Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00707

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00707

 

 

БК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/00271 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч БК ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч И ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 53 482 970 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангоо, хариуцагчийн төлөөлөгч М.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: БК ХХК нь И ХХК-тай 2018/018 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулж 3 төрлийн 11 ширхэг трансформаторыг 65 100 000 төгрөгөөр авсан. Барааны үнийг бүрэн төлсөн боловч 6 ширхэг трансформатор чанарын шаардлага хангахгүй, доголдолтой байсан тул гэрээний 5.4 дэх хэсэгт зааснаар доголдлыг арилгуулах шаардлагыг худалдагчид тавьсан. Худалдагч нь доголдлыг арилгаж чанарын шаардлага хангасан, ижил төрлийн 6 ширхэг трансформатороор сольж өгсөн. Тухайн үед И ХХК нь шинээр 6 ширхэг трансформатор худалдан авахад санхүүжилтгүй байсан тул манай компаниас мөнгө зээлж, уг мөнгөөрөө трансформатор нийлүүлэх хүсэлт тавьсны дагуу 2018.12.13-ны өдөр 2018/173 тоот зээлийн гэрээ байгуулж 81 000 юань буюу 30 984 120 төгрөгийг сарын 2,1 хувийн хуүтэйгээр 2019.02.28-ны өдөр хүртэлх хугацаатайгаар зээлдүүлсэн.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд доголдолтой 6 трансформаторыг зээлийн гэрээний барьцаанд авч үлдсэн. Гэтэл зээлдэгч нь энэхүү гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд 2019.5.28-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019.10.31-ний өдөр 2 000 000 төгрөг нийт 7 000 000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020.11.13-ны өдрийн байдлаар И ХХК нь зээл 23 984 120 төгрөг, хүү 12 529 329 төгрөг нийт 36 513 449 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүний 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 16 969 520 төгрөг нийт 53 482 970 төгрөгийг төлөхөөр байна гэж нэхэмжлэл гаргасан. Харин тооцооллыг зөвтгөж И ХХК-аас зээл 25 632 476 төгрөг, алданги 12 162 238 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 11 711 988 төгрөг нийт 49 506 702 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: БК ХХК-тай 2018.3. 20-ны өдрийн 2018/018 тоот худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах шаардлага гаргасан.

Талууд 2018.12.13-ны өдөр 2018/173 тоот зээлийн гэрээ байгуулж 2018.12.13-ны өдрөөс 2019.02.28-ны өдөр хүртэл буюу зээлийг 2 сарын хугацаа мөнгө зээлсэн. Гэрээний 4.1 дэх хэсэгт зээлдэгч нь зээлийг гэрээний 1.5-д заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн саруудад гэрээний 1.4-т заасан хүү тооцогдоно" гэж заасан нь хууль зөрчсөн. БК ХХК нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй.

Иймд гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцсон зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээгээр талууд хүү төлөх хугацааг тохиролцоогүй атал нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд үндсэн төлбөр, хүүгээс алданги тооцсон нь үндэслэлгүй. Энэ хугацаанд болон хугацаа хэтэрсэн зээлийн хүүгээс тооцсон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний хэлбэр зөрчигдсөн тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан И ХХК-иас 38 383 645 төгрөг гаргуулж БК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 099 325 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 365 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-аас 349 868 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх зохигчийн эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Учир нь шүүх хуралдааныг 2021.1.28-ны өдрийн 15:00 цагт товлосон. Гэтэл тус өдрийн 13:00 цагийн үед өмгөөлөгчийн ажлын байр байрлах плаза оффисын барилгад Ковид-19 өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн тул барилгыг битүүмжлэн, хаасан.

Уг нөхцөл байдлын талаар шүүгчийн туслахад мэдэгдэж, холбогдох нотлох баримтыг шүүхийн албан ёсны имэйл хаягаар явуулах болохоо илэрхийлсэн. Өөрийн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох үүднээс Нийслэл, дүүргийн онцгой комисс, шуурхай албанд удаа дараа утасдаж ажилтан, албан хаагчид хэзээ ирэхийг тодруулж, шүүх хуралдаантай, нотлох баримт шаардлагатай болохыг хэлж, тайлбарласаар байсан боловч оройн 17:00 цагийн үед дээрх байгууллагуудаас албаны хүмүүс ирсэн.

Шүүх хуралдааны үед шүүгч Ковид-19 өвчний тохиолдол бүртгэгдсэн газруудын жагсаалт байрладаг гэх сайтад нэвтрэн орж, тухайн мөчид Сүхбаатар дүүргийн, 8 дугаар хороонд плаза оффисын барилга бичигдээгүй байсан тул өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэж, хариуцагчийн өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох, өмгөөлүүлэх хүсэлтийг хангалгүй орхиж, хуралдааныг цааш үргэлжлүүлэн, шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой.

Хариуцагч нэхэмжлэлээс 16 969 520 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий зээлийн гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүргийг хангуулахаар байгуулагдсан гэх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын тэгш эрх, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх болон худалдах-худалдан авах гэрээний үүргийг хангуулах үүднээс зээлийн гэрээг хүүтэйгээр байгуулсан атлаа дахин алданги тооцсоноос үүдэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан хууль зүйн үндэслэлийг өмгөөлөгчийн зүгээс тодруулан мэтгэлцэх, тайлбар, татгалзал гаргах эрхийг олголгүй, зохигчийг хууль зүйн туслалцаа, өмгөөлүүлэх эрхээр нь хангалгүй шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч БК ХХК нь хариуцагч И ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53 482 970 төгрөг буюу 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 23 984 120 төгрөг, хүү 12 529 329 төгрөг, алдангид 16 969 520 нийт 53 482 970 төгрөг гаргуулахаар шаарджээ. /хх 1-2/

 

Хариуцагч нь Нэхэмжлэгч тусгай зөвшөөрөлгүй байж зээлдэгчийн хугацаандаа төлөөгүй зээлд хүү тооцсон, гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцсон зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрээгээр хүү төлөх хугацааг тохиролцоогүй, гэрээний хугацаанд үндсэн төлбөр, хүүгээс алданги тооцсон нь үндэслэлгүй, талууд гэрээг нотариатаар гэрчлүүлснээр хуулийн хүчин төгөлдөр болохоор тохиролцсон хэдий ч энэхүү шаардлага хангагдаагүй гэж маргасан бөгөөд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо анзыг хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй тухайд гомдолтой гэжээ. /хх 69/

Хэрэгт талууд 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2018/018 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад заасан 3 нэр төрлийн 11 ширхэг трансформаторыг нийт 65 100 000 төгрөгөөр хариуцагчаас худалдан авсан үйл баримт талуудын тайлбар, гэрээ зэргээр нотлогдсон./хх 14-15/

Хариуцагчийн нийлүүлсэн трансформаторын 6 ширхэг нь чанарын шаардлага хангахгүй, доголдолтой болох нь илэрсэн тул гэрээний 5.4 дэх хэсэгт заасны дагуу доголдлыг арилгуулах шаардлагыг худалдан авагч буюу нэхэмжлэгч худалдагч талд тавьсан. Нийлүүлсэн трансформатораас 6 ширхэг нь доголдолтой байсан болохыг худалдагч тал хүлээн зөвшөөрч, эдгээрийг чанарын шаардлага хангасан, ижил төрлийн 6 ширхэг трансформатороор сольж доголдлыг арилгаж гэрээний харилцаа бүрэн дуусгавар болсон үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон./хх1-2, 32-33/ Мөн чанарын доголдолтой 6 ширхэг трансформаторыг нэхэмжлэгч өөртөө саатуулан барьж үлдсэн, одоогоор нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа үйл баримтын талаар талууд маргаангүй.

Дээрх 6 ширхэг трансформаторыг шинээр худалдан авч сольж өгөх санхүүжилт байхгүй байсны улмаас хариуцагч И ХХК нь нэхэмжлэгч БК ХХК-аас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2018/173 тоот зээлийн гэрээгээр 81 000 юань буюу 30 984 120 төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаатайгаар зээлсэн тухайд талууд маргаангүй. Энэ үйл баримт талуудын тайлбар, зээлийн гэрээ зэргээр нотлогдсон. /хх 16-19/

Уг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөгийг төлсөн нь зохигчдын тайлбараар маргаангүй тогтоогдсон. /хх 56/

Зээлдэгч нь 7 000 000 төгрөгөөс өөр төлбөр гүйцэтгээгүй, гэрээний хугацаа дуусч, хугацаа хэтэрсэн үйл баримт зээлийн гэрээгээр тогтоогдсон. /хх 16-19/

 

Анхан шатны шүүхээс зээлийн гэрээний үүрэгт 38 383 645 төгрөг гаргуулж, 15 099 325 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд уг асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв./хх 68-70/

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт анз тооцох шаардлагыг хариуцагч зөвшөөрөхгүй маргаж байна.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан тухайд зөв дүгнэсэн.

Зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон 30 984 120 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, И ХХК-д зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний болон 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн үйл баримтыг анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ. /хх 23-25, 40-44, 46,48/

Харин анхан шатны шүүхээс И ХХК нь зээлд 23 984 120 төгрөг, хүү 1 604 977 төгрөг, алданги 12 794 548 төгрөг нийт 38 383 645 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэхдээ алдангитай холбоотой хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнээгүй байна.

Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлоос Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан алдангийн хэмжээг илт их гэж үзэх юм бол шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгаж болох тухай хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулиар тогтоосон дээд хэмжээтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хангасан алданги 12 794 548 төгрөгөөс хэргийн нөхцөл байдлыг харгалзан 8 956 184 төгрөгийн анзыг хариуцагчаас гаргуулахаар, нэхэмжлэлийн шаардлагыг 34 545 281 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан алдангийн хэмжээг илт их гэж үзэх юм бол шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгаж болох заалт нь хэргийн нөхцөл байдал буюу зээлийн гэрээний үүргийн шинж чанар, үүрэг үүссэн нөхцөл байдал зэргийг харгалзан нотлох баримтад үндэслэн шүүхээс алдангийн хэмжээг багасгах эрхийг олгосон заалт юм.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн үндэслэл, зээл авсан зорилго нь нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу үүссэн доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөн хөрөнгийг олохтой холбоотой юм.

Мөн талуудын хооронд удаа дараа өр төлбөрийн талаар тооцоо нийлсэн баримтууд авагдсан. /хх 46,48/Тооцоо нийлсэн баримтаас үзэхэд авсан зээл хүүгээс гадна алдангийг хэтэрсэн хугацааны нийт үүрэгт оруулан хүү тооцож байгаа эсэх нь тодорхой бус, үндсэн зээл, хүүгийн үүргээс нэмэгдүүлсэн байдалтайгаар удаа дараа тооцоо нийлж гарын үсэг зурсан баримт авагдсан байна./хх 46,48/ Эдгээр баримтуудаас гадна хариуцагч И ХХК-аас нэхэмжлэгчид хандан мөнгөө төлөх боломжгүй байгаа нөхцөл байдлаа тайлбарласан баримт хэрэгт авагдсан./хх41/ Мөн үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч талаас тодорхой хугацаагаар хойшлуулж байсан баримт авагджээ./хх 42-44/

Дээрх байдлуудыг харгалзан үзвэл алдангийн хэмжээ илт их байх тул алдангийг 30 хувиар бууруулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт нийцнэ гэж үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжоор хангаагүй гэх гомдлыг хангах боломжгүй. Хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг хойшлуулж байсан нөхцөл байдал шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2021/00949 дугаар захирамжаар тогтоогдож байна.

. Иймд хэргийн оролцогчийн эрх хангагдаагүй гэж дүгнэх үндэслэлгүй. Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааныг явуулахтай холбоотойгоор хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нотлох баримтыг хэрэгт гаргаагүй, хөл хорионд орсон гэх, үйл баримт нотлогдоогүй байсан учир шүүх хуралдааныг өмгөөлөгчийн эзгүйд явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт нийцсэн.

Анхан шатны шүүхээс хүү тохиролцсон зээлийн гэрээний үүргийг зохицуулсан хуулийн заалтыг баримтлаагүй, шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 232-р зүйлийн зэргээр хуулийн бичлэгийн хэлбэр алдагдуулж хууль зүйн техник зөрчсөн, 15 099 325 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож гэж хууль зүйн утга найруулга алдагдуулсан, үсгийн дүрмийн алдаа гаргасан байгааг залруулах шаардлагатай. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/00271 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан И ХХК-аас 34 545 281 төгрөг гаргуулж БК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 937 689 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 заалтын ...349 868 төгрөг гэснийг ...330 676 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 868 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД