Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 23

 

        Ч.Б, Ш.О, О.Н нарт 

        холбогдох эрүүгийн хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                         Прокурор                                                       Н.Ц

                         Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Ц.Б

                         Шүүгдэгч                                                        Ч.Б

                        Нарийн бичгийн дарга                                   М.Э  нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Б, Ш.О, О.Н нарт холбогдох 1812002920068 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Баянцагаан гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овгийн Ч.Б

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Сарчин гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Ш.О

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулдаг Сувд сувиллын газарт манаач ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгойн 36-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн О.Н

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 05 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Өгөөмөрийн ар гэх газар бэлчээрээс Д.Н-ын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ш.О нь яллагдагч Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа талийгаач Д.Н-ыг яллагдагч Ч.Б-д хар, хонгор зүсмийн 2 тооны морийг зүслэн өгч, өөрийг нь байхгүйд авч болно гэж харилцан тохиролцсон хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн,

шүүгдэгч О.Н нь яллагдагч Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөнд гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа талийгаач Д.Н-ыг яллагдагч Ч.Б-д хар, хонгор зүсмийн 2 тооны морийг зүслэн өгч, өөрийг нь байхгүйд авч болно гэж харилцан тохиролцсон хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Ч.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Ш.О, О.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тус тус прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт Ч.Б-ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Ш.О, Б овогт О.Н нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.Н-ыг  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д  Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О, О.Н нар нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О, О.Н нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ш.О, О.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Ш.О, О.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж,  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ш.О, О.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ч.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 96 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ч.Б би хохирогч Д.Н-ын 2 тооны морийг түүний зөвшөөрөлгүй, далд сэм аргаар хулгай хийж аваагүй. Харин би 2017 оны 04 дүгээр сарын эхээр Д.Н гуайд өөрийн ХААН банкны данснаас 710.000 төгрөг, өөрт байсан 90.000 төгрөг, нийт 800.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн 2016 онд нэг хуц өгсөн. Түүний мөнгө 150.000 төгрөгийг аваагүй байсан. Мөн дээр нь хүү Н.П нь буйдан авсан. Эдгээрийн мөнгийг өгөөгүй байсан. Тэгээд 2018 оны хавар 4 дүгээр сарын сүүлээр Д.Н гуайтай Ш.О, О.Н нарын хамт Хойд тамирын голын Улаан толгой гэх газар таараад дээрх зүйлийг нэхэхэд Д.Н ах хоёр тооны морь зүсэлж өгөөд “намайг байх, байхгүй үед авчхаарай” гэсэн. Би 2018 оны 05 дугаар сарын 08-09-ний өдөр уг хоёр морийг аваад аймгийн төв оруулж зарсан. Тэгээд Тамирын гол үертэй байхаар нь очиж хэлж чадаагүй. Харин 05 дугаар сарын 10-дын үеэр Д.Н гуайд очоод хэлэхэд “би хулгай авсан байна гэж бодоод Ихтамир сумын хэсэгт тэмдэглүүлсэн, ах нь очоод хэлнэ” гэж байсан. Харин мөрдөн шалгах ажиллагааны үед болон одоог хүртэл бугуйл, хуцын мөнгө, миний 710.000 төгрөг авсан дансны хуулгыг шалгаагүй. Би өмчлөгч, эзэмшигчийн зааж өгсөн болон “намайг байх, байхгүй үед авчихаарай” гэсний дагуу авсан. Би хулгай хийгээгүй. Иймд хэргийг дахин нягтлан үзэж Д.Н гуайн хоёр тооны адууг хулгай хийсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.Б-ийн давж заалдах гомдлын үндэслэл нь үхсэн хүн үг хэлэхгүй гэдгийн жишээ болоод байгаа юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо. Гэхдээ өмгөөлөгчийн зүгээс тайлбараа хэлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлахыг хүсэж байна. Өмгөөлөгчийн зүгээс болсон үйл явдлыг хажууд нь сонсож байсан гэрч шиг хэлж байна. Прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийг шийдвэрлэх ёстой байх гэж бодож байна. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг нотолж тогтоосон. Ч.Б-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон учраас ялаас зайлах гэсэн арга хэрэглэж байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь нас барсан бөгөөд түүний хүүг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Шүүгдэгч Ч.Б-ийн хувьд хохирогчийн ар гэрийнхнээс өөрт ашигтай байдлаар мэдүүлэг өгөхийг гуйсан зүйл байдаг. Тэр ч утгаараа гэрч О.Н, Ш.О нараас хуульд заасны дагуу мэдүүлэг авсны дараа тэднээс гуйж, мэдүүлгийг нь өөрчлүүлэх оролдлого хийсэн бөгөөд нөгөө хоёр гэрч нь эцэс сүүлдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Шүүгдэгч Ч.Б-ийн хувьд Д.Н-аас авлагатай байсан тул тухайн авлагдаа хоёр адууг авсан гэж мэдүүлдэг. Энэ ч үүднээс нийслэлийн прокурорын байгууллагад гомдол гаргаж байсан. Энэ асуудал нь шийдэгдээд ирэхээр дахин хуцын асуудлыг гаргаж ирсэн. Шүүгдэгчийн зүгээс асуудлыг нэг нэгээр нь гаргаж ирж байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр бугуйлын асуудлыг гаргаж ирсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр хуц бол байгаа, харин бугуйл бол талийгаач Д.Н-тай ямар ч хамааралгүй талаар хэлсэн. Ийм учраас шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 96 дугаартай шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хулгайн гэмт хэрэг гарсан тал дээр их эргэлзээтэй байдаг. Учир нь шүүгдэгч Ч.Б нь энэ хэргийн хохирогч Д.Н-д 2017 оны 04 дүгээр сард 800.000 төгрөг зээлсэн асуудлыг ярьдаг. Шүүгдэгч нь ХААН банкныхаа данснаас 710.000 төгрөг, өөрт байсан 90.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийг Д.Н-д бэлнээр өгсөн талаар өөрөө хэлдэг. Би дараа нь тус 710.000 төгрөг авсан үйл баримтыг судалж үзэхээр дансны хуулгыг нь авсан. Тэгтэл Ч.Б нь данснаасаа 710.000 төгрөг авсан байсан. Энэ нотлох баримтыг анхан шатны шүүх хэрэггүй гэж үзээд шийдвэрлэсэн. Дараагийн нэг асуудал нь Ч.Б-ийн зүгээс Д.Н-д хар толгойтой хуцыг 150.000 төгрөгөөр зарсан гэдэг. Үүнийг талийгаачийн гэр бүлийн гишүүд нь бүгдээрээ мэднэ. Мөн Д.Н-ын хүү нь Ч.Б-ээс бугуйл авсан байдаг. Үүний мөнгийг мөн адил өгөөгүй байсан байдаг. Энийг бас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохдоо авсан талаараа хэлдэг. Ч.Б, Д.Н нарын хооронд нийт 950.000 төгрөгийн өглөг, авлагын асуудал байсан байна лээ. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын сүүл үеэр буюу 05 дугаар сарын эхээр Тамирын голын эрэг дээр Д.Н-ыг Ш.О, О.Н нарын хамт сууж байхад нь Ч.Б очсон байдаг. Тэгэхэд нь Д.Н гуай өглөг, авлагын асуудлаа яриад Ч.Б-ийг авлагдаа хоёр морийг авахыг хүсээд зүсэлж өгсөн байдаг. Тэр морь зүсэлж өгсөн асуудлыг Ш.О, О.Н нар мэдүүлдэг. Хоёр гэрчийн мэдүүлэгт Д.Н нь намайг байсан, байхгүй хамаагүй хоёр морийг авчхаарай гэж Ч.Б-д хэлсэн байдаг. Ингэж хэлсний дагуу Ч.Б нь 2018 оны 05 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө хоёр морийг нь аваад Архангай аймгийн төвд оруулж ирээд зарсан байдаг. Тэгээд Ч.Б 2018 оны 05 дугаар сарын 12-13-ны үед Д.Н-д өөрөө очоод морийг нь авч зарсан талаар хэлсэн байдаг. Энэ үйл явдлыг анхан шатны шүүх хуралдаанд оролцсон Д.Н-ын хүү н.П нь гэрчилсэн. Тэгэхэд Д.Н нь ах нь хулгай авсан байна гэж бодоод Ихтамир сумын хэсгийн төлөөлөгчид тэмдэглүүлсэн, би очоод хулгай биш талаар хэлээд өгнө гэж хэлсэн гэдэг. Энэ үйл явдлыг хэсгийн төлөөлөгч нь үгүйсгэдэг. Энэ хэрэг дээр ХААН банкны дансны хуулга, хуц, бугуйлын асуудлуудыг шалгаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан. Ч.Б нь Д.Н-ын хоёр тооны адууг хулгайлаагүй. Хулгайн гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг. Гэтэл Ч.Б-ийн хийсэн энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна. Ч.Б нь эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчийнх нь зөвшөөрлөөр авч байгаа юм. Үүнийг шүүхийн зүгээс анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн Ш.О, О.Н нарын гэрчүүдийг худал мэдүүлэг өгсөн гээд давхар шийтгэж байгаа нь учир дутагдалтай байна. Яллагдагч Ш.О-ийн өгсөн хоёр мэдүүлэг буюу хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудсанд авагдсан байдаг. Энэ мэдүүлгийг шүүхийн зүгээс анхаарч үзэхийг хүсье. Энэ хоёр гэрчийн мэдүүлгийг нэг цаг, нэг минутад авсан байдаг. Тэгэхээр нэг цаг, нэг минутад хүнийг хоёр удаа асуух боломж байдаг юм уу. Үүнийг үндэслэн би энэ хоёр мэдүүлгийг хуульд заасан нотолгооны чадвараа алдсан тул хүчингүйд тооцуулахаар хүсэлт тавьж байсан. Харамсалтай нь шүүх нэгийг нь хасаад, нөгөөдхийг нь хасаагүй. Ч.Б-д холбогдох үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна. Хэрэв гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. Миний хувьд хэрэгт байгаа нөхцөл байдлыг хэлж байгаа болохоос биш хажууд нь байсан юм шиг зохиож ярьсан зүйл байхгүй. Миний хувьд гэрч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдлуудыг тайлбарлаж ярьсан. Шүүгдэгч, хохирогч нарын хооронд өглөг, авлагын асуудал байсан нь хэрэгт хамааралтай бөгөөд үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгах шаардлагатай байсан. Шүүгдэгч Ч.Б-ийн хувьд ямар нэгэн арга заль хэрэглээгүй бөгөөд түүний зүгээс хэрэг хийгээгүй үндэслэлээр шалгуулах хүсэлтээ гаргаад байгаа юм. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Хэрэв шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзвэл тухайн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ч.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Б нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ш.О, О.Н нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Ч.Б-ийг бусдын малыг хулгайлсан, шүүгдэгч Ш.О, О.Н нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлсэн үйлдлүүдэд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Анхан шатны шүүхээс Ч.Б-д түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ш.О, О.Н нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна. 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар... хулгайн гэмт хэрэг гарсан тал дээр их эргэлзээтэй байдаг. Учир нь шүүгдэгч Ч.Б нь энэ хэргийн хохирогч Д.Н-д 2017 оны 04 дүгээр сард 800.000 төгрөг зээлсэн асуудлыг ярьдаг. Шүүгдэгч нь ХААН банкныхаа данснаас 710.000 төгрөг, өөрт байсан 90.000 төгрөг, нийт 800.000 төгрөгийг Д.Н-д бэлнээр өгсөн талаар өөрөө хэлдэг. Би дараа нь тус 710.000 төгрөг авсан үйл баримтыг судалж үзэхээр дансны хуулгыг нь авсан. Тэгтэл Ч.Б нь данснаасаа 710.000 төгрөг авсан байсан. Дараагийн нэг асуудал нь Ч.Б-ийн зүгээс Д.Н-д хар толгойтой хуцыг 150.000 төгрөгөөр зарсан гэдэг. Үүнийг талийгаачийн гэр бүлийн гишүүд нь бүгдээрээ мэднэ. Мөн Д.Н-ын хүү нь Ч.Б-ээс бугуйл авсан байдаг. Хохирогч нарын хооронд өглөг, авлагын асуудал байсан нь хэрэгт хамааралтай бөгөөд үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгах шаардлагатай байсан. Шүүгдэгч Ч.Б-ийн хувьд ямар нэгэн арга заль хэрэглээгүй бөгөөд түүний зүгээс хэрэг хийгээгүй үндэслэлээр шалгуулах хүсэлтээ гаргаад байгаа юм. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

           Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хоёр тооны адууг алдсан талаар мэдүүлдэг, дээрх мэдүүлэгийн...хоёр адуугаа алдсан, харин хэн нэгэн этгээдэд өгсөн талаар мэдүүлээгүй болох нь сумын хэсгийн төлөөлөгчийг гэрчээр асуусан мэдүүлгээр нотлогджээ.

           Шүүгдэгч нь хохирогчид өөрийн данснаас 710.000 төгрөг авч өөрт байсан 90.000 төгрөгөө нэмж нийт 800.000 төгрөг өгсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, өөрийн данснаас авсан гэх боловч хохирогчид хэрхэн, яаж өгсөн талаарх нотлох баримт байхгүй, хохирогч, шүүгдэгч нарын хооронд худалдах худалдан авах харилцаа үүссэн талаар шүүгдэгч Ч.Б мэдүүлдэг боловч түүний мэдүүлгийн эх сурвалжийг баталсан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

           Шүүгдэгч Ш.О, О.Н нар нь гэрч болон шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Ч.Б-ийг хохирогч адуу аваарай гэж хэлж байсан гэж мэдүүлдэг боловч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар дээрх мэдүүлгүүд няцаагдсан, бусад нотлох баримтуудтай шалтгаант холбоогүй байгаа болно.  

          Шүүгдэгч  Ч.Б нь хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд 42 хоног цагдан хоригдсон байх тул шүүгдэгч Ч.Б-ийн цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь  оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 96 дугаартай шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ийн цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Т.ДАВААСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                              Д.БЯМБАСҮРЭН

                                                                                В.ЦЭЦЭНБИЛЭГ