Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00947

 

“ЗНО” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00913 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЗНО ХХК-ийн хариуцагч Л ХХК-д холбогдуулан гаргасан 400 177 800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л ХХК нь манай компанитай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 108/2019/ЛХ/01 гэрээ байгуулж, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор 108/2019/ЛХБ/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг мөн өдөр байгуулсан. Бидний зүгээс тус гэрээний дагуу 6 удаагийн ачилтаар 134 740 литр дизель түлш нийлүүлсэн бөгөөд 266 785 200 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ЗНО ХХК болон Л ХХК-ийн хооронд байгуулагдсан 108/2019/ЛХБ/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах ээний 5.2.1, 5.2.2-т заасны дагуу хариуцагч 375 хоногоор үүргийн гүйцэтгэлийг хэтрүүлсэн байх тул 133 392 600 төгрөг, гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний үлдэгдэл нийт 40 177 800 төгрөгийг гаргуулах, дээрх төлбөрийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компани нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 108/2019/ЛХ/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр 108/2019/ЛХБ/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж ЗНО ХХК-аас 130,000 литр түлшийг 1 литрийг 1 980 төгрөгөөр тооцон нийт 257 400 000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг түлш нийлүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд төлөх, Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр 14 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-2205028799 дугаарт бүртгэгдсэн, 000659240 дугаар гэрчилгээ бүхий 153.10 мкв талбайтай 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-2205028820 дугаарт бүртгэгдсэн, 000659241 дугаар гэрчилгээ бүхий 18 мкв авто зогсоолыг үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаанд тавьсан. Манай компани нь 2015 оноос хойш нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байсан боловч 2019 оны 12 дугаар сараас нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа зогсохын зэрэгцээ хамтран ажиллагч Грийнлэнд ричис ХХК-иас гэрээний хөлс төлөөгүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан ЗНО ХХК-д гэрээнд заасан хугацаанд түлшний үнийг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Манай компанийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/11-05 тоот албан бичгээр ЗНО ХХК-д хандаж түлшний үнийг төлөх боломжгүй нөхцөл байдалд орсон тул барьцаанд тавьсан орон сууцаар түлшний үнийг төлөхөө илэрхийлсэн утга агуулга бүхий хүсэлт гаргасныг ЗНО ХХК шатахуун нийлүүлсэн төлбөртөө үл хөдлөх эд хөрөнгө авах сонирхолгүй болохоо илэрхийлж, хариу ирүүлсэн байдаг.  Бидний хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 108/2019/ЛХ/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 9 дүгээр зүйлд хүнд нөхцөл болон гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалд талуудын хүлээх хариуцлагыг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан бөгөөд Монгол улсад төдийгүй дэлхий нийтэд тулгамдаад буй халдварт өвчин /коронавирус/-ийн улмаас түлшний үнийг хурдан хугацаанд төлж чадахгүй нөхцөл байдалд хүргэсэн болно. Иймд дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу алданги 133 392 600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэх хэсэг буюу үндсэн төлбөр 266 785 200 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Л ХХК-аас 340 151 130 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЗНО ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60 026 676 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Л ХХК нь 340 151 130 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эд хөрөнгийн эрхийн Ү-2205028799 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах 153.10 м.кв талбайтай орон сууц, эд хөрөнгийн эрхийн Ү-2205028820 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах, 18м.кв талбайтай, авто зогсоолыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ЗНО ХХК- аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 229 039 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-иас 1 928 906 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.17, 120 дугаар зүйлийн 120.2, 168 дугаар 168.1.1-т тус тус заасны дагуу дараах байдлаар давж заалдах гомдол гаргаж байна. Талууд зээлээр дизель түлш худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тодорхойлж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан ба эхний хавсралт ёсоор 134 740 литр дизель түлшний үнийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн байсан боловч худалдан авагч “Л” ХХК нь хамтран ажиллагч “Грийнлэнд ричис” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний мөнгө орж ирээгүй гэх үндэслэлээр гэрээнд заасан хугацаанд түлшний үнийг төлөх боломжгүй болохоо илэрхийлж гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах саналыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тавихад худалдагч “Зууннайман ойл” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгээр барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцож авах сонирхолгүй байгаагаа мэдэгддэг. Гэтэл анхан шатны шүүх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэхдээ “... Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох зохицуулалттай. Харин мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардаж барьцааны хөрөнгийг төлбөрт тооцож авахаас татгалзсан нь мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасан барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн үндэслэлд хамаарахгүй тул барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцнэ гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт барьцааны эрх дуусгавар болох тохиолдол барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор, барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэнээр, барьцаалагч эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгсөн зэрэг хуульд заасан тохиолдолд барьцааны эрх дуусгавар болохоор зохицуулсан байх бөгөөд ийнхүү барьцааны эрх дуусгавар болох нь барьцаалагч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болох юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “ЗНО” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 266 785 200 төгрөг, алданги 133 392 600 төгрөг, нийт 400 177 800 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснээс хариуцагч алданги                  133 392 600 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж маргажээ.

 

            Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 108/2019/ЛХ01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний 3.1 болон хавсралт 1-д зааснаар 130 000 литр түлшийг нэгж үнийг 1 980 төгрөгөөр тооцож, нийт 257 400 000 төгрөгийн үнэ бүхий түлшийг “ЗНО” ХХК-аас “Л” ХХК-д нийлүүлэх, Л ХХК нь үнийг түлш нийлүүлсэн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 7-20 дугаар тал/

 

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

            Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч “ЗНО” ХХК нь 4 удаагийн ачилтаар гэрээнд заасны дагуу 130 000 литр дизель түлш болон нэмэлтээр 4 740 литр дизель түлшийг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагчаас нийлүүлсэн түлшний үнэ 266 785 200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.2-т худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасан шаардлагыг тус тус хангасан байна.

 

Дээрх гэрээний 9.1, 9.2-т хүнд нөхцөл болон давагдашгүй хүчин зүйлийн талаар, 9.4-т гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөлийн улмаас нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нөгөө тал нь алданги болон үүргээ биелүүлээгүй улмаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж тохирсон байна.

 

Анхан шатны шүүхээс алдангийг нэхэмжлэгчээс төлбөр төлөхөөр тогтоосон 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Монгол улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд тооцож, алданги 73 365 930 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60 026 676 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй. Зохигчид алданги тооцсонтой холбогдуулан давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Талууд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 108/2019/ЛХБ/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд Ү-2205028799 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах 153.10 м.кв талбайтай орон сууц болон эд хөрөнгийн эрхийн Ү-2205028820 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах, 18м.кв талбайтай, авто зогсоолыг тус тус барьцаалсан байна. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан. Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан, Ү-2205028799 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах 153.10 м.кв талбайтай орон сууц, эд хөрөнгийн эрхийн Ү-2205028820 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 40 дүгээр байр, 14 тоот хаягт байрлах, 18м.кв талбайтай, авто зогсоолыг тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс, гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах саналыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “ЗНО” ХХК-д хүргүүлсэн боловч 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичгээр барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцож авах боломжгүй талаар мэдэгсэн тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасны дагуу барьцааны эрх дуусгавар болсон гэж давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчээс гэрээний үнийн дүнг шаардаж, барьцааны зүйлийг гэрээний үнэд тооцон авч, үндсэн гэрээг дуусгавар болгохоос татгалзсан нь барьцааны эрх дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ДАВААДОРЖ

 

                                            ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

                   

                                                                                           С.ЭНХТӨР