Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 22

 

        Н.Э-т холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                                            Прокурор                                                       Н.Ц

                                            Хохирогчийн өмгөөлөгч                                В.У

                                           Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э

                                          Шүүгдэгч                                                          Н.Э

                                          Нарийн бичгийн дарга                                    М.Э нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.М, түүний өмгөөлөгч В.У нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Э-т холбогдох 1712000070041 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаагийн 24-26 тоотод оршин сууж байсан, одоо ганцаараа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Ихнарангийн 01-06 тоотод ахындаа түр оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, З овгийн Н.Э

Шүүгдэгч Н.Э нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Тээг хорооллын 12-15 тоотод байсан 23-52 УНЯ улсын дугаартай автомашин дотроос хохирогч Т.М-ийн өмчлөлийн эрэгтэй хүний мөнгөн бүс 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, хуучны халтар манан хөөрөг 1 ширхэг, бага гарын алтан аяга 1 ширхэг, хуучны гаансны хаш соруул 1 ширхэг, ногоон пица соруул 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, шигтгээгүй мөнгөн зүүлт 1 ширхэг, эмэгтэй хүний шигтгээгүй мөнгөн бугуйвч 2 ширхэг, эмэгтэй хүний шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч 2 ширхэг, зааны яс 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Т.М-т 17.370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Н.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор: З овогт Н.Э-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ийг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийг хорих эдлэх хугацаанд оруулсан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ээс 17.060.000 /арван долоон сая жаран мянга/ төгрөгийг гаргуулан Архангай аймгийн Их тамир сумын Тайхар багийн Тээгийн дээд эргийн 12-15 тоотод оршин суух Т.М-т олгож, Шүүгдэгч Н.Э-ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

 

Хохирогч Т.М, түүний өмгөөлөгч В.У нарын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хохирогч Т.М миний бие 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийнхөө барьж байсан байшинд материал дутаад, байшин барьж байсан О.Б-тай түүний машинаар материалаа аваад Ихтамир суманд ирсэн. Гэтэл О.Б-ийн машинаараа ачиж ирсэн барилгын материалыг Н.Э нь буулгасан бөгөөд О.Б-ийн машинд боодолтой байсан миний үнэт эдлэлийг хулгайлан авч, бусдад зарж борлуулсан байсан. Би хулгайд алдсан эд зүйлсээсээ эрэгтэй хүний мөнгөн тоногтой бүс, бага гарын мөнгөн аяга хоёроо олж авсан. Бусад эд зүйлсээ болон хохирол төлбөрөө авч чадаагүй хохироод байна. Цагдаагийн байгууллага миний алдсан эд зүйлсийг олох тал дээр ажил хийгээгүй, хулгай хийсэн Н.Э-ийг л өгсөн хүнээсээ олж ир гэж явуулсан. Н.Э нь зугтаж явсаар 2017 онд гарсан хэрэг 2020 онд бүхэл бүтэн 3 жилийн дараа шүүхээр шийдэгдсэн. Н.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбар нь үндэслэлтэй болох нь хэрэгт цугларсан баримтуудаас тодорхой байна. Н.Э-ийн“... хоёр ширхэг гаансыг Ихтамир сумын Отгоо гэдэг хүнд өгсөн. ... М гэдэг айлд очоод нэг мөнгөн аяга өгөөд хорин таван мянган төгрөг авсан. Ихтамир сумаас Мижээ гээд мөнгөн аяга зарсан хүнээрээ мотоциклтой аймгийн төвд хүргүүлэн ирсэн. М гэх залуу миний хулгайлан авч явсан хөөрөг, бүс, бугуйвч, хугархай мөнгөний тасархай зэрэг бусад зүйлсийг надад хүлээлгэн өгч байсан юм. Г-н гэрт ... нөгөө хулгайлсан эд зүйлсээ гудсан доогуураа хийж унтсан юм” гэсэн тайлбар, Ц.Г-ын “Тэр айлаас юм авна гээд хүргүүлсэн. М гэдэг залуугаас юм авна гэсэн боловч аваагүй. Тэгээд надтай хамт ... манай гэрт очсон” гэсэн тайлбар байхад Н.Э-ийн эд зүйл хулгайлсан, эд зүйлсийг худалдан авсан асуудлыг шалгаагүй, тухайн эд зүйлс нь үнэтэй эд зүйл болох нь тогтоогдож байх бөгөөд хулгайн эд зүйлсийг худалдаж аваад байгаа нь давхар гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгахгүй орхигдуулсан, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлсийг олох ажиллагаа хийгээгүй байна. Хохирогч Т.М-ийн ачаа барааг болон Т.М зорчигчийг О.Б нь өөрийн тээврийн хэрэгслээр тээж Улаанбаатар хотоос Архангай аймгийн Ихтамир суманд ирсэн. О.Б нь Т.М-тэй өмнө нь ачаа бараа болон зорчигч тээвэрлэх харилцаа үүссэн байна. О.Б нь Т.М-т түүний ачаа барааг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй болж Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1, 393.5 дахь хэсэгт зааснаар өөрөөр хэлбэл хуульд зааснаар хариуцах үүрэг хүлээж байх тул О.Б-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар ... хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн ... иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэсэн зохицуулалтыг шүүх хэрэглэж, хохирогчийн хохирлыг шийдвэрлэх хүсэлтийг хангаж болох байсан. Гэтэл шүүх энэ тал дээр хуульд  нийцээгүй дүгнэлт хийлээ. Мөн О.Б-ийн машинд байсан барилгын бараа материалыг Н.Э  нь буулгаад хохирогчийн үнэтэй эд зүйлсийг хулгайлан авч, улмаар өөр тийшээ хөдөө явж, О гэдэг хүнд зарж борлуулж, мөн уг машинтайгаа сумын төвд ирж, М гэх хүнд мөнгөн аягыг зарж борлуулаад яваад байгаа нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг огт шалгаагүй, энэ талаар шалгаж тодруулах ажиллагаа хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд Н.Э-т холбогдох хэрэгт гомдолд дурдсан ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү гэжээ.  

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан нотолбол зохих зүйлсийг тогтоосон. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 93 дугаартай шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Хохирогчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа, мөн юуг шаардаж байгаагаа тодорхой бичсэн байгаа. Иймд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байгаа бөгөөд уг гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 93 дугаартай шийтгэх  тогтоол нь үндэслэлтэй гарсан. Уг шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан. Н.Э-ийн хувьд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн тал дээр маргадаггүй бөгөөд хохирогчид өөрийнхөө чадах хэмжээгээр хохирол төлөхөө илэрхийлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч Т.М, түүний өмгөөлөгч В.У нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Н.Э-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Анхан шатны шүүхээс Н.Э-т түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2  жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна. 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хохирогч Т.М, түүний өмгөөлөгч В.У нар...Н.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбар нь үндэслэлтэй болох нь хэрэгт цугларсан баримтуудаас тодорхой байна. Н.Э-ийн“... хоёр ширхэг гаансыг Ихтамир сумын Отгоо гэдэг хүнд өгсөн. ... М гэдэг айлд очоод нэг мөнгөн аяга өгөөд хорин таван мянган төгрөг авсан. Ихтамир сумаас М гээд мөнгөн аяга зарсан хүнээрээ мотоциклтой аймгийн төвд хүргүүлэн ирсэн. М гэх залуу миний хулгайлан авч явсан хөөрөг, бүс, бугуйвч, хугархай мөнгөний тасархай зэрэг бусад зүйлсийг надад хүлээлгэн өгч байсан юм. Г-ын гэрт ... нөгөө хулгайлсан эд зүйлсээ гудсан доогуураа хийж унтсан юм” гэсэн тайлбар, Ц.Г-ын “Тэр айлаас юм авна гээд хүргүүлсэн. М гэдэг залуугаас юм авна гэсэн боловч аваагүй. Тэгээд надтай хамт ... манай гэрт очсон” гэсэн тайлбар байхад Н.Э-ийн эд зүйл хулгайлсан, эд зүйлсийг худалдан авсан асуудлыг шалгаагүй, тухайн эд зүйлс нь үнэтэй эд зүйл болох нь тогтоогдож байх бөгөөд хулгайн эд зүйлсийг худалдаж аваад байгаа нь давхар гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгахгүй орхигдуулсан, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлсийг олох ажиллагаа хийгээгүй байна. О.Б нь Т.М-т түүний ачаа барааг бүрэн бүтэн хүлээлгэн өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс болж Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1, 393.5 дахь хэсэгт зааснаар өөрөөр хэлбэл хуульд зааснаар хариуцах үүрэг хүлээж байх тул О.Б-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар ... хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн ... иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэсэн зохицуулалтыг шүүх хэрэглэж, хохирогчийн хохирлыг шийдвэрлэх хүсэлтийг хангаж болох байсан. Гэтэл шүүх энэ тал дээр хуульд  нийцээгүй дүгнэлт хийлээ. Мөн О.Б-ийн машинд байсан барилгын бараа материалыг Н.Э  нь буулгаад хохирогчийн үнэтэй эд зүйлсийг хулгайлан авч, улмаар өөр тийшээ хөдөө явж, О гэдэг хүнд зарж борлуулж, мөн уг машинтайгаа сумын төвд ирж, Мижээ гэх хүнд мөнгөн аягыг зарж борлуулаад яваад байгаа нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг огт шалгаагүй, энэ талаар шалгаж тодруулах ажиллагаа хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Иймд Н.Э-т холбогдох хэрэгт гомдолд дурдсан ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Н.Э-ийн өгсөн гэх тайлбар нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй, үнэлэх боломжгүй, өөр бусад нотлох баримттай шалтгаант холбоогүй, шүүх нотлох баримтгүйгээр уг хэрэгт хэн нэгэн этгээдийг татан оролцуулах боломжгүй юм.

Мөн хохирогч нь О.Б-д өөрийн үнэт зүйлийг тээвэрлэж буй талаараа мэдэгдээгүй, ачаа тээвэрлэлтийн дагалдах бичиг байгуулаагүй тул О.Б-г иргэний хариуцагчаар татах, мөн дэлгүүрт очих зорилгоор машиныг өмчлөгчөөс нь зөвшөөрөл авч явсан болох нь тогтоогдсон, уг машинаар аймгийн төв оролгүй Ихтамир суманд үлдээсэн нь шүүгдэгчийг машин механизм ашигласан гэж үзэх зэрэг үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Э нь  хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд 43 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдэлсэн хугацаанд нь  оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ийн цагдан хоригдсон 43 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Т.ДАВААСҮРЭН

                                        ШҮҮГЧИД                                  Д.БЯМБАСҮРЭН

                                                                                          В.ЦЭЦЭНБИЛЭГ