Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 128/шш2022/0386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И* *** *** ****” ХХК /РД:6******/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар хоорондын “...тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл сунгахыг даалгах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгох” маргааныг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “И* *** *** ****” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “...Ашиг малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсан эс үйлдэхүй нь хуул бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл сунгахыг даалгах, Ашигт малтмал газрын тосны газрын Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын Бурхант нэртэй газрын ашигт малтмалын хайгуулын XV0***** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгох”-аар маргаж байна.
  2. Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутагт орших Бурхант нэртэй 69.76 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV0*****дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1129 дугаар шийдвэрээр "Г***** ********" ХХК-д олгож, мөн даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 180 дугаар шийдвэрээр “И* *** *** ****" ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байна.

"И* *** *** ****" ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV0*****дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасныг өргөдлийн бүртгэлийн EX-0***** дугаарт бүртгэн хянаж үзээд Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2 дугаар шийдвэрээр тус тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцож, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон гэрчилгээний хавсралтад тэмдэглэгээ хийснийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх" 7/23 тоот албан бичгээр аж ахуйн нэгжид мэдэгдсэн байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч "И* *** *** ****" ХХК-ийг өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV0*****дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох /2021 оны 12 дугаар сарын 21/ өдрөөс нэг сарын өмнө хуулийн шаардлага хангуулж ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн байна.

Улмаар нэхэмжлэгч "И* *** *** ****" ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12/15 дугаар албан бичгээр, мөн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн, кадастрын хэлтэст хандан “...хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан манай компанийн XV0*****тоот тусгай зөвшөөрлийн сунгалтын өргөдлийг хүлээн авна уу” гэх хүсэлтийг гаргасан,

Уг хүсэлтийн хариу болгож хариуцагч Ашиг малтмал, газрын тосны газраас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 8/5822 дугаар албан бичгээр нэхэмжлэгч "И* *** *** ****" ХХК-ийн захирал О.Б**аад хандан “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд гаргаагүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 53.1.1-д заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр хүчин төгөлдөр хугацаа нь дуусгавар болсон байна. ...танай компаниас хуулийн хугацаандаа хандаагүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэжээ.

Дээрх хариуг нэхэмжлэгч компани эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Т**********д  хандан “...компанийн удирдлага болон гэрээт ажилчид 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээт ажилчдын дунд короновирусын халдвар илэрч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын эмнэлэгт, мөн хайгуулын кэмпэд тусгаарлагдсан ... бид нотлох баримт болгон ажилчдын гэрээ, эмнэлгийн магадалгаа зэргийг хавсаргаж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөл гаргаж байгааг хүлээн авахыг хичээнгүйлэн хүсье” гэжээ.

Уг албан бичгийн хариу болгож хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1/379 дүгээр албан бичгээр “...тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад хуулийн хугацаанд гаргаагүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр хүчин төгөлдөр хугацаа нь дуусгавар болсон байна ... коронавируст халдварын нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэж байгааг, түүнчлэн танай компаниас хуулийн хугацаандаа хандаагүй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг нэхэмжлэгч "И* *** *** ****" ХХК-д мэдэгджээ.

  1. Уг хариуг нэхэмжлэгч эс зөвшөөрч анх 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд хандан “И* *** *** ****” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “...Ашиг малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсан эс үйлдэхүй нь хуул бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Ашиг малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсан эс үйлдэхүй нь хуул бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл сунгахыг даалгах, Ашигт малтмал газрын тосны газрын Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын Бурхант нэртэй газрын ашигт малтмалын хайгуулын XV-0***** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгох” гэж өөрчлөн тодорхойлсон, энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.
  2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Манай компанийн ажилчид Коронавируст цар тахал өвчнөөр өвдөж 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын эмнэлэг болон хайгуулын кемпдээ тусгаарлагдсан.

Энэ нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын онцгой комисс даргын 2021 оны 18 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Коронавируст халдвар (ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам"-ыг мөрдөж ажилласан нөхцөл болно.

Улмаар 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан билээ.

Хэдийгээр холбогдох хуулийн заалт ёсоор хугацаа дуусахаас (2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хугацаа дуусах байсан) сарын өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргах байсан ч дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусахаас 11 өдрийн өмнө анхны хүсэлтээ өгсөн.

Үүний дараа 2021 оны 12 дугаар сарын 15, 2022 оны 01 дүгээр сарын 03, 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрүүдэд дахин хүсэлт өгсөн байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасан хуулийн үйлчлэлийн хүрээнд 11 дүгээр зүйлийн 11.1.22 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгож, бүртгэлд бүртгэсэн тухай тодорхойлолтыг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 8/43 тоот албан бичгээр ирүүлсэн. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацаандаа сунгуулаагүйгээс үүдэж тусгай зөвшөөрлийг дуусгавар болсон бүртгэлд бүртгэсэн байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 болон 20 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалтын журмаар олгодог бөгөөд нэгэнт журмын дагуу авсан зөвшөөрлийг тус хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу цаашид сунгуулах зохицуулалттай билээ.

Цаг үеийн онцгой нөхцөл байдал, цар тахлын нөлөөлөл, эрх бүхий байгууллагын шийдвэр болон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т заасан үүргийг биелүүлэх үүднээс хугацаа хоцорч өгсөн хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газар "Тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсан" тухай шийдвэр гаргаж манай байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй нь энэ чиглэлээр (ашигт малтмалын хайгуул хийх) цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсгээд байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан үндэслэлийн дагуу манай байгууллага Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа хүсэлт хүргүүлж тусгай зөвшөөрөл сунгуулахаар хандсан боловч тус газар татгалзсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлээр шүүхээр шийдвэрлүүлэхээр ийнхүү хандаж буй болно. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл сунгахыг даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т*********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэж өгөхөд мэргэжилтэн нь хүлээн авах боломжгүй гээд ямар нэгэн хариу өгөөгүй учраас албан бичгээр холбогдох баримтуудыг хавсаргаж хүлээлгэж өгсөн.

2/ Хариуцагч талаас хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг судалж үзээгүй. Татварын ерөнхий хуульд “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт юуг орохыг хуульчилсан байгаа.  Хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

3/ Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тусгай зөвшөөрөл бүхий ордод оруулсан хөрөнгө оруулалтаар ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч нь санаатайгаар хуулийг үл биелүүлж өргөдлөө хугацаандаа гаргаагүй зүйл байхгүй. Тухайн үеийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 11 хоногийн өмнө өргөдлөө гаргасан. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна.

Өргөдлийг хугацаа дуусахаас өмнө хүлээн авсан атлаа хугацаа дууссан үед хариу өгөхдөө тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байн гэдэг нь үндэслэлгүй. Call pro үйлчилгээ нэвтрүүлсэн гэх боловч бүртгэлийг шүүж үзээгүй. Техникийн нөхөн сэргээлтийг 25 хувийн гүйцэтгэлтэй явуулсан. Өнөөдрийн байдлаар 2 жилийн хугацаанд 734 сая төгрөгийн хөрөнгө оруулсан. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан учраас энэ нөхцөл байдал үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. “ гэв.

5. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э******** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Татварын ерөнхий хуулийн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн зүйл заалтыг татаж байна. Энэ зохицуулалтыг татдаг жишиг байдаг. Гэхдээ энэ тохиолдол хамаарахгүй. Учир нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр татварын нэг хэлбэрт тооцогддог. Хэрэв тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй тохиолдолд энэ хүндэтгэн үзэх шалтгааныг татаж хэрэглэдэг. Энэ харилцаа нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах, өргөдөл өгөх харилцаа. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хугацаа сунгуулахаар хандсан болох нь баримтаар тогтоогддоггүй. 15,20-ны өдрүүдэд албан хүсэлт ирүүлсэн. Гэхдээ албан хүсэлттэй хамт ямар нэгэн нотлох баримт ирээгүй. 6.4-т Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасан байдаг. “И* *** *** ****” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмалын тухай хууль болон бусад этгээдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллахаа мэдэгдээд нотолгоогоо өөрсдөө гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ нь хариуцагчаас үл шалтгаалах зүйлүүд юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө гаргах үүрэгтэй.

2/ Захиргааны ерөнхий хуульд эс үйлдэхүй гэж юуг ойлгохыг заасан байгаа. Хуулийн хугацаанд өргөдлөө ирүүлээгүй гэдгээ нэхэмжлэгч талаас хэлсэн байдаг. Тийм учраас эс үйлдэхүй байхгүй. Сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, сунгахыг даалгах, бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ашигт малтмал газрын тосны газрын даргын эрх үүрэг биш. Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын хуулиар олгогдсон эрх хэмжээ. Үүнд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй. Тийм учраас хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нотлох баримт судлах явцад нэхэмжлэгчийн өгч байгаа, гаргаж байгаа баримтууд логикийн алдаатай, нотолгооны чадамжгүй баримтууд байна.

Мөн энэ компани Батаа гэх ганц захиралтай компани биш, 4 хувьцаа эзэмшигчтэй аж ахуй нэг байгаа юм. Бусад хувьцаа эзэмшигч компанийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэн бичиг баримтыг бүрдүүлэх боломжтой. Ашигт малтмалын газраас төлбөр төлөхгүй байхыг мэдэгдсэн гэж хэлж байна. Манайхаас төлбөрөө битгий төлөөрэй гэж хэлсэн зүйл байхгүй. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, хугацаа сунгах, өргөдөл гаргах нь өөрсдийнх нь хуулиар хүлээсэн үндсэн үүрэг. Үүргээ биелүүлээгүй байж хариуцагчийг буруутгаж байгаа нь учир дутагдалтай байна. Иймд хэргийг хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “И* *** *** ****” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “...Ашиг малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа “...Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8/5822 дугаар албан бичгээр татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулж, шүүх хуралдааны явцад “Ашигт малтмал газрын тосны газрын, Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын Бурхант нэртэй газрын ашигт малтмалын хайгуулын XV0***** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах”-аарр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...компанийн ажилчид ковид-19 цар тахлаар өвчилж 2021 оны 11 сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Шарын гол сумын эмнэлэг болон хайгуулын кемпдээ тусгаарлагдсан, үүний улмаас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу хугацаа дуусахаас 11 өдрийн өмнө анхны хүсэлтээ өгсөн... Өргөдлийг хугацаа дуусахаас өмнө хүлээн авсан атлаа хугацаа дууссан үед хариу өгөхдөө тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна гэдэг нь үндэслэлгүй” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө гаргах үүрэгтэй... Хуулийн хугацаанд өргөдлөө ирүүлээгүй гэдгээ нэхэмжлэгч тал хэлсэн байдаг...эс үйлдэхүй байхгүй” гэж тодорхойлон тус тус маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл анх Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутагт орших Бурхант нэртэй 69.76 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV0*****дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1129 дугаар шийдвэрээр "Г***** *******" ХХК-д олгож, мөн даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 180 дугаар шийдвэрээр “И* *** *** ****" ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн, нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрөө төлснөөр хугацааг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцож, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгажээ.

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллага, “И* *** *** ****" ХХК-ийг ашигт малтмалын хайгуулын XV0*****дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох /2021 оны 12 дугаар сарын 21/ өдрөөс нэг сарын өмнө хуулийн шаардлага хангуулж ирүүлээгүй гэх үндэслэлээр мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсныг бүртгэсэн болох нь хариуцагчаас ирүүлсэн “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэх дотоод хяналтын хуудас”-аар тогтоогдож байна .  

"И* *** *** ****" ХХК-ийн захирал О.Б**аа нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст хандаж 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/15 дугаар албан бичгээр “...2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлөө өгөх байсан боловч манай компанийн захирал О.Б**аа ковидын хүнд хэлбэрээр өвдөж эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаад өнөөдөр эмнэлгээс гараад байна /жич: тамга тэмдэг гэрчилгээ нь цүнхэнд нь явсан/, сунгалтын өргөдлийг хүлээн авна уу” гэх,

 Мөн 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/20 тоот албан бичгээр тус хэлтэст хандаж “...захирал О.Б**аа, уурхайн дарга Л*********, менежер А*******, Доржготов болон бусад ажилчид өвдөж...эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж дэглэм сахих хэрэгтэй болсон тул сунгалтын өргөдөл өгөх хүнгүй байсан,...хавсралт баримтууд бүгд бүрэн, өргөдлийг хүлээн авна уу” гэх хүсэлтүүдийг тус тус хүргүүлсэн,

Эдгээр хүсэлтүүдийн хариуд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний 8/5822 тоот албан бичгээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг бүрдлийн хамт гаргаагүй байх тул 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг дагуу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсон байна,...төрийн захиргааны байгууллагын зүгээс Коронавируст халдварын нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэж байгааг, танай компаниас хугацаандаа хандаагүй тул хүсэлтийг хүлээж авах боломжгүй”-г мэдэгдсэн хариуг өгсөн байна.

Нэхэмжлэгчээс дахин 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/04 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандаж “...компанийн удирдлага болон гэрээт ажилчдын дунд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр халдвар илэрч сумын эмнэлэг болон хайгуулын кэмпэд тусгаарлагдсан, 12 сарын 10-нд хандахад “хуулийн хугацаа дууссан” гээд хүлээж аваагүй...” нотлох баримт болгон ажилчдын гэрээ, эмнэлгийн магадлагаа зэргийг хавсаргав” гэх хүсэлтийг хүргүүлсэн байх бөгөөд үүний хариуг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/379 тоот албан бичгээр 8/5822 тоот албан бичигтэй адил агуулгаар хариу хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдов. 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус, уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүх сэргээн тогтоох, улмаар даалгаж шийдвэрлэх учиртай бөгөөд энэ хэргийн тухайд, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8/5822 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн хүсэлтэд үндэслэл бүхий хариу өгсөн байх тул уг албан бичгийг татгалзсан хууль бус эс үйлдэхүй гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсан эс үйлдэхүй гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно.”, 7.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх бүх хугацаанд энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлийг хангасан байна.”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар;”, 22.1.3-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.”, 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж тус тус заасан.

Хуулийн эдгээр заалтаас үзэхэд, нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө уг хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө гаргах үүрэгтэй байх ба хариуцагч нь хуульд заасан хугацаандаа гаргасан сунгуулах өргөдлийг хүлээн авч...хянан, зөрчилгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар, харин дээрх хугацаанд өргөдлөө гаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоор нарийвчлан зохицуулагджээ.  

Нэхэмжлэгч “И* *** *** ****” ХХК-иас “...Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.a “эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа”; 6.1.41.г “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон” гэх хүндэтгэн үзэх шалтгаан үүссэний улмаас 1 сарын өмнө биш харин 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу хугацаа дуусахаас 11 өдрийн өмнө анхны хүсэлтээ өгсөн...” гэж тайлбарлан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаархи баримтуудыг шүүхэд өгсөн боловч эдгээр баримтууд нь тухайн цаг үед хайгуулын талбайд ажиллаж байсан иргэдийн дунд үүссэн гэх Ковид-19 өвчлөлийн тархалтын байдал, компанийн захирал, ажилтнууд хөл хорионд орсон эсэх, ямар хугацаанд хөл хориотой байсан, хэзээ уг нөхцөл байдал арилсан, хөл хорионд орсон нь нэхэмжлэгч компанийн “хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй” гэх нөхцөл байдалтай хэрхэн уялдах нь тогтоогдохгүй, эдгээр үйл баримтыг шууд тодорхойлон тогтоох боломжгүй хоорондоо зөрчилтэй, үндэслэл бүхий баримт биш гэж шүүх үзлээ.  

Тухайлбал, нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хугацаа сунгуулах өргөдлөө өгсөн гэж тайлбарласан боловч нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл Маягт К-11”-д 2021 оны 12 дугаар сарын 20 гэж тэмдэглэсэн ба нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/15 дугаар албан бичигтээ “...манай компанийн захирал О.Б**аа ковидын хүнд хэлбэрээр өвдөж эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаад өнөөдөр эмнэлгээс гараад байна...” гэж,  мөн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/20 дугаар албан бичигт “...манай компанийн захирал О.Б**аа, Л********* /уурхайн дарга/, менежер А*******, Доржготов болон бусад ажилчид ковидын хүнд хэлбэрээр өвдөж...” гэж тус тус дурдсан.

Гэтэл нэхэмжлэгчээс ирүүлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Ачтан эмнэлэг”-ийн магадлагаанд “тогооч н.Б******* 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлснийг магадлав” гэж тодорхойлсон атал түүнтэй байгуулсан гэх “хөдөлмөрийн гэрээ”-нд “...уулын босоо малталт бүхий хайгуулын ажил хийлгэхээр...” гэж зааснаас үзвэл н.Б******* нь тухайн компанид ажилласан эсэх, компанийн тогооч мөн эсэх нь ойлгомжгүй,

Мөн “Хурдавчилсан оношлуурын бүртгэл” болон “Эмнэлгийн магадалгаа”-гаар “Л.Д********ыг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажлаас чөлөөлснийг магадлав” гэж дурдсан, тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “...хайгуулын ажил хийлгэхээр” гэж заасан боловч түүний эмнэлгийн магадлагаанд “ажил мэргэжил” гэх хэсэгт “Зэвсэгт хүчний ажил, мэргэжил” гэж тодорхойлсон нь зөрүүтэй,

2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Эмнэлгийн магадалгаа”-гаар “С.Л*********г 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл өвчтэй байсан” гэж тодорхойлсон ба түүнтэй байгуулсан “хөдөлмөрийн гэрээ”-нд “...хайгуулын ажил хийлгэхээр” гэж заасан боловч нэхэмжлэгчийн Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12/20 дугаар албан бичигт С.Л*********г Уурхайн дарга гэж тодорхойлсон,

Түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн хүсэлтүүдэд “...манай компанийн захирал О.Б**аа ковидын хүнд хэлбэрээр өвдөж эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаад өнөөдөр эмнэлгээс гараад байна...” гэж,  “...захирал О.Б**аа ковидын хүнд хэлбэрээр өвдөж...” гэж удаа дараа дурдсан атлаа үүнийг нотолсон эмнэлгийн магадлагаа бусад баримт бичгийг хавсралтаар хүргүүлж байгаагүй, шүүхэд мөн ирүүлээгүй нь тус тус тогтоогдов.

Дээр дурдсан үндэслэлүүдээр, “И* *** *** ****” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн баримтуудаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлогдохгүй байх тул энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон гэж бүртгэсэн хариуцагчийн бүртгэл хууль зүйн үндэслэлтэй, уг бүртгэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан үндэслэлд хамаарч байна.

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас хууль бус эс үйлдэхүй гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгч “И* *** *** ****” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус үндэслэн “И* *** *** ****” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан “...Ашиг малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсан эс үйлдэхүй нь хуул бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл сунгахыг даалгах, Ашигт малтмал газрын тосны газрын Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын Бурхант нэртэй газрын ашигт малтмалын хайгуулын XV0***** тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН