Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/00400

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/00400

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо,  Х банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо,  К ХХК-д холбогдох зээлийн гэрээ цуцалж, 1 599 896 841.64 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, өмгөөлөгч Э.Х /үнэмлэх 1854/, Б.М /үнэмлэх 2553/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К ХХК нь тус банктай 2019 оны 10-р сарын 03-ны өдөр ЗГ/СС190923012-1 тоот зээлийн гэрээ, ЗБ-СС1909230-12-1-3 тоот хөдлөх болон эдийн бус хөрөнгийн, ЗБ/СС190923012-1-1 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 1 500 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн эзэмшил, өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 2-р хороо, тоот хаягт байрлах 1 260 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1 тоот дугаартай, Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Их тойруу гудамжинд байрлах 296 м.кв эзэмших эрхтэй газар, Х болон бусад банкууд дахь харилцах дансны орлогуудыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эхний төлөлтөөс эхлээд байнга зөрчсөн, зээлээ төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд гэрээний 10-р зүйлийн 10.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч нэг талын санаачлагчаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй. Зээлдэгч нь 2020 оны 07-р сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1 469 297 719.63 төгрөг, зээлийн хүү 130 322 402.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 250 719.94 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд талуудын хооронд байгуулсан ЗГ/СС190923012-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч К ХХК-иас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гаргасан зардалд нийт 1 599 896 841.64 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний өмгөөлөгч Э.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Д нь Х  банктай зээлийн гэрээ байгуулсан ба зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж 1 599 896 841.64 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг 2 үндэслэлээр зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт: К ХХК нь өөрийн 100 хувийн хувьцааг иргэн Т.Д-д залилан мэхлүүлж алдсан, хувьцааг авсны дараа К ХХК-ийн нэрээр хуулийн этгээдүүдтэй гэрээ байгуулах, компанийн дансанд байсан мөнгийг хувьдаа шамшигдуулах замаар залилан мэхэлсэн, үүний улмаас компанид хохирол учруулсан. Т.Д нь Х банк ХХК-ийн Чингэлтэй дүүргийн салбарын ажилтнуудтай урьдчилан үгсэн тохиролцож, 1 800 000 000 төгрөгийн барьцаа хөрөнгөтэй гэж тогтоолгон К ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалан 1 500 000 000 төгрөгийн зээл авсан байдаг. Ийнхүү зээл авахдаа тухайн ажилтнуудтай урьдчилан үгсэн, тохиролцож барьцаа хөрөнгийг илт хууль бусаар үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн. Мөн Х банк ХХК-ийн дүрэм, журмыг зөрчиж зээлийг салбарын данс хариуцсан мэргэжилтэн гарын үсэг зурж, салбарын захирлын өмнөөс зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Эдгээр баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Т.Д нь зээл авсан өдрөө зээлээр авсан 1 500 000 000 төгрөгийг урьдчилан бэлнээр бэлдүүлж авч явсан байдаг. Өнөөдрийн байдлаар Т.Д нь К ХХК-г залилсан асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. Энэхүү эрүүгийн хэрэгтэй холбогдуулан цаашид Х банкийг хохирогчоор тогтоох эсхүл хэрэгсэхгүй болгох, хувьцаа эзэмшигч нарыг хохирогчоор тогтоолгох зэрэг нь шийдэгдэнэ. Мөн Х банк ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглан эсэх, хөрөнгө шамшигдуулсан эсэх асуудлууд яригдана. Цаашлаад уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа Х ХХК болон К ХХК хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх эсэх асуудал шийдэгдэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний нэхэмжлэл болон хохирогчийн эрх хэмжээг хуульчилж өгсөн тул 1 500 000 000 төгрөгийн хохирол, үр дагаврыг шийдэх боломжтой. Шүүхэд 5/14 тоот албан бичгээр дээрх нөхцөл байдлын талаарх нотлох баримтуудыг шүүхэд өгсөн. К ХХКнь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байгаа ч нэхэмжлэл гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн эрхийн асуудал байгаа. Энэ асуудлууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэх бөгөөд Х ХХК-ийн салбарын захирал нь зээлийн дүрэм, журмаа зөрчсөн, ажилтан нь гарын үсэг зураад зээлийг бэлнээр гаргаж өгсөн асуудлууд нь шийдэгдэнэ гэж үзсэн учраас сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Мөн уг эрүүгийн хэрэг хянан шалгагдаж дуусаагүй байгаа учраас гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээг цуцлах, зээлийн харилцаа бодитойгоор үүссэн эсэх, гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа нь баримтаар тогтоогдож байгаа тул Х ХХКийн нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь К ХХК-д холбогдох зээлийн гэрээ цуцалж, 1 599 896 814 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлиг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Х нь К ХХК-тай 2019 оны 10-р сарын 03-ны өдөр ЗГ/СС190923012-1 тоот зээлийн гэрээ байгуулж 1 500 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлүүлэх, барьцааны ЗБ-СС1909230-12-1-3, ЗБ/СС190923012-1-1 тоот гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Их тойруу гудамж,  1 260 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, нэгж талбарын 1 тоот дугаартай, Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Их тойруу гудамж, 296 м.кв эзэмших эрхтэй газар, Х болон бусад банк дахь харилцах дансны орлогыг тус тус барьцаалахаар тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээг энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр хийсэн, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр /хх 10-33/ байна.

Зээлдүүлэгч нь зээлдэгчийн 411040000 тоот дансанд 2019 оны 10-р сарын 7-ны өдөр 850 120 000 төгрөг, 10-р сарын 17-ны өдөр 649 880 000 төгрөг нийт 1 500 000 000 төгрөг шилжүүлсэн /хх 38, 61-63/, харин зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 30 702 280.37 төгрөг, зээлийн хүүнд 97 636 446 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 617 951 төгрөг нийт 128 956 677 төгрөг төлж, бусад зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Хариуцагч нь Х банкны нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох, өөрөөр хэлбэл, К ХХК-ний 100 хувийн хувьцааг Т.Д залилсан, түүнээс хувьцаагаа авсаны дараа компаний нэрээр хуулийн этгээдүүдтэй гэрээ байгуулах, компанийн дансанд байсан мөнгийг хувьдаа шамшигдуулах замаар хохирол учруулсан, Х банкны ажилтнуудтай үгсэн тохиролцож компаний хөрөнгийг барьцаалан 1 500 000 000 төгрөгийн зээл авсан, Х ХХК-ний дүрэм журмыг зөрчсөн, салбарын захирал гэрээнд гарын үсэг зураагүй, данс хариуцсан мэргэжилтэн гарын үсэг зурсан, Т.Д нь К ХХК-г залилсан асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа, улмаар эрүүгийн хэрэгт банкийг хохирогчоор тогтоох, эсхүл эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан эсэх, хөрөнгө шамшигдуулсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал шийдэгдэнэ гэж маргажээ.

 

К ХХК-ний хувьцаа эзэмшигч Т.Д нь 2019 оны 12-р сарын 12-ны өдөр Б.О-тай Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компаний эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулж, 100 хувийн хувьцаагаа худалдаж, улмаар компаний эрх үүрэг, хариуцлага эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлсэн шийдвэрээ /хх 39-51/ гаргажээ.

Талууд гэрээг тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлийн нөлөөнд авталгүй хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн нь гэрээний 3-р зүйлийн 3.8, 3.2-т тусгагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Улсын бүртгэл К ХХК-ний хувьцаа эзэмшигчийн талаарх бүртгэлийг 2019 оны 12-р сарын 16-нд бүртгэсэн /хх 54/, хувьцаа эзэмшигч Б.О 2019 оны 12-р сарын 18-ны өдөр 02/19 тоот шийдвэр гаргаж, Д.А-ыг гүйцэтгэх захирлаар /хх 46/ томилжээ.

Компаний эрх шилжүүлэх гэрээний 2-р зүйлийн 2.1.2. Гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөр байгаа эсэх хэсэгт байгаа талаар худалдагч, худалдан авагч зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, К ХХК нь Х банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүрэг, зээлийн төлбөр байгаа гэдгийг мэдэж байсан, зээлийн гэрээ байгуулснаас хойш хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулагджээ.

Нөгөө талаар, Т.Д нь Х банкны ажилтнуудтай үгсэн тохиролцож зээл авсан, компанийг залилсан гэх К ХХК-ний гомдлоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст 201101736 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байгаа нь /хх 121-140/ тухайн компанид хохирол учруулсан эсэх асуудалтай холбоотойгоос гадна энэ нь Х банкны нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй.

 

Түүнчлэн Х нь К ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, банкийг төлөөлөх эрхгүй этгээд эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учирсан талаар хоорондоо маргаагүй, гэрээтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагат гомдол гаргаагүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1-д зааснаар энэ хуулийн 65.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон гэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ цуцлах, төлбөр төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн хариуцагч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус талаар маргаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.

 

Харин хариуцагч нь гэрээ цуцлах, зээлийн төлбөр, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар, татгалзал гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Зээлдэгч нь гэрээний 3.1, 3.2-т заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 5.1-д заасан хугацаа, хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч 2020 оны 02-р сарын 18, 2020 оны 04-р сарын 26, 2020 оны 05-р сарын 27-ны өдрүүдэд 3 удаа мэдэгдэл /хх 34-37/ өгч, зээлийг төлөх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байна.

Энэ нь гэрээний 10-р зүйлийн 10.2.2-т заасан гэрээг цуцлах үндэслэл болсон, нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлах, төлөгдөөгүй зээл 1 469 297 719.63 төгрөг, зээлийн хүү 130 322 402.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 250 719.94 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 26 000 төгрөг нийт 1 599 896 841.64 төгрөг нэхэмжилсэн, үүнийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг хариуцагч маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангах үүрэгтэй бөгөөд нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй гэж үзэж нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргажээ. Бүрдүүлбэрийн шаардлага хангаж нотариатын зардалд 26 000 төгрөг төлснийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХнь:

 

1.Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1 дэх хэсэг, 227-р зүйлийн 227.1, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Худалдаа хөгжлийн банк болон К ХХК хооронд байгуулсан 2019 оны 10-р сарын 03-ны өдрийн ЗГ/СС190923012-1 тоот зээлийн гэрээг цуцалж, К ХХК-иас 1 599 870 841 /нэг тэрбум таван зуун ерэн есөн сая найман зуун далан мянга найман зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж Х банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 26 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Кевико ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Их тойруу гудамж, тоот 1 260 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, нэгж талбарын 1 тоот дугаартай, Чингэлтэй дүүргийн 2-р хороо, Их тойруу гудамж, 296 м.кв эзэмших эрхтэй газар зэргийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс, Х болон бусад банк дахь харилцах дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 227 640 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас 8 157 304 /найман сая нэг зуун тавин долоон мянга гурван зуун дөрөв/ төгрөг гаргуулж Х банкинд олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА