Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/00399

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/00399

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14-р хороо,  Б овогт Ш-ын О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж, регистр 5368138, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У /үнэмлэх 3140/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06-р сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/0687 дугаар шийдвэрээр М ХХК-иас 153 002 656 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийг тогтоосон хугацаанд төлж чадаагүй тул шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь Ш.О-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах орон сууцыг худалдах үнийн санал төлбөр төлөгчөөс аваагүй. Тухайн орон сууц нь хэдийгээр О-ийн нэр дээр бүртгэлтэй боловч хүүхдүүд нь амьдардаг, хүүхдүүдийнхээ өмч хөрөнгөнд үнийн санал өгөх боломжгүй гэдгээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийг 68 853 800 төгрөгөөр үнэлсэн байна. Шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч талаас үнийн санал авна гэснийг зөрчиж, зөвхөн нэг тал буюу төлбөр төлөгчөөс үнийн санал авч, төлбөр авагчаас үнийн санал аваагүй шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасныг зөрчсөн. Мөн 2 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамж гарсан байхад 1 хөрөнгийн үнэлгээ хийж хууль зөрчсөн. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгө нь бүх худалдаа үйлчилгээтэй ойрхон, автомашины гадна зогсоолтой, төв зам дагуу байрлалтай тул 68 853 800 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн 14-р хороо, 0 тоотод байрлах 35 м.кв орон сууцыг 68 853 800 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06-р сарын 14-ний өдрийн 102/Ш32018/08720 дугаар шийдвэрээр М ХХК-иас 153 017 656 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч М ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ш.О-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, орон сууцыг 2020 оны 08-р сарын 28-ны өдрийн 19250982/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 19250982/05 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч М ХХК, өмчлөгч Ш.О нарт үнийн санал авах тухай 2020 оны 4-149/33787 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн. Ш.О нь М ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр авагч Голомт банк нь 09/7292 дугаартай албан бичгээр шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн. 2020 оны 09-р сарын 28-ны өдрийн 9/480 тоот тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-нийг шинжээчээр томилж, үнэлгээг 68 853 800 төгрөгөөр тогтоосон байна. Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2020 оны 10-р сарын 08-ны өдрийн 4-149/36690 тоот мэдэгдэх хуудсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.3-т зааснаар баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-т 2020 оны 10-р сарын 12-ны өдөр тус тус мэдэгдсэн байна. Шинжээч нь хуулььд зааснаар үнэлгээ тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.О нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06-р сарын 14-ний өдрийн 102/ШЗ2018/08720 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах захирамжаар М ХХК нь Голомт банк ХХК-ийн шаардлага 153 002 652 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 11-р хороо, 11-р хороолол, 9-р байрны 1 тоот 2 өрөө сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар /хх 35, 36/ шийдвэрлэжээ. Харин шүүгчийн 2020 оны 3-р сарын 4-ний 102/ШЗ2020/03521 тоот захирамжаар дээрх захирамжид өөрчлөлт оруулж барьцааны зүйлийг ...Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хорооллын 9-р байрны 4 тоот 35 м.кв 2 өрөө байр... гэж өөрчилсөн байх ба захирамж хүчин төгөлдөр /хх 39-40/ байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх ба хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байна.

 

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 7-р сарын 10-ны өдрийн 09034 тоот шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Монмастер ХХК-ний захирал Ш.О-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204015145 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14-р хороо,  м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн, улмаар төлбөр төлөгч нарт үнийн саналаа ирүүлэхийг /хх 45-53/ мэдэгджээ.

 

Төлбөр төлөгч Ш.О нь үнийн санал өгөхөөс татгалзсан /хх 46/ байх ба төлбөр авагч Голомт банк нь төлбөр төлөгчтэй үнийн талаар харилцан тохиролцох боломжгүй тул 2020 оны 9-р сарын 24-ний өдрийн 09/7292 тоот албан бичгээр /хх 54/ шинжээч хүсэлтээ гаргасан, улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9-р сарын 28-ны өдрийн 9/480 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр /хх 55/ томилжээ.

 

Шинжээч 2020 оны 10-р сарын 08-ны өдрийн дүгнэлтээр тухайн хөрөнгийг 68 853 800 төгрөгөөр үнэлэхдээ /хх 60-80/ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлд заасан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хэрэглэн, Үнэгүй.мн сайтын үнэтэй харьцуулан жишиж стандартын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...хүүхдүүдийнхээ байранд үнийн санал өгөх боломжгүй, төлбөр авагчаас үнийн санал аваагүй, 2 хөрөнгө барьцаалсан байхад нэгийг нь үнэлсэн, байрыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж тодорхойлсон боловч тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ш.О-ийн өөрийн өмчлөлийн байр бөгөөд өөрөө санал өгөхөөс татгалзсан, энэ тохиолдолд төлбөр авагч үнийн талаар төлбөр төлөгчтэй тохиролцох боломжгүй, шүүхийн шийдвэрээр барьцааны хөрөнгө болох Д.С, Ш.О, С.Э нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хорооллын 6Б байрны 41 тоот 40 м.кв талбай бүхийн 3 өрөө сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаас татгалзаж тохирсон тул зөвхөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон хөрөнгийг зах зээлийн үнээр үнэлсэн нь Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаас, нэхэмжлэгч тухайн сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний талаар төлбөр төлөгч нарт 2020 оны 10-р сарын 12-нд мэдэгдсэн /хх 81/, улмаар үнэлэгдсэн үнээс багагүй үнээр орон сууцаа 1 сарын дотор худалдан борлуулах саналыг бичгээр мэдэгджээ.

 

Энэ хугацаанд төлбөр төлөгч орон сууцаа худалдах, төлбөр авагчид төлбөрийг төлөх ямар нэг арга хэмжээ авсан нь нотлогдоогүйгээс гадна шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.О нь шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү-2204015145 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 2 өрөө сууцыг 68 853 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн Ш.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА