Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00944

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Г- ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Б- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00918 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Г- ийн хариуцагч Б- дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ажлын албанд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г- , түүний өмгөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г- миний бие Б- дүүргийн ИТХ-ын ажлын албанд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 25 дугаар хорооны иргэний танхим хариуцсан зохион байгуулагчаар ажилд орж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн улирал, хагас, жил бүтэн жилээр дүгнүүлэн хангалттай үнэлгээ авч байсан болно. Гэтэл 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын ажлын албаны шинэ дарга ажил авсан өдрөөсөө эхлэн ажлаа өг, өргөдлөө өгвөл 1 сарын тэтгэмж олгож, өөрийн хүсэлтээр гэсэн үндэслэлээр тушаалыг гаргана хэмээн сэтгэл санааны дарамт үзүүлж эхэлсэн юм. Тухайн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэнэт дуудаж хууль бус шалгалт зохион байгуулсан. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө шалгалтад унасан үндэслэлээр ажлаас халсан тушаал авч ирж оронд ажиллах хүнийг томилсон. Иймд миний ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрэм, бүтэц, орон тоо батлагдсан. Уг өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоохоор ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаар тушаалаар ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журам батлагдсан. Мөн ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс байгуулах тухай А/09 дүгээр тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд уг комиссын бүрэлдэхүүн дээрх журамд заасны дагуу шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, шалгалт зохион байгуулж, дүгнэлтийг ирүүлсэн. Уг шалгалтаар Д.Г- нь 25 хувь буюу тэнцээгүй үнэлгээ авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг бүрдүүлсэн. Тус шалгалт нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд шалгалт дуусахад уг танхимдаа шалгалтын материалыг засаж, дүнг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар тухайн албан хаагчтай биечлэн уулзаж, бичгээр мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тухайд, Дүүргийн ИТХ-ын даргын 2019 оны А/138 дугаар захирамжаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу төрийн байгууллагын албан хаагчид 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөсөн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулсан бөгөөд хөдөлмөрийн дотоод журмын 6.3, 6.5-д зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүн, мэргэшлийн түвшинг улирал бүр үнэлж, дүгнэх, үнэлгээнээс хамаарч хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар заасан. Д.Г- ийн тухайд гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй тухай ажлын албаны даргын тушаалаар байгуулагдсан байгууллагын үнэлгээний багийн үнэлэлт ирүүлсэн бөгөөд уг үнэлгээгээр маш хангалтгүй байсан тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бүрдсэн тухайд, хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т зааснаар ажил олгогч нь албан хаагчийн хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилтийн явц, үр дүн, чанарын талаар зохих үнэлэлт дүгнэлт өгч, урамшуулах, арга хэмжээ тооцох эрхтэй бөгөөд 7.2.4-т заасан ажилтан өөрийн хариуцсан хийж буй ажил үүргээ мэргэжил, ур чадвар, зохих чанар, стандарт, шаардлагын дагуу хийж чадаагүй тул хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл бүрдсэн. Иймд дээрх үндэслэлээр Д.Г- тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Г- ийг Б- дүүргийн 25 дугаар хорооны иргэний танхимын зохион байгуулагч бөгөөд иргэдийн Нийтийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Б- дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1 817 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г- т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон төлж, бичилт хийхийг Б- дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б- дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 44 033 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчээс шүүхэд хандан хариуцагчаас хөдөлмөрийн гэрээг гаргуулах хүсэлт гаргасан нь хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан учраас нотлох баримтын шаардлага хангуулан авах хүсэлтийг гаргасан. Мөн 2021 оны 4 сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх нүүрэнд нэхэмжлэгч 2020 оны 4 сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зуруулж авсан гэж тайлбарласан. Мөн нэхэмжлэгчээс хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй буюу энэ талаар маргах шаардлагагүй гэж үзэж, дээрх үндэслэлийг гаргасан. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон байна. Хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч гэрээний гол нөхцөлийг амаар харилцан тохиролцсон бол хөдөлмөрийн эрхийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг амаар тохиролцож хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Б- дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албанаас албан хаагчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний гүйцэтгэх үндсэн чиг үүрэг хэсэгт гэрээнд хавсаргасан албан тушаалын тодорхойлолт, албан хаагчийн жилийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь гэрээний бусад нөхцөлүүдийн нэгэн адил гэрээний салшгүй хэсэг болно гэж заасан байдаг. Энэ дагуу албан хаагчдын гүйцэтгэх үүрэг, үр дүнгийн талаар тохиролцсоны үндсэн дээр түүнийг дүгнэж, Б- дүүргийн ИТХ-ын даргын 2020 оны А/146 дугаар захирамжаар ажлын үр дүнг 92% гэж дүгнэсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс маргаагүй, цаашлаад уг захирамжийг нэхэмжлэлээ дэмжих баримт болгож хэрэгт өгсөн байдаг. Эдгээр баримтаар нэхэмжлэгчийн гүйцэтгэх үүрэг, үр дүнгийн талаар талууд харилцан тохиролцож, түүнийг дүгнэсэн байхад үүнийг тохиролцоогүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Ийнхүү талууд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх дээр маргаагүй буюу гэрээний нэг тал болох нэхэмжлэгчээс хөдөлмөрийн гэрээг үндэслэн маргаж байхад гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Б- дүүргийн ИТХ-ын ажлын албанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр томилогдсон ИТХ-ын ажлын албаны дарга нь ажил авсан цагаасаа намайг ажлаа өг гэж дарамталж, хууль бус шалгалт зохион байгуулан, шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэсэн бол хариуцагч татгалзалдаа ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссийн шалгалтын үр дүнгээр тогтоогдсон, мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн гэсэн үндэслэл заасан байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Б- дүүргийн ИТХ-ын даргын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/33 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Г- нь тус дүүргийн ИТХ-ын ажлын албаны хороодын иргэний танхим хариуцсан хэлтсийн 25 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын нарийн бичгийн дарга бөгөөд иргэний танхимын зохион байгуулагчаар томилогдон ажиллаж байгаад дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй нь тогтоогдсон, гүйцэтгэлийн тайлан, ажлын үр дүн хангалтгүй үнэлэгдсэн, өөрийн хариуцсан ажил үүргээ зохих чанар стандарт, шаардлагын дагуу гүйцэтгээгүй үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр тогтоогджээ. /хх-ийн 4-р тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан тул нэхэмжлэгч Д.Г- ийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал дээрх хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нийслэлийн Б- дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, ажилтан, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлуулах холбогдох хууль тогтоомжийн дагуу албан хаагчдыг чөлөөлж, томилох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргад үүрэг болгосон байна. /хх-ийн 63-р тал/.

 

Дээрх 44 дүгээр тогтоолын хүрээнд дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/03 дугаар тушаалаар төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг баталж, шалгалт зохион байгуулах комиссийн хурлыг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулжээ. /хх-ийн 53-54-р тал/. Тус хурлаар ажлын албаны төрийн үйлчилгээний албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100 хувийн үнэлгээтэй, 20 тестээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 55-57-р тал/

 

Улмаар дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт зохион байгуулах удирдамжийг баталж, 2020 оны 12 сарын 16-ны өдөр ажилчдаас шалгалт авахад нэхэмжлэгч Д.Г- нь 25 хувь буюу хангалтгүй үнэлгээ авчээ. /хх-ийн 62, 75-78-р тал/. Мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дүгнэлтээ гарган, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга А.Даваажаргалд өргөн барьсан байна. /хх-ийн 71-74-р тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссийн албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгох бөгөөд дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргын тушаалаар албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох журмыг баталж, комисс байгуулан шалгалт зохион байгуулсныг хууль бус гэж үзэхгүй юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээгээр ажилтны гүйцэтгэх үүрэг, үр дүнгийн талаар тохиролцоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна. Талууд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй нь ажилтан, ажил олгогч нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч байгууллагад тодорхой ажил, албан тушаал эрхэлж, түүндээ тохирсон цалин хөлс авч байсан буюу талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдсон тул ажилтныг ажлаас чөлөөлөх эрх ажил олгогчид үүссэн гэж үзнэ.

 

Хариуцагч байгууллага нь дээрх шалгалтын үр дүнг үндэслэн, нэхэмжлэгч Д.Г- ийг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэж, ажлаас чөлөөлж байгааг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлээр танилцуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасан Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх тухай заалтад нийцжээ. /хх-ийн 16-17-р тал/.

 

Түүнчлэн, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Д.Г- ийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн гэсэн үндэслэлийг заасан.

 

Б- дүүргийн ИТХ-ын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 6.3-т Төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын үнэлгээнээс хамаарч ур чадварын нэмэгдэл олгох, цалингийн зэрэглэл нэмэгдүүлж болох бөгөөд хангалтгүй үнэлгээ авсан ажилтны ур чадварын нэмэгдлийг бууруулах, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэж заажээ. /хх-ийн 38-51-р тал/. Ажилтан Д.Г- ийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн болох нь албан хаагчдын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, ажлын үр дүнг үнэлэх үнэлгээний багийн дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх-ийн 79-92, тал/

 

Ийнхүү нэхэмжлэгч Д.Г- нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь дээрх байдлаар тогтоогдсон тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Б- дүүргийн ИТХ-ын ажлын албанд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Д.Г- ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Д.Г- ээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Б- дүүргийн улсын тэмдэгтийн хураамжийн /100200500941 тоот/ данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Б- дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00918 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б- дүүргийн ИТХ-ын ажлын албанд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Д.Г- ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Б- дүүргийн улсын тэмдэгтийн хураамжийн /100200500941 тоот/ данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Г.ДАВААДОРЖ