Дээрх гэрээний агуулга, талуудын хүлээх үүрэг, хариуцлага зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Зохигч талууд хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №108/2019/ЛХ01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал болон газрын тосны бүтээгдэхүүний үнэ 266,785,200 төгрөг төлөгдөөгүй тухайд маргаангүй байна.

 

Талуудын гэрээний 5.2.1-т Худалдан авагч гэрээний салшгүй хэрсэг болох хавсралтад заасан барааны төлбөрийг худалдагчийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш хуанлин 30 хоногийн дотор бүрэн буюу 100 хувь төлж барагдуулсан байна, 5.2.2-т Худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө, 9.1, 9.2-т хүнд нөхцөл болон давагдашгүй хүчин зүйлийн талаар, 9.4-т Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөлийн улмаас нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөгөө тал нь алданги болон үүргээ биелүүлээгүй улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж тохирсон байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар, Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол гарч, Шинэ корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 4 удаагийн нийт худалдан авсан түлшний үнэ 266,785,200 төгрөг төлөх үүрэг үүссэн байна. /хх-ийн 26/ Гэвч хариуцагч 2019 оны 11 сарын 18-ны өдөр А/11-06 дугаар албан бичгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэх хүсэлт тавьжээ /хх-ийн 23/. Нэхэмжлэгч 2019 оны 11 сарын 22-ны өдөр 19/329 дугаар албан бичгээр төлбөр төлөх хугацааг 2019 оны 12 сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулж, энэ хугацаанд алданги тооцохгүй бөгөөд барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцож авах сонирхолгүй байгааг мэдэгджээ.

 

Талууд гэрээгээр гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөлийн улмаас нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөгөө тал нь алданги болон үүргээ биелүүлээгүй улмаас өөрт учирсан хохирлыг шаардахгүй байхаар тохирсон байх бөгөөд 2020 оны 02 сарын 13-ны өдрөөс гэрээнд заасан хүнд нөхцөл байдал бий болсон байх тул энэ үес хойш хугацааны алдангийг төлөх үүргээс гэрээний дагуу чөлөөлөгдөхөөр байна. Харин нэхэмжлэгчээс төлбөр төлөхөөр тогтоосон 2019 оны 12 сарын 15-ны өдрөөс 2020 оны 02 сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцох алданги 73,365,930 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид түлшний үнэ 266,785,200 төгрөг, алданги 73,365,930 төгрөг нийт 340,151,130 төгрөг төлөх үүрэг хүлээнэ.

 

Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч ************** ******* ХХК, хариуцагч ******* ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №108/2019/ЛХ01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд №108/2019/ЛХБ/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г бичгээр байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №108/2019/ЛХБ/01 дугаартай барьцааны гэрээгээр эд хөрөнгийн эрхийн Ү-2205028799 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах 153.10 м.кв талбайтай орон сууц, эд хөрөнгийн эрхийн Ү-2205028820 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах, 18м.кв талбайтай, автозогсоолыг барьцаалсан байх бөгөөд гэрээ хуулиар тогтоосон шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хариуцагч нь 340,151,130 төгрөг төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар нэхэмжлэгч нь барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай. Харин мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардаж барьцааны хөрөнгийг төлбөрт тооцож авахаас татгалзсан нь мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасан барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн үндэслэлд хамаарахгүй.

 

Иймд хариуцагч төлбөр төлөх үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох эд хөрөнгийн эрхийн Ү-2205028799 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах 153.10 м.кв талбайтай орон сууц, эд хөрөнгийн эрхийн Ү-2205028820 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах, 18м.кв талбайтай, автозогсоолыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэл хангах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ******* ХХК-иас 340,151,130 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************** ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,026,676 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ******* ХХК нь 340,151,130 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эд хөрөнгийн эрхийн Ү-2205028799 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах 153.10 м.кв талбайтай орон сууц, эд хөрөнгийн эрхийн Ү-2205028820 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах, 18м.кв талбайтай, автозогсоолыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ************** ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,229,039 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 1,928,906 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР