Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2021/00655

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 16 өдөр Дугаар 102/ШШ2021/00655 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А холбогдох,

Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Л.Б нар Б.Б төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 00 тоот хаягт байрлах 56,3 м.кв хоёр өрөө орон сууцыг 2010 онд өөрийн ээж И.А хамтран худалдан авахаар болж байрны төлбөрт 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10,215,000 төгрөгийг төлсөн. Улмаар ээж банкнаас 25,000,000 төгрөгийн зээл авч, үлдэгдэл төлбөрийг Номин констракшн ХХК-д төлж дууссан. Энэ зээлийн төлбөрөөс би төлөлцсөн. Би өөрөө БНХАУ-ын Хөх хотод сурж ажилладаг тул орон сууцны Улсын бүртгэлийн гэрчилгээ гарахад байхгүй байсан учир ээжийн нэр дээр гэрчилгээ гарсан. Би Монголд очоод байрандаа амьдарна, өмчлөлийг нь бусдад шилжүүлэх, барьцаанд тавьж болохгүй гэдгийг ээж И.Алтантуяад хэлж байсан боловч үеэл дүү Ж.Б ятгалагад автаж миний хөрөнгө гаргаж авсан орон сууцыг Ж.Билгүүний бусдаас зээлсэн мөнгөний барьцаанд тавьж, улмаар үеэл энэ зээлээ төлөөгүй учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3991 тоот шийдвэрийн дагуу тус байр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт одоо хураагдах гэж байгааг надад 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр хэлснээр би мэдсэн. Энэ талаар сонсоод сэтгэл санааны хувьд хүнд байдалд ороод шүүхээр эрхээ хамгаалуулахаар хандаж байна. Миний бие тус байрыг худалдан авахад 10,215,000 төгрөгийг ээж рүү явуулж, тухайн мөнгийг ээж Номин констракшн ХХК-д миний өмнөөс төлж, баримтыг нь Монголд очиход надад өгсөн. Бусад байдлаар ч мөнгө шилжүүлж байсан учир энэ орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж өөрийгөө үзэж байна. Одоо орон сууцны хамтран өмчлөгчөөр өөрийгөө оруулъя гэхээр ээж боломжгүй гээд байгаа. Иймд Б.Б дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Хариуцагч И.А нь нэхэмжлэгчийн төрсөн ээж бөгөөд энэ маргаан бүхий орон сууцыг худалдан авахаас өмнө амьдрах байргүй байсан. Тухайн орон сууцыг 60,000,000 төгрөгөөр захиалж, урьдчилгаа төлбөр 35,000,000 төгрөгийг Б.Б өгөөд, үлдэх 25,000,000 төгрөгийг И.А банкнаас зээл авч төлсөн. 2011 онд цахим гүйлгээ хөгжөөгүй байсан учир Б.Б нь урьдчилгаа төлбөрийг хүнээр дайж бэлнээр ээждээ хүргүүлдэг байсан. Тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч учраас хамтран өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байгаа. Ингэснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар гомдол гаргаж, энэ ажиллагаанд оролцох боломжтой болох юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

Хариуцагч И.А төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ 2010 онд 00 тоотод байрлах 56,3 м.кв хоёр өрөө орон сууцыг И.А хамтран худалдан авахаар болж, байрны төлбөрт 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10,215,000 төгрөгийг төлсөн, мөн бусад байдлаар байрны үлдэгдэл төлбөрийг төлөхөд оролцож байсан талаар дурджээ. Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан мөнгө тушаасан баримтаас харахад 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Номин констракшн ХХК-д 10,215,000 төгрөгийг хариуцагч И.А төлж, гарын үсэг зурсан нь харагдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна. 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2021/01875 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас Орон сууц захиалгын гэрээ, орон сууцны төлбөр төлсөн баримт зэргийг гаргуулахаар болсон. Орон сууц захиалгын гэрээний тухайд одоогоос 10 жилийн өмнө байгуулагдаж байсан бөгөөд хариуцагч нь гээгдүүлсэн учир уг гэрээ нотлох баримтаар гарган өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч И.А холбогдуулан, хариуцагчийн өмчлөлийн 00 тоот дахь 56,3 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч И.А итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, орон сууцны төлбөрийг хариуцагч төлсөн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Маргаан бүхий орон сууцыг хариуцагч И.А 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Номин констракшн ХХК-тай №Ө-0 тоот Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, орон сууцны төлбөрт 68,100,000 төгрөгийг 4 хувааж төлөхөөр харилцан тохиролцсон, уГ төлбөрийг төлж барагдуулан өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Номин констракшн ХХК-тай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-5, 39-40/

Улмаар И.А өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг иргэн Ж.Б М.Г нарын байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалан, зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Ж.Б төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэр гарч, тухайн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03991 дүгээр шийдвэр, тус шийдвэрийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1301 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2016/01184 дүгээр тогтоол, мөн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4-188/246 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-10, 43-52/

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл улсын бүртгэлд бүртгүүлснээр бий болж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч өмчлөх эрхээ ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

Гэтэл нэхэмжлэгч Б.Б орон сууцыг худалдаж авахад 2010 оны 12 дугаар сард 10,215,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх, мөн банкны зээлийн төлбөрийг төлж, улмаар түүнийг Монгол улсад буцаж ирэхэд Улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх талаар хариуцагчтай тохиролцсон зэрэг тайлбарыг гаргах боловч нэхэмжлэлийн шаардлагын эдгээр үндэслэлээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй буюу тухайн орон сууцыг И.А хамтран өмчлөх эрхтэй болох нь нотлогдохгүй байх тул Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б тэмдэгтийн хураамжид төлсөн 178,390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд, хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх, шинээр ирсэн нотлох баримтуудтай танилцах шаардлагагүй талаар шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын эзгүйд хэрэгт цугларсан бичмэл баримтууд болон зохигчоос гаргасан тайлбар зэргийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан, И.А холбогдуулан, 0 тоот дахь 56,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА