Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/00950

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/00950

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Б.Б /РД:000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НИ ХХК /РД:00000/,

Хариуцагч: А.Б /РД:00000/ нарт холбогдох, 

 

Хувь нийлүүлэх гэрээг цуцалж, 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн, хариуцагч А.*******-*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Чинзориг, гэрч А.*******туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* миний бие 2018 оны 4 дүгээр сард А.*******-*******тэй танилцаж махны бизнес хийдэг, хөрөнгө оруулж хувь нийлүүлээч, ашиг ихтэй, ашгаа тэнцүү хуваана гэсэн санал тавьж манай ажил дээр байнга ирж гуйсан юм. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Нэгүжин ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал А.*******-*******тэй хувь нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өөрийн Хаан банкны 5032493219 тоот данснаас А.*******-Эрдэнийн Хаан банкны 5011248310 тоот данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Гэтэл өнөөдрийг хүртэл Нэгүжин ******* ХХК болон түүний гүйцэтгэх захирал А.*******-******* нар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д заасан жил бүрийн 6 болон 12 дугаар саруудад өөрийн ногдол ашгийг хүртээнэ гэснээ ашиг нэхээд ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Махны үйлдвэрлэл эрхэлж байгаа нь тодорхойгүй, мэдээ тайлангаа ирүүлэхгүй байна. Иймд Б.******* надтай байгуулсан Нэгүжин ******* ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Хувь нийлүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.6-д заасны дагуу гэрээг цуцалж, 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.*******-******* Нэгүжин ******* ХХК-ийн захирал биш гэдэг нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдохгүй байна гэлээ. Анх гэрээ байгуулахад мөнгөө өгсөн. А.*******-******* тухайн үед Нэгүжин ******* ХХК-ийн эрх бүхий хүн байсаар байтал тамга, тэмдгийг нь ашиглаж гэрээ байгуулсан. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Нэгүжин ******* ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд юм байна гэж итгэж байсан. Гэтэл компаниас ямар нэг мэдээ тайлан ирэхгүй байхаар нь бид өөрсдийн боломжоороо хайхад Л.Зоригтбаатар гэх хүн гарч ирсэн. А.*******-******* руу залгахад өөрөө Нэгүжин ******* ХХК-д 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд зуучилж өгсөн гэж холбоо бариагүй. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахад А.*******-******* нь Нэгүжин ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал биш гэх лавлагаа гарч ирсэн. Өөрөөр хэлбэл А.*******-******* гэрээ байгуулахдаа компанийн тамга тэмдгийг ашиглаж 20,000,000 төгрөг авахын тул хуурамч гэрээ байгуулсан байж болохуйц нотлох баримтууд нь гарч ирсэн. Гэрээний хугацааны талаар ярьж байна. Хуурамчаар гэрээ байгуулж бусдыг төөрөгдүүлэн Б.*******оос 20,000,000 төгрөг авсан. Үнэхээр миний мөнгийг хөрөнгө оруулалт гээд цааш нь авсан бол компанийнхаа дансанд хийгээгүй өөрийн дансанд хийж бага багаар зарцуулсан байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн хувьд А.*******-*******эс 20,000,000 төгрөгөө нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч А.*******-******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.*******-******* нь Нэгүжин ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд хариуцагчаар татагдан оролцож байгаа боловч одоо миний бие тус компанид огт хамааралгүй, ямар нэгэн албан тушаал хашихаа больсон, тус компаниас цалин авдаггүй бөгөөд өөрөөр хэлбэл хүлээх үүрэг албан тушаалтан байхаа 2019 оны 3 дугаар сараас эхлэн больсон. Уг иргэний хэрэгт жинхэнэ хариуцагч нь одоо Нэгүжин ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Зоригтбаатарыг татаж энэхүү нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Энэ нь нэгдүгээрт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас тодруулсан лавлагаа, хоёрдугаарт миний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх нотлох баримт бүхий нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр хангалттай тогтоогдож байнаа болно. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хийсэн гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд гэрээний нөгөө тал болох Нэгүжин ******* ХХК нь хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Мөн миний бие тус компанид 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж маркетингийн менежер, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс маркетинг хариуцсан гүйцэтгэх захирлаар томилогдсон боловч улсын бүртгэлд энэ талаарх тэмдэглэл өөрчлөлтийг хувьцаа эзэмшигч Л.Зоригтбаатар нь бүртгүүлээгүй байсан болохыг хожим хойно улсын бүртгэлийн лавлагаанаас олж мэдсэн. Хэдийгээр тухайн үедээ буюу гэрээ байгуулах үед гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан боловч компанийн хувьцаа эзэмшигч ерөнхий захирал Л.Зоригтбаатар нь надтай ярилцаж ойлголцоогүй байж намайг эзгүйд компанийн түрээсийн байрыг татан буулгаж үйл ажиллагааг нь зогсоосон байсан. Энэ нь ерөнхий захирлын хувьд Л.Зоригтбаатарын ганцаараа шийдэх эрх хэмжээний асуудал мөн боловч нэгэнт бизнесийн хамтрагчаар орж ажиллах байсан би болон манай дүү А.*******туяа, мөн хувь нийлүүлэгч Б.******* зөвшилцөж асуудлыг шийдвэрлээгүй. Мөн миний бие нэхэмжлэгч Б.*******той 2002-2003 оны үеэс оюутан ахуй цагтаа танилцсан, гэтэл нэхэмжлэгч ямар зорилгоор 2018 оны 4 дүгээр сард надтай танилцсан гэж дурдсаныг ойлгохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан шиг байнга ажил дээр нь очиж гуйгаагүй. Харин нэг удаа санамсаргүй очиж уулзахдаа хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа талаар ярьсан юм. Тэгэхэд Б.******* өөрөө зөвшөөрч би хөрөнгө оруулалт хийе гэж хэлээд дараагийн удаа гэрээ байгуулсан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар ашиг хуваарилахаар тохиролцсон байхад ашгаа тэнцүү хуваах талаар ярьсан гэж бас л илэрхий худал зүйлийг нэхэмжлэлд дурдсан байна. Б.*******ын хувь нийлүүлэх гэрээний дагуу оруулсан хөрөнгө болох 20,000,000 төгрөгийг хэдийгээр миний данс руу шилжүүлсэн боловч энэхүү хөрөнгө оруулалтыг тус компанид хөрөнгө оруулалтаар зарцуулсан болох нь миний өөрийн Хаан банкны 5011248310 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар бүрэн нотлогдоно. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гэрээний нэг тал болох Нэгүжин ******* ХХК нь хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК, А.*******-******* нарт холбогдуулан хувь нийлүүлэх гэрээг цуцалж, 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилж, А.*******-Эрдэнийг ******* ******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд учир хувь нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг хариуцагч А.*******-*******эс гаргуулахаар шаардаж, хамтран хариуцагч ******* ******* ХХК-иас татгалзсан байна.

  

Хариуцагч А.*******-******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...хувь нийлүүлэх гэрээ нь Б.******* болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдаж, 20,000,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Тухайн үед гүйцэтгэх захирлын хувьд төлөөлөн гэрээ байгуулсан учир гэрээний үүргийг хариуцахгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Нэгүжин ******* ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хувь нийлүүлэх гэрээ-г бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээнд нэг талаас нэхэмжлэгч Б.*******, нөгөө талыг төлөөлж компанийн гүйцэтгэх захирал А.*******-******* гарын үсэг зурж, компанийн тэмдэг дарсан байна. /хх-ийн 3 дугаар тал/

 

Гэрээгээр Б.******* нь 20,000,000 төгрөгийг Нэгүжин ******* ХХК-д нийлүүлж, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, худалдаалагдсан ашгаас 3 жил 1 сарын хугацаанд 10 хувийг авахаар тохирчээ.

 

Гэвч Нэгүжин ******* ХХК-ийг төлөөлөн Б.*******-******* гэрээнд гарын үсэг зурсан боловч Нэгүжин ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Л.Зоригтбаатар болох нотлогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 83.8-д зааснаар Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан.

 

Хариуцагч А.*******-Эрдэнийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэрт менежер, 2018 оны 07 сарын 02-ны өдрийн тушаалаар гүйцэтгэх захирлаар томилсон бичилт хийгдсэн хэдий ч Нэгүжин ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүтгэсэн бүргэлгүй тул хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална. Маргаж буй хэлцэлд хуулийн этгээдийг төлөөлж гэрээ байгуулах эрхийг эрх бүхий этгээдээс авсан, эсхүл уг этгээдээс хэлцлийг дэмжсэн зөвшөөрөл олгосон талаар хариуцагч нотолж чадаагүй, хэрэгт авагдсан баримтгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч А.*******-******* нь Нэгүжин ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, эсхүл эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр хэлцэл хийсэн нь нотлогдохгүй байх тул төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

 

Хариуцагч А.*******-Эрдэнийн дансанд нэхэмжлэгч Б.******* нь хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулаар шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч А.*******-*******эс 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******од олгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас татгалзах эрхтэй бөгөөд энэ талаар бусад этгээдийн зөвшөөрөл авах шаардлагагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Нэгүжин ******* ХХК-иас татгалзсан тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хамтран хариуцагч Нэгүжин ******* ХХК-иас татгалзсан нэхэмжлэгч Б.*******ын татгалзлыг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагч А.*******-*******эс 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******од олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь хамтран хариуцагч Нэгүжин ******* ХХК-иас татгалзлыг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******-*******эс 258,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР