Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/00271

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2021/00271

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14-р хороо, Б ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, , И ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 53 482 970 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч М.Ө шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бр ХХК нь И ХХК-тай 2018 оны 03-р сарын 20-ны өдөр 2018/018 дугаартай худалдах,худалдан авах гэрээ байгуулж 3 төрлийн 11 ширхэг трансформаторыг нийт 65 100 000 төгрөгөөр худалдан авсан. Б ХХК нь барааны үнийг бүрэн төлж 11 трансформаторыг худалдагчаас хүлээн авсан. Гэтэл 6 ширхэг трансформатор нь чанарын шаардлага хангахгүй, доголдолтой байсан тул гэрээний 5.4 дэх хэсэгт зааснаар доголдлыг арилгуулах шаардлагыг худалдагчид тавьсан. Худалдагч нь доголдлыг арилгаж чанарын шаардлага хангасан, ижил төрлийн 6 ширхэг трансформатороор сольж өгсөн. Ийнхүү бидний хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон. Тухайн үед И ХХК нь шинээр 6 ширхэг трансформатор худалдан авахад санхүүжилтгүй байсан тул манай компаниас мөнгө зээлж, уг мөнгөөрөө трансформатор нийлүүлэх хүсэлт тавьсан. Хүсэлтийг хүлээн авч 2018 оны 12-р сарын 13-ны өдөр 2018/173 тоот зээлийн гэрээ байгуулж 81000 юань буюу 30 984 120 төгрөгийг сарын 2.1 хувийн хуүтэйгээр 2019 оны 2-р сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар зээлдүүлсэн. Ингэснээр бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд доголдолтой 6 трансформаторыг зээлийн гэрээний барьцаанд авч үлдсэн. Гэтэл зээлдэгч нь энэхүү зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь 2 сарын дотор төлөх үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2019 оны 5-р сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 10-р сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг нийт 7 000 000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн. И ХХК-ийг төлбөрөө төлсөн тохиолдолд хадгалагдаж байгаа 6 ширхэг доголдолтой трансформаторыг хүлээлгэн өгнө. Зээлийн гэрээний 1-р зүйлийн 1.9-д гэрээний хугацаа дууссан нь зээлдүүлэгчид төлөх төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй, 4-р зүйлийн 4.2-т зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлнө гэж тус тус заасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 11-р сарын 13-ны өдрийн И ХХК нь үндсэн зээл 23 984 120 төгрөг, зээлийн хүү 12 529 329 төгрөг нийт 36 513 449 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүний 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 16 969 520 төгрөг нийт 53 482 970 төгрөгийг төлөхөөр байгаа тул гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин тооцооллыг зөвтгөж И ХХК-иас үндсэн зээл 25 632 476 төгрөг, алданги 12 162 238 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 11 711 988 төгрөг нийт 49 506 702 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч М.Ө шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК-тай 2018 оны 03-р сарын 20-ны өдрийн 2018/018 дугаар Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах шаардлага гаргасан. 2 тал 2018 оны 12-р сарын 13-ны өдөр 2018/173 тоот зээлийн гэрээ байгуулж 2018 оны 12 сарын 13-ны өдрөөс 2019 оны 02-р сарын 28-ны өдөр хүртэл буюу зээлийг 2 сарын хугацаагаар зээлсэн. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ...Зээлдэгч нь зээлийг гэрээний 1.5-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн саруудад гэрээний 1.4-т заасан хүү тооцогдоно..." гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү .. төлөх үүрэгтэй..., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт ...Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө... гэж тус тус заасантай нийцээгүй. Хуулийн этгээд Б ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийг олгож, зээлдэгчийн хугацаандаа төлөөгүй зээлд хүү тооцсон нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцсон зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн 660 хоногийн алдангид 16 969 520 төгрөг тооцсоныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд зээлийн гэрээгээр талууд хүү төлөх хугацааг тохиролцоогүй атал нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд үндсэн төлбөр, хүүнээс алданги тооцсон нь үндэслэлгүй тул энэ хугацаанд болон хугацаа хэтэрсэн зээлийн хүүнээс тооцсон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 6-р зүйлийн 6.1 дэх хэсэгт Энэ гэрээ нь талуудын тэгш эрх, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан ба талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлснээр хуулийн хүчин төгөлдөр болно гэж заасан. Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох, гэж заасны дагуу талууд гэрээг нотариатаар гэрчлүүснээр хуулийн хүчин төгөлдөр болохоор тохиролцсон хэдий ч энэхүү шаардлага хангагдаагүй, гэрээний хэлбэр зөрчигдсөн тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжтой гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь И ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 53 482 970 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 49 506 702 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 38 383 645 төгрөгийг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Б ХХК нь И ХХК-тай 2018 оны 12-р сарын 13-ны өдөр 2018/173 тоот зээлийн гэрээ байгуулж 81000 юань буюу 30 984 120 төгрөгийг сарын 2.1 хувийн хуүтэйгээр, 2019 оны 2-р сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар зээлүүлэхээр /хх 16-19/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний 6-р зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэрээ нь талуудын тэгш эрх, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Гагцхүү гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлснээр хуулийн хүчин төгөлдөр болно гэж тохирсон нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281-р зүйлд зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй нь хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар хуульчлаагүй байна.

 

Зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон 30 984 120 төгрөгийг 2018 оны 12-р сарын 13-ны өдөр зээлдэгчийн дансанд шилжүүлсэн /хх 23-25/, харин зээлдэгч гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ буцааж төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

Зээлдүүлэгч нь И ХХК-д зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн /хх 40-44/, 2019 оны 1-р сарын 31 болон 2019 оны 3-р сарын 25-ны өдөр тооцоо нийлж /хх 46,48/ байсан нь баримтаар тогтоодсон, харин зээлдэгч үүргээ биелүүлээгүй байна. Зээлдэгч И ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл 30 984 120 төгрөг, 2 сар 14 хоногийн зээлийн хүү 1 604 977 төгрөг нийт 32 589 097 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

 

И ХХК нь гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны 5-р сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 10-р сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг нийт 7 000 000 төгрөгийг Б ХХК-д төлсөн байх ба үүнийг Иргэний хуулийн 216-р зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн төлөх үндсэн үүрэг 30 984 120 төгрөгөөс төлөгдсөнд тооцлоо.

 

И ХХК нь үндсэн зээлд 23 984 120 төгрөг, хүү 1 604 977 төгрөг, гэрээний 4-р зүйлийн 4.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг 50 хувиас хэтрээгүй хэмжээгээр буюу 12 794 548 төгрөг нийт 38 383 645 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

Талууд гэрээний 4-р зүйлийн 4.1 дэх заалтаар Зээлдэгч нь зээлийг гэрээний 1.5-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн саруудад гэрээний 1.4- заасан хүү тооцогдоно гэж тохирсон байх ба нэхэмжлэгч нь И ХХК-иас гэрээний хэтрүүлсэн хугацааны хүү 11 711 988 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Гэрээний энэ заалт нь Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1-д заасан зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй гэсэн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн үйл ажиллагаанд хамааралтай байна. Зээлдүүлэгч Б ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

 

Энэ талаар маргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, харин талууд гэрээг бичгээр хийсэн хэлбэрээр сунгаагүй тохиолдолд хүү тооцогдохгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан И ХХК-иас 38 383 645 /гучин найман сая гурван зуун наян гурван мянга зургаан зуун дөчин тав/ төгрөг гаргуулж Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 099 325 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 365 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас 349 868 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА