Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1731

 

 

 

 

 

 

 

 

 

 

М б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01060 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М б-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Ц- болон “А” ХХК нарт холбогдох

 

Зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт 8 811 387 856 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н,

Хариуцагч Ш.Ц-,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Ц- нь 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр А б-тай 60084 тоот зээлийн гэрээ байгуулан 1 800 000 ам.долларыг 12 сарын хугацаатай, 1.6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Талууд 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 60084 тоот хугацаа сунгасан нэмэлт гэрээ байгуулан 2008 оны 05 дугаар сарын 29-ний хүртэл гэрээний хугацааг сунгасан. Ш.Ц- болон “А” ХХК нь өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлээс 234.52 ам.доллар, зээлийн хүүнд 818 265,49 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 9 216 ам.доллар тус тус төлсөн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд Ш.Ц- нь “А” ХХК-ийн 1 бүрийн үнэ нь 1 ам.долларын үнэ бүхий 3 900 000 ширхэг хувьцаа, А б-ин дахь (215104.0600.01.001278 ба 215104.0600.00.001278 тоот) 1 800 000 ам.долларын дансны орлогыг барьцаалсан 15060084 тоот барьцааны гэрээ байгуулсан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ш.Ц- хугацаанд нь төлж чадахгүй бол “А” ХХК нь нөхөх хариуцлага хүлээхээр 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр батлан даалтын гэрээг А б-тай байгуулсан. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даагчаас гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2009 онд нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 928 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн 3, тогтоох хэсгийн 7-д заасны дагуу Ш.Ц-д холбогдох зээлийг жич шийдвэрлүүлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн магадлал, Улсын Дээд шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 222 тоот тогтоолоор хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн Ш.Ц-гийн зээлийн гэрээтэй холбогдох асуудлыг Улсын мөрдөн байцаах газарт шалгуулахаар өргөдөл гаргасны дагуу эрүүгийн 20847323 тоот хэрэг үүсгэж шалгасан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул хэрэгсэхгүй болгож иргэний журмаар шүүхэд хандах эрхтэй болохыг 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн. Иймд 2011 оны 09 дүгээр сард Ш.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулах тухай нэхэмжлэл Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан хэдий ч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. “А б-” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн Ш.Ц-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 184 тоот захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Ш.Ц-гийн оршин суугаа хаяг тодорхой болсны дараа “А б-” ХК дахь банкны эрх хүлээн авагч 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ш.Ц- болон түүний батлан даагч “А” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн. “А б-” ХК дахь банкны эрх хүлээн авагч нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40/2014ЭХА-525 дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр дээрх авлагыг М б-инд шилжүүлсэн. Иймд Ш.Ц-гийн А б-тай байгуулсан 15060084 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг М б-инд Шаардах эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжиж ирсэн хэмжээ буюу 3 616 723.73 ам.долларыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн М б-ны албан ханш 2 433.65 төгрөгөөр тооцож 8 801 839 705.51 төгрөгийг хариуцагч Ш.Ц- болон хариуцагчийн батлан даагч “А” ХХК нараас гаргуулахаар шүүхэд анх нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр М б-ны 12 дугаар сарын 14-ний өдрийн албан ханшаар бодож тооцож 1 ам.долларыг 2 436,29 төгрөгөөр тооцож, нийт 8 811 387 856,16 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул хариуцагч Ш.Цолзолмаа, “А” ХХК нараас нийт 8 811 387 856.16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Ц- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нэр дээр 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр А б- 15060084 тоот зээлийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу зээлсэн мөнгийг “А” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан авсан. Тухайн үед “А” ХХК нь А б-наас өмнө нь зээл авахдаа тус банкны дотоод журамд заагдсан нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээг хэтрүүлсэн байсан тул энэ удаагийн зээлийг өөр этгээдийн нэр дээр гэрээ байгуулан олгох талаар компани болон банкны удирдлагууд ярьж тохиролцоод Ш.Ц- миний нэр дээр 15060084 тоот зээлийн гэрээг хийсэн. Нэгэнт зээлийн зориулалт нь “А” ХХК-ийн үйл ажиллагаа /үндсэн хөрөнгийн санхүүжилт/-нд зарцуулагдах ёстой байсан учраас уг зээлийн гэрээг хийгдмэгц гэрээнд заагдсан 1 800 000 ам.доллар миний дансанд орж ирснээс хойш 2 өдрийн дотор “А” ХХК-ийн бусдад төлөх төлбөр, зээлийн өрөнд төлж дууссан. Миний нэрээр авсан зээл “А” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдах байсан тул тус компани 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Батлан даалтын гэрээг А б-тай байгуулж, би зээлийг хугацаандаа төлөөгүй бол зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцахаар батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу авсан 1 800 000 ам.доллараас Ш.Ц- миний бие нэг ч центийг өөртөө захиран зарцуулаагүй. Энэ байдлыг А б-ны архивт хадгалагдаж байгаа “А” ХХК-ийн харилцах дансууд /2006 оны 4 дүгээр сар/-ын гүйлгээний жагсаалт, мөн “А” ХХК-иас уг зээлийн тус банкинд эргүүлэн төлж байсан баримтууд /2007 оны гүйлгээнүүд/ зэргээр хангалттай нотлогдоно. Миний нэр дээр байгуулсан 15060084 тоот зээлийн гэрээгээр олгогдсон зээлийг би өөрийн эрх ашигт зориулан захиран зарцуулаагүй учир зээлийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй. Харин нэгэнт уг зээлийг өөрийн үйл ажиллагаанд захиран зарцуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар баталгаа гаргасан, батлан даагч “А” ХХК зээлийн үүргийн гүйцэтгэлийг хуулийн хүрээнд хариуцах ёстой. Нэхэмжлэлд дурьдсанчлан энэ зээлийн төлбөртэй холбоотойгоор Улсын мөрдөн байцаах газар надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд энэ зээл надад ямар ч хамааралгүй болохыг тогтоож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Үүний дараа “А б-” ХК-ийн эрх хүлээн авагчаас надад холбогдуулан нэхэмжлэл гарган уг нэхэмжлэлийн дагуу үүссэн иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхээр 3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэгдэж, тус шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3930 дугаар шийдвэрээр миний биед холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Хэрэг анхан шатны шүүхэд ирснээс хойш 7 сарын дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж шүүхэд хүрэлцэн ирээгүйгээс нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Дээр дурдсан үндэслэлүүдээр надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Дансны гүйлгээний хуулгыг 3 өдрийн байдлаар авч үзэхэд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нийт 2 332 045 ам.доллар орж ирсэн. Гүйлгээг харьцуулж үзэхээр 20 ам.доллароос дээш үнийн дүнтэй гүйлгээний зарцуулалтыг тайлбарынхаа ард хавсаргасан. Бүгд “А” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой зарцуулагдсан. “А” ХХК бусдад өгөх ёстой шатахууны төлбөр, зээлийн төлбөр А б-наас авсан зээлийн төлбөр гэх мэтчилэн 3 өдрийн дотор “А” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдаад явж байгаа нь нотлогдож байна. Ийм учраас зээлийг би хариуцахгүй. “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрээ хийсэн. Гэрээний хавсралтын 2-т заасан төлбөрийн мөнгөн дүнд А б-наас Ш.Ц-гийн нэр дээр авсан зээл орохгүй. Гэрээний дагуу н.Баатарсүрэн хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай няцаагдаж байх тул зээлийн гэрээний үүргийг батлан даалтын гэрээний үүргээр хангуулж өгнө үү.

Хариуцагч “А” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ш.Ц- болон А б-ны хооронд 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15060084 тоот зээлийн гэрээ байгуулагдах үед П.Баатарсүрэн нь “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд өөрийн эхнэр Ш.Ц-гийн зээлийн гэрээг А б-ны өмнө “А” ХХК-ийн 1 бүр нь 1 ам.долларын үнэлгээтэй 3 900 000 ширхэг хувьцаагаар батлан дааж, батлан даалтын гэрээ байгуулсан. “А” ХХК-ийн одоогийн хувьцаа эзэмшигчид болох Х.Дөчинтав нь 2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 40 хувийн хувьцааг “Моннис Интернэшнл” ХХК нь 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 30 хувийн хувьцааг П.Баатарсүрэнтэй хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулан “Аэрмонголиа” ХХК-ийн хувьцааг анх эзэмшиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар “А” ХХК-ийн 30 хувийн хувьцааг Х.Дөчинтав, 70 хувийн хувьцааг “Моннис интернэшнл” ХХК р эзэмшиж байна. “Моннис Интернэшнл” ХХК-ийг “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр шинээр орсон өдөр буюу 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тухайн үеийн хувьцаа эзэмшигчид болох П.Баатарсүрэн, Х.Дөчинтав, Б.Бат-Эрдэнэ болон “Моннис интернэшнл” ХХК-ийн хооронд “Хувьцаа эзэмшигчийн гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний 5.2-т “Хувьцаа эзэмшигчид хувьцаа худалдах, гэрээний гүйцэтгэлийн явцад илрээгүй боловч гарч ирсэн бусад өр төлбөрийг П.Баатарсүрэн өөрийн эрх мэдлийн хүрээнд тэрхүү өр төлбөрийн нөхөн төлбөрийг дангаараа хариуцна гэдгийг хүлээн зөвшөөрнө гэж заасан. Шинээр хувьцаа эзэмшигчээр орсон “Моннис интернэшнл” ХХК нь хувьцаа эзэмшигчийн гэрээний Хавсралт 2-т дурьдсан төлбөрийн чадваргүй, дампуурлын ирмэгт ирээд байсан “А” ХХК-ийн А б-инд төлөх ёстой өр төлбөрүүдийг бүгдийг өөрийн хөрөнгөөр төлж барагдуулсан тул “А б-” ХК дахь эрх хүлээн авагчаас 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “А ХХК нь А б-наас авсан зээлийн төлбөрийг төлж барагдуулж дууссан тул барьцаа хөрөнгийг чөлөөлсөн болохыг тодорхойлсон тодорхойлолтыг гаргаж өгч байсан юм. Гэтэл хувьцаа эзэмшигчийн гэрээний Хавсралт 2-т заасан компанийн өр төлбөрийн жагсаалтад огт тусгагдаагүй “А” ХХК нь А б- Ш.Ц- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг батлан дааж батлан даалтын гэрээ байгуулсан асуудал байсныг уг гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг А б-ны эрх хүлээн авагч шүүхэд гаргах үед л мэдсэн. П.Баатарсүрэн нь Ш.Ц- болон А б-ны хооронд 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15060084 тоот зээлийн гэрээг компанийн хувьцаагаар батлан дааж, батлан даалтын гэрээ байгуулсан байснаа нуун далдалж, хуурч мэхлэн компанийн хувьцаагаа худалдсан тул Батлан даалтын гэрээний төлбөр нь П.Баатарсүрэнгийн дангаар хариуцах төлбөр юм. Мөн түүнчлэн А б- нь батлан даагч “А” ХХК-д зээлдэгчийн зээлийн гэрээний талаар тогтмол үнэн зөв мэдээллийг өгч байх үүрэгтэй атал, зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн талаар ямар ч мэдээллийг “А” ХХК-д мэдэгдэж байгаагүй атлаа 11 жилийн дараа шууд хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд Ш.Ц- болон А б- нарын хооронд байгуулагдсан 15060084 тоот Зээлийн гэрээний төлбөрийг “А” ХХК нь хариуцан төлөх үндэслэлгүй, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн гэрээгээр ч М б-инд 84 тоот зээлийн гэрээний дагуу шаардах эрх тэр тусмаа батлан даалтын гэрээний эрх бүрэн шилжээгүй. М б- хэдийгээр төв банк боловч бүх итгэмжлэл хуулийн дагуу байх ёстой. Гэтэл 7 хоногийн дараа авагдсан гээд байгаа 84 тоот зээлийн гэрээний шаардах эрхийг нөхөж олгох талаар нэг ч зүйл дурдаагүй учраас шаардах эрхгүй этгээдүүд нэхэмжлэл гаргаж байгаа тул “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Гомбогив овогт Шүгдийн Цогзолмаа /РД:ЧП58070400/-аас 2 155 573 357 төгрөгийг, “А” ХХК /РД:2648989/-аас 4 385 322 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М б-инд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 270 492 499 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш.Цолзолмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 10 935 816 төгрөг, хариуцагч “А” ХХК-аас 22 084 560 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ш.Ц-гийн өмгөөлөгч Д.Батсүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Ш.Ц-гаас 2 155 573 357 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дараах байдлаар хуульд нийцээгүй гэж үзэж байна. Үүнд: Хариуцагч Ш.Ц- нь шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...зээлийн зориулалт нь “А” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой байсан учраас уг зээлийн гэрээг хийгдмэгц гэрээнд заагдсан 1 800 000 ам.доллар миний дансанд орж ирснээс хойш 2 өдрийн дотор “А” ХХК-ийн бусдад төлөх төлбөр, зээлийн өрөнд төлж дууссан. Миний нэрээр авсан зээл “А” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдах байсан тул тус компани 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Батлан даалтын гэрээг А б-тай байгуулж, би зээлийг хугацаандаа төлөөгүй бол 15060084 тоот Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцахаар батлан даалтын гэрээ байгуулсан...” хэмээн маш тодорхой тайлбарыг гаргасан ба энэ тайлбар нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Энэ байдлыг шүүх “...Ш.Ц-гийн хувьд тэрээр зээлийн мөнгөн хөрөнгийг өөрөө ашиглаагүй, “А” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарлах ба түүний тайлбар хэрэгт авагдсан А б-ин дахь Ш.Ц-гийн эзэмшлийн 2152011150001001278 дугаарын дансны хуулгаар нотлогдох боловч...” гэж хэрэгт цугларсан нотлох баримт нийцсэн бодитой дүгнэлт хийсэн. Харин анхан шатны шүүхийн “...өөрөө захиран зарцуулаагүй гэх үндэслэл нь банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл зээлийн мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгчийн өөрийнх нь эрх хэмжээний гэж үзэх тул Ш.Ц-гийн татгалзлыг мөн үндэслэлгүй гэж дүгнэсэн...” гэсэн дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, үндэслэлгүй дүгнэлт болжээ. Шүүх “А б-” Ш.Ц- нарын хооронд 1 800 000 ам.долларын гэрээ байгуулагдах болсон бодит шалтгааны талаар болон тус зээлийн гэрээний дагуу 1 800 000 ам.долларыг шилжүүлсэн Ш.Ц-гийн нэр дээрх данс бодит байдал дээр “А” ХХК-ийн эзэмшлийн данс байсан, түүний нэрээр авсан зээл “А” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдах байсан тул тус компани “Батлан даалтын гэрээг А б-тай байгуулж, 15060084 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хариуцахаар батлан даалтын гэрээ байгуулж, зээл, зээлийн хүүгээс төлж байсан талаарх...” Ш.Ц-гийн тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан “зээлийг шилжүүлсэн, түүнийг захиран зарцуулалтыг нотолсон А б-ин дахь Ш.Ц-гийн эзэмшлийн 2152011150001001278 дугаарын дансны хуулга, түүний тооцоо, 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр А б-тай “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээ, “А” ХХК А б-ин дахь өөрийн 212201150001002280 тоот дансны хуулга, түүний тооцоо” зэрэг нотлох баримтуудтай харьцуулан үнэлэлт дүгнэлт өгч чадаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгийг үндэслэн “...талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 1.1-д, “батлан даагч нь Ш.Ц-гийн 06050202, 15060084 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж чадна гэдгийг банкны өмнө хариуцаж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцахаар үүрэг хүлээж байна” гэж тусгасан байна” гэж дүгнэсэн атлаа Ш.Ц-гаас 884 777 ам.доллар буюу 2 155 573 357 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх өөрийн хийсэн дүгнэлттэйгээ зөрчилдсөн шийдвэр гаргасан. А б- болон “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь Ш.Ц-гийн 06050202, 15060084 тоот “зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж чадна” гэдгийг банкны өмнө хариуцаж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцахаар үүрэг хүлээсэн” байдаг ба энэ үйл баримтын талаар шүүх дээр дурьдсан үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Шүүх “...зээлдэгч Ш.Ц- зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй...” гэж дүгнэсэн нь зөв боловч батлан даагч зээлийн гэрээний дагуу банкнаас шилжүүлсэн бүх мөнгийг өөрийн үйл ажиллагаанд зарцуулсан, уг мөнгөнөөс банкны зээлийг бүрэн төлөөгүйд Ш.Ц- биш харин батлан даагч буруутай болох нь хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар нотлогдсон байхад шүүх эдгээр үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй.

Дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/001060 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, М б-наас Ш.Ц-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. М б- болон “А б-” ХК дахь банкны эрх хүлээн авагч нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 40/2014ЭХА-525 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээнд М б-ийг төлөөлж Тамгын газрын дарга Д.Чимэд-Юндэн гарын үсэг зурсан байдаг ба тухайн үед түүнд М б-ийг төлөөлж уг гэрээнд гарын үсэг зурах эрх олгогдоогүй байсан. Хожим иь энэхүү гэрээ байгуулагдсанаас 7 хоногийн дараа буюу 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр М б-ны Ерөнхийлөгчийн “Төлөөлөх бүрэн эрх олгох тухай” А-92 дугаар тушаал гарсан байдаг. Уг тушаалаар Монголбанкны тэнцэлд бүртгэлтэй “А б-” ХК-д олгосон зээлийн 75 800 000 000 төгрөгийн өрийн үлдэгдлийг актив хөрөнгөөр барагдуулах ажиллагаатай холбоотой эрх зүйн асуудалд М б-ийг төлөөлөх, акт баримт бичиг, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах эрхийг” Тамгын газрын даргад олгосон. Гэвч энэхүү итгэмжлэлд дээр дурдсан Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах эрхийг нөхөн олгосон талаар огт дурдаагүй. Мөн зээлийн 75 800 000 000 төгрөгийн өрийн үлдэгдэлд маргаж буй зээлийн гэрээний төлбөр орсон нь тогтоогддоггүй бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2.2-т заасан шаардлагыг хангаагүй. Гэтэл шүүхээс төлөөлүүлэгч маргаагүй гэх шалтгаанаар 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр М б-ны Ерөнхийлөгчийн Төлөөлөх бүрэн эрх олгох тухай” А-92 дугаар тушаалд огт дүгнэлт хийлгүй, уг дүгнэлтийг хууль ёсны дагуу байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Аливаа итгэмжлэл нь ямар үйлдэлд төлөөлүүлж байгаа нь ойлгомжтой, тодорхой бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Иймээс М б- болон А б- ХК дахь банкны эрх хүлээн авагч нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 40/2014ЭХА-525 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд М б- дээрх гэрээг үндэслэж шаардах эрхгүй.

2. М б- нь “А” ХХК-иас Батлан даалтын гэрээний дагуу зээлдэгч Ш.Ц-гийн авсан зээлийн төлбөрийг төлөх ёстой гэж нэхэмжилдэг. А б- ХК дахь банкны эрх хүлээн авагч нь М б-тай 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0214/313 дугаар “М б-наас А б-инд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулж 75 800 000 000 төгрөгийн зээлийн өрийг, 61 205 401 876,60 төгрөгийн хүүгийн хамт шилжүүлэн өгсөн. Уг гэрээний 1.2.1-т “А б-аас бусдад олгосон Хавсралт №1-д заасан Зээлийн Шаардах эрхийг М б-ны Авлага барагдуулах албанд шилжүүлэх” гэж заасан боловч хавсралт нь хэргийн материалд авагдаагүй. Өөрөөр хэлбэл, дээрх 75 800 000 000 төгрөгт маргаж буй Зээлийн гэрээний төлбөр орсоныг нэхэмжлэгч нотолж чадаагүй. Дээрх гэрээний дагуу А б-ны эрх хүлээн авагч нь М б-тай 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 40/2014эха-525 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж Ш.Ц-гийн Зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ шилжүүлсэн байдаг. Гэтэл уг шаардах эрх шилжүүлэх гэрээнд Батлан даалтын гэрээтэй холбоотой нэг ч үг байдаггүй. Өөрөөр хэлбэл, М б- нь Батлан даалтын гэрээний дагуу үүссэн шаардах эрхийг “А б-” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас шилжүүлж аваагүй. Анхан шатны шүүхээс үндсэн үүргийг шаардах эрхийг гэрээгээр шилжүүлсэн нөхцөлд батлан даалтын гэрээний үүрэг ч мөн дагалдаж шилжинэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээний дагуу шаардах эрхийг тус тусд нь шилжүүлэх шаардлагатай бөгөөд заавал үндсэн гэрээгээ дагаж шилжих шаардлагагүй, үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэхгүй байж ч болдог. Иймээс нэхэмжлэгч М б- нь Батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхийг А б- дахь эрх хүлээн авагчаас шилжүүлж аваагүй, шаардах эрхгүй этгээд тул “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

3. 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Батлан даалтын гэрээ байгуулснаас хойш “А б-” ХК-ийн зүгээс хожим түүний эрх хүлээн авагч болон М б-ны зүгээс “А” ХХК-д Ш.Ц-гийн зээлийн төлбөрийн талаар мэдэгдэл огт өгч байгаагүй. 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “А” ХХК нь А б-ны эрх хүлээн авагч С.Энхбатад “А” ХХК-аас А б-инд төлөх ёстой өр төлбөрийг бүрэн барагдуулж дууссан тул барьцаа хөрөнгийг чөлөөлж, өр төлбөргүй болсон тухайг албан ёсоор тодорхойлуулах хүсэлт гаргасны хариуд 2011 оны 11 дугаар сарын 18-нд “А б-” ХК дахь банкны эрх хүлээн авагчаас “А” ХХК нь А б-наас авсан зээлийн төлбөрийг төлж барагдуулж дууссан тул барьцаа хөрөнгийг чөлөөлсөн болохыг тодорхойлсон тодорхойлолт гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, Зээлийн гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш 10 жил 5 сар орчим, нэмэлт гэрээний хугацаа дууссанаас хойш 9 жил 5 сар орчмын дараа 2017 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 75.2.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг илтгэж байх ба нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэгчийн талын зүгээс Улсын мөрдөн байцаах газраас Ш.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар шүүхэд хандах эрхтэй болохыг албан бичгээр мэдэгдсэн гэж тайлбартаа дурддаг боловч өнөөдрийн байдлаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч талын зүгээс Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 928 дугаартай шийдвэрийг хэрэгт гаргаж өгсөн. Үүгээр тухайн үеийн үүрэг гүйцэтгүүлэгч тал болох А б- нь “А” ХХК-ийн өөрийн нэр дээр авсан зээлийн төлбөрийг нэхэмжилж шүүхэд хандахдаа Ш.Ц-гийн зээлд гаргасан Батлан даалтын үүргийг нэхэмжилсэн байдаг ХУД-ийн шүүхээс Иргэний хуулийн 460.1 дэх заалтыг баримтлан “Батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнөөс нөхөн хариуцлага хүлээдэг тул шууд батлан даагчаас нэхэмжлэх нь хуульд нийцээгүй байна” гэж үзэж, нэхэмжлэлийн тэр хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Хэдийгээр А б-наас “А” ХХК-ийн эсрэг нэхэмжлэл гаргасан нь дээрх шүүхийн шийдвэрүүдээр нотлогдож байгаа боловч хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаагүй учраас шүүхээс нэхэмжлэлийн тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдсэн байгаа юм. Үүнээс харахад хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасалдсан гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй байна. Иргэний хуудийн 79.5-д заасан журмын дагуу нэхэмжлэл гаргаагүй гэж үзэх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй тул анхны хугацаагаар буюу шаардах эрх үүссэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолно. 2011 оны 09 дүгээр сарын 21, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эдгээр нь бүгд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1 дэх хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэх ёстой байдаг. Гэтэл “А б-” ХК Ш.Ц-г үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тухай батлан даагч “А” ХХК-д огт мэдэгдэж байгаагүй хэрнээ хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 15060084 дугаар зээлийн гэрээг байгуулах үед Ш.Ц-гийн нөхөр П.Баатарсүрэн нь “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан. 2007 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 45, 30 хувь, н.Чулуунбаатар 30 хувь, н.Баатарсүрэн 30 хувь, н.Цэвэлмаа 10 хувийн хувьцааг эзэмшдэг болсон. Тус өдөр “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох П.Баатарсүрэн, Х.Дөчинтав, Б.Бат-Эрдэнэ, “Моннис иптернэшнл” ХХК нарын хооронд Хувьцаа эзэмшигчийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 5.2-т “Хувьцаа эзэмшигчид Хувьцаа худалдах гэрээний гүйцэтгэлийн явцад илрээгүй боловч гарч ирсэн бусад өр төлбөрийг П.Баатарсүрэн өөрийн эрх мэдлийн хүрээнд тэрхүү өр төлбөрийн нөхөн төлбөрийг дангаар хариуцна гэдгийг хүлээн зөвшөөрнө” гэж заасан. Гэтэл уг гэрээний хавсралт 2-т дурьдах ёстой болзошгүй өр төлбөрийн талаарх мэдээллийг оруулсан боловч А б-тай байгуулсан Батлан даалтын гэрээний үүргийн талаар дурьдаагүй байгааг шүүхээс анхаарч үзээгүй.

Иймд “А” ХХК-ийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01060 дугаартай шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч М б- зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт 8 811 387 856 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Ш.Ц- болон зээлийн батлан даагч “А” ХХК нараас шаардсаныг хариуцагч Ш.Ц- эс зөвшөөрч, зээлийн мөнгөн хөрөнгийг банкнаас шилжүүлсэн данс “А” ХХК-ийн эзэмшлийн данс бөгөөд зээлийн хөрөнгийг өөрөө захиран зарцуулаагүй, “А” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан тул хариуцан төлөх үндэслэлгүй, харин батлан даагч гэрээний дагуу нөхөх хариуцлагаа хүлээх үндэслэлтэй гэж, хариуцагч “А” ХХК нь 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулснаар хувьцаа эзэмшигч нар өөрчлөгдсөн ба хувьцаа эзэмшигч нарын гэрээний хавсралтад дурдсанаас бусад төлбөрийг “А” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч П.Баатарсүрэн дангаар хариуцахаар заасан. Анод /хуучин нэрээр/ банкнаас авсан 1 800 000 ам.долларын талаар тухайн үед бусад хувьцаа эзэмшигч нар мэдээгүй байсан тул батлан даалтын гэрээний үүргийг гүйцэтгэх үндэслэлгүй. М б-ийг төлөөлөх эрхгүй этгээдэд шаардах эрх шилжүүлсэн, шаардах эрх шилжүүлэх гэрээгээр зээлийн болон барьцааны үүргийг л шаардах эрхийг шилжүүлсэн, харин батлан даалтын гэрээний үүрэг шаардах эрхийг шилжүүлээгүй, мөн нэхэмжлэгчийн гэрээний үүрэг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж тус тус маргаж байна.

 

2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр М б-ны Ерөнхийлөгчийн 668 дугаар тушаалаар “А б-” ХК-д 1 жилийн хугацаатай банкны эрх хүлээн авах арга хэмжээ авч, эрх хүлээн авагчаар С.Энхбатыг томилж, 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдөр М б-ны Ерөнхийлөгчийн 446 дугаар тушаалаар “А б-” ХК-ийг татан буулгаж, эрх хүлээн авагчийн зөвлөлийн ажиллагааг 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 690, 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 969, 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А-24, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А-204 дугаар тушаалаар эрх үүргээ эрх бүхий этгээдэд шилжүүлэх хүртэл банкны эрх хүлээн авагчийн ажиллах хугацааг сунгасан бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 40/2014/ЭХА-525 дугаар эрх шилжүүлэх гэрээгээр А б-ны Ш.Ц-тай байгуулсан 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15060084 тоот зээлийн болон барьцааны гэрээний гүйцэтгээгүй үүрэг, хүү, нэмэгдүүлсэн хүү, шаардлага гаргахад холбогдох бусад зардал зэргийг шаардах эрхийг “А б-” ХК дахь банкны эрх хүлээн авагч С.Энхбатаас М б-ны Тамгын газрын захирал Д.Чимэд-Юндэнд шилжүүлжээ. /хэргийн 3 дахь хавтас 57-59, 82-90, 1 дэх хавтас 5, 6 дугаар тал/

 

Мөн М б-ны Ерөнхийлөгчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-92 дугаар тушаалаар М б-ны тэнцэлд бүртгэлтэй “А б-” ХК-д олгосон зээлийн 75 800 000 000 төгрөгийн өрийн үлдэгдлийг барагдуулах ажиллагаатай холбоотой эрх зүйн асуудалд М б-ийг төлөөлөх эрхийг Тамгын газар /Д.Чимэд-Юндэнд/ олгосон, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн М б-ны Ерөнхийлөгчийн А-66 дугаар тушаалаар татан буугдсан “А б-” ХК дахь эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгосон байна. /хэргийн 3 дахь хавтас 56-59, 80-81 дүгээр тал/

 

Түүнчлэн М б-, нөгөө талаас А б- ХК дахь банкны эрх хүлээн авагч нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 0214/313 дугаар М б-наас А б-инд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “А б-” ХК дахь иргэд, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг тавьж олгоход зориулан М б-наас 75 800 000 000 төгрөгийн зээлийн өрийг, 61 205 401 876 төгрөгийн хамт барагдуулахаар “А б-” ХК дахь актив хөрөнгийг М б-инд шилжүүлэх гэрээ байгуулжээ. /хэргийн 2 дахь хавтас 145-147 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч М б- нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр А б-ин дахь эрх хүлээн авагчаас М б-ны нэрийн өмнөөс шаардах эрх шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй боловч үндсэн гэрээний өр, үүнтэй холбоотой байгуулагдсан батлан даалтын гэрээний дагуу шаардах эрхийг шилжүүлэн авсан эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн шаардах эрхийг А б-ин дахь эрх хүлээн авагч 2009 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улсын дээд шүүх дээрх иргэний хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэж, хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 222 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор дахин хөөн хэлэлцэх хугацаа тоологдож, Хан-Уул дүүргийн шүүх 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3702 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар хөөн хэлэлцэх хугацаа дахин тасалдсан гэж үзсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “А б-” ХК, Ш.Ц- нарын хооронд 1 800 000 ам.долларыг нэг сарын 1.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн барьцаанд “А” ХХК-ийн 1 бүр нь 1 ам.долларын үнэ бүхий 3 900 000 ширхэг хувьцааг бариулсан 15060084 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан байх ба 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15060084 тоот гэрээний нэмэлтээр зээлийн гэрээний хугацааг 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сунгажээ. /хэргийн 3 дахь хавтас 94-97 дугаар тал/

 

Мөн 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Анод бан” ХК, “А” ХХК-ийн хооронд батлан даалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ш.Ц-гийн А б-тай байгуулсан 06050202, 15060084 дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн нийт 2 577 800 ам.долларын үүргээ бүрэн гүйцэтгэх, гүйцэтгээгүй тохиолдолд “А” ХХК өөрийн хөрөнгөөр нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцжээ. /хэргийн 1 дэх хавтас 86-88 дугаар тал/

 

Тал зээл 1 800 000 ам.долларыг хариуцагч Ш.Ц-гийн эзэмшлийн А б-ин дахь 2152010600001278 дугаар дансанд шилжүүлсэн болон үндсэн зээлд 234,52 ам.доллар, зээлийн хүүд 818 265,49 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 9 216 ам.доллар төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Хариуцагч Ш.Ц-, “А б-” ХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хугацаа сунгах нэмэлт гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талуудын хооронд байгуулагдсан 15060084 тоот гэрээний хугацааг 12 сараар сунгасан ба гэрээний 4 дэх заалтаар 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний хугацааг сунгахаар тохиолцсон байх боловч “А б-” ХХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний хугацааг сунгаагүй байна. /хэргийн 3 дахь хавтас 92 дугаар тал/

 

Түүнчлэн, А б- ХК дахь банкны эрх хүлээн авагч зээлдэгч Ш.Ц-д 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 430-525а дугаар шаардах эрх шилжүүлсэн тухай мэдэгдлээр 15060084 тоот зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээний шаардах эрхийг М б-инд шилжүүлсэн талаар мэдэгдсэн байх боловч мөн өдрийн А б- ХК дахь банкны эрх хүлээн авагч, М б-ны хооронд байгуулагдсан шаардах эрх шилжүүлэх гэрээгээр 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан 15060084 тоот зээлийн болон барьцааны гэрээний шаардах эрхийг шилжүүлж, харин А б- ХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлээгүй байна. /хэргийн 1 дэх хавтас 5-7 дугаар тал/

 

Мөн А б- ХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Батлан даалтын гэрээний 2.3 дахь заалтад “Үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ гэрээний талаарх шаардах эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй.” гэж, 2.1 дэх заалтад Зээлдэгчийн үүргээ хугацаанд нь болон зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргээ биелүүлэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.” гэж заажээ. Гэтэл үүрэг гүйцэтгүүлэгч “А б-” ХК нь Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ.” гэж зааснаар “А” ХХК-д мэдэгдэж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. /хэргийн 1 дэх хавтас 88-89 дүгээр тал/

 

Иймд М б-наас батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхгүй байх тул хариуцагч “А” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч Ш.Ц- нь зээлийн мөнгөн хөрөнгийг өөрөө ашиглаагүй, зээлийг авсан өдрөөс хойш 2 өдрийн дотор “А” ХХК-ийн үйл ажиллагаанд захиран зарцуулсан гэж тайлбарлаж байгаа нь банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл зээлийн мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгчийн өөрийнх нь эрх хэмжээ тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Уг зээлийн мөнгийг өөрийн данснаас хэн захиран зарцуулж, бусдад шилжүүлж, гүйлгээ хийсэн болохыг давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тодруулахад хариуцагч Ш.Ц- нь өөрөө төлбөрийн даалгаварт гарын үсэг зурж шилжүүлэг хийсэн тухай тайлбарласан болно. Иймээс зээлийг хариуцагч “А” ХХК нь түүний зөвшөөрөлгүй зарцуулсан гэх тайлбар үндэслэлгүй. 

 

 Талуудын хооронд байгуулагдсан 1 800 000 ам.долларын 15060084 тоот зээлийн гэрээний хугацааг 12 сараар буюу 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сунгасан боловч зээлийн гэрээний хавсралтад эргэн төлөх хуваарийг 2006 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэж талууд тохиролцсон буюу зээлдэгч Ш.Ц- нь үндсэн зээл 1 800 000 ам.долларыг, хүү 350 400 ам.долларын хамт 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгахаар тохиролцжээ. /хэргийн 3 дахь хавтас 94-97 дугаар тал/

 

Дээрх зээлийн гэрээний гуравдугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцохоор, мөн тавдугаар зүйлийн 5.2.2-т Зээлдэгч үндсэн үндсэн зээл, түүний хүүг хуваарьт хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн сар тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлнө гэж бичсэн байгаа нь хуульд заасан шаардлагын дагуу нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцсон гэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр талууд гэрээндээ тохиролцож болохоор зохицуулсан байхад талууд зээлийн сарын үндсэн хүү болох 1.6 хувийн хүүгийн 20 хувь болох 0.32 хүртэл хувийн ямар хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооцож төлөх талаар тодорхой тохиролцоогүй байна.

 

Иймд нэмэгдүүлсэн хүү тогтоосон талуудын тохиролцоо нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 9 216 ам.долларыг үндсэн зээлээс хасах нь зүйтэй.

 

Иймд хариуцагч талаас зээлийн хүүд төлсөн 818 265 ам.доллараас зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх 350 400 ам.долларыг зээлийн хүүд тооцож, үлдэх 467 865 ам.долларыг, үндсэн зээлээс хасахад үндсэн зээлийн үлдэгдэл 1 332 135 ам.доллар болж байгаагаас нэмэгдүүлсэн хүүд төлсөн 9 216 ам.доллар, үндсэн зээлд төлсөн 234 ам.долларын хамт хасахад 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1 322 685  ам.долларын үлдэгдэлтэй байна.

 

Шүүх “А б-” ХХК-иас анх уг зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргаж байсан 2009 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар хүүгийн хэмжээг тооцсон хугацааны талаар нэхэмжлэгч гомдол гаргаж маргаагүй тул гэрээгээр тохиролцсон зээлийн хүүг сарын 1.6 хувиар тооцож, 1 332 135 ам.долларын 1 сарын хүү 21 163 ам.доллар болж байх тул 2006 оны 10 дугаар сарын 31-нээс хойш анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 2009 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт 34 сараар тооцож 719 540 ам.долларын хүүг хариуцагч Ш.Ц- төлөх үүрэгтэй байна. Мөн татан буугдсан “А б-” ХК-ийн эрх хүлээн авагч нь шаардах эрхийг шилжүүлэн авсан үеэр тооцож тухайн үеийн байдлаарх өрийг бусдаас шаардах эрх үүсэхээс бус талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг хүлээн авснаас хойшхи хугацаанд үргэлжлүүлэн шаардах эрхгүй юм.

 

Иймд зээлдэгч Ш.Ц-гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл, хүү нийт 2 042 225 ам.долларыг М б-наас шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зарласан ханш 2433.65 төгрөгөөр тооцож, 4 970 062 428 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М б-инд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/01060 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Гомбогив овогт Шүгдийн Цогзолмаа /РД:ЧП58070400/-аас 2 042 225 ам.доллар буюу 4 970 062 428 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М б-инд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 574 498 ам.доллар буюу 3 841 325 428 төгрөг болон хариуцагч “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш.Цолзолмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 25 008 262 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хариуцагч Ш.Ц- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2018/07638 тоот захирамжаар давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “А” ХХК-аас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 084 560 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ОТГОНЦЭЦЭГ   

 

                                                      ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

                       

                                                                                                         С.ЭНХТӨР