Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/00790

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/00790

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7-р хороо,  Т овогт Т О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 19-р хороо,  Р ХХК-д холбогдох гоо сайханчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 2 718 438 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц /үнэмлэх 2124/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, гэрч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Р ХХК-д 2018 оны 3-р сарын 10-ны өдөр гоо сайханчаар ажилд орсон. Эхний нэг сар дадлагажигч ажилтнаар ажиллаад 2018 оны 4-р сарын 19-ний өдрөөс нэг жилийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Би Нарны хорооллын салбар, төв оффист тус тус ажилласан. 2019 оны 8-р сараас Олимп хотхонд байрлах салбарт очоод 2020 оны 01-р сар хүртэл ажилласан. Ковид-19 өвчний улмаас 2 сар шахам гэртээ амарсан. Р  ХХК-ийн төв салбарыг Ж.А гэдэг хүн түрээслэсэн бөгөөд 2020 оны 3-р сарын 05-ны өдрөөс 2020 оны 5-р сар хүртэл ажилласан. Гэтэл түрээсээ төлж чадахгүй байна гээд гаргаад өөрсдөө ажиллуулсан. Ингээд би ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2020 оны 12-р сарын 22-нд менежер С-тэй маргалдсан. Маргааш нь 12-р сарын 23-нд захирал ирээд ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалаа өгөөгүй, ямар үндэслэлээр халж байгаагаа хэлээгүй. Би 8 сартай жирэмсэн. Үндэслэлгүйгээр ажлаас халсан тул гоо сайханчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2 718 438 төгрөг гаргуулж өгнө үү. Р ХХК нь цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг суутгадаг байсан мөртлөө төлдөггүй байсан. Иймд 2018 оны 9-р сараас 2021 оны 3-р сарыг дуустал нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлөөгүй байгаа тул нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р ХХК нь Т.О-ыг 2018 оноос 2019 оны 3-р сарын 26-ны өдрийг хүртэл ажилд авч ажиллуулсан. Харин энэ хугацааны цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж авсан. 2018 оны 8, 9 дүгээр сард нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнаж бичилт хийсэн боловч Р ХХК нь шимтгэлийн өртэй байсан тул баталгаажилт хийлгэж чадаагүй. Т.О-ын гаргасан ажлаас буруу халсан маргаан нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан юм. Хэрвээ ажлаас буруу халсан гэж маргаж байгаа бол ажлаас халагдсанаас хойш 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. Учир нь 2019 оны 3-р сараас Р ХХК-ний үйл ажиллагаа хумигдаж ажилтан авч ажиллуулах боломжгүй болсон. Т.О нь 2019 оны 9-р сар, 2020 оны 6-р сараас н.О н.О зэрэг хүмүүсээс цалин авч байсан тул Р ХХК-д хамааралгүй. Р ХХК нь Р гэх салонтой. Т.О нь 2019 оны 8-р сараас Олимп салбарт ажилласан гэдэг. Гэтэл энэ салбар нь Р ХХК-д хамааралгүй, Оюунцоож гэх хүний салон юм. Харин 2020 оны 3-р сараас 2020 оны 5-р сар хүртэл Ж.Аг гэх хүнтэй ажилласан. Тэр үед Р ХХК нь өөрийн байраа бүхэлд нь түүнд түрээсэлсэн, нэхэмжлэгч нь түрээслэгчтэй хөдөлмөрийн харилцаанд оролцсон. 2018 оны 3-р сарын 26-ны өдрөөс нийгмийн даатгалын бичилт нь баталгаажилт хийгдээгүй байсан. Р  ХХК нь нийгмийн даатгалын өрөө төлчихвөл баталгаажилт хийгдэнэ. Т.О-ын ажлаас чөлөөлөх асуудал нь 2019 онд шийдвэрлэгдсэн, цалин хөлс, нийгмийн даатгалын бичилтийг 2019 оны 3-р сарын 26-ны өдрөөс хойш хийх боломжгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О нь Р ХХК-д холбогдох гоо сайханчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 2 718 438 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Р ХХК-ний захирлын 2018 оны 03-р сарын 2-ны өдрийн Б/09 тоот Ажилд томилох тухай тушаалаар Т.О-ыг гоо сайханчийн ажилд авч, 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулжээ. / хх 33/

 

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь талуудад хадгалагдаагүй, Т.О-ыг ажлаас халсан тушаалыг бичгээр гаргаагүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2020 оны 12-р сарын 23-нд ажлаас халсан, халсан шалтгаанаа хэлээгүй, намайг 5 сартай жирэмсэн байхад халсан гэж маргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...Т.О-ыг 2019 оны 3-р сарын 26-ны өдрийг хүртэл ажиллуулсан, энэ хугацааны цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасан, ажлаас буруу халсан гэж маргаж байгаа бол 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан гэж тайлбарлажээ.

 

Ажил олгогч Р ХХК нь гоо сайхны үйлчилгээ эрхлэх үндсэн үйл ажиллагаатай бөгөөд гоо сайханч нь ажил олгогчийн ажлын байранд, түүнээс олгосон хөдөлмөрийн багаж тоног төхөөрөмжөөр хөдөлмөр эрхэлж, тогтоосон цалин хөлс авч ажил үүргийг гүйцэтгэдэг байнгын ажлын байр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар заажээ.

 

Талууд хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан гэх боловч гэрээг бичгээр байгуулаагүй, хугацаа дууссанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл тогтоогдоогүйгээс гадна ажил олгогч ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг 2019 оны 8-р сар хүртэл төлсөн бичилтийг хийсэн боловч баталгаажуулаагүй, Т.О гоо сайханчийн ажлаа 2020 оны 12-р сарын 23-ныг хүртэл гүйцэтгэсэн нь түүнийг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж дүгнэлээ.

 

Ажил олгогч нь түүнийг ажлаас халсан тушаал гаргаагүй боловч 12-р сарын 23-ны өдрөөс ажил үүргийг гүйцэтгүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд заасан үндэслэлгүйгээр ажлаас халсан үндэслэл болохоос гадна нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргахдаа энэ хуулийн 129-р зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хугацааг зөрчөөгүй байна.

 

Нөгөө талаас, гэрч Г.Т шүүх хуралдаанд ...хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, ажлаас халсан тушаал гаргаагүй, менежер С-тэй муудалцсан гэж халсан талаар мэдүүлж байгаа нь ажил олгогч Р ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1, 38-р зүйлийн 38.1, 40-р зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчсөн буруутай.

 

Ажилтан Т.О нь ажлаас халахад 5 сартай жирэмсэн байсан, одоо 32-33 долоо хоногтой жирэмсэн байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, эмчийн тодорхойлолтоор тогтоогдсон байх ба ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 100-р зүйлийн 100.1-д зааснаар ажил олгогч нь ...жирэмсэн эмэгтэйг...аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40-р зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосныг зөрчжээ.

 

Р ХХК нь иргэн Ж.А-тай 2018 оны 11-р сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээ, 2019 оны 7-р сарын 7-р сарын 25-ны өдөр Үйлчилгээний байр хөлслөх гэрээг тус тус байгуулж /хх 38-41/ ажлын байр, тоног төхөөрөмж, эмчилгээний гоо сайхны тусгай зөвшөөрлөө Ж.А-т шилжүүлж үйл ажиллагаа явуулсан, улмаар хөлс төлбөр авахаар тохирсон байна.

 

Тэдгээрийн маргаантай хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01-р сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00204 дугаартай шийдвэрээр шийдвэрлэжээ. Маргааны үндэслэл, тайлбар татгалзлын үндэслэл нь хөлс төлбөр төлөх, худалдан авсан авсан бүтээгдэхүүний төлбөр тооцоотой холбоотойгоос гадна талуудын хооронд хийсэн гэрээгээр компаний эрхийг шилжүүлсэн үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Р ХХК нь ажилтан Т.О-тай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, ажилтан нь түрээслэгч Ж.А-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

Эдгээр үндэслэлээр Т.О-ыг Р ХХК-ний гоо сайханчийн ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55-р тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сараар нэг өдрийн цалинг 38 835 төгрөгөөр тооцож Т.О-ын ажилгүй байсан 2020 оны 12-р сарын 23-ны өдрөөс 2021 оны 3-р сарын 25-ны хүртэлх хугацааны олговорт 2 504 857 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутамд шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй байх тул түүнд олгох цалин хөлснөөс тооцож шимтгэл төлж, бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

Харин ажил олгогч нь түүнийг хөдөлмөр эрхлүүлж цалин хөлс олгосон хугацаанаас буюу 2018 оны 4-р сараас шимтгэлийг төлөөгүй байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхийг зөрчсөн /хх 5, 1083981 тоот Нийгмийн даатгалын дэвтэр/ байна.

 

Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын дэвтрийг эх хувиар нь хэрэгт өгсөн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т-н О-ыг Р ХХК-ний гоо сайханчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 504 857 /хоёр сая таван зуун дөрвөн мянга найман зуун тавин долоон мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 213 580 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Т.О-д 2018 оны 04-р сараас олгох олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Р- ХХК-д даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 55 027 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА