Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/00809

 

2021 оны 3 сарын 26 өдөр Дугаар 102/ШШ2021/00809 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулгыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох,

Ажлын хөлс 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Би Монголын төмөр зам ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын төслийн хүрээнд Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын трассын Т туслан гүйцэтгэгч компанийн хариуцсан зам гүүрийн барилгын ажил дээр 2020 оны 4 дүгээр сараас эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл арматурчнаар ажилласан. 2020 оны 7 дугаар сар хүртэл цалингаа тогтмол олгодог байсан боловч үүнээс хойш 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цалин өгөөгүй. Ажилчид Т ХХК-ийн инженер болон удирдлагуудад удаа дараа цалин хөлсөө авахаар хүсэлт гаргаж, 2020 оны 12 дугаар сард тус компанийн ерөнхий захиралтай ТВ-8 телевизийн сэтгүүлчийн хамт уулзахад бид ажилчдын цалин хөлсийг цаг тухайд нь өгсөн, та нар ерөнхий инженер Э.Н уулзаж учраа ол, надад хамаагүй гэж хэлсэн.

Би нийт ажлын хөлс 7,000,000 төгрөг авахаас тамхи болон бусад зардлыг хасаж 5,000,000 төгрөг авахаар байгаа. Хариуцагч Э.Н нь намайг 2020 оны 7,8 дугаар сард дутуу ажилласан гэж байна. 4 дүгээр сараас ажил эхлээд 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилласан. Ингээд наадмаар хэд хоног амарч хотод байж байгаад 7 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа ирсэн. Хэд хоногийн дараа бие өвдөөд 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Энэ хугацааны цалингаа хасаж бодсон байгаа. Мөн Б.С-н гэрт цугларч ажлын хоног өдрөө бодож өөр өөрөөр нь гарын үсэг зуруулсан гэж байна. Миний бичсэн баримт байгаа бол одоо гаргаад өг. Би хүлээн зөвшөөрөөгүй гараад явсан. Уг нь 5,750,000 төгрөг нэхэмжлэхээр байсан боловч тэмдэгтийн хураамж төлөхдөө би өөрт байгаа мөнгөндөө тааруулж 5,000,000 төгрөгөөр нэхэмжлэлээ гаргасан. 7 дугаар сарын 09-ний өдөр миний данс руу 1,400,000 орчим төгрөг шилжүүлж, 100,000 төгрөг дутуу өгсөн.

Өмгөөлөгч: Нэхэмжлэгч хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажлын хөлс 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2020 оны 4 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нэг хоногийн 50,000 төгрөгөөр ажилласан боловч 2020 оны 7 дугаар сараас хойш ажлын хөлс өгөөгүй байна. Анх Т ХХК-ийг ажлын хөлс өгөөгүй байна гэж үзээд тус компанийг хариуцагчаар татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т ХХК-ийн Э.Н, Б.С нартай байгуулсан гэрээний дагуу Э.Н гэх хүнд нэр бүхий ажилчдын цалинг өгсөн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг сольж Э.Нг жинхэнэ хариуцагчаар сольсон.

Монгол улсын Үндсэн хуульд заагдсан иргэний баталгаатай эдлэх эрх буюу хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг хөлсөөр ажиллуулах гэрээний нэг тал болох Э.Н зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагчийн хариу тайлбар дээр Г.Г-н ажилласан хугацааны төлбөрийг өгсөн, одоо 700,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2020 оны 8, 9 дүгээр саруудад тодорхой хугацаанд ажил хийгээгүй гэж байгаа нь өөрөө Г.Г-г ажиллаж байсан гэдгийг тайлбараараа нотолж байна. Хариуцагч тал нэхэмжлэгч Г.Г-н ажилласан өдөр болон ажиллаагүй хоногийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Хэдэн төгрөг шилжүүлсэн, хэдэн төгрөгийг өгөөгүй гэх нотлох баримтаа шүүхэд мөн адил гаргаж өгөөгүй.

Г.Г нь Зүүнбаян-таван-толгой чиглэлийн төмөр замын ажилд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажилласан нь гэрч Э.Т, Б.Б нар болон нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч өөрсдөө нотлох баримтаа гаргаж цуглуулах үүрэгтэй боловч өнөөдөр хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Хөлсөөр ажиллах гэрээг Э.Н нэр бүхий ажилтантай байгуулсан. Хавтаст хэрэгт Э.Т-н хөлсөөр ажиллах гэрээг нэхэмжлэгч шүүхэд өгсөн. Хариуцагч болон хариуцагчийн оролцуулсан гэрчийн зүгээс Г.Г-г ажиллаж байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүнийг хөдөлмөрлүүлж, ажиллуулж байгаа бол цалин хөлсийг гэрээнд заасан үндэслэлээр цалин хөлсийг өгөх үүрэг нь гэрээний нэг тал болсон Э.Н-т оногдож байгаа. Хариуцагчийн зүгээс Г.Г-д 2,485,000 төгрөг өгсөн, тамхи болон бусад зардалд 200,000 төгрөгийн суутгал хийсэн, үлдэгдэл 700,000 төгрөг байгаа нь баримтаар тогтоогдохгүй, эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...гэв.

Хариуцагч Э.Н шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Э.Н миний би Т ХХК-иас ажил авч гүйцэтгэх хугацаанд иргэн Г.Г ажилд авч, 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллахдаа нийт 68 хоног ажилласан бүртгэл байдаг. Нийт цалин 3,400,000 төгрөг болж байгаагаас 2,485,000 төгрөг өгч, тамхи болон ирж буцах зардал 200,000 төгрөг суутгаад, үлдэгдэл 700,000 төгрөг өгөх үлдсэн. Бригад хариуцаж байсан Б.С ажилсан хоног, авсан мөнгөн дүнг нотлох баримттай болно.

Нэхэмжлэгч Г.Г 2020 оны 6 дугаар сараас хойш бүтэн ажиллаагүй. Ажилласан хоног, тасалсан хоногийг өөрийнх нь гараар бичээд тооцсон цаас нь байгаа. 2020 оны 8 дугаар сард бороо их орсон болохоор ажил зогсонги байж 15 хоног ажиллаагүй. 2020 оны 9 дүгээр сарын хоног дутуу байсан болохоор яг ажилласан хоногоор нь бодсон. Гэвч Г.Г бүх сараа бүтнээр нь бодсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бригадын бүртгэл, санхүүг хариуцаж байсан Б.С нь мөнгө шилжүүлсэн баримт болон ажилласан, ажиллаагүй хоногийн бүртгэлийг эх хувиар нь аваад орж ирнэ. Сарын өмнө Э.Т, Б.Б, Г.Г бид хэд Б.С цугларч ажилласан хоног өдрөө цаасан дээр тооцож бодсон эх хувь нь байгаа. Тухайн үед Г.Г үлдэгдэл 700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд явсан. Гэвч тооцоо гаргасан баримтаа Г.Г өөрөө аваад явсан юм байна. Түүний зураг нь миний гар утас дээр байгаа боловч нотлох баримтаар яаж гаргаж өгөхөө мэдэхгүй байна. Тухайн үед 700,000 төгрөг байна гэж тохиролцоод маргааш нь Г.Г данс руу шилжүүлэх гэсэн боловч өөрөө аваагүй. Сүүлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөх үеэр 700,000 төгрөгийг 1,500,000 болгож өгье гэж санал тавьж байсан боловч тохиролцоогүй. Т ХХК-ийн мөнгө аваад ажилчдаа хохироосон зүйл байхгүй. Хоёр гурван хүнд ажлын хөлсийг бүрэн өгөөгүй. Тэр хүмүүстэйгээ байнгын холбоотой байдаг. Дараагийн ажлын цалингаас үлдэгдэл цалингийн мөнгийг гаргаад явъя гэж ярилцсан. Г.Г хөлсөөр ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй. Тухайн үед байсан хүмүүстэй гэрээ байгуулсан. Тэр үед Г.Г байгаагүй учир аман хэлбэрээр гэрээ байгуулж, өдрийн 50,000 төгрөгийн хөлсөөр ажиллана гэж тохиролцсон. Үүнтэй бол маргахгүй. Ажлын хөлс 630,000 төгрөгийг Б.С дансаар шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг би өөрийнхөө дансаар шилжүүлсэн. Бас өөр хүний дансаар 500,000 төгрөг шилжүүлсэн хуулга нь байгаа...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Г нь Туулын гүүр далай ХХК-д холбогдуулан, хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компани нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдсоноор нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Т ХХК-ийг жинхэнэ хариуцагч Э.Н сольж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулсан болно.

Хариуцагч Э.Н нэхэмжлэлийн шаардлагаас 700,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 4,300,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, ...Г.Г нийт ажилласан 68 хоногийн ажлын хөлсөнд 3,400,000 төгрөг төлөхөөс 2,485,000 төгрөг, тамхи болон ирж буцах замын зардалд 200,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч ажиллаагүй хугацааг оруулж үндэслэлгүйгээр илүү хөлс нэхэмжилсэн байна... хэмээн тайлбарлаж маргасан.

Г.Г, Э.Н нар хөлсөөр ажиллах гэрээг аман хэлбэрээр байгуулан, нэхэмжлэгч нь хариуцагчийн туслан гүйцэтгэгчээр ажиллах Дорноговь аймгийн Сайншанд сум, Зүүнбаян өртөө, төмөр бетон гүүрний ажлын барилга угсралтын ажилд арматурчнаар ажиллах, 1 өдрийн ажлын хөлс 50,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний гол нөхцөл болон нэг өдрийн ажлын хөлсний хэмжээний талаар маргаагүй. Харин нэхэмжлэгчийн нийт ажилласан хугацаа, мөн олгогдох ёстой ажлын хөлсийн үлдэгдлийн талаар харилцан өөр өөрийн үндэслэл гарган маргаж мэтгэлцлээ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Э.Т ...Би Дундговь аймгийн төмөр замын ажилд арматурчинаар 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажилласан. Манай бригад 15 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Намайг ажиллах хугацаанд Г.Г ажиллаж байсан. Тэр 5 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сар хүртэл ажилласан. Баярын өдөр, амралтын өдөр ажилладаг байсан... гэж, дараагийн гэрч Л.Б ...би 2020 оны 5 дугаар сарын 20-оос эхэлж ажиллаад 2020 оны 7 дугаар сарын 26,27-нд хот руу орж, 2020 оны 8 дугаар сарын 15-нд буцаж Дундговь аймагт ирээд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажилласан болохоор тэр хооронд Г.Г хэзээнээс хэдэн хүртэл ажиллаж байсныг сайн мэдэхгүй. Намайг анх ажиллахад Г.Г ажиллаж байсан. Хот ороод нэг сар болоод ирэхэд ажиллаж л байсан... гэж, мөн гэрч Б.С ...2020 оны 7 дугаар сарын 17-с 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 43 хоног ажилласан. Бүтэн ажиллаагүй. Ажлаас чөлөө авч явах, буцаж ирэхэд нь би ажилчдаар гарын үсэг зуруулж тэмдэглүүлдэггүй, өөрөө дэвтэрт бичдэг байсан. Цалингаас 700,000 төгрөг үлдсэн байгаа. ... Өөрсдийнхөө ажилласан хугацааг өөрсдөө бод гээд цаас өгсөн. Тооцсон баримт нь өөр өөрт нь байгаа. Бодсон цаас нь надад байхгүй. 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлээд ажилласан хүмүүсийн тэмдэглэлийг хөтлөөд явдаг. Цалин мөнгө өгөхдөө гарын үсэг зуруулдаг. Амралтын өдөр харгалзахгүй ажилладаг байсан. ...Г.Г 2020 оны 5 дугаар сард анх ажиллаж эхэлсэн... гэж тус тус мэдүүлж байна.

Зохигчдоос шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрчүүдийн дээрх мэдүүлэг зэргийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Г.Галсанцэрэн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 145 хоног ажилласан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч Э.Нисэхбаяр нэхэмжлэгчийг 68 хоног ажилласан гэх боловч уг тайлбараа нотлоогүй, түүний тайлбар гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Харин хариуцагчаас нэхэмжлэгчид 2,485,000 төгрөгийн ажлын хөлс төлсөн болохоо тайлбарлаж, үүнийг нэхэмжлэгч баримтаар няцааж маргаагүй, ажлын хөлсийг дансаар хүлээн авч байсан талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан тул Э.Н ажлын хөлс 2,485,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэв.

Ажиллуулагчаас нийт 7,250,000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөс 2,485,000 төгрөгийг хасч, Э.Н Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу үлдэх 4,765,000 төгрөгийг гаргуулан Г.Г олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 235,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Н 4,765,000 /дөрвөн сая долоон зуун жаран таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 235,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 91,190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА