Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01375

 

2021.09.06 №0 Магадлал

 

ХХны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/00757 дугаар шийдвэртэй

ХХны нэхэмжлэлтэй хариуцагч С ХХК, А ХХК, М ХХК, А ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 376 176 370 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож, Б.Эрхэмбаяр, хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Л.Болдбаатар, хариуцагч С ХХК-ийн өмгөөлөгч Г.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын оёдлын нэгдсэн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан Сурагчийн дүрэмт хувцсыг кластераар үйлдвэрлэх, Монгол ноосон даавуу үйлдвэрлэх төсөлүүдийг дэмжихийг хүсч төслөө ирүүлсэн. Соркашемир ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утсанд шаардагдах санхүүжилтэд нь зориулж 225 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аливаа хөрөнгийн барьцаагүйгээр 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй олгох үндсэн нөхцөлтэй ХҮГСДХ-1/11 тоот зээлийн гэрээг байгуулсан. Ингэснээр зээлдэгч нь тус зээлийн гэрээний 2.2.2-т зээлийг гэрээний хавсралт 2-т заасан хуваарийн дагуу төлөх, 2.2.11-д зээлийн эрсдлийг бүрэн хариуцах, 2.2.12-д үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0,01 хувиар тооцож алданги төлөх, 3.3-д зээлдэгч тал өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн аливаа зардлыг бүрэн хариуцах гэсэн үндсэн үүргийг тус тус хүлээсэн боловч өнөөг хүртэл зээлдэгч нь зээлийн эргэн төлөлт хангалтгүй, авсан зээл, хүү, алдангийг төлөхгүй, улсыг хохироосоор байна. Зээлийн төлбөрт 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нэг удаагийн төлөлтөөр үндсэн зээлээс 8 555 441 төгрөг, зээлийн хүү 1 891 147 төгрөг, нийт 10 447 588 төгрөгийг л төлсөн байна. Монгол улсын Засгийн газар 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлыг авч хэлэлцээд 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг эргэн төлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайдад даалгасны дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 72 тоот тушаалаар Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл-д олгосон зээлийн хэрэгжилт, зарцуулалт, эргэн төлөлтөд үнэлэлт дүгнэлт өгөх яамны ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгээс 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тус компани дээр очиж, захирал Д.Батцэнгэлтэй уулзаж зээлийн төлбөр төлөхийг мэдэгдсэн боловч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй тул гэрээний 3.4-т заасны дагуу шүүхэд хандаж, Соркашемир ХХК-иас 255 394 013 төгрөг гаргуулахаар анх шаардсан.

Зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд талууд гэрээний хугацаа сунгаагүй, гэрээнд харилцан тохиролцож ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх явцад эвлэрээгүй, гэрээг дүгнэж акт үйлдээгүй байна. Зээлийн дүнг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт зээл, зээлийн хүү, алдангийн үлдэгдлийг 376 176 370.40 төгрөг болгож нэмэгдүүлж, хариуцагч Соркашемир ХХК-иас шаардаж байна.

Нэхэмжлэгчээс шүүхийн нөхцөл байдлын талаар Сайд болон Сайдын зөвлөлийн хуралд хэргийн талаар мэдээлэл хийж ажилласан бөгөөд Яамны удирдлагын шийдвэрээр Үйлдвэр хөдөө аж ахуйн яам болон Соркашемир ХХК нарын хооронд байгуулсан ХҮГСДХ-1/11 тоот гэрээний дагуу хариуцагч Соркашемир ХХК-иас 376 176 370.40 төгрөгийг гаргуулж төрийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. Удирдлагын зүгээс өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлал, холбогдох бусад баримтуудыг үндэслэж Соркашемир ХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анх гэрээ байгуулж ажилласан компаниас төлбөрийг бүхэлд нь нэхэмжлэх нь зүйтэй гэж чиглэл өгсөн тул уг төлбөрийг Соркашемир ХХК-иас гаргуулахаар шаардаж байгаа. Хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд буюу 2020 оны 9 дүгээр сард хариуцагчаас төлсөн 28 783 975 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, нэхэмжлэлийн шаардлагаа 347 771 321.70 төгрөг болгон багасгаж, үүнийг хариуцагч Соркашемир ХХК-иас шаардаж байна. Бусад хамтран хариуцагч нар болох А ХХК, М ХХК, А ХХК нартай нэхэмжлэгч Зээлийн гэрээг байгуулаагүй учир эдгээр компаниудаас Зээлийн гэрээний үүргийг шаардах боломжгүй байна. Тиймээс зээлийн гэрээний зээлдэгч тал болох Соркашемир ХХК-иас дээрх зээлийн гэрээний үүргийг шаардаж, бусад хариуцагч нараас татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Соркашемир ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 347 771 321.70 төгрөгийг гаргуулан төрийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Соркашемир ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, түүний өмгөөлөгч Г.Мөнхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Соркашемир ХХК нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулж сурагчийн дүрэмт хувцасны майк, кардиганы хохины ноосон ээрмэл утас үйлдвэрлэж, тухайн яамнаас тендерээр сонгон шалгаруулсан нэр бүхий сүлжих үйлдвэрүүдтэй Ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ байгуулан Засгийн газрын Сурагчийн дүрэмт хувцас төсөл-д хамрагдаж оролцсон. Тус компани нь гэрээний дагуу нийт 7 567 кг буюу 230 566 490 төгрөгийн утас үйлдвэрлэж, сүлжих үйлдвэрүүдэд нийлүүлэхээс, чанар стандарт хангасан 7 103.5 кг буюу 216 444 254 төгрөгийн утас үйлдвэрлэсэн. Үүнээс гэрээ байгуулсан 5 сүлжих үйлдвэрт 6 509.5 кг буюу 198 345 074 төгрөгийн утсыг хугацаанд нь нийлүүлсэн бөгөөд одоо манай компанийн агуулахад М ХХК-ийн авах ёстой 594 кг буюу 18 099 180 төгрөгийн утас одоо хүртэл хадгалагдаж байгаа. 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төслийн ажлын хэсгийн нягтлан бодогч н.Өлзийлхамтай тооцоо нийлж, манай компанийн үйлдвэрлээгүй утасны зөрүү болох 280,8 кг буюу 8 555 441 төгрөг, 1 892 147 төгрөгийн хүү, нийт 10 447 588 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрээнд заагдсан сурагчийн дүрэмт хувцасны төслийн Хаан банкны 5099999690 тоот дансанд тушаасан. Тус компаниас сүлжих үйлдвэрүүдтэй хийсэн гэрээний 5.3-т зааснаар ...сүлжих үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төвлөрсөн данснаас утасны үнийг үл маргах журмаар шууд төлнө гэж заасан байгаа нь тус яам төлбөр тооцоог хангах үүргийг өөртөө авсан байгаа нь харагдаж байна. Зээлийн гэрээний хугацаа 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 29-ний өдөр дуусах байсан бөгөөд манай компани 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд дээрх бүх утсыг ээрч дууссан ба 10 дугаар сарын 07-ны өдөр гэхэд үндсэн тараалт дууссан. Нэхэмжлэлд хүү алдангид 38 949 454 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээ нь зээлийн гэрээ бус, ажил гүйцэтгэх гэрээ байсан. Учир нь гэрээний хавсралт 2-т буюу зээлийн эргэн төлөлтийн хүснэгтийн доод талд манай компани нийт 230 566 490 төгрөгийн утас нийлүүлж, 1 424 343 төгрөгийн зээлийн илүү төлөлттэй байна гэсэн нь зээлийн эргэн төлөлтийг ээрмэл утас нийлүүлж, төлбөрийг барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг харуулж байна. Зээлийн эргэн төлөх дүн нь ээрмэл утас нийлүүлэх графикийн үнийн дүнтэй тэнцүү байгаа бөгөөд Хавсралт 2-ын 8 дугаар сард төлөх 121 880 000 төгрөг нь Хавсралт 3-ын 8 дугаар сард ээрэх 4000 кг утсыг 30 470 төгрөгөөр үржүүлсэн дүнтэй тэнцүү байгаа. Мөн 9 болон 10 дугаар сард хийх ажлууд нь зээл төлөлтийн дүнтэй тэнцүү байгааг гэрээнээс харахад тодорхой байна. Энэ нь авсан зээлээрээ ээрмэл утас үйлдвэрлэн, сүлжих үйлдвэрүүдэд нийлүүлснээр зээлийн эргэн төлөлт хийгдэнэ гэж үзсэн гэрээ болно. Зээлийн гэрээний 2.2.1-д ҮХААЯ-ны эрх үүрэгт Сүлжих үйлдвэрүүдтэй ээрмэл утас нийлүүлэх гэрээ-г заавал байгуулна гэж заасны дагуу манай компани 2013 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд сүлжих 5 үйлдвэрүүдтэй гэрээ байгуулсан. Үүний дараа ҮХААЯ-тай Зээлийн гэрээ-г байгуулж, санхүүжилтийг олгосон. Соркашемир ХХК нь утас ээрэх үйлдвэр болохын хувьд сүлжих үйлдвэрүүдтэй хийсэн гэрээн дээр тухайн сүлжих үйлдвэрүүдээс манай компанид утасны үнийг буцааж төлөх ямар нэгэн зүйл заалт болон компанийн ямар нэг банкны дансны дугаар байхгүй байгаа нь манай компаниас утас нийлүүлснээр зээлийн гэрээний үүргийг хангасан гэж үзэх нь илт байна. 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанаар энэ дансаа хааж, оёдол, сүлжмэлийн үйлдвэрүүдийг борлуулалтын орлогоо өөрсдөө авахыг зөвшөөрч, эдгээр үйлдвэрүүдийг өөр дээрээ мөнгөө эргүүлэх бололцоог төр өөрөө олгосон байна. ХХны нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Соркашемир ХХК-ийн зүгээс удаа дараа гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авснаар 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар А ХХК, М ХХК болон А ХХК-иудыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Энэ нөхцөл байдалд нийцүүлэн нэхэмжлэгчийн зүгээс ч нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагын дүнг хариуцагч тус бүрээр тодорхойлж ирүүлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан бусад хариуцагч нараас төлбөр гаргуулах шаардлагаасаа татгалзах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа : Тус компани нь зээлдүүлэгч Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, зээлдэгч Соркашемир ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан ХҮГСДХ-1/11 дугаартай зээлийн гэрээний оролцогч биш учир зээл, зээлийн хүү, алданги төлөх үүрэг хүлээхгүй. А ХХК нь хариуцагч биш. Учир нь бид нэхэмжлэгчтэй ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч нь А ХХК-ийн өмчлөлд нэхэмжлээд байгаа мөнгийг шилжүүлээгүй. Мөн тус компани нь Соркашемир ХХК-ийг зээлээ төлөхгүй бол өмнөөс нь төлнө гэсэн батлан даалтын гэрээ байгуулаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нь хамтран хариуцагч А ХХК, М ХХК, А ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. Үүнийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2020/13806 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 2 дугаарт тодорхой заасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь зээлдүүлэгч Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, зээлдэгч Соркашемир ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан ХҮГСДХ-1/11 дугаартай зээлийн гэрээний оролцогч биш учир зээл, зээлийн хүү, алданги төлөх үүрэг хүлээхгүй. М ХХК нь энэ хэргийн хариуцагч биш. Учир нь нэхэмжлэгчтэй ямар нэг зээлийн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч нь манай компанийн өмчлөлд нэхэмжлээд байгаа мөнгийг шилжүүлээгүй. Бид Соркашемир ХХК-ийг зээлээ төлөхгүй бол өмнөөс нь төлнө гэсэн батлан даалтын гэрээ байгуулаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нь хамтран хариуцагч А ХХК, М ХХК, А ХХК-иудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. Үүнийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2020/13806 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 2 дугаарт тодорхой заасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь Засгийн газрын Эх орон шингэсэн эрдмийн хувцас төсөлд хамрагдан ажилласан. Энэ ажлын хүрээнд Соркашемир ХХК-иас гэрээний дагуу хонины ноосон хар хөх өнгийн 14/2 номерын 2,615.65 кг буюу 79 698 855.50 төгрөгийн ээрмэл утас хүлээн авч, түүгээр бага ангийн хүүхдийн кардиган цамц нийт 9,094 ширхэгийг үйлдвэрлэж А ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 09-ний байдлаар 2,368 ширхэг буюу 62 515 200 төгрөгийн бүтээгдэхүүн, 2015 оны 6 дугаар сарын 14-нд 6,726 ширхэг буюу 177 566 400 төгрөгийн бүтээгдэхүүн тус тус тушаасан болно. Иймд Соркашемир ХХК-д төлөх манай тооцоог А ХХК-иас нэхэмжилнэ үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 242 870 674 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 104 900 647 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч А ХХК, М ХХК, А ХХК-д холбогдох нэхэмжлэлээс нэхэмжлэгч ХХ татгалзсаныг баталж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч С ХХК-иас 1 372 303 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч А ХХК, М ХХК, А ХХК-д холбогдуулан энэ асуудлаар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Батцэнгэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч С ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг Зээлийн гэрээ хэмээн нэрийдсэн хэдий ч агуулга, үүргийн шинж чанарын хувьд холимог гэрээ буюу гэрээний хэд хэдэн төрлийг өөртөө агуулсан, тухайлбал, зээлийн төдийгүй ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй, түүнчлэн үүрэгт олон этгээд оролцож буй буюу үүрэг гүйцэтгэх хэд хэдэн үе шаттай, тэдгээр үе шат бүрт үүрэг гүйцэтгэгч тус бүрийн эрх үүргийг ялгавартайгаар тодорхойлсон гэрээ байх ажээ. Нэгэнт байгуулсан гэрээ нь холимог гэрээний шинжтэй, кластерийн хэлбэрээр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ажлыг зохион байгуулсан, тиймээс гэрээний харилцаанд хэд хэдэн этгээд шууд (С ХХК болон бусад хамтран хариуцагч нар) болон шууд бусаар гэрээний харилцаанд үүрэг гүйцэтгэж болон тодорхой үе шатанд тодорхой чиг үүрэгтэй оролцож (бусад хамтран хариуцагч нар болон төсөл, түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч гүйцэтгэлийг дүгнэж, төлбөр тооцоог гаргах үед гэх мэт) ирсэн, гэрээний үүргээс төрөөс олгосон санхүүжилтийг эргүүлэн төлөхтэй холбоотой үүрэг нь хараахан бүрэн биелээгүй, ийнхүү биелүүлээгүйд талуудын хэн алины буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг шалтгаан нөхцөлийн улмаас энэхүү хэргийн хариуцагчаар зээлийн гэрээ байгуулсны хувьд С ХХК дангаар татагдах нь үндэслэлгүй юм. Иймд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ХҮГСДХ-1/11 дугаартай гэрээний 2 дугаар хавсралтад нэр дурдаж заасан, эрх, гүйцэтгэх үүрэг нь гэрээгээр тодорхойлогдсон, тиймээс гэрээний оролцогчид болох А ХХК, М ХХК болон А ХХК-уудыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Гэвч нэхэмжлэгч нь 2021 оны 9 сард төлбөрийг бүхэлд нь хариуцагч С ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлээ өөрчилсөн. Үүнийг шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаа тодорхойлох болон нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх багасгах, өөрчлөх эрх-тэй хольж хутгаснаар хэргийн бусад оролцогчдын гэм буруу, гэрээний үүргээ биелүүлсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн нь мөн алдаатай, хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай тал бүрээс нь бүрэн үнэлэх шаардлагыг зөрчсөн төдийгүй хуулийг буруу тайлбарлаж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр гарах нэг нөхцөл болсон. Хэрэв шүүгч нэг талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт заасан хамтран хариуцагчаар татан оролцуулах зохицуулалт болон нэхэмжлэгчийн хариуцагчийг тодорхойлох эрхийн зааг ялгааг анхаарч үзсэн бол, нөгөө талаас хариуцагчийн зүгээс маргаан бүхий гэрээний харилцаанд үүрэг гүйцэтгэж оролцож буй этгээдүүд нь нэг биш хэд хэд болохыг, С ХХК-иас бусад үүрэг гүйцэтгэгч нар нь үүргийн гүйцэтгэл хожимдсон асуудалд гэм буруутай буюу төлбөрийн үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээвэл зохих этгээд болохыг, иймд хамтран хариуцагчаар татан оролцуулах шаардлагатайг нотолсноор бидний хүсэлтийг шүүх хангаж бусад хариуцагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсныг эргэж нэг санасан бол ийм илэрхий алдаанаас зайлсхийх боломжтой байв. Энэ алдаанаас үүдэлтэйгээр хариуцагч С ХХК-ийн татгалзлалын үндэслэл, түүнд холбогдох үйл баримт, нотлох баримтуудыг ч үнэлэх чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна. Шүүх хариуцагч С ХХК-иас үндсэн зээлийн төлбөрт 37 339 416 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар алдаатай дүгнэлт хийжээ. Өмнө өгүүлсэнчлэн гэрээ байгуулж, олгосон санхүүжилтээр угааж самнасан хонины ноосыг худалдан авч үйлдвэрлэсэн утасны тоо хэмжээ болон зарцуулаагүй үлдсэн мөнгө, өөрөөр хэлбэл үйлдвэрлээгүй 280,8 кг утасны үнэд тооцож 8 555 441 төгрөгийг, гэрээний хугацаанд тооцох зээлийн хүүнд 1 892 147 төгрөг, нийт 10 447 588 төгрөгийг тооцоо нийлж төслийн дансанд шилжүүлсэн. Харин үлдэх үнийн дүнгийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч М ХХК нь тодорхой хэмжээний төлбөр төлснийг нь дамжуулан нэхэмжлэгчид төлсөн хэрэг байсныг хууль зүйн талаас нь буюу хэний үүргийн гүйцэтгэл болохыг тодорхойлоогүй алдаатай дүгнэлт хийжээ. Мөн С ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрсөн дангаар хариуцахгүй гэрээний дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ оногдох төлбөр, алдангид нийт 65 670 024 төгрөгийн төлнө гэсэн тооцоонд 11 546 859.5 төгрөгийн алданги орсон байгааг тооцож үзээгүй, үүний улмаас хариуцагч 55 210 090 төгрөгийн алданги хариуцах биш 66 756 949.5 төгрөгийн алданги хариуцахаар болж байна. С ХХК нь хүлээн зөвшөөрсөн 65 670 024 төгрөгөөс давхардан тооцогдсон 11 546 859.5 төгрөгийн алдангийг хасч 54 123 164.5 төгрөг хариуцахаар бодит тооцоо гарч байна. Иймд шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д заасныг үндэслэн хариуцлагаас чөлөөлөх ёстой юм. Нэгэнтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтууд, удаа дараагийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчдөөс өгч ирсэн тайлбарууд, түүнчлэн ХҮГСДХ-1/11 дугаартай гэрээнд тодорхой заасанчлан төлбөрийг төлж барагдуулах үүрэг С ХХК хүлээгээгүй, гагцхүү олгосон санхүүжилтээр хонины угааж самнасан ноос худалдан авч, ээрмэл утас үйлдвэрлэн, гэрээний хавсралт 2-д нэрлэж заасан сүлжмэлийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр хүлээлгэн өгснөөр үүргээ биелүүлсэнд тооцох, учиртай нөхцөл байдлууд хангалттай тогтоогдож байгаа, түүнчлэн гэрээгээр олгосон мөнгөн хөрөнгийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэнд тус компани буруугүй байх тул аливаа хариуцлагаас чөлөөлөх нь хуульд нийцэх бөгөөд хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ХХ нь С ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт, үндсэн зээл 216 444 559 төгрөг, зээлийн хүү 104 651 587.50 төгрөг, алданги 55 080 223.90 төгрөг нийт 376 176 370.40 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Харин нэхэмжлэгч байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А ХХК, М ХХК, А ХХК-иудад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаа багасган, 347 771 321.70 төгрөг болгосон байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Уг шаардлагыг С ХХК дангаар хариуцахгүй, гэрээний дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ оногдох төлбөр, алданги нийт 65 670 024 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, хариуцагч нараас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Хөдөлмөрийн яамны хооронд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/02 тоот Дамжуулан зээлдүүлэх гэрээг үндэслэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам,С ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХҮГСДХ-1/11 тоот Зээлийн гэрээ байгуулагджээ. х.6-17/

Дээрх зээлийн гэрээгээр сурагчийн дүрэмт хувцасны сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утсанд шаардагдах санхүүжилтэнд зориулж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 225 000 000 төгрөгийг зээлдэгч С ХХК-д хөнгөлөлттэй нөхцлөөр өгөх, зээлдэгч 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэйгээр зээлийг хуваарийн дагуу буцаан төлөх, үндсэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0,01 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалттай нийцжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдэгч гэрээгээр хүлээн үүргээ зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчээс шаардах эрхтэй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь 225 000 000 төгрөгийг хариуцагч С ХХК-д шилжүүлж, хариуцагч С ХХК нь гэрээний дагуу 37 339 416 төгрөг, зээлийн хүү 1 892 147 төгрөг, нийт 39 231 563 төгрөгийг төлж, зээлийн төлөлтөөс 187 660 584 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн гэрээний нарийвчилсан тооцоо, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газрын санхүүгээс гаргасан Оёдлын нэгдсэн холбоо, Сурагчийн дүрэмт хувцас төслийн зээл төлөлтийн тооцоогоор тогтоогдож байна. /1-р хх.18, 19, 3-р хх.87/

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.11 дэх хэсэгт Үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0,01 хувиар тооцож, алданги төлүүлэхээр заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагч С ХХК-иас алдангид 55 210 090 төгрөгийг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүхээс хариуцагч С ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 242 870 674 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 104 900 647 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Тодруулбал, талууд 4 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нь гэрээний Хавсралт №2 буюу Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1 892 147 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү тооцсон нь үндэслэлгүй байх тул зээлийн хүүгийн төлбөрт шаардсан 104 900 647 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ холимог гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, мөнгөн хөрөнгө шилжсэн тул холимог гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгөн хөрөнгөө хэрхэн зарцуулсан нь гэрээний шинж байдалд нөлөөлөхгүй юм. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан ...алдангид 54 123 164.5 төгрөгийн төлбөрийг хариуцуулж, үлдэх төлбөрийг бусад хамтран хариуцагч нараас гаргуулах, С ХХК-иас алдангид 55 210 090 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгох, буруутай этгээдүүдээс оногдох хувийг гаргуулах өөрчлөлтүүдийг тус тус оруулах агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/00757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч төлсөн 1 372 304 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО