Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00666

 

 

 

 

 

 

 

 

Ш.Онэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00399 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Охариуцагч НШШГГхолбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/0687 дугаар шийдвэрээр ... ХХК-аас 153 002 656 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг төлж чадаагүй тул шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь Ш.Оөмчлөлийн ... 35м.кв орон сууцыг худалдах үнийн саналыг төлбөр төлөгчөөс аваагүй. Уг орон сууц нь Ш.Онэр дээр бүртгэлтэй боловч хүүхдүүд нь амьдардаг тул үнийн санал өгөх боломжгүй гэдгээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилж, 68 853 800 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчиж, зөвхөн нэг тал буюу төлбөр төлөгчөөс үнийн санал авч, төлбөр авагчаас үнийн санал авахгүйгээр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах заалтыг зөрчсөн. 2 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах захирамж гарсан байхад 1 хөрөнгөнд үнэлгээ хийж хууль зөрчсөн. Шинжээч бүх худалдаа үйлчилгээтэй ойрхон, автомашины гадна зогсоолтой, төв зам дагуу байрлалтай хөрөнгийг 68 853 800 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Иймд ...орон сууцыг 68 853 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/Ш32018/08720 дугаар шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгч Монмастер ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ш.Оөмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015145 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 9 дүгээр байр 04 тоот орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 19250982/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 19250982/05 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч “....” ХХК, өмчлөгч Ш.О нарт үнийн санал авах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Ш.О нь “...” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд үнийн санал өгөхөөс татгалзсан, төлбөр авагч Голомт банк” ХХК-аас шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9/480 тоот тогтоолоор томилогдсон “Мөнх-Оргил трейд ХХК хөрөнгийг 68 853 800 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4-149/36690 тоот мэдэгдэх хуудсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаярт 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн. Шинжээч нь үнэлгээг хуулийн дагуу тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ 

 Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг ... .... бүхий 2 өрөө сууцыг 68 853 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн Ш.Онэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Одавж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэр гүйцэтгэх газраас ... 35 м.кв орон сууцыг худалдах үнийн санал шаардсан. Тухайн орон сууц нь миний нэр дээр бүртгэлтэй боловч манай хүүхдүүд амьдардаг бөгөөд миний зүгээс үнийн санал өгөх боломжгүй талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж, 68 353 800 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн хөрөнгийн үнийн санал авахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авна гэснийг зөрчиж, зөвхөн нэг тал буюу төлбөр авагчаа үнийн санал авч, төлбөр төлөгч үнэлгээг эс зөвшөөрч байгааг тодруулсан боловч үнийн санал авахгүй шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дах хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Шинжээчийн үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгө нь бүх худалдаа үйлчилгээтэй ойрхон, гаднаа автомашины зогсоолтой, төв зам дагуу байрлалтай бөгөөд шинжээч зах зээлийн ханшаас доогуур 68 853 800 төгрөгөөр үнэлсэн, анхан шатны шүүх үнэлгээг хангалттай үнэлж дүгнээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:    

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч НШШГГхолбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Монмастер” ХХК-аас 153 002 656 төгрөг гаргуулах, төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд Ш.Оөмчлөлийн ... 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2020/03521 дугаар захирамж биелэгдээгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай. /хх39-40/

 

Төлбөрт хураагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон хариуцагч байгууллагын ажиллагаа хуульд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох, үнийн санал авах зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ. /хх37, 41, 45, 47, 49/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.О барьцаа хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа өгөхөөс татгалзсан, төлбөр авагчийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан баримтууд хэрэгт авагдсан байх ба хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч уг эд хөрөнгийг 68 853 800 төгрөгөөр үнэлсэн байна. /хх46, 55, 60/

 

“Мөнх-Оргил трейд” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч орон сууцны үнийг өртгийн болон зах зээлийн хандлагын аргаар тус тус тооцоолохдоо  unegui.mn /үнэгүй.мн/ зарын сайт дээр худалдахаар зарлагдсан орон сууцны үнэтэй харьцуулан үзжээ. Үүнд; 2012 онд ашиглалтад орсон ... 2 өрөө орон сууц, 2005 онд ашиглалтад орсон тус хорооллын 62 м.кв 2 өрөө орон сууц, 2008 онд ашиглатад орсон 62 м.кв 2 өрөө орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг 68 853 800 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасантай нийцсэн. /хх59-78/

Шүүхийн шийдвэрээр Ш.Оөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн “төлбөрт хураагдсан орон сууцанд хүүхдүүд амьдардаг тул үнийн санал өгөх боломжгүй” гэх тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн “хариуцагч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгчөөс үнийн санал авахгүй шинжээч томилсон” гэх гомдол үндэслэлгүй. Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр төлөгчид барьцааны хөрөнгийн үнийн саналаа 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн боловч орон сууцаа үнэлэхээс татгалзсан байна. /хх46, 49/ Нэхэмжлэгч “орон сууц 68 853 800 төгрөгөөс илүү өндөр үнээр үнэлэгдэх боломжтой” гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Үнэлгээний талаарх гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан журмын дагуу гаргах бөгөөд шүүх төлбөрт хураагдсан эд хөрөнгийг үнэлэх ажиллагааны журмыг зохицуулсан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан нь зохимжтой биш боловч энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00399 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                  

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                          Г.ДАВААДОРЖ

 

                                                                                      А.МӨНХЗУЛ