Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0529

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, өмгөөлөгч Б.Т

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8/5822 дугаар албан бичгээр татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл сунгахыг даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын Бурхант нэртэй газрын ашигт малтмалын хайгуулын XV020395 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 386 дугаар

Хэргийн индекс: 118/2022/0199/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8/5822 дугаар албан бичгээр татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл сунгахыг даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын Бурхант нэртэй газрын ашигт малтмалын хайгуулын XV020395 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгуулах” -аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 386 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус үндэслэн “И” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан ““Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл сунгахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл сунгахыг даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын Бурхант нэртэй газрын ашигт малтмалын хайгуулын XV020395 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Уг шийдвэрээр Ашигт малтмалын газрын тосны газар “...эс үйлдэхүй гаргаагүй...” гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар сунгахаас татгалзсан нь татгалзсан шийдвэрт хамаарах тул энэ талаар шүүх буруу дүгнэсэн.

3.2. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй нь эс үйлдэхүй бөгөөд албан бичгээр хандахад хариу өгсөн нь татгалзсан шийдвэрт хамаарах юм.

3.3. Компанийн ажилтнууд Ковид-19 цар тахлаар өвдсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан баримтыг бүрдүүлсэн ажилтнууд тухайн баримтыг гаргаж өгөх боломжгүй байдалд оруулсан байхад тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх байдалтай хэрхэн уялдах нь тогтоогдохгүй эдгээр үйл баримтыг шууд тодорхойлон тогтоох боломжгүй, үндэслэл бүхий баримт биш...” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх үүргээ буруугаар хэрэгжүүлсэн.

3.4. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сунгуулах хуулийн хугацаанд манай байгууллагад Ковид-19 вирус гарч уурхайн дарга н.Лувсансүрэн, тогооч н.Батсүрэн, геологич н.Доржготов нар уг өвчнөөр өвдөж захирал О.Батаа бусад ажилчид 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд гэрийн буюу кемпийн тусгаарлалтад байсан.

3.5. Энэхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сунгах албан хүсэлтийг тамга тэмдэг, гарын үсэг зурж цаасан дээр буулгах хэрэгтэй байснаас үүдэн хуульд заасан хугацааг хэтрүүлсэн.

3.6. Манай байгууллага нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулиар хүлээсэн үүргээс хугацаа хэтрүүлсэн бөгөөд өөр хуулийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө цаг тухайд нь төлж ирсэн. Мөн тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ өгөхдөө үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримтын тухайд үед нь өгөх гэхэд тухайн үед мэргэжилтэн нь эхлээд даргад танилцуулчих, дараа төлчих гэж хэлсэн юм. Төлбөр хураамжийг одоо төлсөн байгаа.

3.7. Энэхүү цар тахлын тодорхойгүй нөхцөл байдлын улмаас өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн бөгөөд манай байгууллага нь Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлснээс хугацаа хоцорч хүсэлтээ өгсөн.

3.8. Мөн хуульд заасан 1 сарын өмнө гаргах хуулийн хугацаанд дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрөл хуулийн хүчин төгөлдөр байх хугацаанд өргөдөл гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ үндэслэлд дүгнэлт өгөөгүй байна.

3.9. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан агуулгаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч 1 сарын өмнө өргөдөл гаргаагүй бол хүлээн авахгүй байхаар заагаагүй байхад хариуцагч хуулийг буруу хэрэглэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “И” ХХК Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8/5822 дугаар албан бичгээр татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл сунгахыг даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын Бурхант нэртэй газрын ашигт малтмалын хайгуулын XV020395 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасанд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх тухай дүгнэх замаар хэргийг шийдвэрлэнэ.

4. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэнэ.

5. Энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгч “И” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй талаар  маргаж байх ба тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргасан эсэх хэрэв хуульд заасан хугацаанд гаргаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхэд маргааны гол үйл баримт оршиж байна.

6. Гэтэл анхан шатны шүүх “... “И” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө гаргах үүрэгтэй ... нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан хугацаанд гаргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн баримтуудаар  хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлогдохгүй байх тул энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон гэж бүртгэсэн хариуцагчийн бүртгэл нь хууль зүйн үндэслэлтэй...” хэмээн дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд уг маргааныг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгчээс хэзээ, ямар байдлаар хүсэлт гаргаж байсан болохыг тодруулж, энэ талаар нотлох баримт цуглуулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 15, 20-ны өдрүүдэд тус тус тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргаж байсан бөгөөд уг өргөдлүүдийн хариу болгож Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8/5822 дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариу өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

8. Тодруулбал, анхан шатны шүүх “нэхэмжлэгч “И” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө хүсэлт гаргаж байгаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар “И” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө удаа дараа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтүүд гаргаж байсан, уг хүсэлтүүддээ хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаар дурдсан, хариуцагч үүнийг үгүйсгээгүй байхад анхан шатны шүүх дээрх зөрүүтэй нөхцөл байдлыг тодруулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй, үүнээс хамаарч хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

9. Мөн нэхэмжлэгчээс “Ашигт малтмал, газрын тосны газрын тусгай зөвшөөрөл сунгахааас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 8/5822 дугаар албан бичгээр татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын Бурхант нэртэй газрын ашигт малтмалын хайгуулын XV020395 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн байхад шийдвэрийн Тогтоох хэсэгт тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулж бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

10. Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 386 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                 Д.ОЮУМАА 

ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ