Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01007

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/01032 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.С-гийн хариуцагч БГД дэх УБХ-т холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Ж.С- нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 88 дугаар байрны 15 тоот 2 өрөө орон сууцыг 17 000 000 төгрөгөөр худалдан авч, 2005 оноос хойш эзэмшиж, ашиглалтын бүх зардлыг төлсөөр ирсэн. Гэтэл нэхэмжлэгчийг түр хугацаагаар гадаадад түр байх хугацаанд Д.Наранбаатар нь уг байрны гэрчилгээг хариуцагч БГД дэх УБХ-тэй нийлж өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсан. Улмаар шүүхэд хандаж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 01 сарын 25-ны өдрийн 52 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 03 сарын 16-ны өдрийн 121 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 06 сарын 14-ний өдрийн 160 дугаар тогтоолоор маргаан бүхий байрны өмчлөгчөөр Д.Наранбаатар бүртгэгдсэн байсан бүртгэлийг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгчийн зүгээс БГД дэх УБХ-т маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр 3 удаа мэдүүлэг гаргасан боловч дээрх шалтгаанаар хариуцагч байгууллага “татгалзах зүйлгүй, гол нь “Их барилга төсөл” ХХК-аас өр төлбөргүй гэсэн бичиг авч ир” гэсэн. Энэ компани дампуурсан ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тэрбум гаруй төгрөгийн өр төлбөртэй, 7-8 шийдвэр гүйцэтгэгч тухайн компанийн эздийг хайгаад олохгүй байгаа юм байна. Ийм учир энэ компанийг олж чадахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах ч шаардлагагүй юм.

М.Батбаатарыг гэрчээр дуудаж мэдүүлэг авахад тухайн барилгын гүйцэтгэгч нь Мон сан ХХК, захиалагч нь Их барилга төсөл ХХК байсан. Компанийн хооронд хийсэн гэрээний 4 дүгээр зүйлд тухайн орон сууцыг захиалгаар барих хугацаанд хөрөнгө дутвал орон сууц захиалсан иргэдийн төлбөрийг гүйцэтгэгч авч барилгын ажлыг үргэлжлүүлж, улсын комисст хүлээлгэж өгнө гэсэн заалт байгаа. Энэ гэрээ хэрэгт авагдсан бөгөөд Ж.С- 17 000 000 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан. Гүйцэтгэгч, захиалагч талууд орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн хүмүүст түлхүүр өгсөн. Үүний дагуу нэхэмжлэгч нь 2004 оноос хойш дээрх орон сууцанд амьдарч, ашиглалтын зардлыг төлдөг байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж заасан. Энд эзэмшил үүссэн, эзэмшлээс шударга эзэмшигч гэдэг нь тодорхой байна.

Иймд нэхэмжлэгч Ж.С-г Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 88 дугаар байрны 15 тоот, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Ж.С-г дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэхэд татгалзах зүйлгүй. Гэвч хариуцагч байгууллагад өмчлөгчөөр тогтоох эрх хэмжээ байхгүй, зөвхөн өмчлөгчийг л бүртгэж гэрчилгээ олгодог. Ж.С- Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлж, зохих нотлох баримтуудыг мэдүүлэгтээ хавсаргавал өмчлөгчөөр бүртгэхэд татгалзах зүйлгүй. Өөрөөр хэлбэл “Их барилга төсөл” ХХК-аас төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн баримт шаардлагатай. Аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөний улсын бүртгэлийг хийлгэхийн тулд хуульд заасан шаардлагыг биелүүлэх ёстой гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.С-гийн хариуцагч БГД дэх УБХ-т холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 88 дугаар байрны 15 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анх тус шүүхэд дээрх асуудлаар онцгой ажиллагааны журмаар гомдол гаргахад шүүх хүлээн авахаас татгалзахад нь хариуцагчаа сонгоод дахин хандахад нэхэмжлэлийг 2 сарын дараа гардуулан шүүх хуралдааныг товлохгүй удаж, 1 сарын дараа шийдвэр гардуулсан. Ж.С- нь маргаан бүхий орон сууцыг худалдаж аваад 17 жил амьдарч байна. Хариуцагчийн буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч хохирсон болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Хариуцагч өмчлөгчөөр бүртгээгүй гэж маргасан байтал маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх өмчлөгчөөр тогтоолгох нь иргэний хэргийн шүүхийн харьяалах асуудал биш гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Захиргааны хэргийн шүүхэд хандахад хүлээн аваагүй. Иргэний хэргийн шүүхэд хандахад нэхэмжлэлийг удаа дараалан хүлээн авахаас татгалзаж эсхүл хэрэгсэхгүй болголоо. Одоо зөрчигдсөн эрхээ хаана сэргээлгэх нь тодорхой бус. Төрийн байгууллагуудын ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас болоод 100 настай, 70 настай 2 хөгшний эрх 17 жил зөрчигдөж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.С- нь нэхэмжлэлдээ Д.Наранбаатар, М.Батбаатар, “Мон сан” ХХК, “Их барилга төсөл” ХХК зэрэг иргэн, аж ахуйн нэгжийн нэрийг дурдсан атлаа хариуцагчаар Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийг тодорхойлж, түүнд холбогдуулан “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” шаардлага гаргажээ. /хх 1/

 

Нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаа тодорхойлох, түүнд холбогдуулан шаардлага гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан этгээдийг ойлгоно.

 

Нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлогдсон БГД дэх УБХ- нь үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой улсын бүртгэлийг хөтлөх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, 88-р байрны 15 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн талаар маргах, өмчлөх эрхийг олгох эсэхийг иргэний эрх зүйн харилцаанд шийдвэрлэх субъект биш юм. Өөрөөр хэлбэл, уг захиргааны байгууллага нь нэхэмжлэлд заасан өмчлөх эрхтэй холбоотой иргэний эрх зүйн харилцааны оролцогч биш байна.

 

Анхан шатны шүүх Ж.С-гийн гаргасан 2020 оны 09 сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах ёстой байтал 2020 оны 09 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал, анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагад холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасантай нийцэхгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                       167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/01032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч БГД дэх УБХ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай Ж.С-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ                       

                                                ШҮҮГЧИД                             Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.НЯМБАЗАР