Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00918

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 01 өдөр Дугаар 102/ШШ2021/00918 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: БГД, 0 дугаар хороо, 0 хороолол, ЭТӨЧ гудамж 0-0 байрны 00 тоотод оршин суух К овогтой Д-ны Г /РД:АА00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 0 дүгээр хороо, З-ын гудамж, НУО-д байрлах БГДИТХАА-нд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, Г.Н, А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г миний бие БГДИХТАА-нд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 00 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж ажлын байрны тодорхойлтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас жил бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч байсан болно.

Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэсэн үндэслэлээр тушаалыг гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн юм. Тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудаж хууль бус шалгалт зохион байгуулж авсан. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө шалгалтад унасан үндэслэлээр ажлаас халсан тушаал авч ирж оронд ажиллах хүнийг томилсон. Иймд миний ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Хууль бус шалгалт зохион байгуулсан гэсэн үндэслэлийн тухайд, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоо батлагдсан. Уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоохоор Ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаар тушаалаар Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам батлагдсан.

Мөн ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/09 дүгээр тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд уг комиссын бүрэлдэхүүн дээрх журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулж, дүгнэлтийг ирүүлсэн. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.2-т заасны дагуу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссоос зохион байгуулсан шалгалтыг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

Ийнхүү уг шалгалтаар Д.Г нь 25 хувь буюу тэнцээгүй гэсэн үнэлгээ авч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Тус шалгалт нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд шалгалт дуусахад уг танхимдаа шалгалтын материалыг засаж, дүнг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар тухайн албан хаагчтай биечлэн уулзаж, бичгээр мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлагыг хангасан.

Хоёр. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тухайд, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2019 оны А/138 дугаар захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу төрийн байгууллагын албан хаагчид 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 6.3, 6.5-д зааснаар Төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшинг улирал бүр үнэлж, дүгнэх, үнэлгээнээс хамаарч хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан.

Д.Г-гийн тухайд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалгүй тухай ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан байгууллагын үнэлгээний багийн үнэлэлт ирүүлсэн бөгөөд уг үнэлгээгээр маш хангалтгүй байсан тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон.

Гурав. Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бүрдсэн тухайд, хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т зааснаар ажил олгогч нь албан хаагчийн хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилтийн явц, үр дүн, чанарын талаар зохих үнэлэлт дүгнэлт өгч, урамшуулах, арга хэмжээ тооцох эрхтэй бөгөөд 7.2.4-т заасан ажилтан өөрийн хариуцсан хийж буй ажил үүргээ мэргэжил, ур чадвар, зохих чанар, стандарт, шаардлагын дагуу хийж чадаагүй тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл бүрдсэн. Иймд дээрх үндэслэлээр Д.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч БГДИТХАА-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Г нь Баянгол дүүргийн 00 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн Нийтийн хурлын нарийн бичгийн даргаар 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан тушаал, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гаргасан байх бөгөөд Д.Г нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх 6/

 

Нэхэмжлэгч шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гомдол гаргасан байна.

 

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар Ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох хурам-ыг баталжээ. Уг журмын дагуу ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр А/09 дугаартай Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталж, комисс нь шалгалтыг зохион байгуулах, үнэлгээ өгөх, нэгтгэх, үнэлгээнд суурилан дүгнэлт гаргах чиг үүрэг хүлээсэн байна. /хэргийн 52-54/

 

Дээрх журамд заасны дагуу мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах удирдамж баталж, шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж, уг шалгалтад 17 албан хаагч оролцож, 100 онооны үнэлгээтэй шалгалтын материалаар авсан байх ба 25 дугаар хорооны Иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн нийтийн хурлын зохион байгуулагч Д.Г шалтгалтад 25 онооны үнэлгээ авч тэнцээгүй дүгнэлт гарсан байна.

 

Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 6.3, 6.5-д төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшинг улирал бүр үнэлж, дүгнэх, үнэлгээнээс хамаарч хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заажээ.

Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2019 оны А/138 дугаар захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-д заасны дагуу төрийн байгууллагын албан хаагчид 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталсан байна.

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/15 дугаартай Үнэлгээний баг байгуулах тухай тушаалаар албан хаагчдын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, ажлын үр дүнг үнэлэх үнэлгээний багийн бүрэлдэхүүнийг баталж, үнэлгээний баг албан хаагчдын ажлыг үнэлэн дүгнэж, дүнг нэгтгэн танилцуулах үүрэг хүлээсэн байх ба Д.Г-гийн 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй үнэлэгдсэн болох нь дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хөдөлмөрийн гэрээнд ажилтан Д.Г-ийн гарын үсэг зурагдаагүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Баянгол дүүргийн 00 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн Нийтийн хурлын нарийн бичгийн дарга Д.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ тухайн байгууллагад хадгалагдаагүй гэж тайлбарлаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргийг хүлээх бөгөөд хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

 

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас ажилтан Д.Г-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлсэн, хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй буюу хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээ хадгалагдаагүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд ажил олгогч болон ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаас, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй явдалд ажилтан Д.Г-ийг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нөхцөл болдог боловч зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаж ажлын байрны тодорхойлолтад заасан шаардлага, албан тушаалд тавигдах шалгуур, ажилтны гүйцэтгэх үүрэг, ур чадвар, ажлын үр дүнгийн талаар тохиролцож, ажилтан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг мэдсэн байх шаардлагатай.

Ийнхүү ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй буюу хөдөлмөрийн гэрээгээр ажилтны гүйцэтгэх үүрэг, үр дүнгийн талаар тохиролцоогүй атлаа ажилтныг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар, стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т заасантай нийцэхгүй юм.

Иймд нэхэмжлэгч Д.Г ажлаас үндэслэлгүй халагдсан байх тул түүнийг Баянгол дүүргийн 00 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн Нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу Д.Г-ийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дунджаас нэг өдөрт ногдох цалинг 36,354 төгрөг /1 сарын дундаж цалин нь 781,613 төгрөг, 1 өдөрт ногдох цалин 781,613/21,5 хоног/ гэж тооцож, нийт 50 хоногийн хугацааны цалин 1,817,700 төгрөгийг хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-т олгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд нэхэмжлэгч Д.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дурдсан цалин олговроос нөхөн бичилт хийхийг даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийг Баянгол дүүргийн 00 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн Нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1,817,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Д.Г-ийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 44,033 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ