Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01031

 

 

 

 

Г.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00809 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Н-т холбогдох ажлын хөлс 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Г.Г- нь ТГД ХХК-тай сард 1 500 000 төгрөгийн хөлс авахаар харилцан тохиролцож, хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Монголын төмөр зам ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн хүрээнд зам гүүрийн барилгын ажил дээр 2020 оны 04 сараас 2020 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Гэтэл санхүүжилт орж ирээгүй гэдэг шалтгаанаар 2020 оны 07 сараас хойшхи хугацааны цалин хөлсийг өгөөгүй. 2020 оны 12 сард тус компанийн Ерөнхий захиралтай ТВ8 телевизийн сэтгүүлчийн хамт уулзахад бид ажилчдын цалин хөлсийг цаг тухайд нь өгсөн, та нар Ерөнхий инженер Э.Н-тай уулзаж учраа ол, надад хамаагүй гэж хэлсэн. Э.Н- нь ТГД ХХК ажлын хөлсөө өгөхгүй байна гэж биднийг хуурч өдий хүрсэн. Тэрээр ТГД ХХК-д ХАБ-ын инженерээр ажилладаг бөгөөд 2020 оны 12 сарын 31-ний өдөр ажлын хөлс гэж 500 000 төгрөг өгсөн. Төмөр замын зам гүүрийн барилгын ажилд ажилласан хөлс 5 000 000 төгрөг байгаа. Э.Н-аас хөлсөө нэхэхэд мөнгө байхгүй, барилгын ажил авч байгаад өгнө гэдэг.

Иймд хариуцагчаас ажлын хөлс 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: ТГД ХХК-аас ажил авч, гүйцэтгэх хугацаанд Г.Г-г 2020 оны 06 сарын 01-ний өдрөөс нийт 68 хоног ажилласан бүртгэл байдаг. Үүнд тооцогдох цалин 3 400 000 төгрөгөөс 2 485 000 төгрөгийг өгсөн, мөн тамхи болон ирж, буцах зардалд 200 000 төгрөг суутгасан, үлдэгдэл 700 000 төгрөг өгнө. Бригад хариуцаж байсан н.Сайнбаярт ажилласан хоног, авсан мөнгөний дүнг нотлох баримт байгаа гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Н-аас 4 765 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 235 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 91 190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Э.Н-ыг хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд түүнийг иргэний хэрэг хариуцагчаар оролцуулах тухай шүүгчийн захирамжийг гаргалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. Шүүхэд нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Э.Н-аас 1 өдрийн ажлын хөлсийг 50 000 төгрөгөөр тооцон авахаар тохирсон, хөлсөөр ажиллах гэрээний хугацаа, нэхэмжлэлийн шаардлагад заасан 145 хоног ажилласан, гэрээний үр дүнг дүгнэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ажлын хөлсийг харилцан төлөх тооцоо нийлсэн үйл баримтаа нотлоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчин хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Г- нь анх хариуцагч ТГД ХХК-д холбогдуулан ажлын хөлс 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж /хх 1-2/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ТГД ХХК-ийг хариуцагч Э.Н-аар солиулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ. /хх 21, 24/

 

Шүүхийн зүгээс хариуцагч Э.Н-т эрх, үүргийг нь тайлбарлан өгөх, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулах, хэргийн материал танилцуулах, шүүх хуралдааны тов мэдэгдэх зэрэг ажиллагааг тус тус 2021 оны 03 сарын 25-ны өдөр хийж /хх 11, 12-арын нүүр, 25, 32/, нэг хоногийн дараа буюу 2021 оны 03 сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэжээ. Мөн хариуцагч Э.Н-т нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан баримтад огноо тавигдаагүй, хариу тайлбар өгөх хугацааг тодорхойлоогүй байна. /хх 27/

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч Э.Н-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх боломжийг олгоогүй, улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасан журмын дагуу мэтгэлцэх боломжийг олгоогүй атлаа хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Шүүхээс хариуцагч Э.Н-т холбогдуулан ажиллагаа хийсэн огноо /2020.03.25/, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн огноо /2020.03.26/ зэргийг хариуцагч талын шүүхэд бичгээр гаргасан ...Бригад хариуцаж байсан н.Сайнбаярт ажилласан хоног, авсан мөнгөний дүнг нотлох баримт байгаа... гэсэн тайлбар, шүүх хуралдааны явцад гаргасан ...Б.Сайнбаяр гэдэг хүн мөнгө шилжүүлсэн баримт болон ажилласан ажиллаагүй хоногийн бүртгэлийг эх хувиар нь аваад орж ирнэ..., ...бид хэд Б.Сайнбаярынд цугларч ажилласан хоног өдрөө цаасан дээр тооцож бодсон эх хувь нь байгаа..., ...Бид Б.Сайнбаярын гэрт цуглараад өөрсдийнхөө ажилласан хугацааг тооцоод гаргасан баримтаа Г.Г- өөрөө аваад явсан юм байна. Түүний зураг нь миний гар утас дээр байгаа боловч нотлох баримтаар яаж гаргаж өгөхөө мэдэхгүй байна..., ...Бас өөр хүний дансаар 500 000 төгрөг шилжүүлсэн хуулга нь байгаа... гэсэн тайлбар зэрэгтэй харьцуулан үзэхэд шүүх хариуцагч талд татгалзлаа нотлох, нотлох баримт цуглуулж, гаргаж өгөх, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх буюу мэтгэлцэх боломжийг бодитоор олгоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00809 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 05 сарын 27-ны өдөр төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР