Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0484

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И,

Нэхэмжлэгч: “И” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 385 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Д.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,

Хэргийн индекс: 128/2022/0168/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 385 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалын “И” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сар /90 хоног/-ын хугацаатай түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1.“ Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгчийн газрын төлбөр төлж эхлэх хугацааг хэрхэн тооцсоноор “огт” төлөөгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, дээр дурдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн газрын төлбөр бүрэн төлөөгүй гэж буруутгасан үндэслэл нь үгүйсгэгдэж байна ... гэж” дүгнэсэн.

2.2.Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19/89 дугаартай албан бичгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт газар ашиглах зөвшөөрөл авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, ойн болон усан сан бүхий газар, газар ашиглах гэрээгээ дүгнүүлээгүй, газрын төлбөр төлөөгүй иргэж, аж ахуйн нэгжийн жагсаалтыг ирүүлсэн бөгөөд тус жагсаалтын 17-д нэхэмжлэгч “И” ХХК-ийн төлбөр төлөлт “0” төгрөг гэсэн мэдээллийг ирүүлсэн.

2.3.Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Хаан банкны 1238420, 1694201 дугаартай шилжүүлгийн мэдээлэлд “Г” ХХК-аас Нийслэлийн газрын албаны дансанд 2018, 2019 оны төлбөр төлсөн гэх баримт, мөн шүүхээс нотлох баримт гаргуулахаар хүргүүлсэн албан бичгийн хариуд ирүүлсэн Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19/288 дугаартай албан бичигт “И” ХХК-ийн эзэмшил ашиглалтад 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дүүргийн мэдээллийн санд газар бүртгэгдээгүй ба өмнө нь газрын төлбөр төлсөн бүртгэл байхгүй” гэж, харин Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн лавлагаа, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тушаалыг үндэслэн байгуулсан “И” ХХК-тай тоот газар эзэмших, ашиглах гэрээний гарын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхийг үл хамааран хугацаанд нь төлсөн байдал: 2017 онд 3,600,000 төгрөг, 2018 онд төлөөгүй, 2019 онд 10,260,000 төгрөг” гэсэн бөгөөд 2020, 2021 онд төлбөр төлөөгүй байна.

2.4.Гэтэл “И” ХХК нь 2015 онд газар ашиглах эрх аваагүй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар газар ашиглах эрх авсан, мөн 2020, 2021 онд газрын төлбөр төлөөгүй гэдэг нь хангалттай нотлогдож байна.

2.5.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй” гэж, 40 дүгээр зүйлийн 40.165-д “газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус заасан.

2.6.Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь газар ашиглах эрх цуцлагдах буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 2020 оны төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй, 2021 оны эхний улирлын газрын төлбөрийг төлөөгүй нь тодорхой байхад “бүрэн төлөөгүй гэж буруутгасан үндэслэл нь үгүйсгэгдэж байна” гэж шүүх дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.7. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д “Нэхэмжлэгчээс ирүүлсэн 4 гэрээ, кассын зарлагын ордер, хайрга, брус, банз авсан тухай зарлагын баримт зэргийг дурдаад ... нэхэмжлэгч компаниас ирүүлсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг 2 жил дараалан газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлтэй эсэх, цаг хугацааны хувьд хэзээнээс эхэлж хэзээ дуусах хугацаанд хамаарахыг тус тус нэмж тодруулах шаардлагатай, эдгээр нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг 3 сарын /90/ хоногийн хугацаагаар түдгэлзүүл шийдвэрлэх нь зүйтэй” гэж, мөн “... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “... газар ашиглах эрхээ хэрэгжүүлж байх явцад 2019 онд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон талаарх нотлох баримтыг шүүхэд өгсөн ... тайлбар гаргасан” гэжээ.

2.8.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн хүрээнд “И” ХХК-ийг үйл ажиллагаа явуулсан эсэхэд бус үйл ажиллагаа явуулаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг нэмж тодруулахаар шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2.9.Нэхэмжлэгч “И” ХХК нь газар ашиглах эрхтэй хугацаандаа үйл ажиллагаа явуулсан эсэхэд огт маргаангүй бөгөөд үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь шүүхээс хийсэн газрын үзлэг, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, нотлох баримтуудаар хангалттай нотлогддог.

2.10.Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж тайлбарласан байна.

2.11.“И” ХХК-аас “Ковидын улмаас газраа ашиглаж чадаагүй” гэх тайлбарыг л шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан боловч хүндэтгэн үзэх ямар шалтгааны улмаас газраа ашиглаагүй талаар нотлох баримт ирүүлээгүй, үүнийгээ нотол чадаагүй, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-тай байгуулсан гэх амины орон сууцны хотхоны зураг төсөл боловсруулах гэрээ нь нэгдүгээрт, “Г” ХХК-ийн амины орон сууцны хотхоны зураг төсөл боловсруулах гэрээ”, хоёрдугаарт, байгалийн цогцолборт газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх авсан аж ахуйн нэгж нь амины орон сууц барих ямар ч боломжгүй тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх ёсгүй.

2.12.Түүнчлэн “2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Ойн гэгээ” ХХК, “X” ХХК, иргэн Э.Т-тай байгуулсан гэх гэрээний хүрээнд хийгдсэн ажил, зарцуулсан төсөв, шилжүүлсэн мөнгөн гүйлгээ, гэрээ дүгнэсэн акт зэрэг гүйцэтгэл огт байхгүй, банк, брус, хайрга авсан гэх зарлагын баримтууд нь төлбөр шилжсэн, тэдгээрийг тухайн газарт үйл ажиллагаа явуулахад ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм.

2.13.Мөн Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй гэх мэт байхыг ойлгоно” гэж заасан байхад газар ашиглах эрх авснаас хойш 4 жилийн хугацаанд гүйцэтгэл байхгүй, санхүүжилт гараагүй зөвхөн гэрээ байгуулсныг үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.

Иймд “И” ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.165, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, Газрын тухай хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “И” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргажээ.

2.Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “И” ХХК-д Налайх дүүрэгт байрлах Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын “Шар хад” аманд, 3.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгож, газар ашиглах эрхийн гэрчилгээг[1] олгосон байна.

3.Нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг маргаан бүхий А/95 дугаар тушаалын хавсралтын 18-д[2] “газрыг 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй”, “газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “усны хамгаалалтын дэглэм зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэжээ.

5.Нэхэмжлэгч компани нь 2017, 2018, 2019 онд газрын төлбөрт 10,260,000 төгрөг төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар[3] тогтоогдож байна, харин 2020, 2021 онд газрын төлбөр төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Үүнээс үзэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “... дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны дагуу хариуцагчаас газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч компани нь газар ашиглах эрх авсан 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс маргаан бүхий А/95 дугаар тушаал гарсан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаанд ашиглалтын газраа аялал жуулчлалын зориулалтаар ашиглаагүй гэдэг нь хэрэгт авагдсан газрын үзлэгийн баримтуудаар[4] тогтоогдов.

Ийнхүү нэхэмжлэгчээс ашиглалтын газраа зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь мөн хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдсонгүй.

Иймээс маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтаар 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн маргаан бүхий актыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.гэж заасантай нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй.

7.Нэхэмжлэгч компаниас ирүүлсэн зураг төсөл боловсруулах ажлын гэрээ, трансформатор худалдах, худалдан авах гэрээ, модон хашаа угсарч суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ, барилгын материал авсан зарлагын баримтууд, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал зэрэг нь тус компанийг зориулалтын дагуу газраа 4 жил ашиглаагүй гэдгийг үгүйсгэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал гэж шүүхээс үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

8.Дүгнэхэд, маргаан бүхий А/95 тушаал нь бодит нөхцөл байдалд нийцээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлийг тодруулалгүйгээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхээс “нэхэмжлэгчийг 2 жил дараалан газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлтэй эсэх, газрын төлбөрөө тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэл болох эсэх, цаг хугацааны хувьд хэзээнээс эхэлж хэзээ дуусах хугацаанд хамаарахыг тус тус нэмж тодруулах шаардлагатай” гэж маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “И” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 15 дахь тал

[2] Хэргийн 17-18 дахь тал                                                                                                 

[3] Хэргийн 123, 133 дахь 

[4] Хэргийн 65-72 дахь тал