Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00886

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00886

 

 

 

 

“ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00400 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн хариуцагч “К” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөрт 1 599 620 121.7 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 26 000 төгрөг нийт 1 599 896 841.64 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “К” ХХК нь тус банктай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/СС190923012-1 тоот зээлийн гэрээ, ЗБ-СС1909230-12-1-3 тоот хөдлөх болон эдийн бус хөрөнгийн, ЗБ/СС1909230-12-1-1 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 1 500 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ эхний төлөлтөөс эхлээд байнга зөрчсөн, зээлээ төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Гэрээний 10.2 дах хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч нэг талын санаачлагчаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бий болсон.

Иймд талуудын хооронд байгуулсан ЗГ/СС190923012-1 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, “К” ХХК-аас үндсэн зээл 1 469 297 719.63 төгрөг, зээлийн хүү 130 322 402.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 250 719.94 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 26 000 төгрөг нийт 1 599 896 841.64 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “К” ХХК нь өөрийн 100 хувийн хувьцааг иргэн Т.Дд залилан мэхлүүлж алдсан. Т.Д нь “ХХБ” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн салбарын ажилтнуудтай урьдчилан үгсэн тохиролцож, барьцаа хөрөнгийн үнийг илт хууль бусаар үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн. Мөн “ХХБ” ХХК-ийн дүрэм, журмыг зөрчиж зээлийг салбарын данс хариуцсан мэргэжилтэн гэрээнд гарын үсэг зурж, салбарын захирлын өмнөөс зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулсан. Т.Д нь зээл авсан өдрөө зээлээр авсан 1 500 000 000 төгрөгийг урьдчилан бэлнээр бэлдүүлж авч явсан. Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст Т.Д нь “К” ХХК-ийг залилсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. Энэхүү эрүүгийн хэрэгтэй холбогдуулан цаашид “ХХБ” ХХК-ийг хохирогчоор тогтоох эсхүл хэрэгсэхгүй болгох, хувьцаа эзэмшигч нарыг хохирогчоор тогтоолгох, “ХХБ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хөрөнгө шамшигдуулсан эсэх, талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх эсэх асуудал шийдэгдэнэ. “К” ХХК нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байгаа ч нэхэмжлэл гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн эрхийн асуудал байгаа. Эрүүгийн хэрэг хянан шалгагдаж дуусаагүй байгаа учраас гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 227-р зүйлийн 227.1, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ХХБ” ХХК болон “К” ХХК хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/СС190923012-1 тоот зээлийн гэрээг цуцалж, “К” ХХК-иас 1 599 870 841 /нэг тэрбум таван зуун ерэн есөн сая найман зуун далан мянга найман зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж “ХХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 26 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар “К” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2202009600 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Их тойруу гудамж, ..... тоот 1 260 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, нэгж талбарын 1500200212 тоот дугаартай, Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, Их тойруу гудамж, 296 м.кв талбар бүхий эзэмших эрхтэй газар зэргийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс, Х.Х болон бусад банк дахь харилцах дансны орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 227 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К” ХХК-иас 8 157 304 төгрөг гаргуулж “ХХБ” ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа хэрэгт “Т.Д нь ХХБ ХХК-ийн ажилтнуудтай үгсэн тохиролцож зээл авсан гэх хэрэгт хохирогчоор тогтоох ажиллагаа хийгдээгүй, хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Залилан мэхлэх буюу бодит байдлыг нуун дарагдуулах, итгэл эвдэх, хуурамч нөхцөл байдлыг санаатайгаар бий болгох арга замаар нэр бүхий иргэдийн /өмнөх хувьцаа эзэмшигчдийн/ компанийн эрхийг хууль бусаар авсан болон банкны эрх бүхий ажилчид хуурамч нотлох баримт бүрдүүлэх замаар шаардлага хангаагүй этгээдэд зээл олгосон тухай гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа ажиллагааны үр дүнгээс шалтгаалан “ХХБ” ХХК, “К” ХХК, эсхүл компанийн өмнөх хувьцаа эзэмшигч нарын хэн алиныг хохирогчоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт хохирогчоор тогтоох эсэх асуудлыг “шүүх, прокурор, мөрдөгч” шийдвэрлэхээр заасан. Энэхүү зохицуулалтад заасан “шүүх” нь эрүүгийн хэргийн шүүхийг нэрлэсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа хэрэгт Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “тухайн компанид хохирол учруулсан эсэх асуудалтай холбоотой” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Т.Д нь “ХХБ” ХХК-ийн эрх бүхий ажилтнуудтай хамтарч үйлдсэн гэмт хэрэг нь ХХБ” ХХК-ийг бус “К” ХХК -ийг хохироосон байна гэсэн утга агуулга бүхий дүгнэлтийг иргэний хэргийн шүүх хийх эрхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл нь “Зээл болон зээлийн барьцааны гэрээ” байх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зүйл буюу дээрх гэрээ, гэрээг байгуулах болсон шалтгаан, гэрээг байгуулсан этгээдийн хүсэл зориг нь гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг Эрүүгийн журмаар шалгаж байхад иргэний хэргийн шүүх “зээл, зээлийн барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

“Гэрээг цуцлах, төлбөр төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь тогтоогдоогүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу, эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна.

Б.О нь Т.Дээс компанийн эрхийг сүүлд шилжүүлэн авсан этгээд бөгөөд “К” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч биш. Б.О нь “өр төлбөр байгаа” гэсэн утга бүхий гэрээг Т.Дтай байгуулсан нь хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй. Шүүх ийм дүгнэлт хийснийг ойлгохгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч “К” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөрт 1 599 620 121.7 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 26 000 төгрөг нийт 1 599 896 841.64 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ “Т.Д нь компанийн 100 хувийн хувьцааг залилан авч, “ХХБ” ХХК-ийн дүрэм журмыг зөрчиж, ажилтнуудтай нь үгсэн тохиролцож гэрээ байгуулсан. Энэ талаар эрүүгийн журмаар шалгагдаж дууссаны дараа гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал шийдэгдэх учраас хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж тайлбарлан, маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар дээрх нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, энэ байдал шүүх хуралдааны үед илэрвэл хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулжээ.

“К” ХХК нь “2019 оны 01 дүгээр сард Т.Д нь тус компанийн хувьцааг шилжүүлэн авч, компанийн нэрээр эд хөрөнгө түрээслэн аваад эгүүлэн өгөөгүй, мөн тус компанийн нэрээр ХХБ ХХК-аас 1 500 000 000 төгрөгийн зээл гаргуулан авсан, мөн эргэлтийн хөрөнгөөс хувьдаа ашиглан 296 000 000 төгрөгийг төлөлгүй сураггүй алга болж залилсан” гэх агуулга бүхий гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гаргасныг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шалгаад хэрэг бүртгэлтийн 201101736 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллах явуулж байгаа тухай тус газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг хэргийн 121 дүгээр талд баримтаар авагджээ. Үүнээс үзэхэд Т.Дийн гэмт хэргийн шинжтэй гэх үйлдэл нь “ХХБ” ХХК-иас “К” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул энэ талаарх анхан шатны дүгнэлт зөв.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/СС190923012-1 дугаартай зээлийн гэрээгээр “ХХБ” ХХК нь 1 500 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, “К” ХХК нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээж, зээлдэгч нь зээлдүүлэгчээс 1 500 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, дээрх гэрээг байгуулах үед “К” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдээр Т.Д бүртгэлтэй байсныг нотлох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагджээ. /хх54/ Мөн хариуцагчаас татгалзлын үндэслэлээ ““ХХБ” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн салбарын ажилтнууд нь Т.Дтай урьдчилан үгссэн, ...банкны дүрэм, журмыг зөрчиж салбарын захирлын өмнөөс данс хариуцсан мэргэжилтэн гэрээнд гарын үсэг зурсан” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь гэрээ байгуулсан этгээдийн төлөөллийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Иймээс зээлийн гэрээний дагуу гэрээний нэг тал нь нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч “К” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 30 702 280.37 төгрөг, зээлийн хүүд 97 636 446.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 667 231.48 төгрөг төлж, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүйгээр зээлийн гэрээний хуваариар тохирсон үүргээ зөрчсөн нь байна. /хх38/ Үүргийн зөрчил болон зээлийн тооцоололтой хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дах хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд ЗГ/СС190923012-1 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1 599 870 841 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 26 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

 “ХХБ” нь “К” ХХК-тай зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЗБ/СС190923012-1-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ЗБ-СС190923012-3 дугаартай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч “К” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202009600 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, Их тойруу гудамж, .....тоот 1 260 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, нэгж талбарын 1500200212 тоот дугаартай, Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, Их тойруу гудамж, 296 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг, “К” ХХК-ийн, Худалдаа хөгжлийн болон бусад банк дах харилцах дансны орлогыг барьцаалсан байна. Талууд ЗБ/СС190923012-1-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасантай нийцнэ. /хх14-15/ Дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлд бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан энэ талаар нэмж дүгнэх нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00400 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 8 157 305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

 

                                 ШҮҮГЧИД                                  А.МӨНХЗУЛ

 

                                                                                   Ч.ЦЭНД