Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00864

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00864

 

 

 

 

                                       Б.Бын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/00655 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Бын хариуцагч И.Ад холбогдуулан гаргасан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцсон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... 56.3 м.кв хоёр өрөө орон сууцыг 2010 онд өөрийн ээж И.Атай хамтран худалдан авахаар болж байрны төлбөрт 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10 215 000 төгрөг төлсөн. И.А банкнаас 25 000 000 төгрөгийн зээл авч, үлдэгдэл төлбөрийг “Номин констракшн” ХХК-д төлж дууссан. Тухайн үед БНХАУ-ын Хөх хотод сурч ажилладаг байсан тул орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ ээж И.Агийн нэр дээр гарсан. Монголд ирээд орон сууцандаа амьдарна, орон сууцны өмчлөлийг бусдад шилжүүлэх, барьцаанд тавихгүй байхыг ээж И.Ад хэлж байсан. Гэтэл И.А үеэл дүү Ж.Бий ятгалагад автаж орон сууцаа түүний зээлийн гэрээний барьцаанд тавьсан. Ж.Б зээлээ төлөөгүй учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3991 дугаар шийдвэрийн дагуу орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдах гэж байгааг 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр хэлсэн. Б.Б нь байрны төлбөрт бусад байдлаар мөнгө шилжүүлж байсан тул орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэж байна.

Хариуцагч И.А орон сууцыг худалдан авахаас өмнө амьдрах байргүй байсан. Орон сууцыг 60 000 000 төгрөгөөр захиалж, Б.Б урьдчилгаа төлбөрт 35 000 000 төгрөг төлж, үлдэх 25 000 000 төгрөгийг И.А банкнаас зээл авч төлсөн. 2011 онд цахим гүйлгээ хөгжөөгүй байсан учир урьдчилгаа төлбөрийг ээж И.Ад хүнээр дамжуулан бэлнээр өгсөн. Иймд Б.Быг орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “Номин констракшн” ХХК-д хариуцагч И.А 10 215 000 төгрөгийг төлж, гарын үсэг зурсан болох баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй. Орон сууц захиалгын гэрээг 10 жилийн өмнө байгуулж байсан тул хариуцагч гээгдүүлсэн учраас нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй боломжгүй тул хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан И.Ад холбогдуулан ... 56,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 390 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Очирын давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Нэхэмжлэгч Б.Б нь ... 56.3 м.кв 2 өрөө орон сууцыг 2010 онд хариуцагч И.Атай хамтран худалдан авахаар байрны төлбөрт 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10 215 000 төгрөгийг төлсөн. Улмаар хариуцагч нь банкнаас 25 000 000 төгрөгийн зээл авч, үлдэгдэл төлбөрийг “Номин констракшн” ХХК-д төлж дуусгасан. Уг зээлийн төлбөрөөс нэхэмжлэгч Б.Б төлөлцсөн. Тэрээр БНХАУ-ын Хөх хотод сурч, ажилладаг байсан учир орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгэгдээгүй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.2.1-т зааснаар орон сууцны зарим төлбөрийг Б.Б нь төлж байсан учир тухайн эд хөрөнгийн хамтран өмчлөгч мөн. Шүүх нэхэмжлэгч тал орон сууцны төлбөр төлсөн, хариуцагчтай хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх талаар тохиролцсон зэрэг тайлбараа нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч И.А тухайн байрны төлбөрт Б.Б мөнгө өгсөн талаар хэлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч И.Ад холбогдуулан ... 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “69 тоот орон сууцыг ээж И.Атай хамтран худалдаж авсан боловч БНХАУ-д суралцдаг байсан учраас өмчлөх эрхийн гэрчилгээнд нэрээ оруулж чадаагүй, байрны урьдчилгаа төлбөрт 35 000 000 төгрөг төлсөн” гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, төлбөрийн даалгавар, кассын орлогын ордер, Голомт банкны орлогын мэдүүлэг, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол зэрэг баримтуудаар   маргааны зүйл болсон орон сууцыг хариуцагч И.А нь “Номин констракшн” ХХК-тай 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны 68 100 000 төгрөгийг төлснөөр өмчлөгчөөр бүртгэгджээ. /хх12, 41-42, 47-56, 64-67/

Уг орон сууц нь М.Ганчимэг, Ж.Б нарын 68 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт  барьцаалагдаж, үүргийн гүйцэтгэлийг  хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан байх ба шүүхийн шийдвэр биелэгдээгүйн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. /хх47-49/

          Нэхэмжлэгч нь орон сууцны үнэд бэлнээр болон шилжүүлгээр нийт 35 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг боловч 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 215 000 төгрөг нь хариуцагч И.Агийн нэрээр төлөгдсөн байх ба талууд орон сууц худалдан авах, үнийг хэрхэн төлөх талаар тохиролцсон гэрээ хэлцэлгүй, мөнгө өгч авалцсан баримтгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн этгээд тухайн хөрөнгийн хамтран өмчлөгч байх хуулийн зохицуулалтгүй. Харин оруулсан хөрөнгөө буцаан шаардахад энэ магадлал саад болохгүй юм.

            

Нэхэмжлэгч Б.Б нь “...Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.2.1-т зааснаар маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн...” гэж давж заалдах гомдол  гомдол гаргасан боловч анхан шатны шүүхэд энэ талаар маргаж, мэтгэлцээгүй. Тэрээр шаардлагын үндэслэлээ орон сууц худалдан авахад зориулж мөнгө төлсөн учраас хамтран өмчлөгч байх ёстой гэж тайлбарласан бөгөөд  зохигчид энэ үндэслэлийн  хүрээнд мэтгэлцсэн байх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн маргаанд хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг нь өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийн зохицуулалт юм. Харин тухайн маргаан нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсгийн “хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэх зохицуулалтад илүү хамаарна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/00655 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... 106 дугаар зүйлийн 106.2” гэснийг “... 108 дугаар зүйлийн 108.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

                                     ШҮҮГЧИД                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    А.МӨНХЗУЛ