Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00957

 

 

 

 

 

 

 

 

 

Т.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00790 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Р ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан гоо сайханчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 718 438 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч нь Р ХХК-д 2018 оны 03 сарын 10-ны өдөр гоо сайханчаар ажилд орсон. Эхний нэг сар дадлагажигч ажилтнаар ажиллаад 2018 оны 04 сарын 19-ний өдрөөс нэг жилийн гэрээ байгуулсан. Нарны хорооллын салбар, төв оффист тус тус ажилласан. 2019 оны 08 сараас 2020 оны 01 сар хүртэл Олимп хотхонд байрлах салбарт ажилласан. Ковид-19 өвчний улмаас 2 сар гаруй гэртээ амарсан. Р ХХК-ийн төв салбарыг Ж.Ариунтунгалаг гэдэг хүн түрээслэсэн бөгөөд 2020 оны 03 сарын 05-ны өдрөөс 2020 оны 05 сар хүртэл ажилласан. Гэтэл түрээсээ төлж чадахгүй байна гээд гаргаад өөрсдөө ажиллуулсан. 2020 оны 12 сарын 22-ны өдөр нэхэмжлэгч нь менежер н.Сэлэнгэтэй маргалдсны маргааш ажлаас чөлөөлөгдсөн. Энэ талаар тушаалаа өгөөгүй, ямар үндэслэлээр халж байгаагаа мэдэгдээгүй. Т.О- нь 8 сартай жирэмсэн.

Үндэслэлгүйгээр ажлаас халсан тул гоо сайханчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2 718 438 төгрөг гаргуулж өгнө үү. Р ХХК нь цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг суутгадаг байсан мөртлөө төлдөггүй байсан. Иймд 2018 оны 09 сараас 2021 оны 03 сарыг дуустал нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Т.О-ыг 2018 оноос 2019 оны 03 сарын 26-ны өдрийг хүртэл ажилд авч ажиллуулсан. Харин энэ хугацааны цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж авсан. 2018 оны 08, 09 сард нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнаж бичилт хийсэн боловч Р ХХК нь шимтгэлийн өртэй байсан тул баталгаажилт хийлгэж чадаагүй. Т.О-ын гаргасан ажлаас буруу халсан маргаан нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан юм. Хэрвээ ажлаас буруу халсан гэж маргаж байгаа бол ажлаас халагдсанаас хойш 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. Учир нь 2019 оны 03 сараас үйл ажиллагаа хумигдаж ажилтан ажиллуулах боломжгүй болсон. Т.О- нь 2019 оны 09 сар, 2020 оны 06 сараас н.Отгонхишиг, н.Оюунцоож зэрэг хүмүүсээс цалин авч байсан тул Р ХХК-д хамааралгүй. Р ХХК нь Рояал де бьюти гэх салонтой. Т.О- нь 2019 оны 08 сараас ажилласан Олимп салбар нь Р ХХК-д хамааралгүй, н.Оюунцоож гэх хүний салон юм. Харин 2020 оны 03 сараас 2020 оны 05 сар хүртэл Ж.Ариунтунгалаг гэх хүнтэй ажилласан. Тэр үед хариуцагч нь өөрийн байраа бүхэлд нь түүнд түрээсэлсэн, нэхэмжлэгч нь түрээслэгчтэй хөдөлмөрийн харилцаанд оролцсон. 2018 оны 03 сарын 26-ны өдрөөс нийгмийн даатгалын бичилт нь баталгаажилт хийгдээгүй байсан. Рояал бьюти ХХК нь нийгмийн даатгалын өрөө төлчихвөл баталгаажилт хийгдэнэ. Т.О-ын ажлаас чөлөөлөх асуудал нь 2019 онд шийдвэрлэгдсэн, цалин хөлс, нийгмийн даатгалын бичилтийг 2019 оны 03 сарын 26-ны өдрөөс хойш хийх боломжгүй.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Т.О-ыг Рояал бьюти ХХК-ийн гоо сайханчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 504 857 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 213 580 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Т.О-д 2018 оны 04 сараас олгох олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Рояал бьюти ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Рояал бьюти ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 55 027 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Хариуцагчаас шүүхэд нэмэлт тайлбар гаргахдаа Т.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүнтэй холбоотой тушаал байхгүй бөгөөд хадгалагдаж үлдээгүй гэсэн тайлбар өгсөн. Ажлаас халсан тушаалыг бичгээр гаргаагүй гэж тайлбар гаргаагүй болно. Р ХХК нь эмчилгээний гоо сайханы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамж, 62 дугаар байрны 1 тоотод үйл ажиллагаа эрхлэдэг. Р ХХК нь 2018 онд Нарны хороололд салбар нээн ажиллуулж, уг салбарт Т.О- 2018 оны 04 сараас 2019 оны 04 cap хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, авч ажиллуулж байсан. Эмчилгээний гоо сайхны үйл ажиллагааны онцлог, Нарны хороолол салбар нь хэр амжилттай эсэх, байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулах эсэхээс шалтгаалан тухайн ажлын байранд ажилтантай харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж байсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг зөрчөөгүй бөгөөд гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг зөрчөөгүй. 2019 оны 03 сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгож, цаашид ажил гүйцэтгүүлээгүй. Нийгмийн даатгалын дэвтэрт 2018 сарын 04 сараас 2019 оны 04 cap хүртэл хугацааны бичилт хийсэн, 2018 оны 04 сараас 2018 оны 09 cap хүртэл хугацааны бичилт нь Нийгмийн даатгалын санд бүртгэгдсэн. Нарны хороолол дахь Р ХХК-ийн салбар нь 2019 оны 04 сард үйл ажиллагаагаа зогсоож, татан буугдсан, Т.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 04 сард дууссан. Гэрээний хугацаа дууссан, байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах, ажлаас үндэслэлгүй чөлөөгдсөн асуудлаар Т.О- тухайн үедээ гомдол гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч Т.О- нь 2019 онын 04 сараас хойш Р ХХК-тай хамааралгүй болсон бөгөөд өөр ажилд орж 2019 оны 04 сараас хойш, өнөөдрийг хүртэл хугацаанд өөр гоо сайханы салон буюу өөр ажил олгогч н. Отгонхишиг, н. Оюунцоож. Ж.Ариунтунгалаг нартай тус тус ажиллаж, тэдний ажилтан нь байсан. Энэ нь нэхэмжлэгч Т.О-ын Харилцах дансны хуулгаар нотлогдоно. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хоёр жилийн өмнөөс манай байгуулагын ажилтан биш болсон этгээд өөр бусад газар ажиллаж байсныг шүүх анхаарч үзээгүй.

Т.О-ын ажил олгогч Ж.Ариунтунгалаг нь Хамтран ажиллах гэрээ-ийн дагуу Р ХХК-ийн ажлын байр, тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрлийг ашиглаж байсныг буруу тайлбарлаж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй алдаа гаргажээ. Энэ асуудлаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2019 оны 04 сараас 2020 оны 06 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд ажил олгогч н.Отгонхишиг, н.Оюунцоож, Ж.Ариунтунгалаг, Д.Сэлэнгэ нартай тус тус ажиллаж, тэдний ажилтан нь байсан. Энэ нь нэхэмжлэгч Т.О-ын харилцах дансны хуулгаар нотлогдоно. 2019 оны 04 сараас Т.О-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ажил олгогч биш бөгөөд талуудын хооронд иргэний эрх зүйн болон хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй.Иймд Р ХХК болон Т.О- нарын хооронд хөдөлмөрийн харилцаа болон ганцаарчилсан маргаан үүсээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Т.О- нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан гоо сайханчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 718 438 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь 2018 оны 03 сараас 2019 оны 03 сарыг дуусталх хугацаанд холбогдох шимтгэлийг суутган авч, дэвтэрт бичилт хийсэн боловч нийгмийн даатгалын байгууллагад төлж, баталгаажуулалт хийлгээгүй болохоо хүлээн зөвшөөрч, холбогдох шаардлагын талаар маргаагүй, харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцсэн байна.

 

Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэх хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй, хэн алинд нь хувь хадгалагдаж үлдээгүй гэж байх боловч ажил олгогч Р ХХК нь ажилтан Т.О-тай 2018 оны 03 сард хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулж, гоо сайханчийн ажилд авч, нэг сарын үндсэн цалинг 500 000 төгрөгөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох ба уг хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бол тухайн гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцохоор тус тус зохицуулжээ.

 

Хэрэгт ажил олгогчийн зүгээс ийнхүү хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг тавьсан, хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон талаархи баримт авагдаагүйгээс гадна гэрч Г.Төгсжаргалын шүүх хуралдаанд өгсөн ...би 2020 оны 10 сард ажлаас чөлөөлөгдсөн. Миний дараа 2020 оны 11 сард гарсан байх... гэсэн мэдүүлэг /хх 122-арын нүүр/, Т.О-ын эзэмшлийн Хас банк дахь 5000311290 тоот дансны хуулга /хх 69-110/, Р ХХК-ийн захирлын 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 4/09 тоот тушаал /хх 33/ зэргийг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Т.О-ыг тус компанид 2020 оны 12 сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан, улмаар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа хуульд зааснаар сунгагдаж байсан үйл баримтыг тус тус тогтоогдсон гэж үзэв.

 

Хариуцагч нь Т.О-тай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 03 сард дуусгавар болсон, цаашид сунгагдаагүй гэж тайлбарлаж байх боловч Т.О- нь 2018 оны 09 сараас 2019 оны 08 сарыг дуусталх хугацаанд М.Отгонхишигээс, 2020 оны 06 сараас 2020 оны 08 сарыг дуусталх хугацаанд Д.Сэлэнгээгээс тус тус цалин авч байсан болох нь өмнө дурдсан дансны хуулгаар нотлогдож байх ба Р ХХК-д М.Отгонхишиг нь нягтлан бодогчоор, Д.Сэлэнгэ нь менежер, эд хариуцагчаар тус тус ажилладаг болох нь тус компанийн захирлын тушаал /хх 33/, гэрч Г.Төгсжаргалын мэдүүлэг /хх 122-арын нүүр/, нэхэмжлэгчийн тайлбар /хх 121-арын нүүр/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар /хх 123/ зэргээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Р ХХК-ийн захирлын тушаал, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Т.О-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 03 сард дуусгавар болсон, цаашид сунгагдаагүй гэх хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Т.О-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Иймд Т.О-ыг Р ХХК-ийн гоо сайханчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговортой холбоотой анхан шатны шүүхийн тооцоолол зөв болжээ.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00790 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 05 сарын 10-ны өдөр төлсөн 55 027 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.НЯМБАЗАР