Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/01032

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/01032

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* хаягт оршин суух,******* /РД: ХВ55010666/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,,,, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Сувдаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ж.Сувдаа миний бие нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол,*******ны******* 2 өрөө орон сууцыг 17 сая төгрөгөөр худалдан авч 2005 оноос хойш уг байрыг эзэмшиж бүх зардлыг нь төлсөөр ирлээ. Гэтэл намайг гадаадад түр байх хугацаанд иргэн Д.Наранбаатар нь уг байрны гэрчилгээг хариуцагч ******* дэх Улсын бүртгэлийн хэлтэстэй нийлж бичүүлж авсан байсан. Улмаар би шүүхэд хандаж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 52 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 121 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 160 дугаар тогтоолоор маргаан бүхий байрны өмчлөгчөөр Д.Наранбаатар бүртгэгдсэн байсан бүртгэлийг хүчингүй болгосон. Одоо хариуцагч болох ******* дэх Улсын бүртгэлийн хэлтэс нь ... Ж.Сувдааг өмчлөгчөөр бүртгэхэд татгалзах зүйлгүй, гол нь Их барилга төсөл ХХК-иас өр төлбөргүй гэсэн бичиг авч ир гэсэн шаардлага тавиад байгаа. Энэ компани дампуурсан ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр тэрбум гаруй төгрөгийн өр төлбөртэй, 7-8 шийдвэр гүйцэтгэгч тухайн компанийн эздийг хайгаад олохгүй байгаа юм байна лээ. Тийм учир энэ компанийг бид олж чадахгүй, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах ч шаардлагагүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс ******* дэх Улсын бүртгэлийн хэлтэст тус дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол,*******ны******* 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр 3 удаа мэдүүлэг гаргасан боловч дээрх шалтгаанаар хариуцагч байгууллага бүртгэхээс татгалзаад байгаад бид гомдолтой байгаа бөгөөд хариуцагч байгууллага нь энэхүү орон сууцны өмчлөлийн асуудлаар бидэнтэй маргаан байхгүй.

 

Иргэн М.Батбаатарыг гэрчээр дуудаж мэдүүлэг авахад тухайн барилгын гүйцэтгэгч нь Мон сан ХХК, захиалагч нь Их барилга төсөл ХХК байсан. Энэ хоёр компанийн хооронд хийсэн гэрээний 4 дүгээр зүйлд тухайн орон сууцыг захиалгаар барих хугацаанд хөрөнгө дутвал орон сууц захиалсан иргэдийн төлбөрийг гүйцэтгэгч авч барилгын ажлыг үргэлжлүүлж, улсын комисст хүлээлгэж өгнө гэсэн заалт байгаа. Энэ гэрээ хавтаст хэрэгт авагдсан. Ж.Сувдаа 17,000,000 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан. Гүйцэтгэгч, захиалагч хоёр тал мөнгөө гүйцэд төлсөн айлуудыг дуудаж байрны түлхүүрийг өгсөн. Үүний дагуу нэхэмжлэгч нь 2004 оноос хойш уг байранд амьдарч ашиглалтын зардлыг төлсөөр өнөөдрийг хүрч байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байгаа. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж заасан. Энд эзэмшил үүссэн, эзэмшлээс шударга эзэмшигч гэдэг нь тодорхой байгаа. Иймд нэхэмжлэгч Ж.Сувдааг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол,*******ны******* 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Мандалмаагийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: ******* дэх Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэн Ж.Сувдааг тус дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол,*******ны******* 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхэд татгалзах зүйлгүй, гэхдээ бүртгэлийн байгууллага бол өмчлөгчөөр тогтоох эрх хэмжээ байхгүй, бид зөвхөн өмчлөгчийг л бүртгэж гэрчилгээ олгодог. Ж.Сувдаа Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлж, мэдүүлэгтээ хавсаргавал зохих нотлох баримтуудыг манай байгууллагад гаргаад өгчихвөл бид өмчлөгчийг бүртгэхэд татгалзах зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Их барилга төсөл ХХК-иас төлбөрийн үлдэгдэлгүй гэх баримтаа аваад ирвэл бид бүртгэнэ. Дахиад хэлэхэд манай байгууллага өмчлөгчөөр тогтоодоггүй. Аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээд нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөнийхөө улсын бүртгэлийг хийлгэхийн тулд хуульд заасан шаардлагыг биелүүлэх л ёстой гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Сувдаа нь хариуцагч ******* дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг хариуцагч манай байгууллага нь иргэн Ж.Сувдааг тус дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол,*******ны******* 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхэд татгалзах зүйлгүй, гэхдээ бүртгэлийн байгууллага бол өмчлөгчөөр тогтоох эрх хэмжээ байхгүй, бид зөвхөн өмчлөгчийг л бүртгэж гэрчилгээ олгодог. Ж.Сувдаа Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлж, мэдүүлэгтээ хавсаргавал зохих нотлох баримтуудыг манай байгууллагад гаргаад өгчихвөл бид өмчлөгчийг бүртгэхэд татгалзах зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Их барилга төсөл ХХК-иас төлбөрийн үлдэгдэлгүй гэх баримтаа аваад ирвэл бид бүртгэнэ гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлоох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, маргаан бүхий Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол,*******ны******* 2 өрөө орон сууцыг 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр захилагч Их барилга төсөл ХХК, гүйцэтгэгч Мон сан ХХК барьж гүйцэтгэн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актаар ашиглалтад оруулжээ. Их барилга төсөл ХХК нь иргэн Д.Наранбаатартай 2006 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, захиалагчийн сонгосон 44.95 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон, захиалагч Д.Наранбаатар нь 2008 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол,*******ны******* хаягт байрлах 44.95 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргасныг хүлээн авч 2008 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2205030463 дугаарт бүртгэж, Д.Наранбаатарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. Улмаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 52 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 121 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2101 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 1 дүгээр хороо,*******ны******* 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.Наранбаатарын нэр дээр бүргэсэн Ү-2202030463 дугаар бүртгэл, өмчлөх эрхийн 000058663 дугаар гэрчилгээг хүчингүй болгосныг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 948 дугаар тушаалаар гэрчилгээ, хувийн хэргийг хүчингүйд тооцож, хаасан байна. Улмаар тухайн орон сууцны өмчлөгчөөр Ж.Сувдаа бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан боловч хариуцагч өмчлөгчөөр бүртгээгүй гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Ж.Сувдаа нь ******* дэх Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Баянгол дүүргийн 1 дүгээр хороо,*******ны******* 2 өрөө орон сууцыг Ж.Сувдаа нь 2005 онд 17,000,000 төгрөгөөр худалдан авч, одоог хүртэл эзэмшиж ашиглаж байна. Намайг түр эзгүй хойгуур Д.Наранбаатар гэх иргэн миний эзэмшлийн орон сууцны өмчлөгчөөр өөрийгөө бүртгүүлсэн байсан. Гурван шатны шүүхээс тухайн орон сууцны өмчлөх эрхийг Д.Наранбаатарын нэр дээр бүргэсэн Ү-2202030463 дугаар бүртгэл, өмчлөх эрхийн 000058663 дугаар гэрчилгээг хүчингүй болгосон. Миний бие нь орон сууцныхаа өмчлөгчөөр бүртгүүлэхээр ******* дэх Улсын бүртгэлийн хэлтэст хандахад удаа дараа бүртгэхээс татгалзсан болно гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл хариуцагч ******* дэх Улсын бүртгэлийн хэлтсийн орон сууцны өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйд гомдолтой байгаа гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлаад нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэж гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Сувдаагийн 2005 онд тухайн орон сууцыг 17,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэх тайлбар, гэрч М.Батбаатарын 2001-2003 онд Их барилга төсөл ХХК-тай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 21 айлын орон сууц барих гэрээ байгуулсан. Сувдаагаас урьдчилгаа авсан, барилгыг барьж дууссаны дараа гэрээний дагуу Сувдаад орон сууцны түрхүүрийг гардуулсан гэх мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авсан гэж тайлбарлаж байх бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж хуульчилсан ба хариуцагч ******* дэх Улсын бүртгэлийн хэлтэс, нэхэмжлэгч Ж.Сувдаа нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Улсын бүртгэлийн байгууллагад улсын ахлах бүртгэгч, улсын бүртгэгч ажиллана, мөн 19 дүгээр зүйлийн 19.4-т Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:, 19.4.2-т Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх журмыг хуульчилсан зэргээс үзвэл улсын бүртгэлийн байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг бүртгэж, гэрчилгээ олгох чиг үүргийг хуульд зааснаар хэрэгжүүлдэг, харин аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн, хуулийн этгээдийг тогтоох эрх хэмжээ байхгүй болно.

Иймд нэхэмжлэгч Ж.Сувдаагийн шүүхэд гаргасан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол,*******ны******* 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд нь ******* дэх Улсын бүртгэлийн хэлтэс биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Сувдаагийн хариуцагч ******* дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол,*******ны******* хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР