Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2021/00965

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 05 өдөр Дугаар 102/ШШ2021/00965 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХУД, 0 дүгээр хороо, 000 мянгат, 00 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Х овогтой Б-Э-ийн Э /РД:АА00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БГД, 00 дугаар хороо, 00000, Х-ын гудамж, 00/0 тоотод байрлах, "В" ХХК /РД: 0000000/-д холбогдох,

 

Орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөр 129,000,000 төгрөгийг гаргуулах, гэрээний 3.8-д заасныг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай үндсэн, алданги 252,420,000 төгрөг, түрээсийн төлбөр 86,228,100 төгрөг, засварын зардал 17,268,437 төгрөг, олох байсан орлого 54,000,000 төгрөг, нийт 409,916,537 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-Э, Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гэрч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие нь "В" ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр онцгой нөхцөлтэй, зээлээр орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулсан боловч гэрээний хугацаа дуусаагүй байхад "В" ХХК нь үндэслэлгүйгээр байрнаас 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хөөгдсөн, хадам эцэг Т.Энхбатын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж 85-307 тоот байранд нь нүүж гэр бүлийнхээ бага насны 3 хүүхэд, эхнэрийн хамтаар очицгоосон юм. Тус байрыг авах сонирхол манай гэр бүлд байсан хэдий ч худалдагч тал нь байнгын шантаачилж гэрэл тогийг таслах, өдөр бүр хэрүүл шуугиан гаргаж байсан бөгөөд байраа чөлөөлж авна дараагийн айлд зарна, гар зайл гэсээр байгаад биднийг гэр бүлийн хамтаар байрнаас нүүлгэсэн байгаа бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн онцгой нөхцөлтэй, зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь цаашид үргэлжлэх боломжгүй гэрээний талууд татгалзснаар дээрх гэрээг цуцлагдсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж гаргаж байна. Нэхэмжлэгч миний бие нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг дараах байдлаар өөрчилж байгаа болно. Нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээнээс татгалзаж, цуцалсан болохыг тогтоолгох, мөн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн онцгой нөхцөлтэй, зээлээр орон сууц худалдах-худалдан авах гэрээний явцад төлбөр болох 129,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-тай холбоотойгоор энэ гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд худалдан авагчийн амьдарсан сар бүрийг нэг сарын 2,000 ам.доллартой тэнцэх төгрөгөөр тооцож түрээсийн төлбөрт суутгана, урьдчилгаа төлбөрийг буцаан олгоно гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс орон сууц худалдан авах гэрээ байгуулах зорилготой байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс ийм заалт оруулсан байдаг. Энэ заалт нь шууд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдээгүй бөгөөд зайлшгүй шалтгааны улмаас энэхүү гэрээг байгуулсан. Ийм учраас талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч "В" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: "В" ХХК болон Б.Э нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Онцгой нөхцөлтэй зээлээр орон сууц худалдах худалдан авах тухай гэрээ" байгуулагдсан байна. Б.Э нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний үлдэгдэл төлбөрийг цаашид төлж чадахгүй байдалд хүрч элдэв арга сэдэж, хүсэлт тавьж хугацааг хойшлуулж, төлбөр төлөхөөс зайлсхийж байсан. Эцсийн дүнд үлдэгдэл төлбөрийг төлөхөөс зайлс хийж, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Гэтэл болсон процессийн хувьд манай компанийн зүгээс төлбөрийг хойшлуулж, алдангийг тооцохгүй үргэлжлүүлэх, харилцан тохиролцох замаар асуудлыг шийдвэрлэх боломжит бүхий л хувилбарыг ашиглан тохиролцож байсан атал зүй ёсонд нийцэхгүй үйлдэл гаргаж байгаа тул манай зүгээс учирсан хохирлыг дараах байдлаар нэхэмжилж байна. Б.Э нь 2016 оны 07 сарын 27 өдрөөс хойш тухайн орон сууцанд амьдарч эхэлсэн бөгөөд одоог хүртэл хугацаанд графикт төлбөрөө зөрчин нийт төлсөн төлбөр нь 129,000,000 төгрөг болно. Манай зүгээс удаа дараа төлбөр хойшлуулах, алданги тооцохгүй байх гэсэн худалдан авагч талаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч харилцан тохиролцон нөхцөл байдлыг ойлгосоор ирсэн. Гэтэл шүүхэд хандсан тул бид ч мөн адил өөрсдийн учирсан хохирлыг нэхэмжлэхээр энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Б.Э нь 202/8 тоот гэрээний хуваарьт төлбөрийн дагуу төлөх ёстой байсан төлбөрөөс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5% хувийн алданги нийт 252,420,000 төгрөг, гэрээний 3.8-д заасны дагуу амьдарсан хугацааны төлбөрийг 2000 ам.доллартай тэнцэх хэмжээний хэмжээний төлбөрийг гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцон 2017 оны 07 сарын 26 өдрөөс хойш буюу 21 сарын төлбөр болох 86,228,100 төгрөг, орон сууцны иж бүрэн засварын зардал 17,268,437 төгрөг, нийт 355,916,537 төгрөгийн хохирлыг Б.Э-аас гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Э нь 2018 оны 04 сарын 30-ны өдрөөр орон сууцыг хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш бидний зүгээс тухайн байрыг бусад этгээдэд түрээсэлсэн бол олох ёстой байсан орлогыг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 2018 оны 04 сарын 30-ны өдрөөс 2019 оны 04 сар хүртэл түрээсийн төлбөрт нийт 54,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч "В" ХХК-д холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөр 129,000,000 төгрөгийг гаргуулах, гэрээний 3.8-д заасныг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, алданги 252,420,000 төгрөг, түрээсийн төлбөр 86,228,100 төгрөг, засварын зардал 17,268,437 төгрөг, олох байсан орлого 54,000,000 төгрөг, нийт 409,916,537 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хэргийн 1 хавтас 31-32, 77, 114, 128 тал, 2 хавтас 52-53 тал/

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэсэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э болон хариуцагч "В" ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Онцгой нөхцөлтэй, зээлээр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох "В" ХХК нь ХУД-ийн 0 дүгээр хороо, Зайсангийн тойруу, Зайсан Голден Вилл хотхоны 000 дугаар байрны 0 дүгээр давхрын 0 тоот хаягт байрлах, 000,00 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг худалдан авагч тал болох Б.Э-ын эзэмшилд нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр, орон сууцны хэлэлцэн тохиролцсон үнийг төлж дуусахаар өмчлөлд нь тус тус шилжүүлэх, худалдан авагч тал болох Б.Э хариу төлбөрт нь 504,840,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Гэрээний дагуу худалдагч тал болох "В" ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орон сууцыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Харин гэрээний хавсралт зааснаар худалдан авагч тал орон сууцны төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 252,382,500 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үлдэх 252,457,500 төгрөг, нийт 504,840,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.

Нэхэмжлэгч Б.Э 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 129,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтэрсэн байх ба тэрээр төлбөр төлөх боломжгүйгээс гэрээг цуцлах санал гаргаж, хариуцагч зөвшөөрснөөр 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцыг чөлөөлж, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр акт үйлдэн гэрээ цуцлагдсан болох нь хэрэгт авагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний тооцоо нийлсэн акт /хх-ийн 13 дугаар тал/, Б.Э-аас "В" ХХК-д 2017 оны 09 дүгээр сарын 22, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 14, 58 дугаар тал/, түлхүүр хүлээлгэж өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. /хх-ийн 37 дугаар тал/

 

Ийнхүү талууд гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч "В" ХХК-аас орон сууцны урьдчилгаа төлбөр 129,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс гэрээний 3.8-д гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд худалдан авагчийн амьдарсан сар бүрт 1 сарын 2,000 ам.доллартай тэнцэх төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр суутган авч, урьдчилгаа төлбөрийг эргүүлэн олгоно гэж заасныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан. Хариуцагч талаас нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, уг хэлцлийн дагуу түрээсийн төлбөрт 86,228,100 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Дээр дурдсанчлан, талуудын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд тухайн гэрээг цуцалснаар орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүсгэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, өмнөх үүргийг өөр үүргээр солиход эрх зүйн үр дагавар нь өөр болох тул энэ талаар талууд тохиролцох шаардлагатай бөгөөд орон сууц хөлслөх гэрээний хөлс төлөх журам, хөлслөгч, хөлслүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлагын талаар тохиролцоогүй, харин худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээг цуцалсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан үндэслэл бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч "В" ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байх ба тус компанийн захиалгаар баригдсан орон сууцыг худалдан авагчид санал болгож байгаа, байнга хэрэглэгддэг, урьдчилан тогтоосон нөхцөлтэй Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1.-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ болох нь бүх гэрээний нөхцөл адил байдаг гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын хооронд байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасан.

Үүнд тодорхой хуулийн зохицуулалтын зорилго, зорилт агуулгатай үл нийцэх байдлаар эсрэг талын эрхийг хязгаарласан тохиолдол хамаарна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, гэрээний зүйл болох орон сууцны түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэлгээг тодорхойлох баримт авагдаагүйгээс гадна талууд гэрээ байгуулах эсэхээ чөлөөтэй сонгох эрхтэй ч худалдан авагч тал тухайн гэрээг зөвхөн бүх нөхцөлийг зөвшөөрч байж л байгуулах боломжтой болох нөхцөлд гэрээний 3.8-д гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд худалдан авагчийн амьдарсан сар бүрт 1 сарын 2,000 ам.доллартай тэнцэх төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр суутган авч, урьдчилгаа төлбөрийг эргүүлэн олгоно гэж заасан нь эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон зайлшгүй олох ёстой орлогыг хохиролд тооцох Иргэний хуулийн зохицуулалттай үл нийцэхээр байх тул эсрэг талын эрхийг хязгаарласан нөхцөл гэж үзэхээр байна.

 

Иймд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т зааснаар гэрээний 3.8-д гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд худалдан авагчийн амьдарсан сар бүрт 1 сарын 2,000 ам.доллартай тэнцэх төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр суутган авч, урьдчилгаа төлбөрийг эргүүлэн олгоно гэх нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, түрээсийн төлбөр 86,228,100 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Засварын зардал 17,268,437 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ худалдан авагч тал болох Б.Э орон сууцыг эзэмших хугацаандаа эд хөрөнгөд учруулсан эвдрэл, гэмтлийг засварлах зардлыг гаргуулахаар шаардсан гэж тайлбарлаж байна.

Итгэлт-Эстимейт ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд орон сууцны байдлыг ...паркетан шалнууд ихэнх нь зурагдаж, будаг халцарсан, бүх өрөөний ханын обой хуулганууд юм зурсан зураас, нүх үүссэн, таазны эмүлс бага зэрэг харлах, мөн абжур байсан хэсгүүд нүхнүүд үлдсэн, 2 ариун цэврийн өрөөний плитануудад өрөмний нүхнүүд үүссэн, өрөөний хаалганууд зураас, харласан, өнгөө алдсан, цонхны хязгаарлагчууд эвдэрч, суларсан, хувцасны шкафны хуулга хуурсан, душны холигч резин муудаж суларсан, байдалтай байна гэж, ...бодит хохирол 12,262,745 төгрөг гэж дүгнэсэн байна.

 

Шүүхээс дахин томилсон шинжээчийн дээрх дүгнэлтийн талаар зохигч маргаагүй, шинжээч дүгнэлтэд хохирлын талаар тодорхой дүгнэж, үнэлгээ хийсэн байх тул нэхэмжлэгч Б.Э-ыг эд хөрөнгөд 12,262,745 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Б.Э-аас хохирол 12,262,745 төгрөгийг гаргуулж хариуцагч "В" ХХК-нд олгож, засварын зардал гаргуулах нэхэмжлэлээс үлдэх 5,005,692 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Олох байсан орлого 54,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд, худалдан авагч Б.Э-ыг төлөөлж Г.Энхбатаас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцыг буюу түлхүүрийг хүлээлгөн өгсөн болох нь хэргийн 37 дугаар талд авагдсан талуудын гарын үсэг бүхий эд хөрөнгө хүлээлцсэн тэмдэглэлээр тогтоогдож байх тул энэ хугацаанаас хойш буюу 2018 оны 05 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сарыг дуустал нэг сарын 4,500,000 төгрөгөөр тооцон олох байсан орлогод 54,000,000 төгрөгийг хохиролд тооцох үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хохирол гаргуулах үндэслэл нь гэм буруутай байхыг шаардах ба Б.Э нь орон сууцыг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш "В" ХХК-ийг орлого олох боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Алданги 252,420,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, хариуцагч "В" ХХК нь худалдах-худалдан авах гэрээний 5.1-д худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй энэхүү гэрээний хавсралт 1-д заагдсан нөхцөлөөр орон сууцны төлөх төлбөр тооцоог цаг хугацаанд нь барагдуулаагүй нөхцөлд худалдагчид хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж зааснаар орон сууцны үнийн төлөөгүй үлдсэн үнийн дүнгээс алданги тооцож, 252,420,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6-д Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.

 

Энэхүү алданги нь дээрх хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үүргийн биелэлтийг шаардаж байгаа тохиолдолд тэрхүү гүйцэтгэгдээгүй үнийн дүнгээс тооцохоор хуульчилсан байна.

Худалдах-худалдан авах гэрээний 5.1 дэх заалт нь хуульд заасны дагуу гэрээний үүргийг гүйцэтгүүлэх шаардлагатай холбоотой гэж үзэхээр байх ба талууд гэрээний үүргийн биелэлтийг шаардаагүй, харин гэрээг цуцалсан байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги тооцож нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, гэрээг цуцласнаар гэрээний бүхий л тохиролцооноос татгалздаг тул худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй бол алданги тооцох тухай гэрээний заалт мөн адил цуцлагдсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Б.Э-аас алданги 252,420,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч "В" ХХК-аас 129,000,000 /нэг зуун хорин есөн сая/ төгрөг гагуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, Б.Э болон "В" ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан онцгой нөхцөлтэй, зээлээр орон сууц худалдах худалдан авах гэрээ-ний 3.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Э-аас 12,262,745 /арван хоёр сая хоёр зуун жаран хоёр мянга долоон зуун дөчин тав/ төгрөг гаргуулж "В" ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 397,635,792 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 202 дугаар зүйлийн 202.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "В" ХХК-аас 129,000,000 /нэг зуун хорин есөн сая/ төгрөг гагуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, Б.Э болон "В" ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Онцгой нөхцөлтэй, зээлээр орон сууц худалдах худалдан авах гэрээ-ний 3.8 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Э-аас 12,262,745 /арван хоёр сая хоёр зуун жаран хоёр мянга долоон зуун дөчин тав/ төгрөг гаргуулж "В" ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 397,635,792 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Э-ын төлсөн 1,457,950 төгрөг, хариуцагч "В" ХХК-ийн төлсөн 2,524,440 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч "В" ХХК-аас 1,457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д, нэхэмжлэгч Б.Э-аас 211,154 төгрөг гаргуулж хариуцагч "В" ХХК-нд тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ