Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 128/шш2022/0385

 

2

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И***** *** ******” ХХК /РД:6******/,

Хариуцагч:   Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т*********, Д.З******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нутгийн Шар хад ам нэртэй газарт 3.0 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн0*****дугаар гэрчилгээг “И***** *** ******” ХХК-д олгожээ.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалт, 22.6 дахь хэсэг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20/805 тоот албан бичгээр ирсэн саналыг тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч “И***** *** ******” ХХК-ийн газар ашиглах эрхийг гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 01/5487 дугаар албан бичгээр мэдсэн байх бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09/595 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болсон тул газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй гэх татгалзсан хариу авсан.

Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч “И***** *** ******” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

1/ Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2008 оны 3. Дугаар сарын 31 ний 15 дугаар тогтоолын 1.10-т "хуулийн 40.1.6-д заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор ... тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" хэмээн заасан.

Манайх тодорхой ажил хийсэн гэдгээ дээр тайлбарласан ба энэ талаар захиргаанд мэдэгдэж байсан. Тэгэхээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд цар тахлаас шалтгаалан тогтоосон хөл хорио нь аялал жуулчлалыг бүхэлд нь хязгаарласан шийдвэр гэдэг нь нийтэд тодорхой үйл баримт бөгөөд бусад аж ахуйн нэгжийн нэгэн адил санхүүгийн хүнд нөхцөлд орсон ч газраа ашиглахгүй хий орхисон зүйл байхгүй болно.

2/. Газрын төлбөрийг төлж байсан байхад төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр эрх цуцалсан нь буруу юм.

3. Сонсох ажиллагааг захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явуулаагүй тул захиргааны шийдвэр мөн хууль бус болно.

Иймд холбогдох баримтыг буруу үнэлж, хууль болон зорилгодоо нийцээгүй захиргааны акт гаргасан байх тул А/95 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосноор Монгол Улсын Үндсэн хуульд заасан "хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах”, Газрын тухай хуульд заасан “газар ашиглах эрх” тус тус сэргэх юм.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Газар авснаас хойш нэг сарын дараа гуравласан гэрээ байгуулахаар очсон боловч Налайх дүүргийн газрын албанаас “цаг тухайд нь газрын төлбөрөө төлж бай, манайхаас гэрээ байгуулна” гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Тийм учраас Нийслэлийн газрын татварын албанаас манайд татвар төлөх хэмжээ, дансыг хэлж өгдөг байсан. Үүний дагуу манайх газрын төлбөрөө цаг тухайд нь төлж байсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт байгаа. Манай зүгээс 2019 онд газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан. Манай менежер удаа дараа очиж байсан, очих болгонд төлбөрөө төлж бай, манайхаас гэрээ байгуулна гэсэн хариу өгдөг. Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй хууль зөрчиж захиргааны акт гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан боловч Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид “хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтийг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц обьект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй” гэж заасан. Мөн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас ямар нэгэн зүйл тохиолдсоныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ.  Дэлхий нийтээр Корона вирусийн халдвар гарч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Монголчуудын хувьд 2020 оны 01 дүгээр сараас Засгийн газрын тогтоолууд гарч бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Түүнтэй холбоотойгоор тухайн газар аялал жуулчлалын бүсэд ордог учир хүндэтгэн үзэх шалтгаанд орж байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг нарийвчлан судлалгүй газар эзэмших эрхийг цуцалсанд гомдолтой байна. Газар дээр хашаа бариад, шороо асган ашиглаж эхэлж байсан. 

2/ Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж мөн хуулийн 26.2-т “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан сонсох ажиллагаа явуулаагүй. Сонсох ажиллагаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх хуудас хүргүүлнэ. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 4.7-д заасан сонсгол зохион байгуулах шаардлагатай. Зар сонинд мэдээлэл өгсөн байсан. Энэ бол сонсох ажиллагаа биш. Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулах ёстой.

3/ Хариуцагч тал хариу тайлбар өгөхдөө Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн байгууллага, тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн зөрчил гарсан. Энэ зөрчил танай байгууллага хамаарч байна гэсэн боловч манайх ямар нэгэн зөрчил гаргаагүй.

4/ Гуравласан гэрээний тухайд захиргааны байгууллага үүргээ хэрэгжүүлээгүй атлаа газар ашиглагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Дүүргийн татварын албанаас төлбөр төлсөн баримт гардаггүй. Харин Нийслэлийн  татварын албанаас лавлагаа буюу баримт нь гарсан байдаг. Дүүргийн Газрын алба Нийслэлийн Газрын албатай уялдаа холбоотой ажилладаггүй болох нь харагдаж байна. Сонсох ажиллагааг хуульд заасан тухай хийгээгүй байна. Одоо үед хүмүүс сонин уншихаа больчихсон.

Хүний ашиглаж байгаа газрын хүчингүй болгохдоо судалгаа, шинжилгээ хийгээгүй байна. Бидний эрх ашиг сонирхлыг хөндөхгүй байх талаас нэг ч ажиллагаа хийгээгүй байна. Хариуцагч талаас хэдэн төгрөгийн төлбөрийг ямар журмын дагуу төлөхийг гаргаж өгөхгүй байна. Манайхаас төлсөн дүн, төлөх ёстой дүн нэг байгаа. 2017 оноос 2019 оныг хүртэл газрын төлбөр төлсөн. Цар тахалтайгаа холбоотойгоор 2020 оны төлбөрийг төлөөгүй.

Тухайн үед Корона вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд гарч байсан. Үүнтэй холбоотойгоор төлбөр төлөх боломжгүй байдал үүссэн. Иймд 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй. Тухайн газар дээр манайх зам, талбай тавихаар ажил эхэлсэн, ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн, гэрээнийхээ дагуу явж байсан. Зөвлөмжид “барилга байгууламж, зам талбай, нүдэнд харагдаж, тогтоож, хэмжиж болохуйц объектыг ойлгоно” гэж заасан байдаг. Иймд актыг хүчингүй болгож өгнө үү.”  гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга өөрөө гэрээ байгуулна” гэж заасан байдаг. Газар ашиглах гэрээнд юу, юу тусгах талаар хуулиар зохицуулсан. Гэрээг Засаг дарга өөрөө байгуулахаар хуульд заасан байхад гэрээг байгуул гэж шаардах хууль зүйн үндэслэлгүй байна. 

2/ Захиргаа сонсох ажиллагааг хийхдээ төлбөр төлөөгүй байгааг хэлсэн бол төлбөрийг төлөх боломжтой байсан. Тэгэхээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох боломжгүй болно. Хүний эрхийг хамгаалахтай холбоотой ажиллагааг хийгээгүй хууль зөрчиж байгаа учраас захиргааны акт хуульд нийцээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн  А/95 дугаар тушаалар нийт 24 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Тушаалын хавсралтад “И***** *** ******” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, мөн хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20/851 дугаартай албан бичиг, мөн Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн газрын төлбөр төлөөгүй иргэн, аж ахуй нэгжийн судалгаа ирүүлсэн.

Судалгаагаар газрын төлбөр төлсөн мэдээлэл байхгүй. Эдгээрийг үндэслээд тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

2/ Сонсох ажиллагааны хувьд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Лхагва гаригийн 237 дугаартай сонинд газар ашиглагч нарын газар ашиглах эрхийг цуцалсан талаарх мэдэгдлийг нийтлүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасны дагуу хэвлэлд нийтлүүлсэн. Хэвлэлд 2020 оны 12 дугаар сард нийтлүүлсэн. Сайдын тушаал 2021 оны 4 дүгээр сард гарсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч “И***** *** ******” ХХК-аас ямар нэгэн тайлбар, баримт ирүүлээгүй.

3/ Анх 2017 оны 3 дугаар сард “И***** *** ******” ХХК-нд газар шилжих эрх, гэрчилгээг олгосон. Компани хуульд заасны дагуу гуравласан гэрээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг хийлгээгүй.

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа болон Налайх дүүргийн засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 18, 20-ны өдрийн албан бичгүүд ирсэн.

Гуравласан гэрээг тухайн дүүргийн Засаг дарга, хамгаалалттай захиргааны дарга, газар ашиглагч хамтарч байгуулдаг. Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулдаг. “И***** *** ******” ХХК-иас гэрээ байгуулах талаар ирүүлсэн хүсэлт Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивд байхгүй ба судалгаа мэдээллийн санд бүртгэлтэй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын баталсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам гэж байдаг. Энэ журамд хамгаалалтын захиргаа болон Сум, дүүргийн Засаг даргын тамгын газар Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан Байгаль орчны сайдын газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн гуравласан гэрчилгээ олгож гуравласан гэрээ байгуулна гэж заасан.

Газар ашиглагч нь газар ашиглах эрх олгох шийдвэр гарсны дараа гэрчилгээгээ аваад Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу гуравласан гэрээ байгуулах хүсэлтээ гаргаагүй, үнэлгээ хийлгээгүй гэж харагдаж байна.

4/ Газрын төлбөрийн тухайд Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 онд ирүүлсэн  албан бичгээр “И***** *** ******” ХХК-ийн газрын төлбөр төлөгдөөгүй байсан. 2017 онд 3,600,000 төгрөг, 2019 онд 3,060,000 төгрөг тус тус төлсөн гэх албан бичиг ирүүлсэн гэж байна. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн бичиг нь шийдвэр гарснаас хойш ирсэн. 2020, 2021 онд төлбөр төлөгдөөгүй байгаа. 2017, 2019 онд төлсөн төлбөр нь нэхэмжлэгч компанийн төлсөн төлбөр эсэх нь тодорхойгүй байгаа. Төлбөр төлөх хэмжээг гуравласан гэрээнд тусгаж өгдөг.

Газрын төлбөр нь Монгол Улсын татварын бүрэлдэхүүн хэсэг юм. Газрын төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, хойшлуулах асуудлыг хуулиар, тусгайлсан эрх зүйн акт гаргаж шийдвэрлэдэг. Газрын төлбөр төлөх хуульд заасан үүргээ Ковидын нөхцөл байдалтай холбож тайлбарлаж болохгүй. Газрын төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлөхгүй байх талаар Улсын дээд шүүхийн тайлбарт байдаггүй. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр төлбөр төлөөгүй гэдэг нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Үйл ажиллагаа явуулж байсан талаараа 2019 онд байгуулсан гэрээнээс өөр зүйл гаргаж өгсөнгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “И***** *** ******” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д.Батдэлгэр шүүхэд хандаж “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...тодорхой ажлууд хийж байсан, цар тахлаас шалтгаалсан хөл хорио нь нийтэд илэрхий үйл баримт, газрын төлбөрөө төлж байсан атал төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалсан нь хууль бус, сонсох ажиллагаа явуулаагүй...” гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.6,  Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20/805 тоот албан бичгээр ирсэн саналыг үндэслэн “...үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн 24 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосны дотор “И***** *** ******” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-г зөрчсөн гэх үндэслэлээр багтаасан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ:” гэж,  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан ба 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутагт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын “Ш** ***** **” нэртэй 3,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг “К********” ХХК-д 5 жилийн хугацаатай 0****** дүгээр гэрчилгээгээр олгосон,

“К********” ХХК болон “И***** *** ******” ХХК-иас ирүүлсэн “...тус газраа И***** *** ****** ХХК-д шилжүүлж өгнө үү” гэх хүсэлтүүдийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар “И***** *** ******” ХХК-д тухайн газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай олгож, ашиглах 0******дугаар гэрчилгээг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр олгосон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

            Маргаан бүхий актын үндэслэл болсон, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд:

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20/805 тоот албан бичигт нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан буюу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тодорхойлсон ба хэрэгт Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 19/288 дугаар албан бичгээр “...2022 оны 3 дугаар сарын 15-ны байдлаар газар бүртгэгдээгүй, газрын төлбөр төлсөн бүртгэл байхгүй” гэж тодорхойлсон, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 03-09/1871 дүгээр албан бичигт хавсаргаж ирүүлсэн “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-аар нэхэмжлэгч нь Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны Х*** банкин дахь 57******** тоот дансанд 2017 онд 3 600 000 төгрөг төлсөн, 2018 онд төлөөгүй, 2019 онд 3060 000 төгрөг төлөхөөс 6 660 000 төгрөг төлсөн, 2019 оны жилийн эцэст төлбөрийн үлдэгдэлгүйг баталгаажуулсан, энэ нь нэхэмжлэгчээс ирүүлсэн Х*** банкны шилжүүлгийн 2019 оны 01 дүгээр сарын 02 болон 2019 оны 12 сарын 17-ны мэдээллүүдээр нотлогдож байна.

Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөх хугацааг хэзээнээс эхлэн хэрхэн тооцсон, нэхэмжлэгч нь тухайн газар ашиглах эрхийг бусдаас шилжүүлж авсан нь хуульд нийцэх эсэх, нийцсэн гэж үзвэл нэхэмжлэгчийн газрын төлбөр төлж эхлэх хугацааг хэрхэн тооцсоноор “огт төлөөгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, дээр дурдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг газрын төлбөр бүрэн төлөөгүй гэж буруутгасан үндэслэл нь үгүйсгэгдэж байна

Маргаан бүхий захиргааны актын, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:

7. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж тус тус заасан.

Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан тогтоох үүрэгтэй, тухайлбал нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход нэхэмжлэгч нэгдүгээрт гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байх”-ыг шаардана.

Өөрөөр хэлбэл дээрх хоёр нөхцөл хамт бүрдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргах учиртай.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “И***** *** ******” ХХК нь

-2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Б*****” ХХК-тай байгуулсан “Г******* ХХК-ийн амины орон сууцны хотхоны зураг төсөл боловсруулах ажлын гэрээ”

-2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “О** *****” ХХК-тай байгуулсан, “Эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах гэрээ”-г 

-2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “X**** ********** ************” ХХК-тай байгуулсан “Трансформатор худалдах-худалдан авах гэрээ” хятад, монгол орчуулгын хамт, тус компанийн тайлбар албан бичиг,

-2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн иргэн Э.Т*******тай байгуулсан “Модон хашаа хийж угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ” болон кассын зарлагын ордер-2 ширхэг, хайрга, брус, банз авсан тухай зарлагын баримт-6 ширхэгийг тус тус эх хувиар гаргаж ирүүлсэн болно.

Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас  “...газар ашиглах эрхээ хэрэгжүүлж байх явцад 2019 онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон талаарх нотлох баримтыг шүүхэд өгсөн, хэрэв хариуцагч захиргааны байгууллага сонсох ажиллагааг зохих журмаар явуулсан бол тодорхой болох байсан...” гэсэн тайлбар гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д.”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 26.2-т ”Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж тус тус заасан.

Хариуцагчаас тухайн захиргааны акт гаргах гэж байгаа талаар “Өдрийн сонин”-ы 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаарт албан ёсоор нийтэлж зарласан хэдий ч нэхэмжлэгчээс тайлбар, санал авах ажиллагаа огт хийгээгүй байх тул сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч компаниас ирүүлсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг 2 жил дараалан газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлтэй эсэх, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 03-09/1871 дүгээр албан бичигт хавсаргаж ирүүлсэн “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-ын тооцоолол нь нэхэмжлэгчийг газрын төлбөрөө тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэл болох эсэх, цаг хугацааны хувьд хэзээнээс эхэлж хэзээ дуусах хугацаанд хамаарахыг тус тус нэмж тодруулах шаардлагатай, эдгээр нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг 3 сарын /90 хоног/ хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалын “И***** *** ******” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж, дурдсан хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалын “И***** *** ******” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сар /90 хоног/-ын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдсугай..

3.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

                         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН