Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2021/00757

 

 

 

 

 

2021 оны 3 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2021/00757 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  А.Ү-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.К ХХК,

Хариуцагч: А.Н ХХК,

Хариуцагч: М.П ХХК,

Хариуцагч: А ХХК нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 376,176,370 /гурван зуун далан зургаан сая нэг зуун далан зургаан мянга гурван зуун далан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, Б.Э, хариуцагч С к ХХК-ийн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  яам шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн, ихэсгэсэн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, Б.Э нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Монгол улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын оёдлын нэгдсэн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан Сурагчийн дүрэмт хувцсыг кластераар үйлдвэрлэх, Монгол ноосон даавуу үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг хүсч төслөө ирүүлсэн. С ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утсанд шаардагдах санхүүжилтэд нь зориулж 225,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аливаа хөрөнгийн барьцаагүйгээр 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй олгох үндсэн нөхцөлтэй ХҮГСДХ-1/11 тоот зээлийн гэрээг байгуулсан. Ингэснээр зээлдэгч нь тус зээлийн гэрээний 2.2.2-т зээлийг гэрээний хавсралт 2-т заасан хуваарийн дагуу төлөх, 2.2.11-д зээлийн эрсдлийг бүрэн хариуцах, 2.2.12-д үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0,01 хувиар тооцож алданги төлөх, 3.3-д зээлдэгч тал өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн аливаа зардлыг бүрэн хариуцах гэсэн үндсэн үүргийг тус тус хүлээсэн боловч өнөөг хүртэл зээлдэгч нь зээлийн эргэн төлөлт хангалтгүй, авсан зээл, хүү, алдангийг төлөхгүй, Төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улсыг хохироосоор байна. Зээлийн төлбөрт 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нэг удаагийн төлөлтөөр үндсэн зээлээс 8,555,441 төгрөг, зээлийн хүү 1,891,147 төгрөг, нийт 10,447,588 төгрөгийг л төлсөн байна.

Монгол улсын Засгийн газар 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлыг авч хэлэлцээд 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг эргэн төлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайдад даалгасны дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 72 тоот тушаалаар Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд олгосон зээлийн хэрэгжилт, зарцуулалт, эргэн төлөлтөд үнэлэлт дүгнэлт өгөх яамны ажлын хэсэг байгуулдаж, ажлын хэсгээс 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тус компани дээр очиж, захирал Д.Б уулзаж зээлийн төлбөр төлөхийг мэдэгдсэн боловч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй тул гэрээний 3.4-т заасны дагуу шүүхэд хандаж, С ХХК-иас 255,394,013 төгрөг гаргуулахаар анх шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компани хамтран хариуцагчаар А ХХК, М ХХК, А ХХК нарыг татан оролцуулсан. Иймд хариуцагч нарт холбогдох зээлийн дүнг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт зээл, зээлийн хүү, алдангийн үлдэгдлийг 286,560,317 төгрөг болгож нэмэгдүүлж байна. Ингээд компани тус бүрээр буюу С ХХК-иас үндсэн зээлийн дүн 24,679,359 төгрөг, зээлийн хүү 5,331,217.90 төгрөг, алданги 3,291,745.54 төгрөг, нийт 33,302,322.62 төгрөгийг, А ХХК-иас үндсэн зээлийн дүн 61,534,287 төгрөг, зээлийн хүү 12,969,404.65 төгрөг, алданги 6,762,618.14 төгрөг, нийт 81,266,309.80 төгрөгийг, М ХХК-иас үндсэн зээлийн дүн 50,532,057.40 төгрөг, зээлийн хүү 10,650,496.37 төгрөг, алданги 5,553,473.10 төгрөг, нийт 66,736,026.88 төгрөгийг, А ХХК-иас үндсэн зээлийн дүн 79,698,855.50 төгрөг, зээлийн хүү 16,797,898.50 төгрөг, алданги 8,758,904.21 төгрөг, нийт 105,255,658.20 төгрөгийг тус тус хариуцагч нар хариуцан төлөх үүрэгтэй гэж үзсэн.

Зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд талууд гэрээний хугацаа сунгаагүй, гэрээнд харилцан тохиролцож ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх явцад эвлэрээгүй, гэрээг дүгнэж акт үйлдээгүй байна. Зээлийн дүнг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт зээл, зээлийн хүү, алдангийн үлдэгдлийг 376,176,370.40 төгрөг болгож нэмэгдүүлж, хариуцагч С ХХК-иас шаардаж байна.

Нэхэмжлэгчээс шүүхийн нөхцөл байдлын талаар Сайд болон Сайдын зөвлөлийн хуралд хэргийн талаар мэдээлэл хийж ажилласан бөгөөд Яамны удирдлагын шийдвэрээр   яам болон С ХХК нарын хооронд байгуулсан ХҮГСДХ-1/11 тоот гэрээний дагуу хариуцагч С ХХК-иас 376,176,370.40 төгрөгийг гаргуулж төрийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. Удирдлагын зүгээс өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлал, холбогдох бусад баримтуудыг үндэслэж С ХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анх гэрээ байгуулж ажилласан компаниас төлбөрийг бүхэлд нь нэхэмжлэх нь зүйтэй гэж чиглэл өгсөн тул уг төлбөрийг С ХХК-иас гаргуулахаар шаардаж байгаа.

Хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд буюу 2020 оны 9 дүгээр сард хариуцагчаас төлсөн 28,783,975 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, нэхэмжлэлийн шаардлагаа 347,771,321.70 төгрөг болгон багасгаж, үүнийг хариуцагч С ХХК-иас шаардаж байна. Бусад хамтран хариуцагч нар болох А ХХК, М ХХК, А ХХК нартай нэхэмжлэгч Зээлийн гэрээг байгуулаагүй учир эдгээр компаниудаас Зээлийн гэрээний үүргийг шаардах боломжгүй байна. Тиймээс зээлийн гэрээний зээлдэгч тал болох С ХХК-иас дээрх зээлийн гэрээний үүргийг шаардаж, бусад хариуцагч нараас татгалзаж байна. Зээлийн гэрээг С ХХК-тай байгуулсан бөгөөд энэ гэрээний үүргийг шаардаж байгаа учир гэрээний оролцогч бус эдгээр компаниудаас бид гэрээний үүрэг шаардах эрхгүй болоод байна. Тиймээс хариуцагч нь тэдгээр компаниудтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргээ тусдаа нэхэмжлэл гаргаж шаардах нь зөв гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 347,771,321.70 төгрөгийг гаргуулан төрийг хохиролгүй болгож өгнө үү...гэв.

Хариуцагч С ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, төлөөлөгч Д.Б өмгөөлөгч Г.М хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

С ХХК нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулж сурагчийн дүрэмт хувцасны майк, кардиганы хохины ноосон ээрмэл утас үйлдвэрлэж, тухайн яамнаас тендерээр сонгон шалгаруулсан нэр бүхий сүлжих үйлдвэрүүдтэй Ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ байгуулан Засгийн газрын Сурагчийн дүрэмт хувцас төсөлд хамрагдаж оролцсон. Тус компани нь гэрээний дагуу нийт 7,567 кг буюу 230,566,490 төгрөгийн утас үйлдвэрлэж, сүлжих үйлдвэрүүдэд нийлүүлэхээс, чанар стандарт хангасан 7,103.5 кг буюу 216,444,254 төгрөгийн утас үйлдвэрлэсэн. Үүнээс гэрээ байгуулсан 5 сүлжих үйлдвэрт 6,509.5 кг буюу 198,345,074 төгрөгийн утсыг хугацаанд нь нийлүүлсэн бөгөөд одоо манай компанийн агуулахад М ХХК-ийн авах ёстой 594 кг буюу 18,099,180 төгрөгийн утас одоо хүртэл хадгалагдаж байгаа. 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төслийн ажлын хэсгийн нягтлан бодогч н.Ө тооцоо нийлж, манай компанийн үйлдвэрлээгүй утасны зөрүү болох 280,8 кг буюу 8,555,441 төгрөг, 1,892,147 төгрөгийн хүү, нийт 10,447,588 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрээнд заагдсан сурагчийн дүрэмт хувцасны төслийн Хаан банкны 0 тоот дансанд тушаасан. Тус компаниас сүлжих үйлдвэрүүдтэй хийсэн гэрээний 5.3-т зааснаар ...сүлжих үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төвлөрсөн данснаас утасны үнийг үл маргах журмаар шууд төлнө гэж заасан байгаа нь тус яам төлбөр тооцоог хангах үүргийг өөртөө авсан байгаа нь харагдаж байна.

Зээлийн гэрээний хугацаа 2013 оны 7 дугаа рсарын 24-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 29-нд дуусах байсан бөгөөд манай компани 9 сарын 30-ны өдөр гэхэд дээрх бүх утсыг ээрч дууссан ба 10 дугаар сарын 07-ны өдөр гэхэд үндсэн тараалт дууссан. Нэхэмжлэлд хүү алдангид 38,949,454 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээ нь Зээлийн гэрээ бус, ажил гүйцэтгэх гэрээ байсан. Учир нь гэрээний хавсралт 2-т буюу зээлийн эргэн төлөлтийн хүснэгтийн доод талд манай компани нийт 230,566,490 төгрөгийн утас нийлүүлж, 1,424,343 төгрөгийн зээлийн илүү төлөлттэй байна гэсэн нь зээлийн эргэн төлөлтийг ээрмэл утас нийлүүлж, төлбөрийг барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг харуулж байна. Зээлийн эргэн төлөх дүн нь ээрмэл утас нийлүүлэх графикийн үнийн дүнтэй тэнцүү байгаа бөгөөд Хавсралт 2-ын 8 дугаар сард төлөх 121,880,000 төгрөг нь Хавсралт 3-ын 8 дугаар сард ээрэх 4000 кг утсыг 30,470 төгрөгөөр үржүүлсэн дүнтэй тэнцүү байгаа. Мөн 9 болон 10 дугаар сард хийх ажлууд нь зээл төлөлтийн дүнтэй тэнцүү байгааг гэрээнээс харахад тодорхой байна. Энэ нь авсан зээлээрээ ээрмэл утас үйлдвэрлэн, сүлжих үйлдвэрүүдэд нийлүүлснээр зээлийн эргэн төлөлт хийгдэнэ гэж үзсэн гэрээ болно. Зээлийн гэрээний 2.2.1-д ҮХААЯ-ны эрх үүрэгт Сүлжих үйлдвэрүүдтэй ээрмэл утас нийлүүлэх гэрээг заавал байгуулна гэж заасны дагуу манай компани 2013 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд сүлжих 5 үйлдвэрүүдтэй гэрээ байгуулсан. Үүний дараа ҮХААЯ-тай Зээлийн гэрээг байгуулж, санхүүжилтийг олгосон.

С ХХК нь утас ээрэх үйлдвэр болохын хувьд сүлжих үйлдвэрүүдтэй хийсэн гэрээн дээр тухайн сүлжих үйлдвэрүүдээс манай компанид утасны үнийг буцааж төлөх ямар нэгэн зүйл заалт болон компанийн ямар нэг банкны дансны дугаар байхгүй байгаа нь манай компаниас утас нийлүүлснээр зээлийн гэрээний үүргийг хангасан гэж үзэх нь илт байна. Зээлдүүлэгч тал гэрээний 2.1.5-д заасан үндсэн үүргий ндагуу Хаан банкны дансанд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Оёмол, сүлжмэлийн үйлдвэрүүдээс борлуулалтын орлогоо олж авсах ёстой байтал яамны ажлын хэсэг нь үндсэн үүргээ биелүүлээгүй. 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанаар энэ дансаа хааж, Оёдол, сүлжмэлийн үйлдвэрүүдийг борлуулалтын орлогоо өөрсдөө авахыг зөвшөөрч, эдгээр үйлдвэрүүдийг өөр дээрээ мөнгөө эргүүлэх бололцоог төр өөрөө олгосон байна.

яамны нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч С ХХК-ийн зүгээс удаа дараа гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авснаар 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар А ХХК, М ХХК болон А ХХК-иудыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Энэ нөхцөл байдалд нийцүүлэн нэхэмжлэгчийн зүгээс ч нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагын дүнг хариуцагч тус бүрээр тодорхойлж ирүүлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан бусад хариуцагч нараас төлбөр гаргуулах шаардлагаасаа татгалзах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй...гэв.

Хариуцагч А ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Тус компани нь зээлдүүлэгч яам, зээлдэгч С ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан ХҮГСДХ-1/11 дугаартай зээлийн гэрээний оролцогч биш учир зээл, зээлийн хүү, алданги төлөх үүрэг хүлээхгүй. А ХХК нь хариуцагч биш. Учир нь бид нэхэмжлэгчтэй ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч нь А ХХК-ийн өмчлөлд нэхэмжлээд байгаа мөнгийг шилжүүлээгүй. Мөн тус компани нь Сор кашеми ХХК-ийг зээлээ төлөхгүй бол өмнөөс нь төлнө гэсэн батлан даалтын гэрээ байгуулаагүй. А ХХК нь жинхэнэ хариуцагч С ХХК-тай Ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээтэй ба энэ гэрээний хүрээнд бид шүүхэд нэхэмжлэл гарган хандаж, шүүх талуудын эвлэрлийг дэмжээгүй. Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШЗ2020/09118 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Ирээдүйд маргаан дахин шийдвэрлэгдэх болно. Иймд хариу тайлбар болон нотлох баримтыг хянан үзэж тус компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нь хамтран хариуцагч А ХХК, М ХХК, А ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. Үүнийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2020/13806 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 2 дугаарт тодорхой заасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ингэж А ХХК, М ХХК-иудад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд бид биечлэн оролцох шаардлагагүй тул бидний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү. Учир нь уг хэрэгт анх 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн ба зээл аваагүй бидэнд 5 жилийн турш маш их явдал чирэгдэл учирсан...гэжээ.

Хариуцагч М ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Тус компани нь зээлдүүлэгч  яам, зээлдэгч С ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан ХҮГСДХ-1/11 дугаартай зээлийн гэрээний оролцогч биш учир зээл, зээлийн хүү, алданги төлөх үүрэг хүлээхгүй. М ХХК нь энэ хэргийн хариуцагч биш. Учир нь нэхэмжлэгчтэй ямар нэг зээлийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч нь манай компанийн өмчлөлд нэхэмжлээд байгаа мөнгийг шилжүүлээгүй. Бид С ХХК-ийг зээлээ төлөхгүй бол өмнөөс нь төлнө гэсэн батлан даалтын гэрээ байгуулаагүй. М ХХК нь жинхэнэ хариуцагч С ХХК-тай ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээтэй ба талууд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2018/01855 дугаартай захирамжаар эвлэрч 30,000,000 төгрөгийг төлсөн. Иймд хариу тайлбар болон нотлох баримтыг хянан үзэж М ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нь хамтран хариуцагч А ХХК, М ХХК, А ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. Үүнийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2020/13806 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 2 дугаарт тодорхой заасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ингэж А ХХК, М ХХК-иудад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд бид биечлэн оролцох шаардлагагүй тул бидний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү. Учир нь уг хэрэгт анх 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн ба зээл аваагүй бидэнд 5 жилийн турш маш их явдал чирэгдэл учирсан...гэжээ.

Хариуцагч А ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Тус компани нь Засгийн газрын Эх орон шингэсэн эрдмийн хувцас төсөлд хамрагдан ажилласан. Энэ ажлын хүрээнд С ХХК-иас гэрээний дагуу хонины ноосон хар хөх өнгийн 14/2 номерын 2,615.65 кг буюу 79,698,855.50 төгрөгийн ээрмэл утас хүлээн авч, түүгээр бага ангийн хүүхдийн кардиган цамц нийт 9,094 ширхэгийг үйлдвэрлэж А ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 09-ний байдлаар 2,368 ширхэг буюу 62,515,200 төгрөгийн бүтээгдэхүүн, 2015 оны 6 дугаар сарын 14-нд 6,726 ширхэг буюу 177,566,400 төгрөгийн бүтээгдэхүүн тус тус тушаасан болно. Иймд С ХХК-д төлөх манай тооцоог А ХХК-иас нэхэмжилнэ үү. Мөн иргэн Д.О нь манай компанид ажиллах хөдөлмөрийн гэрээгээ 2013 онд цуцалсан болохыг мэдэгдье...гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

яам нь С ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 255,394,013 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 286,560,317 төгрөг болгон ихэсгэж, үүнийг С ХХК-иас 33,302,322.62 төгрөг, хамтран хариуцагч А ХХК-иас 81,266,309.80 төгрөг, М  ХХК-иас 66,736,026.88 төгрөг, А ХХК-иас 105,255,658.20 төгрөгийг тус тус гаргуулахаар шаарджээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлж, Зээлийн төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нэмж тооцон, үндсэн зээл 216,444,559 төгрөг, зээлийн хүү 104,651,587.50 төгрөг, алданги 55,080,223.90 төгрөг, нийт 376,176,370.40 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулахаар шаардаж, хамтран хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Нэхэмжлэгч тал дахин 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасган, С ХХК-иас 2020 оны 9 дүгээр сард төлөгдсөн 28,783,975 төгрөгийг хасч, 347,771,321.70 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулахаар шаардсан бөгөөд уг шаардлагыг С ХХК дангаар хариуцахгүй, гэрээний дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ оногдох төлбөр, алдангид нийт 65,670,024 төгрөгийг хүлээн зөвшөөрнө хэмээн тайлбарлаж, бусад хариуцагч нараас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй гэж маргав.

Нэхэмжлэгч тал хариуцагч А ХХК, М ХХК, А ХХК-иудтай маргаан бүхий зээлийн гэрээг байгуулаагүй учир тэдгээрээс зээлийн гэрээний үүргийг шаардах боломжгүй талаар тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компаниудад холбогдох шаардлагаас татгалзаж, Зээлийн гэрээний дагуу 347,771,321.70 төгрөгийг хариуцагч С ХХК-иас шаардсан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А ХХК, М ХХК, А ХХК-иудад холбогдох нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, мөн Монгол улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын дагуу 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс зээлдүүлэгч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны эрх үүрэг Аж үйлдвэрийн яаманд шилжиж, тус яамнаас С ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай, мөн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолуудаар Аж үйлдвэрийн яамны бүтцэд байсан Хөнгөн үйлдвэрийн асуудал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжсэнээр маргаан бүхий энэхүү хэрэгт нэхэмжлэгчээр оролцох эрхтэй байна.

Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрийг дэмжих тухай Монгол улсын Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолыг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг батлагдсан жишиг загвар, стандартын дагуу үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад зориулан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг үйлдвэрлэгчдэд дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Хөдөлмөрийн яамны хооронд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/02 тоот Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулагдаж, энэ гэрээг үндэслэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь С ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХҮГСДХ-1/11 тоот Зээлийн гэрээг байгуулсан байна. /хх 6-17/

Энэхүү зээлийн гэрээгээр сурагчийн дүрэмт хувцасны сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утсанд шаардагдах санхүүжилтэнд зориулж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 225,000,000 төгрөгийг зээлдэгч С ХХК-д хөнгөлөлттэй нөхцлөөр өгөх, зээлдэгч 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэйгээр /хүү тооцох 66 хоногт 1,892,147 төгрөг/ зээлийг хуваарийн дагуу буцаан төлөх, үндсэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0,01 хувиар тооцож алданги төлөх хариуцлага хүлээхээр гэрээнд тусгаж, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарж баталгаажуулсан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Зээлийн гэрээний дагуу 225,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч тал биелүүлсэн бол, зээлдэгч нь гэрээний дагуу 2 удаагийн төлөлтөөр үндсэн зээл 37,339,416 төгрөг, зээлийн хүү 1,892,147 төгрөг, нийт 39,231,563 төгрөгийн төлөлт хийснээр 187,660,584 төгрөгийн зээл төлөгдөөгүй үлдсэн болох нь Мөнгөн шилжүүлгийн баримт, Зээлийн гэрээний нарийвчилсан тооцоо, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын санхүүгээс гаргасан Оёдлын нэгдсэн холбоо, Сурагчийн дүрэмт хувцас төслийн зээл төлөлт-ийн тооцоо зэрэг баримтуудаар нотлогдож байна. /1-р хх-18, 19, 3-р хх-87/

Хариуцагч тал Зээлийн гэрээний дагуу авсан төлбөрийг үйлдвэрлэгч компаниуд төлж барагдуулснаар зээлийн гэрээний үүрэг биелэгдэх тул гэрээний дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэж оёдлын компанид бүтээгдэхүүнээ нийлүүлснээр үүрэг биелэгдсэн, оёдлын компаниуд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир гэрээнд заасан хэмжээнээс дутуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ оногдох төлбөр, алдангид нийт 65,670,024 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээх ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 282.3 дахь хэсгүүдэд зааснаар гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба, хүү тогтоосон бол гэрээг бичгээр хийнэ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээ хуульд заасан дээрх шаардлагад нийцсэний зэрэгцээ, Зээлдэгч талын эрх, үүргийг зохицуулсан 2 дугаар зүйлийн 2.2.2 дах хэсэгт Зээлийг хуваарийн дагуу эргэн төлөх үүрэгтэй буюу гэрээний дагуу төлбөрийг буцаан төлөх үүргийг тодорхойлсон байх тул зээлийн үлдэгдэл 187,660,584 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч Сор кашемир ХХК-иас шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч зээлийн хүүгийн төлбөрт 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 104,900,647 төгрөг шаардсан нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна.

Учир нь маргаан бүхий гэрээ 4 сарын хугацаатай байгуулагдаж, зээлдэгч нь гэрээний Хавсралт №2 буюу Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,892,147 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Тиймээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү тооцсон нь үндэслэлгүй байх тул зээлийн хүүгийн төлбөрт илүү шаардсан 104,900,647 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Маргаан бүхий зээлийн гэрээний 2.1.11 дэх хэсэгт Үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0,01 хувиар тооцож, алданги төлүүлэх гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232.6 дахь хэсэгт ...гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасанд тус тус нийцсэн байх тул алданги 55,210,090 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч С ХХК-иас шаардах эрхтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч С ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 242,870,674 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 104,900,647 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь хамтран хариуцагч А ХХК, М  ХХК, А ХХК-иудад холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг батлан, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 242,870,674 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 104,900,647 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч А ХХК, М ХХК, А ХХК-д холбогдох нэхэмжлэлээс нэхэмжлэгч  татгалзсаныг баталж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч С ХХК-иас 1,372,303 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого /Баянгол дүүргийн татвар/-д оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч А ХХК, М ХХК, А ХХК-д холбогдуулан энэ асуудлаар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА