Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 80

 

 

 

 

                 

 

 

 

                      

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Б.Батболор, шүүгч Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүгдэгч М.Цэнгүүнбилэг,

улсын яллагч Л.Цэндсүрэн,

иргэдийн төлөөлөгч Ц.Чимэд-Очир,

хохирогчийн төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Болдбаатар,

хохирогчийн өмгөөлөгч Г.Ганболд, Б.Гэрэл-Очир,

гэрч Б.Тулга,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лувсан овогт Минтэвийн Цэнгүүнбилэгт холбогдох эрүүгийн 201626031557 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд ар хорооллын 16а байрны 17 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Лувсан овогт Минтэвийн Цэнгүүнбилэг /РД:УС66061111/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.Цэнгүүнбилэг нь согтуугаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 1-639 тоотод байрлах “Ундарга” нэртэй баарны 2 давхрын 02 тоот караокений өрөөнд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг 33 минутаас 17 цаг 39 минут хүртэлх хугацаанд иргэн Ц.Дэлгэрмандалыг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж /хүнд зэргийн согтолттой/ хүзүү, хоолойн тус газар нь гараараа боож, шалтаг шалтгаангүйгээр буюу танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

1. Шүүгдэгч М.Цэнгүүнбилэгээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Нүхтээс хот руу орж хоноод ажилчдынхаа цалинг бодож өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээр ирэхэд манай бригадын Тулга, Гэрэлт, Батсайхан, Эрдэнэбилэг, талийгаач нар архи уугаад сууж байсан. Намайг очиход нэг шил архи аваад ирээч дотор муухай байна гэхээр нь 0.75  граммын Ерөөл архи авч өгсөн. Бид нар архиа уугаад сууж байтал гадна талын бригадынхан “ажил тараагүй байгаа учир манай ажилчид ажлаа хийж чадахгүй байна. Та хүмүүсээ аваад ажил тарсны дараа хүрээд ирээч” гэсэн. Тэгээд би хүмүүсээ аваад 16:00 цагийн үед Яармагийн Ундрах нэртэй караокед орж архи, ус, пиво худалдаж авч дуу дуулж суусан. Бид нар цагийг өнгөрөөчихөөд явъя гэж бодож байсан.

Үйлчлэгч эмэгтэй “та нар цонхоороо тамхины иш хаяад байна” гэж хэлэхэд талийгаач хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байсан. Тэгээд үйлчлэгч эмэгтэй юм хэлэхгүй дуугүй гараад явсан. Караоке дотор талийгаач “би дуулмаар байна пиздануудаа, яагаад намайг дуулуулахгүй байгаа юм бэ” гэсэн асуудлаас маргаан үүссэн. Тэгээд талийгаач, Гэрэлт хоёр барьцалдаж авахад нь би зодоон цохион хийлгэхгүй гээд талийгаачийн хойноос татаад би унасан. Талийгаач бас унасан. Тэгээд Гэрэлт талийгаачийг өшиглөх гэхэд нь би биеэрээ хамгаалж өмнөөс нь өшиглүүлж байсан. Талийгаачийг салгахад агсарч, ална гээд босох гэхээр нь би зодоон цохион хийлгэхгүй гэж талийгаачийг татсан. Тэгээд Тулга, Гэрэлтийг аваад гарсан. Би талийгаачийг хажуудаа суулгаад босох гээд байсан учраас татаж суулгасан. Зодооныг салгачихаад би Тулгад “Гэрэлтийг аваад гар” гэж хэлсэн. Тэгээд би Дэлгэрмандалтай үлдсэн.

 Удалгүй караокенаас явах гээд хувцсаа өмсөх гээд очтол миний бээлий газар унасан байсан. Тэгээд нэг бээлийгээ өмсчихөөд нэг бээлийгээ хайх гэтэл талийгаач гарах гэхээр нь хажууд нь очиж суусан. Би бээлий өмсөх дуртай хүн юм. Өмнө Гэрэлт, талийгаач хоёр ноцолдож байхад талийгаачийн хамраас цус гарсан. Тэгээд би талийгаачийн цусыг сальфиткаар арчиж өгсөн болохоор миний хувцас цус болсон байсан. Дүрс бичлэгийн 17:33 цагт Дэлгэрмандал гарах гэхээр нь би гаргахгүй гээд байсан харагдаж байна. Талийгаач намайг бодоход гайгүй согтсон байсан. Би согтсон байсан хэдий ч болсон үйл явдлыг санаж байгаа... Талийгаач согтуу байсан хэдий ч биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,  

 

2. Хохирогчийн төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэгээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Миний ах Дэлгэрмандал нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 4 дүгээр хороо Арцатын 1-639 тоотод байрлах “Ундарга” нэртэй караокед нас барсан тухай мэдээллийг хоёрдугаар эмнэлэгт сувилагч хийдэг Дэлгэржаргал эгч ажлынхаа газрын сувилагчаар дамжуулж олж сонссон. Тэр хүн нь “Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй холбогдож тодруул” гээд дугаар өгсөн байсан. Тэгээд энэ мэдээг аваад манай эгч над руу залгасан. Тэгээд би гайхаад залгаад үзэхэд “Дэлгэрмандал гэж танай ах мөн үү, ийм юм болсон байна, яаралтай ир” гэсэн. Тэгэхээр нь би “өөрөө хэн гэдэг хүн бэ” гэхэд “Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн дэд дарга хошууч Бат-Эрдэнэ гэдэг хүн байна” гэсэн. Бид нарыг очиход Бор гэдэг хүн тосч уулзаад “Дэлгэрмандалын дүү нь мөн үү” гэсэн. Талийгаачийн нас барсан тухай мэдээлэл маш орой очсон. Бор гэдэг хүн бидэнд яагаад эрт мэдэгдээгүй юм бол гэж гайхаж байна. Тэгээд би мөрдөн байцаагч Хулангоотой таарахад “багшаа сайн уу, та ямар ажлаар явж байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “манай ах нас барчихсан, тэгээд ирж байна” гээд дүрсэлж хэлэхэд би эргүүл хийж байгаад хэргийн газар очсон. Ухаангүй хүн байна гэхээр нь судсыг нь дарж үзэхэд мэдрэгдэхгүй болохоор нь түргэн дууд гээд дуудаж, цагдаа, түргэн ирсэн байгаа гэж хэлсэн.

Тэгээд намайг дэд дарга Бат-Эрдэнэ, мөрдөн байцаах тасгийн дарга Алтангадас хоёр хүлээж авч уулзаад талийгаачийн дүр төрхийг асууж, мөн болохыг асуугаад нас барсан цаг хугацааг хэлсэн. Цогцсыг ноорог руу авч явсан байсан. Одоохондоо цогцос хөрөөгүй байгаа тул задлан шинжилгээг маргааш хийнэ. Задлан шинжилгээ хийхэд томилогдсон мөрдөн байцаагч хохирогчийн ар гэр лүү нь ярьж, хүсвэл хамт байлцаж болно гэсэн зүйл ярьсан.

Тэгээд маргааш нь бид нар талийгаачийн алтан хайрцгийг нээлгэчихээд Цагдаагийн газраас залгахгүй болохоор нь Хулангоо руу залгаад “юу болсон юм бэ, над руу хүн ярихгүй байна” гэхэд “Ербол гэдэг мөрдөн байцаагчид хэрэг очсон байна” гээд дугаарыг нь өгсөн. Тэгээд би 11:00 цаг өнгөрч байхад Ербол руу залгахад “одоо л мөрдөн байцаалтын ажиллагаа эхлэнэ дээ” гэхэд би “задланд оруулах юу болсон юм бэ” гэхэд урьд шөнө задланд оруулсан, яаралтай задланд орох шаардлагатай байсан юм болов уу” гэж хэлсэн. Бид талийгаачийг ямар байдалтай байсныг харж чадалгүй задланд оруулсан.

Камерын бичлэгийг шүүж үзэхэд хэрэг гарсан өдөр хэргийн газар 17 цаг 22 минут 16 секундэд талийгаачийг цохиж газар унагааж, хоолойг нь боож, хамраас цусыг нь гоожуулсан Гэрэлт гэдэг хүнд гомдолтой талаар өмгөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргасан боловч захиргааны зөрчил гээд арга хэмжээ аваад өнгөрсөн байсан. 

Шүүгдэгч нь хар бээлий өмсөж, 6 минут орчим боож, хүний амь насыг хохироочихоод юу ч болоогүй юм шиг гэмшсэн шинжгүй байна. Хохирогчийн ар гэрийн зүгээс зөв шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсч байна.

Талийгаач дүүг 2012 оны 12 сарын 02-ны өдөр хөдөөлүүлсэн ба оршуулгын зардал болон 49 хоног хураахтай холбоотой зардалд 19.782.995 төгрөг, өмгөөллийн хөлс 7.000.000 төгрөг, нийт 26.782.995 төгрөг нэхэмжилж байна. Ном уншуулсан 1.179.000 төгрөг нэхэмжлэлийн дүнд ороогүй байгаа. Талийгаач нь хоёр хүүхэдтэй нэг нь насанд хүрээгүй, том нь 19 настай нялх хүүхэдтэй байгаа. Миний ээж 75 настай, элэгний хүнд хэлбэрийн церрозтой. Талийгаач нь ээждээ болон хоёр хүүхэддээ тус дэм болж, хамгийн сайн хүү, аав байсан. Оршуулгын үеэр ч мөрдөн байцаалтын шатанд ч шүүгдэгчийн талаас хүн ёсоор харьцаж, ганц удаа ч уучлалт гуйгаагүй. Шүүгдэгч нь энэ хэрэг гарснаас хойш нэг ч удаа уучлалт гуйгаагүй, санхүүгийн туслалцаа өгөөгүй. Шүүгдэгч нь эхээс тавуулаа, ам бүл 3, эхнэр 2 хүүхэдтэй, эхнэр нь Америкийн нэгдсэн улсад ажилладаг. Шүүгдэгч нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаад маш их гомдолтой.  Шүүгдэгчийн талаас 4.500.000 төгрөг өгсөнийг хүлээн авсан. Баримт нь байгаа. Энэ нь өмгөөллийн хөлсөнд ч хүрэхгүй байна. Бид нар өмгөөлөгчийн хөлс төлөхдөө зээл авсан. Тэгээд зээл яаралтай төлөх шаардлага гараад шүүгдэгчийн талаас өгсөн 4.500.000 төгрөгийг зээлэндээ төлсөн. Талийгаач эхнэрээсээ шүүхийн шийдвэрээр гэр бүлээ албан ёсоор цуцалсан, хүүхдүүд нь ээжийнхээ  асрамжинд байдаг юм. Бага насны хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдсон байсан. Маш их гомдолтой байна. Хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,  

 

3. Гэрч Б.Тулгаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би хэрэг болохоос 7 хоногийн өмнө хамт ажиллаж эхэлсэн. Хохирогч Дэлгэрмандалыг хэрэг гарахаас 3 хоногийн өмнөөс мэднэ. Энэ хугацаанд ямар нэгэн асуудал болж байгаагүй. Талийгаач Дэлгэрмандал, шүүгдэгч нарын хооронд ажил болон хувийн байдлаас шалтгаалан хэрүүл маргаан болж байгаагүй. Караоке дотор талийгаач хүмүүсийг хэл амаар доромжилсон. Түүнээс болоод Гэрэлттэй маргалдаж, Цэнгүүнбилэг бид хоёр Гэрэлт, талийгаач хоёрыг салгасан. Би тухайн үед драйгер үлээхэд 1,20 промилли спиртын агууламжтай гарч байсан. Миний согтолт гайгүй байсан. Бид нар бүгд ууж, дуулалдаад сууж байсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа караокены цаг дуусаж, дахин сунгуулсан. Тэгээд талийгаач Гэрэлт хоёр маргалдаж барьцалдаж авсан. Тэгээд шүүгдэгч Цэнгүүнбилэг талийгаачийг татаж авсан, би Гэрэлтийг татаж авч салгасан. Түүнээс өмнө ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй байсан.

Бид нар ууж байхад газар пиво асгарсан байсан. Тэгээд зодоон болох үед бид нар бүгд унасан. Тэгэхэд талийгаачийн хамраас нь цус гарсан байсан. Би Гэрэлтийг аваад доошоо буугаад, Гэрэлт бид хоёр 100, 100 граммын архи аваад сууж байхад Цэнгүүнбилэг араас бууж ирж байсан. Цэнгүүнбилэг нь караокеноос доошоо очихдоо архи уугаагүй. Караокены өрөөнд хэр уусныг мэдэхгүй байна. 2016 оны 11 сарын 25-ны өдрийн өглөө 10:00 өнгөрөөгөөд ажил дээрээ ирсэн. Тэгэхэд Батсайхан, талийгаач хоёр гуйваад их согтсон байсан. Түүнээс хойш тасралтгүй уусаар байгаад “Ундрах” караокед ирж уусан. Хэрэг гарах өдөр би 00:00 цагт гэртээ харьсан. Ундрах караокед 13:00-14:00 цагийн үед орсон санагдаж байна. Эрдэнэбилэг, Батсайхан хоёр тасарсан хүний шинжтэй сууж байсан...” гэсэн мэдүүлэг,

 

 Эрүүгийн 201626031557 дугаартай хэргээс:

 

1. Хохирогчийн төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би талийгаач Ц.Дэлгэрмандалын төрсөн дүү нь байгаа юм. Манайх эхээс 8-лаа бөгөөд ах маань дээрээсээ 5 дахь хүүхэд нь байсан. 1996 онд Цэрэндолгор гэдэг эмэгтэйтэй гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. 2006 оны үед эхнэр хүүхдээсээ салсан. Талийгач ах маань одоо төрсөн эх Буянтогтохтой хамт амьдардаг юм. ...Манай төрсөн эгч Дэлгэржаргал 2016 оны 11 сарын 21-ний өдөр талийгаач ахыг барилга засварын тоног төхөөрөмжтэй нь хамт Нүхтийн аманд засвар хийх газарт нь хүргэж өгсөн байсан.

... Манай ах ямар нэгэн өвчин хэлж байгаагүй. Ах маань архийг их хэрэглэдэггүй, баяр ёслолын үеэр архи уудаг, хааяадаа тамхи бага хэмжээгээр хэрэглэдэг байсан. Ах маань архи уухаараа хүнд амьдралаа яриад, их дуулдаг л хүн байсан. Манай ах Дэлгэрмандалыг хар бээлий өмссөн Цэнгүүнбилэг нь санаатайгаар алсан гэдэг нь камерын бичлэгээс тодорхой харагдаж байна. Дүрс бичлэгтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Одоогийн байдлаар оршуулгын зардалд 17,0 орчим сая төгрөг гарсан байгаа.

Би нийт 25.896.435 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд оршуулгын зардалд 11.744.340 төгрөг, дөчин ес хоног хураахтай холбоотой 7.152.095 төгрөг, өмгөөллийн хөлс 7 сая төгрөг, ном уншуулахад 1.179.000 төгрөг болж байгаа...” гэсэн мэдүүлэг / Хэргийн 1-р хавтас 67-71х, 73х/,

 

2. Гэрч Э.Дэлгэртуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах “Ундарга” пабад 2016 оны 10 сарын 28-ны өдөр үйлчлэгчээр ажилд орсон ба өдөр бүр өглөө 12 цагаас 22-23 цагийн хооронд ажилладаг юм. Өнөөдөр буюу 2016 оны 11 сарын 25-ны өдөр 16 цаг өнгөрч байхад гаднаас өмнө нь харж байгаагүй зургаан залуу орж ирсэн. Тэгээд тэдгээр залуус манай пабын хоёр давхарт байдаг 2 дугаартай караокены өрөөнд орсон. Би тэр үед нэг давхарт цэвэрлэгээ хийж байсан ба тэднийг хэдэн цаг болох, ямар уух юм авсан болохыг мэдэхгүй, манай тогооч Үүрцайх тэдэнд үйлчлээд тооцоо хийсэн.

Тэгээд тэдгээр залуус өрөөндөө дуулж хуурдаад байж байсан ба намайг гадаа хог шүүрдэж байтал тэр залуус цонхоороо тамхины иш болон хог шидээд байхаар нь 17 цаг өнгөрч байхад тэдний өрөөнд нь ороод би “тамхи битгий татаарай” гэж хэлтэл халзан толгойтой, сүүлд нас барсан залуу над руу шүлсээ хаяад, гараараа салаавч гаргаад “май пизда, минь чи үйлчлэгч юм бол цэвэрлэх ёстой” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаалгыг нь хаагаад гарчихсан ба намайг орох үед тэд нар хоорондоо хэрэлдээгүй тайван, ширээн дээр нь 0,75 литрийн савалгаатай Сархад архи болон пивонууд, цэвэр уснууд харагдаж байсан. Тэгээд би гал тогоонд ороод цэвэрлэгээ хийж байхад бидэнтэй цуг ажилладаг Жагаа гээд ах намайг “дээр өрөөнд түчигнээд байна, чи ороод харчих, ахынх нь хөл өвдөөд гарч чадахгүй байна” гэхээр нь би дахиад 2 дугаартай өрөөнд 17 цаг 23 минутын үед ортол талийгаач халзан толгойтой залуу, нэг залуутай заамдалцаад зогсож байхаар нь би тэднийг салгатал талийгаач намайг “чи зайл чамд хамаагүй” гээд хөөгөөд байсан. Тэнд цуг байсан хүмүүс тэднийг салгаад зууралдаж байсан.

Намайг орох үед талийгаачийн хамраас цус гарсан юм уу, эсвэл заамдалцаж байсан хүний хамраас цус гарсан юм уу, мэдэхгүй нэгнийх нь хамраас лав цус гарсан байсан. Би тэднийг танихгүй болохоор талийгаачтай заамдалцаж байсан хүнийг мэдэхгүй байна. Гэхдээ дахиж харвал танина.

Дараа нь би нэг давхарт буугаад Жагаа ахад “тэдний нэгнийх нь хамраас цус гарсан байна” гэж хэлтэл Жагаа ах надад “тэгвэл цагдаа дуудахаас” гэж байтал гаднаас манай пабад эргүүл хийж байгаа гээд эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаа орж ирсэн. Тэгээд би тэр хоёр цагдаад чацаргана аягалж байтал манай эзэн Болороо тэр цагдаа нарт “дээр байгаа хүмүүс тооцоо хийхгүй байна” гэж хэлээд эмэгтэй цагдаатай хамт намайг “дээшээ гар” гэж хэлсэн. Би тэр цагдаатай цуг хоёр давхарт гараад ...ганцаараа түрүүлээд тэдний өрөөнд ортол нэг өндөр залуу нь босчихсон, бригадын дарга гэж дуудаж байсан ах сандал дээр суучихсан, талийгаач бригадын даргын сууж байсан сандалны эсрэг талын буйдан дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан.

Тэгээд би тэднээс тооцоогоо нэхтэл босоод зогсож байсан савхитай залуу “нэгжээд гарвал ав” гэсэн ба бригадын дарга нь намайг “картыг нь авсан” гэхээр нь би түүнд “би таныг нэгжээд гаргаад ирвэл яах юм” гэтэл тэр намайг нэгжиж үзэхээр нь би түүнийг зөрүүлээд нэгжиж үзтэл энгэрийн халааснаас нь карт нь гараад ирсэн. Би бригадын дарга гэх хүнд “гадаа цагдаа нар ирсэн байгаа, тооцоогоо хийгээд энэ хүнээ аваад яв” гээд талийгаач халзан залууг заатал бригадын дарга нь “манай энэ залуу олон хоног нойргүй яваад унтаж байгаа юм, сэрэхээр нь аваад явна” гэж хэлсэн.

Тэгээд би тэр өрөөнөөс гартал эмэгтэй цагдаа, манай тогооч Үүрцайхтай хамт надтай зөрөөд тэр өрөөнд орсон. Би өрөөнөөс гараад коридорт хараад зогсож байхад эмэгтэй цагдаа тэр өрөөний үүдэнд зогсож байгаад тэдэнд “та нар хэл ам хийхгүй тооцоогоо хийгээд гараарай” гэж хэлчихээд буцаад гараад ирсэн. Би эмэгтэй цагдаа, Үүрцайх хоёрыг дагаад нэг давхарт буутал Үүрцайх цагдаа нарт “буйдан дээр хэвтэж байгаа халзан хүний царай нь цонхийгоод эвгүй болсон байна “түргэн дуудчих уу” гэхэд эрэгтэй цагдаа бидэнтэй цуг өрөөнд нь ороод халзан залуугийн хүзүүн дээр нь гараа тавьж үзээд “судас нь цохилохгүй байна, түргэн дууд” гэж хэлсэн. Тэгээд Үүрцайх түргэн тусламж өөрийнхөө утсаар дуудсан.  Тэгээд байж байтал Үүрцайх орж ирээд “түргэн ирж үзлээ, нөгөө хэвтэж байсан халзан хүн чинь нас барчихсан байна гэнэ ээ” гэж хэлсэн. Намайг хоёр дахь удаа 2 дугаартай өрөөнд ороход дотор байсан хүмүүс нилээн бужигнаж байсан ба талийгаач халзан залуу бригадын дарга гэх залуутай заамдалцаад зогсож байсан. Би тэр хоёрын нэгнийх нь хамраас цус гарсан байсан ба яг хэнийх нь хамраас цус гарсан байсныг санахгүй байна. Намайг орсны дараа хэн нь ч хэнийгээ цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 76-80х/,

 

3. Гэрч Д.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 сарын 25-ны өдөр би Хан-Ууул дүүргийн 4-р хороо, Арцатын 01-639 тоотод байрлах өөрийн эзэмшлийн “Ундарга” нэртэй паб, караокед 16 цагийн үед ирсэн. Намайг ирэхээс 10 минутын өмнө хоёр давхарт байрлах хоёр номерийн караокений өрөөнд зургаан хүн орсон байсан. 16 цаг 50 минутын үед байх баарны хоёр давхарын 2 номерийн караокений өрөөнд байсан хүмүүс өрөөн дотроо маргалдаж эхэлсэн. Энэ өрөөнөөс гурван хүн текэнд ирээд “тооцоогоо би хийхгүй чи хийнэ” гэж маргалдаж эхэлсэн, өндөр нуруутай, гялгар богино сөдөн куртиктэй залуу гадагш гарах гэхэд нь “төлбөрөө хийж дуусга” гэж явуулаагүй. Энэ залуу дээшээ гараад явсан. Удалгүй бригадын дарга гэх сахалтай хүн бууж ирээд “надад тооцоо хийх гэхээр мөнгө байхгүй байна, карт байхгүй” гээд текэн дээр суугаад байсан. Тэгээд тэд тооцоо хийхгүй бүгд дээшээ гараад явцгаасан.

...Би эдгээр хүмүүсийн сууж байсан өрөөнд ороход нил цус болсон байсан. Би “энэ одоо юуны цус вэ арчаарай” гэж хэлсэн. Зарим нэг нь суусан, зарим нэг нь боссон байсан. Богино хар куртиктэй хүн нь хүн болгон руу орилж шарлахаад хашгирч байсан. Би тэгээд доошоо бууж ирсэн чинь манай бааранд 2 цагдаа эргүүл хийгээд ороод ирсэн байсан. Би хоёр цагдаад энд хүмүүс тооцоо хийхгүй байна, хэлээд өгөөч гэсэн. Хоёр цагдаатай шууд дээшээ гарч тэдний өрөөнд ороход манай тогооч Үүрийнтуяа шалыг арчиж байсан. Би төлбөрөө төлөөрэй гээд доошоо буусан. Цагдаа нар удалгүй эмнэлэг дууд гэсэн. Түүнээс хойш би дээшээ гараагүй. Намайг анх ороход хэн нэгний биенээс цус гарсан, шалбарсан зүйл байгаагүй. Би хэн нь хэнтэй ноцолдсон, хэнээс цус гарсаныг мэдэхгүй юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 83-86х/,

 

4. Гэрч Д.Үүрцайхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би “Ундарга” бааранд ажиллаж байхад 16 цаг өнгөрч байхад зургаан хүн орж ирсэн. Зургаан хүний хоёр нь их согтсон, нэг нь эрүүл,  хоёр нь халамцуу байсан. Нэг хүн гадаа утсаар ярьж байгаад хамгийн сүүлд орсон. Бригадын ахлагч гэх барзгар нүүртэй хөгшиндүү ах “танайх цагийн хэд вэ” гэхэд нь 10.000 гэхэд тэр 5.000 төгрөгөөр 3 цаг өгчих гэхэд би татгалзсан байсан. Тэр хүн “тохирох уу, 3 цаг 8.000-аар өгчих” гэсэн. Тэгээд би 3 цаг өгч караокед 24.000 төгрөгөөр захиалаад 7 ширхэг пиво авсан. Тэр хүн “танайх карт унших уу” гэхэд нь уншигч болохгүй, байхгүй гэсэн. Надад картаа өгч 0,75 литрийн 2 ширхэг архи авчираад өгчих гэж Хаан банкны виза карт өгсөн. Би “Тавхан туна” дэлгүүр орж хоёр шил архи авах гэсэн боловч картан дахь мөнгө хүрэлцээгүй тул 0,75 литрийн “Сархад” архи 1 ширхэг авч, энэ хүнд архи, виза карт, баримтыг өгсөн. ...Тэгээд би гал тогоонд байж байгаад нэг цаг 30 минут болоод текэнд ирсэн. Сууж байхад “тас” хийсэн чимээ хүчтэй дуугарсан. Микрофоны тас хийж хаагдсан чимээ шиг байсан. Дээшээ Болороо эгч гарч байхад “би очъёо” гээд Болороо эгчийг буулгаад би очсон. Хоёр номерийн өрөөнд ороход шаланд цус дуссан байсан. Би “энэ юун цус вэ” гээд би өндөр залууд “алив чи цусаа арч” гэсэн. Өндөр залууд манай үйлчлэгч Дэлгэртуяа салфетка, алчуур авчирч өгөхөд энэ залуу цусыг арчиж байсан. Дэлгэртуяа надад “хүн ухаан алдсан байх шиг байна” гэхэд би харахад нэг хүн хөндлөн буйдан хойшоо налсан, хоёр гар нь тэнийсэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би “та нар нэгнийгээ зодсон юм уу” гэхэд тэд “үгүй” гэж байсан. Тэгээд цагдаа хоёр давхарт гарч ирсэн.  Дээшээ гаргаад ухаангүй хэвтэж байгаа хүний гүрээний судсыг барьж үзэхэд, нас барсан байсан. Тэгээд би цонх онгойлгоод түргэн тусламж дуудсан. Түргэн ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 87-90х/,

 

5. Гэрч Д.Тулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Бид Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах “Ундарга” бааранд ирж орсон. Бааранд ирэхээс өмнө засвар хийж байгаа бааранд 0,75 литрийн “Сархад” билүү “Хараа” билүү тийм архи уусан байсан. “Ундарга” бааранд ирээд хоёр давхарт 1007 гэсэн хаягтай өрөөнд орж суусан. Баарнаас 0,75 литрийн Сархад архи нэг шил, 7 ширхэг пиво, хоёр ширхэг цэвэр ус авсан. Сархад архийг баарны хүүхнээр дэлгүүрээс авхуулсан. Тэгээд караокед дуулж сууж байхад бага зэрэг маргаан болсон. Юунаас болсоныг сайн мэдэхгүй байна. ...Гэрэлээ талийгаач хоёр ноцолдож байхад хамарнаас нь бага зэрэг цус гарсан байсан. Намайг байхад талийгаачийг хэн нэгэн боосон асуудал болоогүй. Хоёр тийш нь татаад, би Гэрэлтийг  доош нь авч явсан. Ноцолдсоны дараа би Гэрэлээг аваад доошоо буусан. Энэ үед үлдсэн дөрөв караоке дотор үлдсэн байсан. ...Амь хохирогч Ц.Дэлгэрмандал нь Гэрэлттэй маргалдан газарт унан ноцолдсоны дараа Ц.Дэлгэрмандал нь хүзүү, хоолой өвдсөн эсэх талаар яриагүй. Дэлгэрмандал өөрөө босоод явж байсан. Ямар нэг зовиурласан, өвдсөн зүйлийн талаар юм яриагүй юм. ...Би талийгаачийг салгаад доошоо буухад талийгаач амьд байсан. Дэлгэрмандал болон М.Цэнгүүнбилэг хоёрын хооронд намайг байхад хэрүүл маргаан болоогүй.

Дүрс бичлэг дээр “А” гэж дугаарласан хүн нь нас барсан Дэлгэрмандал мөн байна. Бид Дэлгэрмандалыг Багаа гэж дууддаг байсан. Дэлгэрмандал нь хаалга талын хананд байрлах буйданд анх орж ирэхдээ суусан. Тэр газар суугаад байсан. Дүрс бичлэг дээр “В” гэж тэмдэглэгдсэн хүн манай бригадын ахлагч Цэнгүүнбилэг ах байсан. “С” гэж дугаарлагдсан хүн нь Гэрэлт байна, Гэрэлт тэр үед хар өнгийн богино куртиктэй, хар өнгийн бакал гутал өмссөн байсан. “D” гэж дугаарлагдсан хүн нь би байна. Гэрэлт нь халууцаад байна гээд майкаа тайлсан байсан. “Е” гэж тэмдэглэгдсэн хүн нь Батсайхан байна. Батсайхан нь энэ суудалд суугаад унтаад байсан. Энэ караокед орохдоо л Батсайхан согтуу орж ирсэн. Бараг орж ирээд л унтаад байсан. “F” гэж тэмдэглэгдсэн хүн нь Цэнгүүнбилэг ахын ах Эрка ах байна. Эрка ахын жинхэнэ нэрийг мэдэхгүй байна. “К” гэж тэмдэглэгдсэн хүн Батсайхан байна. “J” гэж дугаарлагдсан хүн нь Эрка ах байна. Энэ хоёр энэ сандал дээр суугаад тасраад унтаад суугаад байсан. Алхаад явж байгаа хүн бол Цэнгүүнбилэг ах байна. Амь хохирогч Ц.Дэлгэрмандал нь Гэрэлттэй маргалдан газарт унан ноцолдсоны дараа Ц.Дэлгэрмандал нь хүзүү, хоолой өвдсөн эсэх талаар яриагүй. Дэлгэрмандал өөрөө босоод явж байсан. Ямар нэг зовиурласан, өвдсөн зүйлийн талаар юм яриагүй юм... ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 91-96х/,

 

6. Гэрч Д.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Цэнгүүнээ ахын барилгын бригадад ажиллаж байсан. Манай бригадад би, бригадын дарга Цэнгүүнээ ах, түүний төрсөн ах Эрка, Гэрэлт, Тулгаа, Дэлгэрмандал гэсэн бүрэлдэхүүнтэй ХУД-н 4-р хороо Нүхтийн аманд байрлах хувь хүний байшинд байрлаж тэр байшингийн дотоод засал чимэглэл хийж байгаа. 2016 оны 11 сарын 25-ны өдөр Улс тунхагласны баяр болсон болохоор бид нар ажиллахгүйгээр амарсан ба байрлаж байгаа байшиндаа өдөр 13 цаг өнгөрч байхад 0,75 литрийн савалгаатай Ерөөл нэртэй архи 2 шилийг бүгдээрээ хувааж ууцгаасан. Тэгээд бид нар уусан архиндаа халцгаагаад Цэнгүүнээ ах “бааранд орцгооё” гээд ...Яармагийн 2-р буудлын замын хойд талд байдаг “Ундарга” паб, караоке гэсэн хаягтай газар руу орцгоосон.

Бид нар тэр караокед ороод хоёр давхарын шатаар гараад эхний өрөөнд ороод нэг, нэг пиво авцгаагаад, караоке машинд нь цаг хийлгэлгүй зүгээр нээлгэсэн. Тэгээд бид нар пивоо уугаад дуулцгааж байсан ба зарим нь пивоо уухгүй байхаар нь би өөрийнхөө пивийг ууж дуусгачихаад ширээн дээр байсан шилтэй пивонуудаас аваад уугаад байсан. Нэг мэдсэн нилээн муудсан байсан. Би тэгээд тасарчихсан юм шиг байгаа юм, нэг ухаан ороход ширээн дээр миний урд хундагатай архи тавьсан байхаар нь түүнийг нь 2-3 удаа ууснаа санаж байна. Тэгээд буцаад тасарчихсан, миний санаж байгаагаар, дараа нь нэг ухаан ортол бид нар караокений өрөөндөө ширээгээ тойроод буйдан дээр нь сууцгааж байсан ба дуу дугарахгүй чимээгүй байсан.

Цэнгүүнээ ах караокений ажилтантай тооцоо хийх гээд карт өгч авалцаад байх шиг байсан. Энэ үед талийгаач Дэлгэрмандал хаалган талын буйдан дээр унтаж байгаа юм шиг хэвтэж байсан. Тэгээд Цэнгүүнээ ах талийгаачийг “босооч” гээд дуудаад байх шиг байсан ба удалгүй гаднаас цагдаа болон түргэн тусламж ирээд “талийгаачийг нас барсан байна” гэж байсан. Би талийгаачийг нас барсан талаар сонсоод, бид нар хоорондоо муудалцсан асуудал байхгүй болохоор зүрх нь хаагдаад юм уу, архинд хордсон гэж бодсон. Тэгээд бид нарыг цагдаа дээр авчирсан. Намайг тасрахаас өмнө лав бид нар хоорондоо хэрэлдэж муудалцсан асуудал байхгүй, сайхан дуулцгааж байсан. Бид нарын дунд талийгаачтай таарамжгүй харилцаатай болон өс хонзон, өр авлагатай хүн байхгүй.

Дүрс бичлэгт “А” гэж тэмдэглэгдсэн хүн Дэлгэрмандал байна. Дэлгэрмандал миний зүүн гар талын сандалд сууж байсан. “D” гэж тэмдэглэгдсэн хүн нь Тулга байна. Ноосон малгайтай явж байх шиг байсан. Би энэ үед тасарсан унтаж байсан байх. “Е” гэж тэмдэглэгдсэн хүн нь би юм шиг байна. Сайн харагдахгүй байна, би энэ газарт сууж байсан шиг санаад байна. “В” гэж тэмдэглэгдсэн хүн Цэнгүүнбилэг ах байна, “С” гэж тэмдэглэгдсэн хүн Гэрэлт байна, “F” гэж тэмдэглэгдсэн хүн сайн харагдахгүй байна, гэхдээ Эрдэнэбилэг ах байна. “K” гэж тэмдэглэгдсэн хүн би юм шиг байна. “J” гэж тэмдэглэгдсэн толгойгоо хөдөлгөөд байгаа хүн Эрдэнэбилэг ах байна. Би согтуу тасраад унтсан байсан учраас зодооны талаар мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 97-102х/,

 

7. Гэрч Б.Гэрэлтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Би 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн Нүхт гэдэг нэртэй газар очсон. Очоод Батсайхан, Цэнгүүн, Эрка, Тулгаа нар болон талийгаач Дэлгэрмандалтай /бид нар Багаа гэж дууддаг/ уулзсан. Тэгээд бид нар тухайн өдөр ажиллаж байгаа барилга дээр плита наах ажил хийгээд 23 цагийн орчимд дуусгасан. ... Тэгээд бид 6 ажлаа хийж дуусгаад 2016 оны 11 сарын 25-ны өдрийн 15 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4-р хороо Арцатын 1-639 тоотод байрлах “Ундарга” нэртэй баарны 2 давхарын 2 тоот караокений өрөөнд үйлчлүүлээд сууж байгаад 7 ширхэг пиво захиалж авсан.

 ...Цэнгүүнээ ах талийгаач Дэлгэрмандалыг “ажлаа удаан хийж байна хурдан хий, хэрвээ энэ байдлаар ажлаа хийх юм бол чамайг болиулъяа” гэж хэлэхэд талийгаач Дэлгэрмандал нь өөрийгөө өмөөрөөд хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд миний уур хүрээд талийгаач Дэлгэрмандалд “та ажлаа угаасаа удаан хийгээд байна. Та ойлгох хэрэгтэй, уурлаад байх хэрэггүй” гэж хэлтэл талийгаач Дэлгэрмандал нь босож ирээд чанга, чанга яриад өөрийгөө зөвтгөөд байсан. Тэгээд бид нар хоорондоо маргалдаад байж байтал караокены үйлчлэгч охин орж ирээд салгатал, Тулгаа намайг дагуулаад 1 давхарт байрлах нийтийн заал руу авч орсон.  ...Тэгээд Тулгаа ах бид 2 караокены өрөөнөөсөө гараад 1 давхарт байрлах нийтийн зааланд 100 грамм архи захиалж авч уугаад байж байтал удалгүй Цэнгүүнээ ах бууж ирээд хамт 100 грамм архи захиалж авч уусан. Тэрнээс хойш би юу болсныг сайн санахгүй байна. ...Цэнгүүнбилэг Дэлгэрмандалд “чи удаан байна, чамаар ажил хийлгэхгүй, болино” гэж маргасан байхаа. Юунаас болж Дэлгэрмандалтай маргалдсанаа санахгүй байна. 

Дүрс бичлэгт “А” гэж тэмдэглэгдсэн хүн талийгаач байна. Дэлгэрмандал улаан ягаандуу цамцтай, гадуур желетка шиг хантаазтай байсан шиг санаад байна. Хар саравчтай савхин малгай өмсөж явж байсан. Дэлгэрмандал нь өрөөний аль хэсэгт сууж байсныг санахгүй байна. “В” гэж тэмдэглэгдсэн хүн Цэнгүүнбилэг ах байна. “С” гэж тэмдэглэгдсэн хүн би байна. Би хар бэлтгэлийн өмдтэй. Түрийтэй хар өнгийн бакал шиг гуталтай явж байсан. “D” гэж тэмдэглэгдсэн хүн Тулга ах байна. Дэлгэрмандал бид хоёр маргалдаад байсан гэсэн. Тулга ах бид хоёрыг салгаад дараа нь асгарсан байсан пивонд халтирч унасан. “E” гэж тэмдэглэгдсэн хүн Батсайхан ах байна. “F” гэж тэмдэглэгдсэн хүн Эрдэнэбилэг ах байна. Тухайн үед малгайгаа хойш нь харуулж өмссөн байна. “K” гэж тэмдэглэгдсэн хүн Батсайхан ах байна. “J” гэж тэмдэглэгдсэн хүн Эрдэнэбилэг ах байна.

Би Дэлгэрмандалыг зодоогүй. Бид хоёрын хооронд зодолдох шалтгаан байгаагүй. Барьцалдаад, тэгээд салгасан. Цэнгүүнбилэг Дэлгэрмандалд “чи удаан байна, чамаар ажил хийлгэхгүй, болино” гэж маргасан байхаа. ...Дүрс бичлэг дээр бол зодолдсон юм шиг байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 104-109х/,

 

8. Гэрч Г.Хулангоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 сарын 25-ны өдөр хэлтсийн бүх алба хаагч бүх нийтийн эргүүлийн ажил зохион байгуулсан. Би Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Э.Батболдын хамтаар үүрэг гүйцэтгэхээр болсон бөгөөд хэлтсийн байрнаас 16 цагийн үед гарсан. Хариуцсан хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж аж ахуй нэгж байгууллагуудыг шалгасан. 2016 оны 11 сарын 25-ны өдрийн 18 цагийн орчим “Ундарга” нэртэй караоке пабыг шалгасан. Тухайн үед пабын ажилтан нар нэг үйлчлүүлэгчээс тооцооны мөнгө нэхэж байгаа харагдсан. Би тухайн үед 2 давхарт гарч караокены өрөөнд пабын ажилтантай хамт орсон бөгөөд ямар нэгэн маргаан хийхгүй, төлбөр тооцоогоо төлөөд гараарай” гэж хэлээд буцаад нэг давхарт буусан. Доор нэг давхарт бууж ирсэний дараа пабын ажилтан эмэгтэй дээр 2 давхарын 2 номерын өрөөнд “нэг хүн сэрэхгүй байна, тасарчихсан юм уу, ухаан алдчихсан юм уу” гэж хэлж байсан. Тэр үед пабын ажилтан болох хөл муутай эрэгтэй “сая юм цохих шиг чимээ гарсандаа” гэж хэлсэн.

Тэгэхээр нь хэсгийн байцаагч, ахмад Батболдын хамтаар 2 давхарын 2 номерын өрөөнд ортол баруун талын буйдан дээр нэг хүн дээшээ хараад хэвтчихсэн, толгой нь хаалга чиглэсэн, нүд нь дээшээ тааз руу харсан байдалтай байсан. Зүүн талын гараа газарт дагуулан унжуулсан байсан. Тухайн өрөөнд ороход ямар нэгэн хэрүүл маргаан болсон байдал харагдаагүй. Тухайн үед хар өнгийн куртик өмссөн 30 орчим настай эрэгтэй хүн “наад хүн чинь амьсгалахгүй байна, хурдан түргэн дуудаарай” гэж хэлсэн.

Тэгээд буйдан дээр хэвтэж байгаа хүнийг амьсгалж байгаа эсэхийг шалгах зорилгоор баруун талын гүрээний судас дээр дарж үзэхэд цохилохгүй байсан. Гэхдээ бие нь дулаан байсан боловч зүүн талын гарын чигчий хуруу болон түүний дагуу ар хэсэг ягаан өнгийн хүүрийн толбо мэт зүйл илрэн гарсан байсан. Тэгэхээр нь тухайн пабын ажилтанд хэлээд түргэн тусламж дуудуулсан. Тэр үед өрөөнд байсан бараан өнгийн куртиктэй, 50 орчим настай эрэгтэй хүн гар утсаараа хэн нэг хүн рүү залгаад “энд хүн амины хэрэг гарчихлаа” гэж хэлж байсан. Тэр үед хэсгийн байцаагч, ахмад Батболд гар утасыг нь хураан авч, бусдаас нь тусгаарласан. Харин 30 орчим насны бараан өнгийн куртка өмссөн залуу уйлаад түргэн тусламж хурдан дуудаарай гэж байсан. Би тэр үед түргэн тусламж ирүүлэхийг шаардаж, хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 115-116х/,

 

9. Гэрч Н.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 сарын 25-ны өдөр би яаралтай тусламжийн төвд жижүүр эмчээр ажиллаж байсан. Энэ өдөр 103-аас 40 настай эрэгтэй хүн ухаангүй байна гэсэн дуудлага ирсэний дагуу 18 цаг өнгөрөөд Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундарга” нэртэй бааранд ирсэн. Баарны хоёр давхарт өрөөнд буйдан дээр зүүн тийш хазайсан байдалтай эрэгтэй хүн нас барсан байсан. Нас барсан хүний хүзүүнд өнгөц зулгарсан шархтай байсан. Дуудлагаар ирчихээд хүүхэн харааны үзлэг хийхэд хүүхэн хараа нь өргөссөн, амьсгал зүрх судасны цохилтыг үзэхэд зогссон, нас бараад 20 минут орчим болсон байдалтай байсан. Энэ хүн амьсгалын дутагдалд орсон шиг арьс нь эрээнтсэн байдалтай байсан. Тэгээд би боосон болов уу гэж бодсон. Би ирэхэд энэ бааранд хоёр цагдаа ирчихсэн, баарны ажилтнууд байх шиг болсон. Дуудлагыг уг “Ундарга” баарны ажилтнууд утсаар дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 117х/,

 

10. Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Талийгаачид учирсан эдгээр бүх гэмтлүүд нь гадны нэг хүчин зүйлийн нэг цаг хугацаанд үйлчилсэний улмаас үүссэн. ХХүзүү хоолой хэсэгт боолт хийсний улмаас бамбай мөгөөрсний хугарал, шахагдал, бамбай мөгөөрс хоёр хажуугийн цус хуралт, хүзүүний зулгаралт зэрэг гэмтлүүд үүссэн. Боолтын улмаас цусны эргэлтийн хямрал үүсч улмаар хоёр нүдний зовхины салст, дээд доод уруулын салстын цэгчилсэн цус хуралтууд нүүрний цоохордолт гэмтлүүд үүссэн. Дээрх гэмтлүүд нь нэг удаагийн хүчин зүйлийн улмаас үүссэн. Зулгаралт гэмтэл нь боох, багалзуурдах үед үүсч болно. Цохисны улмаас зулгаралт үүсээгүй байна. Багалзуурдах боолт хийх үед амь хохирогч тэмцэлдэх хөдлөх зэрэг хөдөлгөөн хийх үед мөн хүзүүний зулгаралт үүсч болно.

Ц.Дэлгэрмандалын хүзүү хоолойд үүссэн боолтын улмаас хүзүү хоолойнд механик амьсгал бүтэлт орж нас барсан байна. Механик амьсгал бүтэлт, боолт үүссэний дараа цочрол өгч тэр даруй үхэлд хүргэнэ. Амьд байх боломжгүй. Ц.Дэлгэрмандалын хүзүүний зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч Ц.Дэлгэрмандал нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан. Хүнд зэргийн согтолттой байсан боловч архи даах чадвар, хувь хүний эрүүл мэндийн онцлогоос хамаарч биеэ хамгаалах чадвартай эсэх нь тодорхойлогдоно. Иймээс биеэ хамгаалах чадвартай байсан эсэхэд хариулах боломжгүй байна. Талийгаач Ц.Дэлгэрмандалын хамар тус газарт ямар нэг шинэ гэмтэл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 204-206х/,

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Химийн шинжилггээ хийсэн шинжээчийн 10279 тоот дүгнэлтэд:

1.2.3. Ирүүлсэн цуснууд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн “Минтэв-ийн Цэнгүүнбилэг” гэж хаягласан цусанд 3,6 промилли, “Дуламсүрэнгийн Тулга” гэж хаягласан цусанд 1,4 промилли, “Даваадорж-ийн Батсайхан” гэж хаягласан цусанд 3,2 промилли, “Батжаргалын Гэрэлт” гэж хаягласан цусанд 2,2 промилли, “Мэнтэв-ийн Эрдэнэбилэг” гэж хаягласан цусанд 2,7 промилли спитрийн агууламж илэрсэн.

Цусанд илэрсэн 1,4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн, 2,2 промилли нь согтолтын дунд, 2,7, 3,2 ба 3,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 142х/,

 

12.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 7025 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн улаан ноосон цамцны ард 16 мм, 20 мм, 50 мм, 23 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзарсан уранхайнууд гарсан байна.

- Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай улаан ягаан цамцанд 5 мм хуучин уранхай гарсан байна.

- Оймсны нэг өмсгөлд эдэлгээний явцад гарсан хуучин уранхай гарсан байна.

2. Бусад хувцаснууд уранхайгүй байна..” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 156-159х/,

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Биологийн шинжилгээ хийсэн шинжээчийн 10282 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн дженсэн өмд, бараан өнгийн бэлтгэлийн өмд, улаан өнгийн ноосон цамц, хар алаг өнгийн хос пүүзэн дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. Цэнхэр өнгийн дженсэн өмд, улаан өнгийн ноосон цамцсан дээрх цус нь АВО системээр АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна.

3. Бараан өнгийн бэлтгэлийн өмд, хар алаг өнгийн хос пүүзэн дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

4. Хар өнгийн тэлээ, ягаан эрээн өнгийн дотоож, цэнхэр өнгийн хос оймс, ягаан өнгийн футболка, юүдэнтэй хар өнгийн куртик, хар өнгийн хос савхин бээлийн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 165х/,

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Биологийн шинжилгээ хийсэн шинжээчийн 10283 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн дженсэн өмдөн дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. Цэнхэр өнгийн дженсэн өмдөн дээрх цус нь АВО системээр АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна.

3. Ногоон өнгийн ноосон цамцсан дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

4. Үдээстэй хар өнгийн өвлийн хос гутал, хар өнгийн хос савхин бээлий, бор өнгийн тэлээ, хар өнгийн куртик, хар өнгийн ноосон малгай, шоотой цамц, судалтай саарал өнгийн цамцан дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 171х/,

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 05/834 тоот дүгнэлтэд:

1. 2016.08.25-ны өдөр ХУД 4-р хороо Арцатын 1-639 тоотод байрлах “Ундарга” караоке баарны 2 давхарт үйлчлүүлж байсан Цэрэншижийн Дэлгэрмандалыг хүзүү хоолойг Минтэвийн Цэнгүүнбилэг нь боож амь насыг хохироосон гэх хэргийн газраас ахлах шинжээч х/ч Д.Очирхуягийн ирүүлсэн №1, 2, 3, 4, 5, 6, 7, 11, 14, 15, 17, 20, 23, 24, 27, 29 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин №5, 8, 9, 10, 12, 13, 16, 18, 19, 21, 22, 25, 26, 28 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэх №2 дугаартай гарын мөр нь санд MN000510018343 дугаараар бүртгэгдсэн хохирогч Цэрэншижээгийн ДЭЛГЭРМАНДАЛ-ын баруун гарын долоовор хуруугаар, №6, 15 дугаартай гарын мөр нь санд MN000120005158 дугаараар бүртгэгдсэн Дуламсүрэнгийн ТУЛГА-ын баруун гарын дунд, зүүн гарын дунд хурууны хээтэй тохирч байна.

3. Харин шинжилгээнд тэнцэх бусад гарын мөр нь санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

4. М.Цэнгүүнбилэг, Д.Тулга, Д.Батсайхан, Б.Гэрэлт, М.Эрдэнэбилэг нарын гарын хээний дардсууд нь Адис папилон санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 177-191х/,

 

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлнгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2173 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачийн цогцост бамбай мөгөөрсийн хугарал, шахагдал, бамбай мөгөөрс болон бамбай мөгөөрсийн 2 хажуугийн булчингийн цус хуралт, 2 нүдний зовхины салст, дээд, доод уруулын салстын цэгчилсэн цус харвалт, нүүрний цоохордолт хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл нь хүзүүг боох үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Дээрх гэмтэл нь хүзүүг боох үед хүзүүний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

4. Талийгаачийн цогцост хийгдсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь АВ/IV/ бүлгийн харьяалалтай цустай байжээ.

6 Талийгаач нь механик амьсгал бүтэлт боолтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болно.

7. Талийгаачийн цогцост 2016.11.26-ны 03 цаг 30 минутын байдлаар үзлэг хийхэд нас бараад 8-10 цаг болсон байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 197-199х/,

 

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Химийн шинжилгээ хийсэн шинжээчийн 10185 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Дэлгэрмандал 43 /эр 11/26” гэж хаягласан цусанд 3,9 промилли, шээсэнд 3,6 промилли, ходоодны шингэнд 5,9 промилли спитрийн агууламж илрэв...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 200х/,

 

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Биологийн шинжилгээ хийсэн шинжээчийн 10186 тоот дүгнэлтэд:

1. Ц.Дэлгэрмандалын гэх шингэн цус АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 201х/,

 

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 05/41 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд хүргүүлсэн гарын хээний дардас нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Ц.Дэлгэрмандалын баруун гарын долоовор хурууны хээтэй 2016-498-ХУД “2016.11.25-н ХУД 4-р хороо Арцат 1-639 тоотод байрлах “Ундарга” пабд М.Цэнгүүнбилэг нь Ц.Дэлгэрмандалын хоолойг боож амь насыг нь хохироосон гэх” гэсэн дугаарт бүртгэгдсэн хэргийн газрын гарын мөртэй тохирч байна.

3. Шинжилгээнд хүргүүлсэн гарын хээний дардас нь санд 1 удаа бүртгэгдсэн байна.

4. Харьцуулах шинжилгээнд тэнцэх Ц.Дэлгэрмандалын гарын хээний дардас нь нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын мөрүүдтэй ерөнхий ба хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 211-213х/,

 

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 7026 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцас уранхайгүй байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 219-221х/,

 

21. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1241 тоот дүгнэлтэд:

1. М.Цэнгүүнбилэг нь сэтгэцийн өвчингүй байна.

2. М.Цэнгүүнбилэг нь сэтгэцийн өвчингүй байна.

3. М.Цэнгүүнбилэг нь юмыг зөвөөр тусган ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. М.Цэнгүүнбилэг нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна.

5. М.Цэнгүүнбилэг нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна..” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 227-228х/,

 

22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Дүрс бичлэгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 367 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Цэрэншинжээгийн Дэлгэрмандалын цогцсонд үзлэг хийх үед авсан гэрэл зургийн үзүүлэлт болон яллагдагч Минтэвийн Цэнгүүнбилэг, гэрч Даваадоржийн Батсайхан, Минтэвийн Эрдэнэбилэг, Дуламсүрэнгийн Тулга, Батжаргалын Гэрэлт нарын биед үзлэг хийх үед авсан гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд дүрс бичлэгийн харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн хэрэг учрал болсон газрын 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг 33 минутаас 17 цаг 39 минут хүртлэх хугацааны хяналтын камерын бичлэгт “Н” үсгээр тэмдэглэсэн баруун гартаа бээлий өмссөн хүн нь “С”-үсгээр тэмдэглэсэн халзан толгойтой хүний эсрэг ямар үйл хөдөлгөөн хийсэн байж болохыг тогтоох боломжгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн “ANGTЕ” маркийн №02 CD дискэнд байх хяналтын камерийн бичлэгийн 2016-11-25 ны өдрийн 17:00:06 цагт дүрслэгдэж буй /зураг-2,4,6,8/ хүн болон харьцуулах загварт ирүүлсэн 2017-01-03 ны өдрийн 17:26:17 цагт “В” гэсэн таних тэмдэгтэй цаас барьсан М.Цэнгүүнбилэгийн гэх дүрстэй биеийн ерөнхий анатоми болон үйл хөдлөл, нүүрний гадна төрхийн ерөнхий шинж тэмдэг зэргээрээ тохирч байна.

- “ANGTЕ” маркийн № 01 CD дискэнд байх хяналтын камерын бичлэгийн 2016-11-25 ны өдрийн 17:00:06 цагт дүрслэгдэж буй /зураг – 10, 12, 14, 16/ хүн болон харьцуулах загварт ирүүлсэн 2016-12-01 ны өдрийн  17:53:20 цагт Dгэсэн таних тэмдэгтэй цаас барьсан Д.Тулгын гэх хүний дүрстэй биеийн ерөнхий анатоми болон үйл хөдлөл, нүүрний гадна төрхийн ерөнхий шинж тэмдэг зэргээрээ тохирч байна.

- “ANGTЕ” маркийн № 01 CD дискэнд байх хяналтын камерын бичлэгийн 2016-11-25 ны өдрийн 17:00:06 цагт дүрслэгдэж буй /зураг – 18, 20, 22/ хүн болон харьцуулах загварт ирүүлсэн 2016-12-01 ны өдрийн 18:03:20 цагт “Е” гэсэн таних тэмдэгтэй цаас барьсан Д.Батсайханы гэх хүний дүрстэй биеийн ерөнхий анатоми болон үйл хөдлөл, нүүрний гадна төрхийн ерөнхий шинж тэмдэг зэргээрээ тохирч байна.

- “ANGTЕ” маркийн № 02 CD дискэнд байх хяналтын камерын бичлэгийн 2016-11-25 ны өдрийн 17:20:32 цагт дүрслэгдэж буй /зураг-24, 26, 28, 30/ хүн болон харьцуулах загварт ирүүлсэн 2016-12-01 ны өдрийн 18:03:20 цагт “С” гэсэн таних тэмдэгтэй цаас барьсан Б.Гэрэлтийн гэх хүний дүрстэй биеийн ерөнхий анатоми болон үйл хөдлөл, нүүрний гадна төрхийн ерөнхий шинж тэмдэг зэргээрээ тохирч байна.

- “ANGTЕ” маркийн № 02 CD дискэнд байх хяналтын камерын бичлэгийн 2016-11-25 ны өдрийн 16:10:20 цагт дүрслэгдэж буй хүний дүрсийг харьцуулах загварт ирүүлсэн 2016-12-01 ны өдрийн 18:07:44 цагт F гэсэн таних тэмдэгтэй цаас барьсан М.Эрдэнэбилэгийн гэх хүний дүрстэй харьцуулан шинжилж үзэхэд бичлэгт цонхны цаанаас тусч буй нарны гэрэл нь гялбаж дүрс тод харагдахгүй байх тул харьцуулан шинжлэх боломжгүй байна..” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 241-248х/,

 

23. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 42-62х/,

 

24. Шүүгдэгч М.Цэнгүүнбилэгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 18-21х/,

 

25. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тусгай багажаар шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 129х/,

 

26. Шүүгдэгч М.Цэнгүүнбилэгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэбилэг, Батсайхан, Гэрэлт, Тулга, талийгаач Багаа бид зургаа ажил дээрээсээ гараад “Ундарга” караоке бааранд ирсэн. Бид 17 цагийн үед ирсэн байх. Караокед ороод доороос архи пиво авч дээр гарч караокед орж архи пиво ууж дуулцгаасан. Цөмөөрөө халаад согтсон байсан. Тэгээд ажил руу буцах хандлагад ороод сууж байсан. Талийгаач бид хоёр юм яриад сууж байсан. Талийгаач надад “та цаашид намайг заавал авч ажиллуулах юм байгаа биз дээ” гэж ажлын тухай юм яриад суусан. “За за ах нь доошоо буугаад төлбөрөө төлчихөөд ирье” гээд буусан.

Буугаад мөнгөө төлчихөөд дээшээ гараад ирсэний дараа талийгаач суугаад байсан. Бусад хүмүүс орж ирээд, “энэ хөдлөхгүй байна шүү дээ” гэсэн. Тэгээд цагдаа сэргийлэх болсон. Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд Эрчим хүчний барилга угсралтын трестийн архитектор Эрдэнэ гэх залуутай ярилцаад ажил хийх гэрээ байгуулсан. Энэ ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ хийж, 10-ны өдөр эхэлсэн. Эхлээд Гэрэлт, Эрдэнэбилэг, Батсайхан бид 5 хүн ажил хийж байсан ба дөрвөн хүний нэг нь талийгаачийн хүргэн гэх залуу байсан. Энэ залуу эхэлж ажиллаж байгаад “талийгаачийг плита сайн наадаг” гээд талийгаач Багааг дагуулж ирсэн.

Хүргэн нь ажлын шаардлагаар Солонгос улс руу явсан байсан. Дараа нь сүүлд Тулга нэмэгдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ ажил тарсны дараа 2 шил архи уусан. Тэгээд би хот руу явсан. 11 дүгээр сарын 25-ны өдөр 12 цагийн үед ирсэн. Бааранд ирэхээс өмнө зургуулаа 0,7 литрий нэг шил архи уусан байсан. Ундарга бааранд байхад 6 шил пиво, нэг шил архи авч уусан. Гаднаас нэмж гарч архи авчирч уусан байж магадгүй.

Дэлгэрмандал, бид хоёр 2016 оны 11 сарын 25-ны өдөр хэрүүл маргаан гаргаагүй. Дэлгэрмандалтай маргалдах ямар ч шалтгаан байхгүй. Дэлгэрмандал бид хоёрын хооронд урьд өмнө таарамжгүй харьцаа байгаагүй. “Ундарга” бааранд байхад Дэлгэрмандал бид хоёр ямар нэг байдлаар зодолдсон зүйл байхгүй.

2016 оны 11 сарын 25-ны өдөр амь хохирогч Дэлгэрмандал нь бусад хүмүүстэй маргалдсан зодолдсон асуудал байхгүй. Ундарга бааранд би ерөнхийдөө бол согтуу байсан. Бүр айхтар согтуу байгаагүй. Доошоо бууж баарны мөнгө төлөөд буцаад дээшээ гарснаа гадарлаж байна. Би тасраагүй байсан, гэхдээ нилээн согтуу байсан. Доороос Гэрэлт, Тулга хоёр орж ирээд явцгаая гэхэд Багаа хөдлөхгүй байна гэсэн. Тэгээд цагдаа дуудсан. Дэлгэрмандал өнгөрснийг мэдэж байна. Хамт ажиллаж байсан дүүгээ алчихаад байгаадаа харамсаж байна. Би санаатайгаар хүн амины хэрэг хийгээгүй. 

Дүрс бичлэгт “А” гэж тэмдэгдсэн хүн Дэлгэрмандал байна. “В” гэж тэмдэглсэнд хүн би байна. “С” гэж тэмдэглэгдсэн хүн бол Гэрэлт байна. “D” гэж тэмдэглэгдсэн хүн Тулга байна. “Е” гэж тэмдэглэгдсэн хүн бол манай ах Эрдэнэбилэг байна. “F” гэж тэмдэглэгдсэн хүн нь сайн харагдахгүй байна. “J” гэж дугаарласан хүн манай ах Эрдэнэбилэг байна. “K” гэж тэмдэглэгдсэн хүн Батсайхан байна. Түрүүн Батсайханыг Эрдэнэбилэг гэж буруу таньсан байна.

Нэмж хэлэхэд талийгаач тэр үед агсан согтуу тавиад байсныг санаж байна. Энд байхад нилээн бодож суусан. Гэрэлттэй барьцалдаж аваад зодоон хийх гээд байхаар нь салгаж авсан байсан. Тэгээд “боль” гэж болиулаад хажууд аваад суугаад “боль боль” гэж суулгасан байсан. Дэлгэрмандал нь “ална” гэж босоод, босч суугаад байсан. Гэрэлтийн ардаас гарч “алаад өгнө” гэж гарах гэж байсан. Би Дэлгэрмандалыг хажуудаа суулгаж байсан. Тэр босч явах гээд байсан юм. Тэр болгонд нь би аргадаад, “миний дүү ингэж болохгүй” гээд босох гэхээр нь татаад суулгаад байсан.

Мөрөн дээгүүр нь гараа тавиад суугаад байсан. Тэр үед боолтонд орсон болов уу. Би хүзүүн дээгүүр, мөрөн дээгүүр гараа тавьж суугаад, Дэлгэрмандал босох гэтэл боль гэж баруун гараа нугалаад татаад суулгасан. Тэр миний баруун талд суугаад байсан. Тэр босч явах гээд байсан. Би түүнийг баруун талдаа шахаж суулгасан байсан. Би түүнийг босох гэхэд боль гээд татаж суулгаад байсан шиг санаад байна. Түүнийг боох гэж боогоогүй юм. Тэр босох юм бол агсан согтуу тавьж нөгөөдүүлтэй, ялангуяа Гэрэлттэй зодолдох гээд байсан. Түүнийг босгохгүйн тулд татаж суулгаад байсан. Ямар нэг санаа зорилгоор боогоогүй юм. Дэлгэрмандал нь Гэрэлттэй зодолдох юм бол тэр том биетэй хүнд зодуулж алуулах гээд байсан. Дэлгэрмандал нь Гэрэлттэй зодолдох гээд ноцолдоод газарт, шаланд унасан байхад би талийгаачийн дээрээс нь биеэрээ хэвтээд хамгаалж авсан. Хамгаалаад зодоон цохион хийлгүүлээгүй. Аягүй бол Дэлгэрмандалыг босгоод явуулсан бол тэр Гэрэлттэй зодолдох байсан байх.

Би түүнийг босгож явуулахгүйн тулд татаж суулгаад байсан юм. Тэгж татаж байхад хоолой нь эвгүй болоод түүнээс болж боолт орсон юм шиг санагдаад байна. Хамт олны дунд зодоон цохион болохоос сэргийлж хамгаалж болиулах гэснээс болоод ийм юм боллоо. Талийгаач тэр үед агсан согтуу тавих гээд, босч явах гээгүй бол өнөөдөр амьд сэрүүн явж байх байсан байх. Ийм золгүй юм болсон маш их харамсаж байна. Надад талийгаачид дургуйцсэн, уур хүрсэн, бухимдсан байдал байгаагүй. Талийгаач нь тэнд ер нь бүх хүмүүстэй маргалдсан. Дэлгэрмандал Гэрэлт хоёр маргалдаж ноцолдсоны дараа Дэлгэрмандалын хамарнаас цус гарсан байсныг би салфетки аваад хамрыг нь цэвэрлэж өгсөн. Дэлгэрмандалын биед өөр гэмтэл, шарх сорви харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 3-5х, 7-13х/ болон шүүгдэгч М.Цэнгүүнбилэгийн хувийн байдалтай холбоотой гэрч М.Ундаргын мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 120-121х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 2-р хавтас 16х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хавтас 17х/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 2-р хавтас 18х/, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 2-р хавтас 20х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 22х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага, мэдлэг туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч М.Цэнгүүнбилэг нь архидан согтуурсан үедээ, 2016 оны 11 сарын 25-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 1-639 тоотод байрлах “Ундарга” нэртэй баарны 2 давхрын 02 тоот караокений өрөөнд амь хохирогч Ц.Дэлгэрмандалыг согтуурхан, хамт байсан хүмүүстэй муудалцан караокены өрөөнөөс  гарах гээд байсан гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний хүзүү, хоолой тус газар нь гараараа боож, танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлт /хэргийн 1-р хавтас 04-11х/,

- Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 13-16х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2173 тоот шинжээчийн дүгнэлтэд:

“1. Талийгаач нь цогцост бамбай мөгөөрсийн хугарал, шахагдал, бамбай мөгөөрс болон бамбай мөгөөрсийн 2 хажуугийн булчингийн цус хуралт, 2 нүдний зовхины салст, дээд, доод уруулын салстын цэгчилсэн цус харвалт, нүүрний цоохордолт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл нь хүзүүг боох үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

2. Дээрх гэмтэл нь хүзүүг боох үед, хүзүүний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

4. Талийгаачийн цогцост хийгдсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь АВ/IV/ бүлгийн харьяалалтай цустай байжээ.

6 Талийгаач нь механик амьсгал бүтэлт боолтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болно.

7. Талийгаачийн цогцост 2016.11.26-ны 03 цаг 30 минутын байдлаар үзлэг хийхэд нас бараад 8-10 цаг болсон байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хэргийн 1-р хавтас 197-199х/,

- ШШҮХ-ийн химийн шинжээчийн 2016 оны 12 сарын 01-ний өдрийн 10185  тоот: 

1. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Дэлгэрмандал 43 эр 11/26/” гэж хаягласан цусанд 3.9 промилли, шээсэнд 3.6 промилли, ходоодны шингэнд 5.9 промилли спиртийн агууламж илрэв гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 200х/,

- ШШҮХ-ийн биологийн шинжээчийн 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 10186 тоот:

1. Ц.Дэлгэрмандалын гэх шингэн цус АВ/IV/ бүлгийн харъяалалтай байна. гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 201х/,

- ШШҮХ-ийн химийн шинжээчийн 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 10279 тоот:

1.2.3. Ирүүлсэн цуснууд шинжилгээ хийхэд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн “Минтэв-ийн Цэнгүүнбилэг” гэж хаягласан цусанд 3.6 промилли, “Дуламсүрэнгийн Тулга” гэж хаягласан цусанд 1.4 промилли, “Даваадоржийн Батсайхан” гэж хаягласан цусанд 3.2 промилли, “Мэнтэвийн Эрдэнбилэг” гэж хаягласан цусанд 2.7 промилли спиртын агууламж илэрсэн.

Цусанд илэрсэн 1.4 промилли спиртийн агууламж нь согтолтын  хөнгөн, 2.2 промилли нь согтолтын дунд, 2.7, 3.2 ба 3.6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт  /хэргийн 1-р хавтас 142х/,

-  ШШҮХ-ийн биологийн шинжээчийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн 10283 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн джинсэн өмдөн дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. Цэнхэр өнгийн джинсэн өмдөн дээрх цус нь  АВО системээр АВ/IV/ бүлгийн харъяалалтай байна.

3. Ногоон өнгийн ноосон цамцан дэээрх цусны бүлгийн харъяаллыг тогтоох  боломжгүй байна.

4. Үдээстэй хар өнгийн өвлийн хос гутал, хар өнгийн хос савхин бээлий, бор өнгийн тэлээ, хар өнгийн куртик, хар өнгийн ноосон малгай, шоотой цамц, судалтай саарал өнгийн цамцан дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 171х/,

- ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 367 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Цэрэншинжээгийн Дэлгэрмандалын цогцсонд үзлэг хийх үед авсан гэрэл зургийн үзүүлэлт болон яллагдагч Минтэвийн Цэнгүүнбилэг, гэрч Даваадоржийн Батсайхан, Мэнтэрийн Эрдэнэбилэг, Дуламсүрэнгийн Тулга, Батжаргалын Гэрэлт нарын биед үзлэг хийх үед авсан гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд дүрс бичлэгийн харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн хэрэг учрал болсон газрын 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг 33 минутаас 17 цаг 39 минут хүртлэх хугацааны хяналтын камерын бичлэгт “Н” үсгээр тэмдэглэсэн баруун гартаа бээлий өмссөн хүн нь “С”-үсгээр тэмдэглэсэн халзан толгойтой хүний эсрэг ямар үйл хөдөлгөөн хийсэн байж болохыг тогтоох боломжгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн “ANGTЕ” маркийн №02 CD дискэнд байх хяналтын камерийн бичлэгийн 2016-11-25 ны өдрийн 17:00:06 цагт дүрслэгдэж буй /зураг-2,4,6,8/ хүн болон харьцуулах загварт ирүүлсэн 2017-01-03 ны өдрийн 17:26:17 цагт “В” гэсэн таних тэмдэгтэй цаас барьсан М.Цэнгүүнбилэгийн гэх дүрстэй биеийн ерөнхий анатоми болон үйл хөдлөл, нүүрний гадна төрхийн ерөнхий шинж тэмдэг зэргээрээ тохирч байна.

- “ANGTЕ” маркийн № 01 CD дискэнд байх хяналтын камерын бичлэгийн 2016-11-25 ны өдрийн 17:00:06 цагт дүрслэгдэж буй /зураг-10,12,14,16/ хүн болон харьцуулах загварт ирүүлсэн 2016-12-01 ны өдрийн 17:53:20 цагт Dгэсэн таних тэмдэгтэй цаас барьсан Д.Тулгын гэх хүний дүрстэй биеийн ерөнхий анатоми болон үйл хөдлөл, нүүрний гадна төрхийн ерөнхий шинж тэмдэг зэргээрээ тохирч байна.

- “ANGTЕ” маркийн № 01 CD дискэнд байх хяналтын камерын бичлэгийн 2016-11-25 ны өдрийн 17:00:06 цагт дүрслэгдэж буй /зураг-18,20,22/ хүн болон харьцуулах загварт ирүүлсэн 2016-12-01 ны өдрийн 18:03:20 цагт “Е” гэсэн таних тэмдэгтэй цаас барьсан Д.Батсайханы гэх хүний дүрстэй биеийн ерөнхий анатоми болон үйл хөдлөл, нүүрний гадна төрхийн ерөнхий шинж тэмдэг зэргээрээ тохирч байна.

- “ANGTЕ” маркийн № 02 CD дискэнд байх хяналтын камерын бичлэгийн 2016-11-25 ны өдрийн 17:20:32 цагт дүрслэгдэж буй /зураг-24,26,28,30/ хүн болон харьцуулах загварт ирүүлсэн 2016-12-01 ны өдрийн 18:03:20 цагт “С” гэсэн таних тэмдэгтэй цаас барьсан Б.Гэрэлтийн гэх хүний дүрстэй биеийн ерөнхий анатоми болон үйл хөдлөл, нүүрний гадна төрхийн ерөнхий шинж тэмдэг зэргээрээ тохирч байна.

- “ANGTЕ” маркийн № 02 CD дискэнд байх хяналтын камерын бичлэгийн 2016-11-25 ны өдрийн 16:10:20 цагт дүрслэгдэж буй хүний дүрсийг харьцуулах загварт ирүүлсэн 2016-12-01 ны өдрийн 18:07:44 цагт F гэсэн таних тэмдэгтэй цаас барьсан М.Эрдэнэбилэгийн гэх хүний дүрстэй харьцуулан шинжилж үзэхэд бичлэгт цонхны цаанаас тусч буй нарны гэрэл нь гялбаж дүрс тод харагдахгүй байх тул харьцуулан шинжлэх боломжгүй байна..” гэсэн дүгнэлт, дүгэнлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 241-248х/,

- шинжээч эмч О.Болорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг:

“...Амь хохирогч Дэлгэрмандалд үүссэн бүх гэмтлүүд нь гадны нэг хүчин зүйлийн, нэг цаг хугацаанд үйлчилсэний улмаас үүссэн.ХХүзүү Хүзүү хоолойн хэсэгт боолт хийсний улмаас бамбай мөгөөрсний хугарал, шахагдал, бамбай мөгөөрс хоёр хажуугийн цус хуралт, хүзүүний зулгаралт зэрэг гэмтлүүд үүссэн. Боолтын улмаас цусны эргэлтийн хямрал үүсч, улмаар хоёр нүдний зовхины салст, дээд доод уруулын салстын цэгчилсэн цус хуралтууд,  нүүрний цоохордолт гэмтлүүд үүссэн. Дээрх гэмтлүүд нэг удаагийн хүчин зүйлээр үүссэн. Хүзүүний зулгаралт гэмтэл нь боох, багалзуурдах үед үүсч болно. Цохисны улмаас зулгаралт үүсээгүй байна.  Багалзуурдах боолт хийх үед амь хохирогч тэмцэлдэх, хөдлөх зэрэг хөдөлгөөн хийх үед мөн хүзүүний зулгаралт үүсч болно. Ц.Дэлгэрмандал нь хүзүү хоолойд үүссэн боолтын улмаас хүзүү хоолойнд механик амьсгал бүтэлтэд орж нас барсан байна. Механик амьсгал бүтэлт, боолт үүссэний дараа цочрол өгч тэр даруй үхэлд хүргэнэ. Амьд байх боломжгүй. Хүзүүний зулгаралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан. Хүнд зэргийн согтолттой байсан боловч архи даах чадвар, хувь хүний эрүүл мэндийн онцлогоос хамаарч биеэ хамгаалах чадвартай эсэх нь тодорхойлогдох тул биеэ хамгаалах чадвартай байсан эсэхийг хариулах боломжгүй байна. Талийгаач Ц.Дэлгэрмандалын хамар тус газарт ямар нэг шинэ гэмтэл байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 204-206х/,

- С.Цэнгүүнбилэгийн биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 18-23х/,

- Хэрэг гарсан Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцатын 1-639 тоотод байрлах Ундрага баар караокены 2016 оны 11 сарын 25-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, үзлэгээр илэрсэн байдлыг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 42-62х/,

- Караокены хяналтын камерийн дүрс бичлэг бүхий 3 ширхэг CD-г, мөн хохирогч Ц.Дэлгэрмандал болон шүүгдэгч М.Цэнгүүнбилэг нарын хэрэг гарсан тухайн өдөр өмсөж явсан хувцас хэрэглэл зэргийг Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 1-р хавтас 63х/,

- гэрч Э.Дэлгэртуяагийн: “...Тэгээд би тэр цагдаатай цуг хоёр давхарт гартал тэр эмэгтэй цагдаа “бие засчихаад ардаас чинь орно” гэж хэлсэн. Би ганцаараа түрүүлээд тэдний өрөөнд ортол нэг өндөр залуу нь босчихсон, бригадын дарга гэж дуудаж байсан ах сандал дээр суучихсан, талийгаач бригадын даргын сууж байсан сандалны эсрэг талын буйдан дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан. ...Би бригадын дарга гэх хүнд “гадаа цагдаа нар ирсэн байгаа, тооцоогоо хийгээд энэ хүнээ аваад яв” гээд талийгаач халзан залууг заатал бригадын дарга нь “манай энэ залуу олон хоног нойргүй яваад, унтаж байгаа юм сэрэхээр нь аваад явна” гэж хэлсэн. ...Намайг тэр өрөөнөөс гарахад эмэгтэй цагдаа, манай тогооч Үүрцайхтай хамт надтай зөрөөд тэр өрөөнд орсон.

...Эмэгтэй цагдаа тэр өрөөний үүдэнд зогсож байгаад тэдэнд “та нар хэл ам хийхгүй тооцоогоо хийгээд гараарай” гэж хэлчихээд буцаад гараад ирсэн. Би эмэгтэй цагдаа, Үүрцайх хоёрыг дагаад нэг давхарт буутал Үүрцайх цагдаа нарт “буйдан дээр хэвтэж байгаа халзан хүний царай нь цонхийгоод эвгүй болсон байна, түргэн дуудчих уу” гэхэд эрэгтэй цагдаа бидэнтэй цуг өрөөнд нь ороод халзан залуугийн хүзүүн дээр нь гараа тавьж үзэхэд “судас нь цохилохгүй байна, түргэн дууд гэж хэлсэн.

Тэгээд Үүрцайх түргэн тусламж өөрийнхөө утсаар дуудсан ба ...Үүрцайх орж ирээд “түргэн ирж үзлээ, нөгөө хэвтэж байсан халзан хүн чинь нас барчихсан байна гэнэ ээ” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 76-80х/,

- гэрч Д.Үүрцайхын: “...Дээшээ гаргаад ухаангүй хэвтэж байгаа хүний гүрээний судсыг барьж үзэхэд нас барсан байсан. Тэгээд би цонх онгойлгоод түргэн тусламж дуудсан. Түргэн ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 87-90х/,

- гэрч Г.Хулангоогийн: “...2016 оны 11 сарын 25-ны өдрийн 18 цагийн орчим Ундарга нэртэй караоке пабыг шалгасан. Тухайн үед пабын ажилтан нар нэг үйлчлүүлэгчээс тооцооны мөнгө нэхэж байгаа харагдсан. Би тухайн үед 2 давхарт гарч караокений өрөөнд пабын ажилтантай хамт орсон бөгөөд ямар нэгэн маргаан хийхгүй, төлбөр тооцоогоо төлөөд гараарай гэж хэлээд буцаад нэг давхарт буусан. Доор нэг давхарт бууж ирсэний дараа пабын ажилтан эмэгтэй “дээр 2 давхарын 2 номерын өрөөнд нэг хүн сэрэхгүй байна, тасарчихсан юм уу, ухаан алдчихсан юм уу” гэж хэлж байсан. Тэр үед пабын ажилтан болох хөл муутай эрэгтэй сая юм цохих шиг чимээ гарсандаа гэж хэлсэн.

Тэгэхээр нь хэсгийн байцаагч, ахмад Батболдын хамтаар 2 давхарын 2 номерын өрөөнд ортол баруун талын буйдан дээр нэг хүн дээшээ хараад хэвтчихсэн, толгой нь хаалга чиглэсэн, нүд нь дээшээ тааз руу харсан байдалтай байсан. Зүүн талын гараа газарт дагуулан унжуулсан байсан. Тухайн өрөөнд ороход ямар нэгэн хэрүүл маргаан болсон байдал харагдаагүй. Тухайн үед хар өнгийн куртик өмссөн 30 орчим настай эрэгтэй хүн “наад хүн чинь амьсгалахгүй байна, хурдан түргэн дуудаарай” гэж хэлсэн.

Тэгээд буйдан дээр хэвтэж байгаа хүнийг амьсгалж байгаа эсэхийг шалгах зорилгоор баруун талын гүрээний судас дээр дарж үзэхэд цохилохгүй байсан. Гэхдээ бие нь дулаан байсан боловч зүүн талын гарын чигчий хуруу болон түүний дагуу ар хэсэг ягаан өнгийн хүүрийн толбо мэт зүйл илрэн гарсан байсан. Тэгэхээр нь тухайн пабын ажилтанд хэлээд түргэн тусламж дуудуулсан. Тэр үед өрөөнд байсан бараан өнгийн куртиктэй, 50 орчим настай эрэгтэй хүн гар утсаараа хэн нэг хүн рүү залгаад “энд хүн амины хэрэг гарчихлаа” гэж хэлж байсан. Тэр үед хэсгийн байцаагч, ахмад Батболд тухайн өрөөнд байсан хүмүүсийг тусгаарлаж салгасан. Би тэр үед түргэн тусламж ирэхийг  шаардаж, хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 115-116х/,

- гэрч Н.Алтансүхийн: “...2016 оны 11 сарын 25-ны өдөр би яаралтай тусламжийн төвд жижүүр эмчээр ажиллаж байсан. Энэ өдөр 103-аас “40 настай эрэгтэй хүн ухаангүй байна” гэсэн дуудлага ирсэний дагуу 18 цаг өнгөрөөд Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундарга” нэртэй бааранд ирсэн. Баарны хоёр давхарт өрөөнд буйдан дээр зүүн тийш хазайсан байдалтай эрэгтэй хүн нас барсан байсан. Нас барсан хүний хүзүүнд өнгөц зулгарсан шархтай байсан. Дуудлагаар ирчихээд хүүхэн харааны үзлэг хийхэд хүүхэн хараа нь өргөссөн, амьсгал зүрх судасны цохилтыг үзэхэд зогссон, нас бараад 20 минут орчим болсон байдалтай байсан. Энэ хүн амьсгалын дутагдалд орсон шиг арьс нь эрээнтсэн байдалтай байсан. Тэгээд би боосон болов уу гэж бодсон. Би ирэхэд энэ бааранд хоёр цагдаа ирчихсэн, баарны ажилтнууд байсан. Дуудлагыг уг “Ундарга” баарны ажилтнууд утсаар өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 117х/,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн караокены өрөөний хяналтын камерын бичлэгийг судлахад:  “...бичлэгийн 17 цаг 25 минут 31 секундын үед караокены өрөөнөөс ноосон малгайтай /Тулга/, урт түрийтэй гуталтай /Гэрэлт/ нар гараад явсан ба араас нь баарны ажилтан эмэгтэй гарсан. Халзан толгойтой /талийгаач Ц.Дэлгэрмандал/ хоёр гартаа цагаан цайвар өнгийн цаас мэт зүйл барьж ам хамрандаа хүргэнэ. Энэ үед буюу 17 цаг 25 минут 50 секундын үед зүүн хажууд нь зэрэгцээд сууж байсан С.Цэнгүүнбилэг баруун гараар түүний толгой ар дагз хэсгээр цохих хөдөлгөөн хийгээд дараа нь босч ширээний эсрэг талд очиж зогсон халзан толгойтой хүнд /талийгаач М.Дэлгэрмандалд/ хандан юм ярьж байгаа байдал харагдана. Энэ үед халзан толгойтой хүн босч ирээд зэрэгцэн зогсоод хоорондоо юм ярина. Ширээний цонх талын буйдан дээр суугаа хоёр хүний баруун талынх нь /Батсайхан-К/ хүн ямар нэг хөдөлгөөн хийхгүй хойшоо хагас налж хэвтсэн байдалтай, зүүн талынх нь /Эрдэнэбилэг-J/ хүний толгой хаа нэг дээш доош хөдөлж, тонгойсон суугаа байдалтай байна.

17 цаг 28 минутын үед халзан толгойтой гартаа цагаан цайвар цаас мэт зүйл барьсан хүн ширээ тойроод буцаад баруун талын буйданд очиж сууна. Энэ үед Цэнгүүнбилэг цааш алхан очиж цонхны дэргэдэх буйдангийн тэнд куртикээ уудлан  хажуулдан зогсоод бээлийгээ өмсөж байна. 17 цаг 28 минут 58 секундэд халзан толгойтой хүн буйдангаас босоод хаалга тийш очин буцаж бээлий өмссөн хүний хажууд очиж түүнийг араас нь гараараа татаж байгаа үйлдэл хийж харагдана.  Бээлий өмссөн /Цэнгүүнбилэг/ эрэгтэй халзан толгойтой хүнийг /Дэлгэрмандал/  цамцнаас бариад хаалга тийш явах ба хоёул гуйвсан байдалтай байна. Дараа нь 17 цаг 31 минут 36 секундын үед бээлий өмссөн хүн халзан толгойтыг татах гэж байгаад шаланд унасан ба шалнаас өндийж хажуугийн буйданд сууна. Энэ үед халзан толгойтой /Дэлгэрмандал/ түүний урд нь зогсож байснаа бээлий өмссөн Цэнгүүнбилэгийн баруун хажууд зэрэгцэн сууна. 17 цаг 32 минут 36 секундын үед  бээлийн өмссөн эрэгтэй /Цэнгүүнбилэг/ буйдангаас босч яваад ширээний зүүн талд очиж зогсоод халзан толгойтой /Дэлгэрмандал/ эрэгтэй лүү баруун гараараа  зааж юм ярьж байгаа байдалтай байснаа буцаад буйдан луу алхаж очоод 17 цаг 33 минут 04 секундэд зэрэгцэж сууна.  

Хажууд нь зэрэгцэн сууснаа баруун гараараа халзан толгойтой эрэгтэйг /Дэлгэрмандал/ өөр лүүгээ ойртуулан  татаад баруун гараа халзан толгойтой хүний хүзүүний араар явуулаад баруун мөрөнд тавьж давуулж барьсан байна. Бээлий өмссөн эрэгтэй /Цэнгүүнбилэг/ 17 цаг 33 минут 19 секундын үед халзан толгойтой хүний  /Дэлгэрмандал/  хүзүүнээс өөр лүүгээ  татан түүний толгойг ойртуулж байгаад 17 цаг 33 минут 21 секундын үед халзан толгойтой хүнийг хүзүүдсэн баруун гараар хойшоо татаж, зүүн гараар баруун гараа барьж, халзан толгойтоо хүний толгойг өөрийн цээж хэсэгт татаж шахсан байдалтайгаар боолт хийх ба энэ нь 17 цаг 39 минут 25 секунд хүртэл буюу ойролцоогоор 6 минут үргэлжилсэн.  Энэ үед цонх талын буйдан дээр сууж байсан хоёр эрэгтэй хүн ямар нэг хөдөлгөөн хийгээгүй, буйданд налсан хэвтэж байна. 17 цаг 39 минут 38 секундын үед бээлий өмссөн эрэгтэй хүн цээж хэсгээр буйдангаас хөндийрч урагш болоод 39 минут 47 секундын үед халзан толгойтоо хүний өөрөөсөө холдуулан баруун тийш нь түлхэнэ. 52 секундэд бээлий өмсөн эрэгтэй босоод цонх талын буйданд сууж байсан хоёр эрэгтэй хүний өвдөг рүү нь цохиж, гараар татах хөдөлгөөн хийхэд  тэр хочр хүн ямар ч хариу үйлдэл хийгээгүй. Бээлий өмссөн эрэгтэй баруун гараас бээлийгээ тайлаад гартаа барин 17 цаг 40 минут 38 секундын үед караокены өрөөнөөс гарч явна. Энэ хугацаанд буйдангийн хаалга талын хэсэгт хэвтсэн халзан толгойтой эрэгтэй хүн /талийгаач Дэлгэрмандал/ боолт хийснээс хойш ямар нэг хөдөлгөөн хийгээгүй байна.

Бээлий тайлсан эрэгтэй өрөөнөөс гарч явснаас хойш уг өрөөнд хэн ч орж, гараагүй ба 17 цаг 46 минут 56 секундын үед өрөөнд урт хар түрийтэй гуталтай эрэгтэй /Гэрэлт/, ...17 цаг 47 минут 54 секундэд ноосон малгайтай /Тулга/ өрөөнд орж ирж байна... “ гэсэн бичлэгээс харагдах байдлын үйл явцын тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 42-44 талд авагдсан дүрс бичлэгт үздэг хийсэн тэмдэглэлтэй тохирч байна/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Харин хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын нэг болох “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэж бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлан ойлгосон байхыг хэлэх юм.  

 

Гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд амь хохирогч болон шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10279 тоот дүгнэлт /хэргийн 1-р хавтас 142х/, 10185 тоот дүгнэлт /хэргийн 1-р хавтас 200х/ баримтаар тус тус нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй” байсан гэдгийг ухамсарлан ойлгох чадвар дутмаг, өөрөө их хэмжээний согтолттой байснаас гадна хэрэг учрал гарсан караокены өрөөний хяналтын камерын бичлэгт харагдах байдлаар болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр амь хохирогч Ц.Дэлгэрмандал нь бусадтай маргалдах, ноцолдох, дуулах гэх мэтээр идэвхитэй үйлдэл хөдөлгөөнтэй байсан зэргээс амь хохирогч М.Дэлгэрмандалыг  биеэ хамгаалах чадваргүй байсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул Хан-Уул дүүргийн Прокурорын газраас М.Цэнгүүнбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч М.Цэнгүүнбилэгийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатараас гаргасан “шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчлөх”, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгээс “М.Цэнгүүнбилэгийн үйлдэлд хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох танхайн сэдэлт, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсныг мэдсээр байж гэсэн нөхцөл байдал байхгүй, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх” гэсэн санал тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй юм.  

 

Шүүгдэгч М.Цэнгүүнбилэг нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 2-р хавтас 16х/ тогтоогдсон ба тэрээр анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байна.    

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас иргэн Ц.Дэлгэрмандалын амь нас хохирсон нь хүнд хор уршиг учирсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.   

 

Хохирогчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтйн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 26.782.995 төгрөг нэхэмжилсэнээс шүүхийн шатанд шүүгдэгчийн талаас 4.500.000 төгрөг нөхөн төлснийг хасч тооцон үлдэх 22.282.995 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаас шүүх баримтаар тогтоогдсон 6.761.410 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хангахгүй орхиж шийдэрлэв.

 

Шүүх хэргийн 2-р хавтас, 55-64 дугаар талд авагдсан хохирол төлбөртэй холбоотой болон амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардлын баримтууд гэх  хохирогчийн төлөөлөгчийн гаргасан бичгийн баримтыг нэг бүрчлэн судлахад шашны зан үйл болон хоног хураахтай холбоотой, мөн Гандан хийдэд хурал даасан болон ном хуруулахтай холбоотой шашны зан үйлийн зардал зэрэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд орж тооцогдохгүй тул хангаж шийдвэрлэх боломжгүй, мөн амь хохирогчийг талийгаачийн ар гэрийнхэн 2016 оны 12 сарын 02-ны өдөр хөдөөлүүлсэн талаар хохирогчийн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлсэн тул хоног хураахтай /49 хоног/ холбоотой  гарсан буюу энэ өдрөөс хойшхи хугацааны бүх баримттай зардал, мөн Цэрэнханд, Цэрэнтогтох, Цэрэндагва гэх хүмүүсийн хот хооронд зорчих тасалбарын үнэ /2016 оны 12 сарын 02-ны өдрөөс хойшхи хугацаанд хамаарч байна/, эм тарианы зардал, хохирогчийн эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авсны төлбөр 7.0 сая төгрөг зэрэг нийт 15.521.585 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Харин амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан бусад зардлын /2016 оны 12 сарын 02-ныг хүртлэх/ баримттай зардал нь нийт 11.261.410 төгрөг болж байх ба үүнээс шүүгдэгчийн төлсөн 4.500.000  төгрөгийг хасч тооцон үлдэх 6.761.410 төгрөгийг хохиролд тооцон шүүгдэгч М.Цэнгүүнбилэгээс гаргуулж хохирогчийн төлөөлөгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирогчийн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 7.0 сая төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод байцаан шийтгэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм. 

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд ЭБШХ-д заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 7.0 сая төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. 

 

Энэ хэрэгт 2017 оны 01 сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн /хэргийн 2-р хавтас 66-67х/  М.Цэнгүүнбилэгийн эзэмшил өмчлөлд бүртгэлтэй /хэргийн 2-р хавтас 26х/ 14-22 УНП улсын дугаартай Nissan Sunny маркийн 3.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн /хэргийн 2-р хавтас 69-70х/ тээврийн хэрэгслийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон, хохирогчийн төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн хохирол төлбөрийг хангуулах зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Цэнгүүнбилэг нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулшгүйгээр, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сэжигтнээр, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл яллагдагчаар, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл шүүгдэгчээр   нийт 116 хоног /нэг зуун арван зургаа/ цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Хохирогчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд амь хохирогчийн өмсөж явсан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “хохирогчийн куртик, ноосон цамц, фудволк, жинсэн өмд, ноосон өмд, оймс 1 хос, дотоож, пүүз 1 хос, шүүгдэгч М.Цэнгүүнбилэгийн тэлээ, куртик, ноосон цамц, урт ханцуйтай цамц, ботинк 1 хос зэргийг тус тус буцаан олгож, түүний савхин бээлий 1 хос, цусны толбо бүхий жинсэн өмд зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD 3 /гурав/ ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэг, 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэг, 283, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

                                                     ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Лувсан овогт Минтэвийн Цэнгүүнбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Лувсан овогт Минтэвийн Цэнгүүнбилэгийг хүний санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар М.Цэнгүүнбилэгт 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар М.Цэнгүүнбилэгт оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М.Цэнгүүнбилэгийн цагдан хоригдсон 116 /нэг зуун арван зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Цэнгүүнбилэгээс гэм хор учруулсны төлбөр хохиролд  6.761.410 /зургаан сая долоон зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун арав/ төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Баянзүрх дүүргийн 8-р хоро, Хилчиний 7-22 тоотод оршин суух хаягтай, /РД:ЗЛ80012706/, Духынхан овогт Цэрэншижээгийн Дэлгэрцэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хангахгүй орхисугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогчийн куртик, ноосон цамц, фудволк, жинсэн өмд, ноосон өмд, оймс 1 хос, дотоож, пүүз 1 хос зэргийг хохирогчийн төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэгт олгож, шүүгдэгч М.Цэнгүүнбилэгийн савхин бээлий 1 хос, цусны толбо бүхий жинсэн өмдийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бусад эд зүйлс болох М.Цэнгүүнбилэгийн  өмдний тэлээ, куртик, ноосон цамц, урт ханцуйтай цамц, ботинк 1 хос зэргийг ялтанд буцаан олгож, хэрэг гарсан караокены өрөөний бичлэг бүхий CD 3 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр тус тус шийдвэрлэсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн М.Цэнгүүнбилэгийн өмчлөлийн “Ниссан Сани” маркийн 14-22 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний хохирлыг нөхөн төлөхөд тооцуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамтаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан М.Цэнгүүнбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан М.Цэнгүүнбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.    

 

 

          

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД  

 

                                 ШҮҮГЧИД                                             Д.АЛТАНЖИГҮҮР

 

                                                                                                Б.БАТБОЛОР