Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 179

 

М.Цэнгүүнбилэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор М.Буяннэмэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Болдбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ганболд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэг,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар магадлалтай 201626031557 тоот эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэг, шүүгдэгч М.Цэнгүүнбилэгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Болдбаатар нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Лувсан овогт Минтэвийн Цэнгүүнбилэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн Прокурорын газраас М.Цэнгүүнбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь заалтад зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, хүний санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар М.Цэнгүүнбилэгийн цагдан хоригдсон 116 /нэг зуун арван зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Цэнгүүнбилэгээс гэм хор учруулсны хохиролд 6.761.410 /зургаан сая долоон зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун арав/ төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэг, шүүгдэгч М.Цэнгүүнбилэг, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Болдбаатар, Г.Ганболд нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ц.Дэлгэрмандалыг биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж, танхайн сэдэлтээр санаатай алсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтаар хангалттай тогтоогддог. Ц.Дэлгэрмандал нь их хэмжээний согтолттой, биеэ хамгаалах чадваргүй байсан болох нь 10185, 2173 тоот дүгнэлтүүдээр болон гэрч Б.Тулгын мэдүүлэг, камерын дүрс бичлэг зэргээр нотлогддог бөгөөд уг нотлох баримтаар М.Цэнгүүнбилэг нь амь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж түүнийг санаатай алсан гэж үзэж байна. Иймд М.Цэнгүүнбилэгт холбогдох хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж” гэж зүйлчилснийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс гэм хорын хохиролд 26.782.995 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 4.500.000 төгрөг төлснийг хасаж тооцон 6.761.410 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 11.261.410 төгрөгийг ханган шийдвэрлэж, үлдсэн нэхэмжлэлийг 49 хоног хураах шашны зан үйл мэтээр тайлбарлаж хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хоног хураах нь оршуулгын зан үйлийн нэг хэсэг учир түүнийг хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй болжээ. Мөн өмгөөлөгчийн хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод байцаан шийтгэх ажиллагааны зардалд тооцоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх заалтыг зөрчжээ. Иймд хоног хураахтай холбоотой зардал, өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн үйлчилгээний зардлыг хангаж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч М.Цэнгүүнбилэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Гэмт хэрэгт гарах үед би өөрийн ахлан ажиллаж байсан бригадынхаа хамт олонтой баяр тэмдэглэж байтал гэнэт Гэрэлт, талийгаач хоёр маргалдаж, улмаар зодолдож эхлэхээр нь би талийгаачийг салган, “агсам тавьж, хамт олонтойгоо муудалцаж болохгүй” гэж аргадан сууж байхад талийгаач дахин зодоон хийхээр гадагш гарах гэхлээр нь гаргахгүй гэж татаж суулгахдаа хүзүүнээс нь татсанаас болж золгүй тохиолдлоор амь нас нь хохирсон юм. Тухайн үед амь нас нь хохирсныг мэдээгүй бөгөөд эргүүлийн цагдаа ирэхэд түүнийг нас барсныг мэдсэн. Өөрийн хайхрамж, болгоомжгүй, хяналтгүй хийсэн үйлдлээс болж хүний амь насыг хохироосондоо харамсаж байна. Миний хувийн байдал болон эрүүл мэндийг минь харгалзан үзэж ял эдлэх дэглэмийг бууруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Болдбаатар нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...М.Цэнгүүнбилэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн ял оноосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 319.1.2, 321 дүгээр зүйлийн 321.1.1 дэх заалтуудыг зөрчиж ял оноосон гэж үзнэ. Хэрэгт авагдсан камерын бичлэгээр М.Цэнгүүнбилэг нь танхайрах үйлдэл гаргаагүй болох нь нотлогддог, харин амь хохирогч Ц.Дэлгэрмандал нь бусадтай маргалдах, үйлчлэг болон хамт ажиллагсаддаа агсам согтуу тавих, харилцан зодолдох зэргээр бусдыг үл хүндэтгэж танхайрсан баримт байх бөгөөд М.Цэнгүүнбилэг нь талийгаачийн энэ үйлдлийг хориглох, таслан зогсоох, дахин хэрэг маргаан гарахаас сэрэмжлэх зорилгоор хохирогчийн идэвхтэй үйлдлийг хориглох явцдаа шууд бус санаатайгаар хүний амь хохироосон байх үндэслэлтэй гэж үзнэ. Камерын бичлэгт авагдсанаар М.Цэнгүүнбилэгийн үйлдэлд танхайн гэмт хэргийн ямар ч сэдэлт, санаа зорилго, танхайрсан үйлдэл байхгүй байгаа нь шууд нотлогддог ба М.Цэнгүүнбилэг нь танхайрсан үйлдлийг сэдэж, санаачлан, гардан гүйцэтгэсэн ямар ч байдал гаргаагүй болох нь гэрч нарын мэдүүлгээр мөн нотлогддог. Иймд М.Цэнгүүнбилэгийн үйлдсэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, анхан шатны шүүхээс тогтоосон төлбөл зохих 6.761.410 төгрөгийг бүрэн төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн, хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг үндэслэн уг зүйл ангийн доод хэмжээгээр ял оноож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй учраас хяналтын шатны шүүх хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, 2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж оногдуулсан ялыг 8 жилийн хорих ял болгон өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд: “…Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн хэлсэн саналыг дэмжиж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ганболд хяналтын шатны шүүх хуралдаанд: “…Зүйлчлэлийн тухайд анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. мөн хохиролтой холбоотойгоор анхан шатны шүүх Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх зүйн туслалцаа авах эрхийн тухай дүгнэлт өгсөн бөгөөд дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Дэлгэрцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч М.Цэнгүүнбилэгийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Гэвч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуульд хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнд “танхайн сэдэлтээр” гэсэн хэсэг хасагдсан. Иймд шүүгдэгч М.Цэнгүүнбилэгийн үйлдсэн хэргийг шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

Шүүгдэгч М.Цэнгүүнбилэг нь согтуугаар, танхайн сэдэлтээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Ундарга” баарны караокений өрөөнд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн үед иргэн Ц.Дэлгэрмандалын хоолойг боож санаатай алсан гэмт хэрэг болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан  Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

Иймд 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “танхайрах гэмт хэрэг”, мөн “гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх” гэдэг ойлголт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон тул М.Цэнгүүнбилэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасаж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар магадлалд:

-“Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож” гэснийг хүчингүй болгож, М.Цэнгүүнбилэгийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цэнгүүнбилэгийг 8 /найм/ жил хорих ялаар шийтгэж”,

-“Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цэнгүүнбилэгт оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧ                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Б.ЦОГТ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН