Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01022

 

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01022

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102Ш2021/00950 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НN ХХК, А.Б- нарт холбогдох

Хувь нийлүүлэх гэрээг цуцалж, 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б- миний бие 2018 оны 4 дүгээр сард А.Б-тэй танилцаж, тэрээр ...махны бизнес хийдэг, хөрөнгө оруулж хувь нийлүүлээч, ашиг ихтэй, ашгаа тэнцүү хуваана... гэсэн санал тавьсан. Улмаар 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр НN ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б-тэй хувь нийлүүлэх гэрээ байгуулсан. А.Б- тухайн үед НN ХХК-ийн тамга, тэмдгийг нь ашиглаж гэрээ байгуулсан. Гэрээний дагуу би 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өөрийн Хаан банкны данснаас А.Болор-Эрдэнийн Хаан банкны данс руу 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл НN ХХК болон түүний гүйцэтгэх захирал А.Б- нар гэрээний 4.5-д зааснаар ...жил бүрийн 6 болон 12 дугаар саруудад өөрийн ногдол ашгийг хүртээнэ... гэсэн атлаа ашиг нэхэхэд ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Махны үйлдвэрлэл эрхэлж байгаа нь тодорхойгүй, мэдээ тайлангаа ирүүлээгүй тул бид өөрсдийн боломжоороо хайхад Л.Зоригтбаатар гэх хүн гарч ирсэн. А.Б- руу залгахад өөрөө НN ХХК-д 20 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд зуучилж өгсөн гэж хэлээд дахин холбоо бариагүй. Иймд НN ХХК-тай байгуулсан хувь нийлүүлэх гэрээний 2.2.6-д заасны дагуу гэрээг цуцалж, 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Б- нь НN ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд хариуцагчаар татагдан оролцож байгаа боловч одоо миний бие тус компанид огт хамааралгүй, ямар нэгэн албан тушаал хашихаа больсон, тус компаниас цалин авдаггүй бөгөөд 2019 оны 3 дугаар сараас эхлэн үүрэг хүлээх албан тушаалтан байхаа больсон. Уг иргэний хэрэгт жинхэнэ хариуцагч нь одоо НN ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Зоригтбаатарыг татаж энэхүү нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй. Миний бие тус компанид 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж маркетингийн менежер, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс маркетинг хариуцсан гүйцэтгэх захирлаар томилогдсон боловч улсын бүртгэлд энэ талаарх тэмдэглэл өөрчлөлтийг хувьцаа эзэмшигч Л.Зоригтбаатар нь бүртгүүлээгүй байсан болохыг хожим хойно улсын бүртгэлийн лавлагаанаас олж мэдсэн. Хэдийгээр тухайн үедээ буюу гэрээ байгуулах үед гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан боловч компанийн хувьцаа эзэмшигч ерөнхий захирал Л.Зоригтбаатар нь надтай ярилцаж ойлголцоогүй байж намайг эзгүйд компанийн түрээсийн байрыг татан буулгаж үйл ажиллагааг нь зогсоосон байсан. Энэ нь ерөнхий захирлын хувьд Л.Зоригтбаатарын ганцаараа шийдэх эрх хэмжээний асуудал мөн боловч нэгэнт бизнесийн хамтрагчаар орж ажиллах байсан би болон манай дүү А.Болортуяа, мөн хувь нийлүүлэгч Б.Б- зөвшилцөж асуудлыг шийдвэрлээгүй. Гэрээний 4.2-т зааснаар ашиг хуваарилахаар тохиролцсон байхад ашгаа тэнцүү хуваах талаар ярьсан гэж худал зүйлийг нэхэмжлэлд дурдсан байна. Б.Б-ын хувь нийлүүлэх гэрээний дагуу оруулсан хөрөнгө болох 20 000 000 төгрөгийг хэдийгээр миний данс руу шилжүүлсэн боловч энэхүү хөрөнгө оруулалтыг тус компанид хөрөнгө оруулалтаар зарцуулсан. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний нэг тал болох НN ХХК нь хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу хариуцагч А.Б-эс 20 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Б- нь хамтран хариуцагч НN ХХК-иас татгалзлыг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-эс 258 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн. Хэргийн хариуцагчдын талаарх маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, шүүх дангаараа нэхэмжлэгч хүсэлт гаргахаас өмнө хууль бусаар хариуцагчийг тодорхойлж иргэний хэрэг үүсгэсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар илэрхий нотлогдож байдаг. Учир нь нэхэмжлэгч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлд хоёр хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан байх бөгөөд иргэн А.Б- миний бие ...нэхэмжлэлд дурдсан 2 субъектийн аль нь ч биш, оршин суугаа хаяг нь ч өөр байна. Би одоо энэ НN ХХК-д хамааралгүй болсон, энэ компаний гүйцэтгэх захирлаар тодорхой хугацаанд бол ажиллаж байсан нь үнэн, харин одоо бол надад хамааралгүй нэхэмжлэл юм биш үү..." гэдгээ шүүгчийн туслахад хэлэхэд "...За та ямар ч байсан авчих..." хэмээн нэхэмжлэлийг надад хууль бусаар гардуулсан. Миний бие НN ХХК-д түр хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сараас эхлэн нэг жил арай хүрэхгүй хугацаагаар ажилласан байхад шүүх үүнийг харгалзан үзэж дүгнэлт хийгээгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ямар нэгэн байдлаар иргэн А.Болор-Эрдэнийг хариуцагчаар татах хүсэлтийг огт гаргаагүй байхад анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан гүйцэтгэх захирал нь би биш болсон гэдгээ хэлсээр байхад гүйцэтгэх захирлын хувьд биш жирийн иргэн хүний хувиар намайг хариуцагчаар тогтоож иргэний хэрэг үүсгэжээ. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч талд хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуулийн зөвлөгөө өгсөн, нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн зөвтгөх боломжийн тухайд хэлсэн. Мөн шаардлагатай гэрч, хамтран хариуцагч, гуравдагч этгээдүүдийн талаар хүсэлт тавихад "Хаяган дээрээ байдаггүй хүн байна лээ" гэж хэлэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэргийн бодит байдлыг тогтооход зорилгоор НN ХХК, түүний гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй Л.Зоригтбаатарыг оролцуулах зайлшгүй шаардлагатай байхад үүнийг мөн л харгалзаж үзэлгүй зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашиг, сонирхлыг хамгаалан хангасан шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан шаардлагыг шүүх хуралдааны явцад зөвлөх, тайлбарлах байдлаар оролцож, мэтгэлцэх зарчмыг орхигдуулан хууль зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрчлөх хүсэлт гаргаагүй байхад тулган асууж, шүүхийн шийдвэртээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрчлөн оруулж, улмаар хэлцлийг хүчин төгөлдөр бус хэмээн дүгнэн тусгасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл огт гаргаагүй юм. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа гэрээ биелэгдээгүй гэх үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж, улмаар оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авах тухай л байсан. Үүнийгээ ч хурал дээр тайлбарладаг. Гэтэл Хувь нийлүүлэх гэрээний нэг талд НN ХХК нөгөө талд Иргэн Б.Б- байдаг. Иймд гэрээ биелэгдээгүй гэж тайлбарлах боловч тус нэрлэгдээгүй гэрээний 2.2.6-д зааснаар "Компанийн буруугаас үүдэн аливаа хохирол учирч, компани ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд гэрээг дангаар цуцлах. хөрөнгө оруулалтыг нөхөн төлүүлэх эрхтэй" хэмээн заасан үндэслэлээр гэрээгээ цуцалж, 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргасан. Нэхэмжлэгч тал энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, дэмжиж байна гэж тайлбарладаг. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хууль бусаар өөрчилсөн гэж үзэхээр байна.Мөн шүүх гэрээг үнэн зөв бодитой дүгнэж чадаагүй. Энэхүү "Хувь нийлүүлэх гэрээ" нь нэрлэгдээгүй гэрээ гэж үзэх бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэсэн нь хууль зөрчжээ. Энэхүү гэрээг байгуулах үед гэрээний талууд аль аль нь хүсэл зоригийн илэрхийллээ бүрэн илэрхийлсэн, сайн дураараа байгуулсан, хэн нэгэн хүний хууль бус ажиллагаа огт байгаагүй, "Нэгүүжин импекс" ХХК-ийн өмнөөс маркетинг хариуцсан гүйцэтгэх захирал А.Б-д Б.Б-той гэрээ байгуулах эрхийг ерөнхий захирал Л.Зоригтбаатар өгч, тамгаа өгч явуулан гэрээг хуулийн дагуу байгуулсан байдаг. Үүнийг гэрчийн мэдүүлгээр гэрчлүүлсэн байдаг. Мөн хувь нийлүүлэх гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалтыг зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй, нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. Мөн шүүгч уг шийдвэрийн үндэслэлээ тайлбарлалгүй шүүх хуралдааныг дуусгасан байгаа нь мөн л хууль зөрчсөн гэж үзэхээр байна. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэлд дээрх асуудлуудыг бүрэн дүүрэн тусгаагүй, огт яриагүй үгийг бичсэн, ач холбогдолтой олон үгсийг орхигдуулсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үгийг өөрчлөн найруулсан, шүүгчийн хэлсэн үг бүр бүрэн тусгагдаагүй байх тул энэхүү хурлын тэмдэглэлүүдийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүх рүү хүргүүлэхээр хүсэлт гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч НN ХХК болон захирал А.Б- нарт холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А.Б- эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянаад, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2020/14499 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч НN ХХК болон А.Болор-Эрдэнийг тус тус хариуцагчаар татаж, иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг хариуцагч А.Б-д 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гардуулсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ өөрөө тодорхойлох эрхтэй боловч уг нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчлөөгүй байхад шүүх санаачлагаараа нэхэмжлэлийн зүйлээс өөр асуудлаар шийдвэр гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан талуудын зарчимд нийцэхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн нь НN ХХК-тай байгуулсан 2018 оны 5 сарын 01-ний өдрийн Хувь нийлүүлэх гэрээг цуцалж, 20 000 000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад НN ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчлөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлэгт хувь нийлүүлэх гэрээг цуцалж, 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дэмжсэн, өөрчлөөгүй байхад анхан шатны шүүх хэлцэлд төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрөл олгосон эсэхийг тодруулаагүй атлаа НN ХХК-ийн нэхэмжлэгчтэй хийсэн хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй, төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар дүгнэж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх гэрээний оролцогч нөгөө талыг оролцуулалгүйгээр уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шийдвэр гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилсөн тохиолдолд түүнийг нөгөө талд гардуулах, танилцуулах ажиллагаа хийгдэх учиртай.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилсөн эсэхийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хангагдаагүй байна.

Мөн хариуцагч тал НN ХХК-ийн захирал Л.Зоригтбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт нийцээгүй, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзнэ.

Дээрх байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүй хуулийг буруу хэрэглэн хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг өөрчлөх боломжгүй, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн эсрэг талын шаардлага, тайлбартай танилцах тэдгээрт тайлбар өгөх эрх хангагдаагүй, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 102Ш2021/00950 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Б- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ